Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1029

 

 

 

 

 

 

  2021         09         24                                       2021/ШЦТ/1029

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******ариймаа,

Улсын яллагч Э.Бадрал,

Хохирогч Ч.Ганбаатар, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир /Ү*******:1981/,

Гэрч Б.Чулуунхүү, Б.Өнөрцэцэг,

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга /Ү*******:3067/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 2002 00239 0272 дугаартай 3 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, *******орноговь аймгийн Сайншанд суманд 1982 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамжны 40а дугаар байрны 32 тоотод оршин суух бүртгэлтэй, Цэргийн хүндэт медаль шагналтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ө гэ овогт Батсүхийн ******* /Р*******: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.******* нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто таун хотхоны Bull /Булл/ ресторанд согтуурсан үедээ хамт архи ууж байсан Ч.Ганбаатартай марган нүүрэн тус газарт архины шилэн аягаар, мөн толгойн тус газарт архины шилээр тус тус цохиж тархины доргилт, зулайн хуйх, нүүр, уруулд шарх, зулай, дух, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТО*******ОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй. Ганбаатартай маргаан болоогүй. Өмнөх хурал дээр хэлсэнтэй адилхан байр суурьтай байгаа.” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Ганбаатарын өгсөн: “02 дугаар сарын 17-ны өдөр миний төрсөн өдөр байсан. 18-ны өдөр Анхбаяр бид хоёр уулзаж хоол идэж ууж байхдаа *******ыг дуудсан. Бид нар архи хэтрүүлэн хэрэглэсэн нэлээн согтолттой байсан. Би юу болсныг сайн санахгүй байна. Би тасраад унасан тул ширээ мөргөөд унасан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Чулуунхүүгийн өгсөн: “... Тухайн өдөр үдээс хойш цайны цагийн дараа *******тай уулзсан. Цагийг нь тодорхой санахгүй байна. *******тай уулзсанаас хойш орой нь Ганбаатартай уулзсан. *******отор юу болсныг санахгүй байна. Юу болсон тухай огт санахгүй байна... Тэр ямар учиртай бичлэг вэ гэдгийг би мэдэхгүй байна. Хаанаас ямар учиртай тийм бичлэг гарч ирснийг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л тэр бичлэг сошиалаар яваад байсан. Цагдаа ирж бичлэг дээр юу болж байгааг тайлбарлуулсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Өнөрцэцэгийн өгсөн: “... Тухайн бичлэгийг ямар байдлаар ирснийг хэлэх боломжгүй. Бичлэгт байгаа хүмүүсийг огт танихгүй. Бичлэгийг үзээд мэдээлэл цуглуулж эхэлсэн. Анх ирсэн хэлбэрээрээ байгаа өөрчлөөгүй. Хүмүүст ойлгогдох үүднээс бичлэг дээр байсан хүмүүсийг ямар албан тушаал эрхэлдэг болох, ямар хууль зөрчиж байгаа талаар боловсруулалт хийсэн. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүхэн мэдээлэл олж авах, хайх эрхтэй. Энэ нь улсын нууцад хамаарахгүй тул би тэр хүрээнд хайж, боловсруулж олон нийтэд хүргэсэн. Мөн сэтгүүлчийн үүргийн дагуу ажлаа хийсэн...” гэх мэдүүлэг,

Хариу мэдэгдэх хуудас /хх.1.3/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг дахин шалгуулахаар буцаах тухай ппрокурорын тогтоол /хх.1.4/,

Хэргийн харьяалал тогтоолгох тухай прокурорын албан бичиг /хх.5/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлт явуулах харьяалал тогтоох тухай прокурорын тогтоол, холбогдох албан бичгүүд /хх.1.6-9/,

Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх.1.10/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгах тогтоолууд /хх.1.11-12/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Ганбаатарын өгсөн: “... Гэмтэл рүү эмнэлгийн машинаар намайг авч явах үед найз Чулуунхүү хамт явсан. Би гэмтэл дээр очоод духан дээр 1 оёдол, хөмсөг дээр 1 оёдол тавьсан...” гэх мэдүүлгүүд /хх.1.16-18,19-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батболдын өгсөн: “... Тэр өдөр гэртээ амарч байх үед 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг өнгөрч байх үед Ганбаатар намайг Энкантогийн Бүллд хүрээд ирээч ээ гээд утсаар ярьж дуудсан. Тэгэхээр нь би яваад очсон. Яваад очсон чинь тэр газрын гадаа нь түргэний машин ирчихсэн манай найз Ганбаатарыг машиндаа суулгаж байсан. Тэгээд би тэр түргэний машинд Ганбаатартай хамт суугаад бид нар Гэмтлийн эмнэлэг рүү очсон. Тэнд үүдэнд нь бүртгүүлээд дотогш орсон. Ганбаатар цаашаа ороод оёдол хийлгэсэн. Тэгээд би Ганбаатарыг гарч ирэхээр нь КТГ-т үзүүлээд зургийг нь авхуулсан. Тэр үед Ганбаатартай цуг байсан гэх Чулуунхүү нь гэмтлийн эмнэлгийн гадаа ирчихсэн байсан. Тэгээд Ганбаатарын шинжилгээ юмнуудыг өгчхөөд хариуг нь авах гээд 2 цаг гаран эмнэлэг дээр хүлээсэн. Тэгээд би эмчээс нь “хэвтэж эмчлүүлэх шаардлагатай юу, Гадуур эмчилгээ хийлгэх шаардлагатай юу” гэсэн чинь эмч нь “дүүргийн эмнэлэгтээ үзүүлчих, энд хэвтэх шаардлагагүй” гэж хэлсэн. Тэгээд Ганбаатарыг Чулуунхүү гэр лүү хүргэж өгөх гээд аваад явсан. Би тэндээс гэртээ харьсан... Тэрний нүүр, хамар хэсэгт оёдол тавьсан байсан, хэдэн оёдол тавьсныг нь бол хараагүй. Нүүрэнд бол 2-3 оёдол бол тавьсан байсан...  Би тэрэнд түүний өмнөөс цагдаад өргөдөл бичиж өгсөн талаараа 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр түүнтэй утсаар ярьж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх.1.27-30, 2.210-211/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Одгэрэлийн өгсөн: “... Уг дуудлагын дагуу би 19 цаг 02 минутад тухайн газар очсон. Намайг очиход тухайн рестораны вип өрөөнд 4 эрэгтэй хүн байсан. Ширээн дээр аяга, архины хундага, усны сав зэрэг зүйл байсан. Ширээний зүүн /хаалгаар ороод зүүн гар талд зодуулсан гэх махлаг 37 настай, Ганбаатар гэх эрэгтэй хүн сандал дээр хана налаад сууж байсан. Толгой нүүр хэсгээс цус гарсан байдалтай. Уг өрөөний шалаар их хэмжээний цус гоожсон байдалтай байсан. Тухайн гэмтэл авсан хүнд үзлэг хийхэд /нүдэн баримжаагаар харахад/ духны зүүн дээд хэсэгт босоо байрлалтай 3 см орчим урт, 1 см орчим гүн шархтай, баруун нүдний доор хацрын баруун хэсэг ташуу байрлалтай 3 см орчим урт, 1 см орчин гүн зүсэгдэж язарсан шархтай, толгойн орой зулай хэсэгт ойролцоогоор 2-3 см урт; 1,5 см орчим гүн хуйх язарсан шархтай байсан. Шарх тус бүрээс цус шүүрээд урсаад гараад байсан. Шарх тус бүрийг ариутгаж, ариун боолт хийж, амин үзүүлэлтүүдийг үзэхэд хэвийн байсан... Хүлээн авахын Цэрэн гэж эмчид үйлчлүүлэгчийг хүлээлгэн өгч, мөн би өөрөө очиж ГССҮТ дээр ажиллаж байсан эмэгтэй цагдаад тэмдэглүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх.1.32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэрэнгийн өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 18-нд 20 цагийн үед бусдад зодуулсан буюу архины шилээр цохиулсан гэж Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг үзлэг №2-т дээр Ч.Ганбаатар гэдэг хүн ирсэн. Өвчтөнийг үзлэгийн өрөөнд оруулж үзэхэд нүүрэндээ олон тооны зүсэгдсэн шархтай буюу толгойд зулай орчим зүсэгдсэн шархтай байсан. Өвчтөнийг үзэж анхны тусламж үзүүлэн зохих шинжилгээг бүрдүүлж шинжилгээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх заалттай зүйл байхгүй байсан учир амбулаторийн хяналтад эмчилгээ зөвлөгөө өгч буцаасан...Тэр хүний хувьд дээр хэлсэн архины шилээр цохиулсан гэж тухайн үед хамт явж байсан хүн нь хэлж байсан. Өөрөө болохоор нэг их юм яриагүй... Нүүрэндээ олон тооны зүсэгдсэн шархтай байсан. Толгойд зулай орчим зүсэгдсэн шархтай байсан. Нүүр толгойд нь олон оёдол тавьсан бөгөөд тоог нь хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.1.34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Өсөхбаярын өгсөн: “... Тэр өдөр Чулуунхүү ах над руу өөрийнхөө 93003838 дугаарын утаснаас 17 цагийн үед залгаад ах нь Хоме плазагийн орчим байгаа. Залгахаар намайг ирж аваарай гэж хэлсэн. Тэгээд би хүлээж байхад 21 цагийн үед танихгүй дугаараас залгасан бөгөөд утсаа авахад Чулуунхүү ах ярьж байсан. Тэр надад би КФС-ийн орчим байна. Чи ирээд авчих гэхээр нь би Натурын тэндээс гэрээсээ гараад гүүр даваад яваад очиход Хоме плазагийн урд талд байдаг КФС-ийн гадаа гартаа куртикээ барьчихсан зогсож байсан бөгөөд намайг очиход Чулуунхүү ахын куртик нь цус болчихсон мөн цамц нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би юу болов, яасан бэ гэхэд Гэмтлийн эмнэлэг орчих гэсэн. Тэгээд Чулуунхүү машинд суугаад унтаад өгсөн бөгөөд Гэмтлийн эмнэлэг дээр би очоод Чулуунхүү ахыг сэрээсэн. Тэгээд тэнд орчхоод хэсэг хугацааны дараа эргэж гарч ирээд “маск байна уу гэхээр нь би машины урд талын хайрцгаас нэг маск гаргаж өгсөн Тэгээд маскаа аваад эргээд Гэмтлийн эмнэлэг рүү орсон бөгөөд би машиндаа хүлээгээд байсан боловч гарч ирэхгүй болохоор 22 цаг өнгөрч байхад би эмнэлэг рүү ороход Чулуунхүү ах гэмтлийн эмнэлгийн үүдэнд ганцаараа сууж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Амартүвшиний өгсөн: “... Би 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цагдаа-жолооч, цагдаагийн ахлагч Э.Азбаярын хамт Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Улиастай 114 чиглэлд машинт эргүүлийн үүргийг тухайн өдрийн 08 цаг 30 минутаас 2020 оны 03 дугаар сарын 19-ний 08 цаг 30 минут хүртэл үүрэг гүйцэтгэсэн... Тухайн өдөр 18 цаг 30 минутын үед Улиастай 10 буюу манай хэлтсийн жижүүрээс Энканто тауэрт байрлах Булл ресторанаас зодоон болоод байна гэсэн дуудлага ирлээ. Яаралтай тэр хаягт яваад оч гэсэн үүрэг өгсний дагуу жолооч цагдаагийн ахлагч Азбаяр бид хоёр 19 цагийн орчим тухайн дуудлага дээр очсон. Тэр өдөр дуудлага их байсан. Цэргийн баярын өдөр гээд яг тухайн дуудлага ирэх үед 5 дуудлагатай, тэр өдөр нийтдээ 35 дуудлага хүлээж авсан. Ингээд дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто тауэрын Булл ресторанд ороход 3 дугаартай VIP өрөөнд байгаа талаар рестораны зохион байгуулагч Ундрам гэдэг хүн хэлэхээр нь тэр өрөө лүү ороход нэг бүдүүн эрэгтэй хүн нүүрээ дээшээ харуулсан байдалтай сандал дээр суугаад харин хажууд нь байсан 4 залуу нүүрэн дээр нь салфеткаар дарчихсан зогсож байсан бөгөөд Азбаяр бид хоёрыг орох гэхэд саарал цамцтай бүдүүн залуу “ах нар нь найзууд байгаа юм, цагдаа дуудаагүй, эмнэлэг дуудсан юм” гэж хэлээд намайг тэр өрөөнөөсөө түлхээд гаргасан бөгөөд тэгэхэд нь би зохион байгуулагч Ундрамаас юу болсон талаар асуухад “манайх VIP өрөө болохоор юу болсон талаар мэдэхгүй байна, харин манайх бүх өрөөндөө камертай” гэхээр нь би өөрийнхөө гар утсыг өгч явуулаад “яг зодоон болсон бичлэгийг нь бичээд ир” гэж хэлээд явуулсан. Тэгээд тэр Ундрам гэдэг эмэгтэй миний утсан дээр камерын бичлэгээс бичлэг хийгээд ирэхэд нь би утсаараа тоглуулаад бичлэгийг үзэхэд цайвар цэнхэр өнгийн сорочкин цамцтай нүдний шилтэй эрэгтэй хүн хүрэн өнгийн футболктой хүнийг архины шилээр цохиж байгаа бичлэг байсан. Тэгээд би тэр хүмүүсээс дээрх хүний толгой руу архины шилээр цохисон хүнийг ахлагч Азбаярын хамт машиндаа суулгаад хэлтэс рүү авч явсан. Түүнээс өмнө бид нарыг гарахад 103-ын хүмүүстэй үүдэнд таараад тэр хүмүүстэй хамт тухайн гэмтсэн хүнд анхны тусламж үзүүлэхэд нь хамт байж байгаад 103-ын эмч нь энэ хүнийг яаралтай Гэмтлийн эмнэлэг рүү авч явах шаардлагатай гэсэн тул хамт явсан 3 хүн нь 103-ын машинд гэмтсэн хүнээ авч суугаад явсан. Азбаяр бид хоёр зодсон гэх нүдний шилтэй хүнийг дагуулаад хэлтэс рүүгээ явсан. Тэгж явахаас өмнө тэр зодсон гээд байгаа хүний гараас нь цус гараад байсан учраас 103-ын эмчээр боолт хийлгэсэн. Ингээд Азбаяр бид хоёр нөгөө зодоон хийсэн гэх хүнийг аваад хэлтэс рүү явж байх замд тухайн зодоон хийсэн хүн нэг хүнтэй утсаар яриад л яваад байсан. Тэгээд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс дээр ирэхэд тэр бид нартай хамт ирсэн нүдний шилтэй цайвар сорочкин цамцтай хүний жолооч нь гэх нэг хүн тосон уулзаж байсан. Тэр хүргэж ирсэн хүнийг хэлтэс рүү аваад ороход Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Хэв журмын тасгийн даргаар ажиллаж байсан, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн жижүүрийн ахлах офицер ажилтай Батсүх нь бид нарыг хүлээгээд байж байсан бөгөөд надад хандаж “наад хүнээс эрүүлжүүлж болохгүй, том дарга хүн байгаа юм” гэж байсан бөгөөд нөгөө дарга гэсэн, бид нарын авчирсан хүнээс “хэн хэн байсан юм бэ” гэж асуугаад байсан бөгөөд тэгэхэд нөгөө хүн нь нэрсийг нь хэлж байсан. Тэгэхэд Батсүх бүгдийг нь таниад байсан бөгөөд би Батсүх хошуучид “гэмтсэн хүн нь гэмтлийн эмнэлэг рүү явсан байгаа. Тэр хүн нь нэлээд муу байх шиг байсан. Та тэр хүнийх нь биеийн байдлыг асуугаад ир. Тэр болтол энэ хүнийг энд байлгаж байя” гэхэд Батсүх хошууч тэр бид нарын авчирсан хүнийг авч гараад хар машинд нь суулган эргээд над дээр ирээд “ямар ч асуудал гарахгүй, ах нь зохицуулна, хэрэв шаардлагатай гэвэл маргааш би авчраад мэдүүлэг өгүүлчихье, өнөөдөртөө ах нь аваад явчихъя” гэхээр нь би “102 дугаарын утсаар дуудлага ирсэн болохоор заавал арга хэмжээ авах ёстой” гэхэд Батсүх нь Лхагвасүрэнгийн Ширчин гэсэн иргэний үнэмлэх авчраад “энэ хүний нэр дээр торгуулийг нь биччих” гэхээр нь Азбаярын нэрээр торгуулийн хуудас бичсэн. Тэр Л.Ширчин нь сүүлд мэдсэнээр ******* гэдэг хүний жолооч нь юм байна лээ. Ингээд Батсүх хошууч тэр дуудлагаар ирсэн хүнийг аваад явсан. Энканто тауэрын Булл рестораны зохион байгуулагч Ундрам нь утсаар яриад “манайх бас гомдолтой байна. *******аавуун сандал обой цус болсон болохоор төлбөрөө төлүүлэх шаардлагатай байна” гээд түүнийгээ нэхэмжлээд ирсэн бөгөөд тэгж байхад нь Ундрам нь хэлтэс дээр ирэхэд Батсүх түүнтэй уулзаад түүний нэхээд байсан мөнгийг нь Ундрамд өгч /дансаар шилжүүлсэн/ Ундрам нь “нэгэнт манайх хохирлынхоо мөнгийг гаргуулаад авсан болохоор гомдол саналгүй” гэж бичиж өгөөд явсан. Энканто тауэрын Булл ресторанд дуудлагаар оччихоод гарах гэж байхад зохион байгуулагч Ундрам “манайх бас гомдолтой, хохирлоо гаргуулж авна” гэхээр нь би утсаа өгөөд “араас яваад очоорой” гэхэд тэр хүн бид нарын араас ирээд, тэгээд Батсүхтэй уулзаад хохирлоо төлүүлээд авсан болохоор гомдолгүй гэсэн бичиг хийж өгөөд явсан... Тухайн бичлэг нь 28 секундийн бичлэг байсан бөгөөд энэ гомдол мэдээлэлтэй холбоотой асуудлыг Цагдаагийн Ерөнхий Газрын *******отоод аюулгүй байдлын газраас шалгасан бөгөөд тухайн шалгасан байцаагч нь миний гар утсан дээр байсан бичлэгийг хуулбарлаж аваад тухайн миний утсан дээр байсан бичлэгийг надаар устгуулсан. Тухайн бичлэгт тэр өрөөн дотор цайвар цэнхэр цамцтай, нүдний шилтэй хүн нь хүрэн улаан өнгийн футболктой хүнийг эхлээд аягаар нүүр лүү нь цохиж байгаа, түүний дараа архины шилээр толгой руу нь цохиж байгаа бичлэг байсан. Тэр бичлэгийг надад хуулбарлаж өгсөн байсан бөгөөд бичлэг нь дуу байхгүй, гар утсаар бичсэн болохоор хөдөлгөөнтэй бичлэг байсан... Тархи толгой нь хагарсан байсан Баруун нүднийх нь доор шилээр зүсэгдсэн байдалтай шархтай, тэр шархнаас нь цус гоожиж байсан, 103-ын эмч ирээд тухайн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлээд авч явсан...” гэх мэдүүлэг /хх.1.39-41/,

