| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/00308/И |
| Дугаар | 391 |
| Огноо | 2017-09-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 391
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, Б.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Ц.Б-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө “Toyota prius-20” маркийн 53-59 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэх” тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.Хүдэр, шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Бэрс капитал” ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Будрагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр 2011 оны 11 сард танилцаж 2012 оноос хамтын амьдралтай болж 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүү Б.Цолмонг төрүүлсэн. 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Ц.Бат-Арслан хүүгээ төрөөд хөлд ороогүй байх үеэс л намайг элдвээр хэлж доромжилж, согтуу үедээ агсан тавьж зоддог байсан. Ганцаараа өөрийгөө хамгаалж чадахгүй учраас цагдаад хэд хэдэн удаа дуудлага өгч байсан. Цаашид энэ хүнтэй амьдрахад нэг л өдөр амь насаа алдах магадлалтай учраас байнгын айдастай байдаг. Зөвхөн намайг ч зодохгүй аав ээждээ агсан тавьж зодож балбах нь энүүхэнд болсон. Хүүдээ элдэв муу үг хэлж, зааж өгч хэлүүлнэ, хүүхдийнхээ дэргэд агсан согтуу тавьж хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна. Хүүгийнхээ дэргэд намайг зодож, хашгичиж доромжилдог учраас хүү маань байнгын айдастай байдаг. 3-хан настай хүүгээ хүртэл зоддог. Бид 2-ыг байнга хөөж туудаг, хамтдаа амьдрахад хэцүү байдаг учраас би ихэвчлэн хүүтэйгээ тусдаа амьдардаг болсон. Маш их хартай. Намайг ажил хийхээр элдвээр хардаж сэрдэж байгаад ажлаас гаргана, дахиад ажилд орох гэхээр оруулдаггүй. Намайг зөвхөн гэрт суулгаж, гэрийн ажил хийлгэхийг хүсдэг. Тэгсэн хэрнээ би ганцаараа ажил хийдэг, чамайг тэжээдэг гэж байнга дарамталдаг. Намайг эд хөрөнгө, сэтгэл санаагаар байнга өөрийн эрхшээлд байлгадаг. Маш харгис хэрцгий зантай, догшин ширүүн авиртай. Гэр орондоо ч, гудамжинд ч хамаагүй үсдэж чирээд нүүр нүдгүй өшиглөж зодох явдал маш олон гарч байсан. Хадам аав нь бид хоёрыг гэр бүл болоход газар зааж өгч байсан. Тэр газраа зарж бид хоёр 2016 оны 5 дугаар сард “Toyota prius-20” маркийн 53-93 СҮЭ дугаартай машин худалдаж авсан. Одоо Бат-Арслан өөрөө унаад явж байгаа. Нэгэнт цаашид амьдрах боломжгүй учраас бид хоёрын гэрлэлтийг цуцалж, хүү Б.Цолмонг миний асрамжид үлдээж, эцгээс нь хуульд зааснаар тэтгэлэг тогтоож өгнө үү. “Toyota prius-20” маркийн машиныг миний эзэмшилд үлдээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж машиныг Ц.Бат-Арсланд үлдээж, уг машин нь бидний хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн тул хүү бид хоёрт ногдох хувийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид энэ автомашиныг анх 5 500 000 төгрөгөөр авч байсан. Гэтэл “Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг 6 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. Тээврийн хэрэгслийн үнэлгээ цаг хугацааны эрхээр буурдаг байтал үнэлгээ өссөн байна. Худалдан авснаас хойш уг автомашиныг өөрийн ажлын хэрэгцээнд байнга хэрэглэж байсан. Би хөдөө явж, тоног төхөөрөмжөө зөөдөг байсан. Энэ автомашиныг “Бэрс капитал” ХХКомпанид 3 удаа барьцаалж, зээл авч байсан. Хамгийн сүүлд 1 500 000 төгрөг зээлж авсан. Энэ автомашиныг анх авсан эх үүсвэр нь гэвэл манай аав өөрийн газраа ахад өгсөн байсан. Би тэр газрыг нь 7 000 000 төгрөгөөр худалдаж аваад 1 500 000 төгрөгийг өгсөн. Одоо 5 500 000 төгрөг төлөх дутуу байгаа. Энэ газрыг зарж тэр мөнгөөр нь энэ машиныг авсан учраас машин бол миний хуваарьт өмч юм. Тийм учраас “Toyota prius-20” маркийн машинаас ногдох хувийг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг автомашиныг Энхцэцэг 3 удаа мөргөлдүүлж байсан ч би л засуулж байсан. Гэр бүлийн амьдралын тухайд гэвэл бид 2013 онд анх танилцаж, гэр бүл болсон. Ахаас авсан газартаа блок хийж, тэндээ амьдарч байсан. Бид амьдрах хугацаандаа банк болон банк бус санхүүгийн байгууллагаас нийтдээ 60 гаруй сая төгрөгийн зээл авсан байдаг. Өнгөрсөн хугацаанд би амьдралын төлөө их зүтгэсэн. Харин Энхцэцэг энэ бүх хугацаанд амьдрах сэтгэлгүй, ах дүү нартайгаа нийлж намайг доромжилж, маргахаараа үр хүүхдээ авч хөдөө явдаг байсан. Нэг удаа ах эгч хоёроос нь 1 000 000 төгрөг зээлээд би өвчтэй, хөдөлж чадахгүй гэртээ хэвтэж байхад өрийг нь өгнө гээд өрөнд нь гэрээ ачаад явуулж байсан гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Бэрс капитал” ХХКомпанийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бэрс капитал” ХХКомпани нь Иргэний хуулийн 156, 235 дугаар зүйлийн 235.1 дэх заалтуудыг удирдлага болгон иргэн Ц.Б 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр №ЧУ-3118 тоот барьцаат зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулан 1 500 000 төгрөгийг, нэг сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай олгож, гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар Ц.Бат-Арслангийн өмчлөлийн 53-93СҮЭ улсын дугаартай “Toyota prius-20” маркийн NHW200091512 арлын дугаартай, мөнгөлөг өнгийн, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол улсад орж ирсэн тээврийн хэрэгслийг барьцаалсан болно. Б.Э шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө “Бэрс капитал” ХХКомпани нь зээлдэгч Ц.Бат-Арслантай №ЧУ3118 тоот Барьцаат зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр эрх, үүргийн харилцаа үүссэн. Дээрх тээврийн хэрэгслийг Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулан өмчлөлдөө 2016 оны 11 дүгээр сард шилжүүлсэн байна. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлсөн үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байдаг. Гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байхад барьцааны зүйлийг хэн нэгэн этгээдэд шилжүүлбэл барьцаалагчийн эрх ашиг хөндөгдөхөөр байна. Зээлдэгч Ц.Бат-Арслангийн нийт зээлийн төлбөр өнөөдрийн байдлаар 1 138 574 төгрөг байгаа бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 2017.6.17-ны өдрөөс хойш хугацаа хэтэрсэн байна. Иймд №ЧУ-3118 тоот Барьцаат зээлийн гэрээний үндсэн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусах ба үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа дуусах болоогүй байгаа учраас хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээний хугацаа, үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа дуустал хугацаанд буюу зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, зээлээ төлж дуустал хугацаанд манай байгууллагын өмчлөлд шилжсэн тээврийн хэрэгслийг хэн нэгэн этгээдийн нэр дээр шилжүүлэлгүйгээр “Бэрс капитал” ХХКомпанийн өмчлөлд хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хошуут овогт Б.Э нь хариуцагч Хатгин овогт Ц.Б-д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, “Toyota prius-20” маркийн 53-59 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаасаа ““Toyota prius-20” маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэх” гэсэн хэсгийг өөрчилж, тээврийн хэрэгслийг Ц.Бат-Арслангийн өмчлөлд үлдээж, уг машин нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн тул хүү Б.Цолмон бид хоёрт ногдох хувийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Ц.Бн нар нь 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болж иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдсэн нь 0184058 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, тэдний дундаас 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүү Хатгин овогт Бат-Арслангийн Цолмон төрсөн болох нь Б.Цолмонгийн 0000847476 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүү Б.Цолмон нь эрүүл өсөж буй эмчийн тодорхойлолт, Засаг даргын тодорхойлолт, зохигчдийн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Зохигчид гэр бүл болоод 4 жил хамт амьдарсан хэдий ч хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч Б.Э-г хардах, зодож дарамтлах, агсан согтуу тавих, сүрдүүлэх зэргээр гэр бүлийн тааламжгүй харьцаа үүсгэдэгээс тусдаа амьдрах болсон, Ц.Бат-Арслангийн цагдаагийн байгууллагд бүртгэгдсэн хэрэг, зөрчлийн талаарх тэмдэглэл, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 5/115 тоот Прокурорын тогтоолын хуулбар, мөн зохигчдын хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй болсныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл байна.
Хүү Б.Цолмонгийн асрамжийн талаар зохигчид маргаагүй, хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээхийг хариуцагч зөвшөөрч буй байдал, хүүхдийн нас, одоо ээжтэйгээ хамт амьдарч байгаа, өсч хүмүүжих орчин, ахуйн нөхцөл зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Б.Цолмонг эх Б.Энхцэцэгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Хатгин овогт Бат-Арслангийн Цолмонг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Хатгин овогт Цэдэнжавын Бат-Арслангаар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт “гэрлэгчид, гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна” гэж заасан байх бөгөөд “Toyota prius-20” маркийн 53-93СҮЭ улсын дугаартай автомашин нь гэрлэгчид гэр бүл болсноос хойш буюу 2015 онд худалдан авсан, гэр бүлийн хэрэгцээнд зориулан ашиглаж байсан, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан ...болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр...гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ” гэж зааснаар дээрхи автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр хариуцагч нь “Toyota prius-20” маркийн 53-93СҮЭ улсын дугаартай автомашиныг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2 дахь хэсэгт зааснаар өөрийнхөө хуваарьт эд хөрөнгө гэж маргаж байгаа боловч хуваарьт хөрөнгө болохыг нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна. Хариуцагчаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЗДТГазарт гаргасан өргөдөл, 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Газар чөлөөлөх ажлын хэсгээс иргэдтэй байгуулах гэрээ”-ний хуулбарыг ирүүлсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж ирүүлээгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
“Toyota prius-20” маркийн 53-93СҮЭ улсын дугаартай автомашиныг 6 000 000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХКомпанийн үнэлгээний талаар хариуцагч нь хэт өндөр үнээр үнэлсэн байна гэж байгаа боловч энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор санал, хүсэлт гаргаагүй болно.
Маргаан бүхий “Toyota prius-20” маркийн 53-93СҮЭ улсын дугаартай автомашиныг өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн байгаа боловч гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахад саад болохгүй тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна”, 130 дугаар зүйлийн 130.3-д “маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно” гэж зааснаар “Toyota prius-20” маркийн 53-93СҮЭ улсын дугаартай автомашиныг хариуцагч Ц.Бат-Арслангийн өмчлөлд үлдээж, “Ашид билгүүн” ХХКомпанийн шинжээчийн дүгнэлтээр тухайн автомашиныг 6 000 000 /зургаан сая/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээнээс “Бэрс капитал” ХХКомпанид төлөх зээлийн үлдэгдэл төлбөр 1 138 574 /нэг сая нэг зуун гучин найман мянга таван зуун далан дөрөв/ төгрөгийг хасч, үлдэх 4 861 426 /дөрвөн сая найман зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун хорин зургаа/ төгрөгийг гэр бүлийн гишүүдэд / Ц.Бат-Арслан, Б.Энхцэцэг, Б.Цолмон нарт/ тэнцүү хэмжээгээр хувааж хариуцагч Ц.Бат-Арслангаас нэхэмжлэгч Б.Энхцэцэгт 1 620 476 /нэг сая зургаан зуун хорин мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөг, хүү Б.Цолмонд 1 620 476 /нэг сая зургаан зуун хорин мянга дөрвөн зуун далан зургаа/ төгрөг, нийт 3 240 952 /гурван сая хоёр зуун дөчин мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 982 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 122 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд ногдох улсын тэмдэгтийн хураамж 66 805 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хошуут овогт Б.Эг , Хатгин овогт Ц. Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Хатгин овогт Б.Ц-г эх Хошуут овогт Б.Э-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Хатгин овогт Б.Ц-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Хатгин овогт Ц.Б-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох “Toyota prius-20” маркийн 53-93СҮЭ улсын дугаартай автомашиныг хариуцагч Ц.Б өмчлөлд үлдээж, автомашиныг 6 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнээс “Бэрс капитал” ХХКомпанид төлөх зээлийн үлдэгдэл төлбөр 1 138 574 төгрөгийг хасч, үлдэх 4 861 426 төгрөгийг гэр бүлийн гишүүдэд тэнцүү хэмжээгээр хувааж хариуцагч Ц.Бат-Арслангаас нэхэмжлэгч Б.Энхцэцэгт 1 620 476 төгрөг, хүү Б.Цолмонд 1 620 476 төгрөг, нийт 3 240 952 /гурван сая хоёр зуун дөчин мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.
7. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөллөгдсөн болохыг дурдаж хариуцагч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 982 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 122 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд ногдох улсын тэмдэгтийн хураамж 66 805 төгрөг, нийт 165 127 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах /Б.Энхцэцэг/-т даалгасугай.
9 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