| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0559/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/579 |
| Огноо | 2019-07-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/579
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: М.Цэрэнням,
Улсын яллагч: Б.Сод-Эрдэнэ,
Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сод-Эрдэнэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Д.Б-д холбогдох эрүүгийн 1911 0151 20685 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Тээврийн цагдаагийн газар …......, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт
Холбогдсон хэргийн талаар:
Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Дгийн нүүрэн тус газарт өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09 цагийн орчим найз Аийн хамт гэрээсээ гараад 6-н буудал руу явж байтал Баян төгрөг дэлгүүрээс хойхоно талд байдаг гудамжны үзүүр дээр зүс таних Д.Б, М, Г нар архи уугаад сууж байсан бөгөөд Г намайг хүрээд ир гэж дуудахаар нь яваад очтол архи аягалчих гэхээр нь хамт сууж А ахад архийг нь аягалж байтал Д.Б “ Чи муу намайг утас хулгайлсан талаар хүнд хэлсэн байна” гэх шиг юм яриад байхаар би өөдөөс нь “чи юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь Д.Б гэнэт босч ирээд миний зүүн чих, шанаа орчим хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Миний зүүн чихнээс цус гараад эхэлсэн бөгөөд Д.Б дахин миний зүүн шанаа орчим 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Хажууд байсан хүмүүс Б надаас салгасан чинь Д.Б явчихсан. Удалгүй цагдаа нар ирж намайг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн...” , “А, М нар бараг эрүүл байсан. Г Д.Б нар нэлээд согтуу байсан. Д.Б л миний чих рүү өшиглөсөн өөр хэн нэгэн бусадтай маргалдаж муудалцсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 9-10-р хуудас/
Гэрч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Дг аягалчих гэхээр нь Д архийг аягалж байсан чинь Т гэх залуу Дд хандаж “би авсан юм уу” гээд уурлаж байгаад Дгийн чих рүү нь 2-3 удаа өшиглөхөөр нь хамт байсан М, Г бид гурав Дгээс Т гэгчийг салгаж авсан. Би жаахан чих хатуу болохоор яг юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Энэ үед Дгийн чихнээс цус гараад эхэлсэн. Харин Т зугтаад явсан байсан. Би худаг руу очиж саванд ус хийж ирээд Дгийн чихний цусыг цэвэрлэж байтал хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 17-18-р хуудас/
Гэрч Ч.Гтарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Д.Б, Д нар хоорондоо маргалдаад байхаар би тэр хоёрыг “больцгоо” гэж салгасан тэгээд хэсэг хугацаанд доошоо хараад сууж байтал гэнэт бужигнаад явчихаар нь Д, Д.Б нар луу харсан чинь Дгийн нэг чихнээс нь цус гарсан байсан. Тэгэхээр нь би Б “ хөөе яаж байгаа юм бэ чи” гэж хэлсэн хажуугаас М “больцгоо яаж байгаа юм чи” гэж байсан. Тэр даруй Д.Б яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 20-21-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №6382 дугаартай дүгнэлтэнд:1. Дгийн биед зүүн шанаа, зүүн чихэнд няцарсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-н 23-р хуудас/
Шүүгдэгч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр би Хайлаастаас гэр лүүгээ орох замдаа “Баян …” дэлгүүр лүү орж тамхи авахаар орсон. Дэлгүүрийн эзэн Х ах надтай таараад “миний гар утас алга болсон өмнөх өдөр хамт архи ууж байхад чамайг миний гар утсыг авсан байсан гэж Д хэлсэн” гэхээр нь би түүнд “би таны утсыг аваагүй М ахын утсаар л би та нарын зургыг авч байгаад буцаагаад М ахад өгсөн шүү дээ худлаа гэвэл М ахын гар утсан дээр миний авсан зураг байгаа” гэж хэлээд М ах руу утсаар залгаж түүнийг хүрээд ир гэж дуудсан. М ах ирээд гар утсан дээрх зурагнуудаа Х ахад үзүүлээд учраа олоод гадагшаа гарахдаа дэлгүүрээс гарсан чинь дэлгүүрийн үүдэнд Г таарсан бөгөөд Г ахын хамт байж байтал М ах дэлгүүрээс нэг шил архи нэг пиво бариад гараад ирсэн. Бид гурав уг архийг нь дэлгүүрийн ойролцоо байдаг эзэнгүй хашааны дотор задлаад сууж байтал Д А хоёр хажуугаар явж таарсан бөгөөд бид нар дээр хүрээд ирсэн. Тэгэхээр нь би Дд хандаж “ би Х ахын утсын аваагүй шүү. М ахын утсаар зураг дарсан” гэж хэлсэн чинь Д “чи яах аргагүй Хгийн гар утсыг авсан даа би бүүр сайн санаад байна” гээд ёжлоод инээгээд байсан юм. Тэр үед бид нар бүгд тойроод хагас суусан байсан. Би босч ирээд Дгийн толгой орчим руу нь нэг удаа хөлөөрөө жийсэн. Гэтэл Дгийн чихнээс цус гараад байсан. Би тэнд удалгүй яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-29-30-р хуудас/
Шүүгдэгч Д.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 31-32-р хуудас/
Шүүгдэгч Д.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 35-р хуудас/
Шүүгдэгч Д.Б-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт: “...эмчилгээний зардалд 100.000 төгрөг авсан тул одоо надад уг асуудалтай холбоотойгоор ямар нэг гомдол санал байхгүй...” /хх-н 48-р хуудас/
Хохирогч Д.Дгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-н 47-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн ….. дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Дгийн нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь зүүн шанаа, зүүн чихэнд няцарсан шарх, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Д.Д, гэрч Х.А, Ч.Гтар, яллагдагч Д.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №6382 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б-н хохирогч Д.Дгийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалд 100 000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй талаар лавлагаа авагдсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх боловч шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.Дгийн талаар, түүний хэлсэн зүйлийн талаар өөрийг нь гар утас авсан зэргээр ярьсан гэх үг хэл, үйлдэлд нь дургүйцэж хохирогчийн эрүүл мэндийн эсрэг халдаж хөнгөн хохирол эрүүл мэндэд учруулсан байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг байдал гэж дүгнэх үндэслэлгүй байна. Харин хохирогчид 100.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б-н үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд заасан торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.Б-д сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР