Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 00928

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2017/00928

 

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 28-08 тоотод оршин суух, Харнуд овогт Зинамидарын Даваадулам /РГ77052303 /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 02 дугаар багт оршин суух, Байчууд овогт Лхагва-Очирын Баярмөнх /РБ76111413/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2017/00827/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв..

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч З.Даваадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Даваадулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие З.Даваадулам нь Л.Баярмөнхтэй 1998 онд танилцаж үерхэж байгаад 1999 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад том охин Б.Шинэцэцэг нь 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, хүү Б.Сумъяабазар 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр, охин Б.Мягмарсүрэн нь 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн. Бидний амьдрал бусдын адил баяр баясгалантай сайхан байсан боловч амьдрал үргэлжлэх хугацаанд нөхөр архи уух нь ихсэж, хэн хэндэ итгэл алдаж улмаар амьдрал тогтворгүй болж уруудан доройтсон. Нөхөр архи уусан үедээ намайг хэлэхийн аргагүй үгээр дайрч айлган сүрдүүлж, хүүхдүүд рүүгээ хүртэл дайрч давшилдаг болсон. Олон хоногоор архи ууж, архичдыг цуглуулан архидаж, амьдрах нөхцөл байдал хүндэрсэн. 2016 оны 7 сараас өдийг хүртэл айл дамжин амьдарч байна. Энэ байдал хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй боллоо. Иймд 1999 оны 11 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би охин Б.Шинэцэцэг,  хүү Б.Сумъяабазар, охин Б.Мягмарсүрэн нарыг өөрийн асрамжиндаа авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байгаа ба бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч З.Даваадулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Баярмөнхтэй 1998 онд танилцаж 1999 оны 05 сарын 17-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдөр том охин Шинэцэцэг, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүү Сумъяабазар, 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бага охин Мягмарсүрэн нар төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд бидний амьдрал бусдын адил баяр хөөртэй сайхан байдаг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд Л.Баярмөнх нь архи ихээр уудаг болж бидний амьдрал жилээс жилд уруудан доройтож, хэрүүл маргаан тасрахгүй болсон. Үр хүүхдүүдээ болоод намайг айлган сүрдүүлэх, энэ байдал нь хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон. Бид 2016 оны 7 сараас хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа ба эргэж хамт амьдрах боломжгүй. Иймд эвлэрэх хугацаа өгөхгүйгээр бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй, би хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй байна. Хоёр бага хүүхдэдээ хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлдээ бичсэн байсан боловч одоо татгалзаж байна. Л.Баярмөнх нь өөрийн боломж бололцоогоороо хүүхдүүдээ харж хандаад явна гэж найдаж байна. Мөн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, айлын мал маллаж амьдардаг, өөрийн гэсэн орон гэр байхгүй учир хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

Хариуцагч Л.Баярмөнх шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие Баярмөнх нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн асрамжийн тал дээр хүүхэд өөрөө хүсвэл Сумъяабазар хүүгээ өөрийн асрамжиндаа байлгах хүсэлтэй байна. Харин хүүхдийн тэтгэлгийг төлөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Л.Баярмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Даваадулам бид хоёр 1997 онд танилцаж 1998 онд гэр бүл болж байсан. Бидний дундаас охин Шинэцэцэг 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, хүү Сумъяабазар 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр, бага охин Мягмарсүрэн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн. Бид хоёрын амьдрал эхэн үедээ сайхан байсан нь үнэн. Миний архи уудаг болсон шалтгаан нь З.Даваадулам гэр бүлээс гадуур өөр хүнтэй болж намайг гомдоосноос болж би архийг бага багаар ууж эхэлсэн. Архи уудаг минь үнэн. Одоо гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Сумъяабазарыг өөрийн асрамжинд авна гэж байсан боловч ээж нь өгөхгүй гэвэл би авахгүй, хүүхдүүд маань цугтаа өссөн нь дээр гэж бодож байна. Хүүхдийн тэтгэлгийн тухайд надад төлөх боломж байхгүй, өөрийн гэсэн орон гэр байхгүй, айлын мал маллаж амьдардаг. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Даваадулам нь хариуцагч Л.Баярмөнхөд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзжээ. 

Гэрлэгчид нь 1999 онд гэр бүл болж, 1999 оны 05 дугаар сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний  нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгсдийн дундаас 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Шинэцэцэг, 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүү Б.Сумъяабазар, 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Мягмарсүрэн нар төрсөн болох нь №0143619/55 дугаартай охин Б.Мягмарсүрэнгийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, №0234132 дугаартай хүү Б.Сумъяабазарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин Б.Шинэцэцэгийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас ирүүлсэн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Сумъяабазар, 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Мягмарсүрэн  нарыг хүүхдийн нас, хүүхдэд тавих эхийн халамж, хүүхдийн санал зэргийг харгалзан эх З.Даваадуламын асрамжид үлдээж шийдвэрлэлээ.  

 Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.Сумъяабазар, охин Б.Мягмарсүрэн нарыг эх З.Даваадуламын асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч З.Даваадулам нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Л.Баярмөнхөөс эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Харнуд овогт Зинамидарын Даваадулам, Байчууд овогт Лхагва-Очирын Баярмөнх нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.Сумъяабазар, 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Мягмарсүрэн  нарыг эх З.Даваадуламын асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Л.Баярмөнхөд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх З.Даваадуламд тус тус даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Л.Баярмөнхөөс 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БЯМБАСҮРЭН