 “... би тэр бичлэгийг үзэхэд Б.******* нь тэр өрөөнд Ганбаатарынхаа толгой руу нь цохисон бичлэг байсан учраас би *******ыг хэлтэс рүү авч явсан юм...” гэх мэдүүлэг /хх.2.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чулуунхүүгийн өгсөн: “... Тэр өдөр намайг ажил дээрээ буюу Чингэлтэй дүүргийн эмнэлгийн урд талын 4 давхар ягаан байранд байрлах ажлын байран дээр манай найзууд болох *******тай би эрэгтэйчүүдийн барааны дэлгүүр буюу одоогийн Наран дэлгүүрийн орчим уулзалдаад Наран дэлгүүр лүү орж нэг шил литрийн Блиндер гэсэн нэртэй архи худалдаж авсан. Тухайн үед 14-15 цаг л болж байсан байх. Төгс-Очир бид хоёрын араас манай ажил дээр орж ирсэн бөгөөд манай ажлын байранд бид гурав нөгөө архиа хувааж уусан. Тэгж байхдаа бид нар Ганбаатартай ******* утсаар яриад “бид нарыг Ганбаатар дуудаад байна. Тийшээ явъя” гээд бид нар хамтдаа явсан бөгөөд нэг мэдэхэд Энтантогийн тэнд явган явж байсан бөгөөд би 1 дүгээр сард хагалгаанд ороод түүнээс хойш архи уугаагүй яваад байсан болохоор амархан согтсон байсан. Ингээд Энканто дээр Ганбаатар гарч ирээд бид нарыг тосож авсан бөгөөд гадаа үүдэнд Ганбаатартай уулзаад түүнд төрсөн өдрийн баяр хүргэж байсан. Тэр өдрийн өмнөх өдөр нь Ганбаатарын төрсөн өдөр нь болсон байсан юм. Ингээд бид нар Ганбаатарын хамт сууж байсан. Энкантогийн Булл ресторанд орсон бөгөөд тэнд тусдаа өрөө захиалсан байсан. Тэр өрөөнд ороод хоол унд захиалъя гээд хоолны меню нь ирж байсан боловч тэндээс шууд архи захиалаад уусан. Тэнд яг хэдэн шил архи уусныг мэдэхгүй байна. 1-2 шил архи л уусан байх гэж бодож байна. Грийгүүс нэртэй 1 литрийн архи захиалсан юм. Бид гурвыг Ганбаатартай хамт ороход тэр өрөөнд Ганбаатарын найз нь гээд Нарка гэсэн байх нэртэй залуу сууж байсан. Би тухайн үедээ танилцаж байсан бөгөөд өмнө нь огт харж байгаагүй залуу байсан. Тэнд бид нар 17 цагийн үед л очсон байх гэж бодож байна. Ямар ч байсан харанхуй болоогүй байсан. Ингээд архи ууж байхад бид нарын хооронд ямар нэгэн маргаан болсон зүйл байгаагүй. Бие биетэйгээ маазраад л тоглоод л байж байсан бөгөөд би сүүлд нь Зариг.мн сайт дээр гарсан бичлэгээс л ******* Ганбаатарын нүүр лүү шилэн стаканаар цохиж байгаа, мөн толгой дээр нь архины шилээр цохиж архины шил нь хагарч бутарч байгаа бичлэгийг харсан. Тэгээд л тэнд тийм зүйл болсон байна гэдгийг мэдсэн... Миний хувьд цайвар ногоон өнгийн ноолууран цамцтай явсан. Бичлэгээс харж байхад Ганбаатар хүрэн бор өнгийн футболктой, *******ын хувьд цайвар цэнхэр өнгийн сорочкин цамцтай, Төгс-Очир судалтай цэнхэр өнгийн сорочкин цамцтай явсан. Харин Нарка гэдэг залуу нь саарал өнгийн цамцтай байх шиг байсан... Бичлэг дээр цохиж байгаа нь *******, цохиулж байгаа нь Ганбаатар байсан...” гэх мэдүүлэг /хх.1.43-45, 2.224/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Ундрамын өгсөн: “... Тухайн өдөр би дээрх Энканто тауны Булл ресторанд албан үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд арын өрөөндөө ажилчдынхаа цалинг тарааж байх хугацаанд 18 цаг өнгөрч байхад манай рестораны 01 тоот кабинд үйлчлүүлж байсан хүмүүс хоорондоо зодолдоод байсан. Би заалаа тойроод явж байхад тэр зодоон болсон байсан бөгөөд тухайн кабинд үйлчлүүлж байсан хүний толгойноос нь цус гарсан байдалтай байсан бөгөөд манай менежерийг оруулахгүй байсан. Ингээд тухайн өрөөнд үйлчилж байсан зөөгч Тамирсайханыг салфетка өгөөд оруулсан. Тэгээд манайхаас 103 болон 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Ингээд дуудлагын дагуу эхлээд Цагдаагийн ажилтнууд ирсэн... Цагдаа нар ирээд тэнд байсан хүмүүсийг аваад явсан. Цохисон хүнийг цагдаа нар авч гараад цохиулсан хүнийг нь эмнэлэг аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.47-48/,

“... Ч.Ганбаатар нь гэмтсэн хүн нь байна. Харин Б.******* нь болохоор түүнийг цохисон хүн нь мөн байна...” гэх мэдүүлэг /хх.2.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Тамирсайханы өгсөн: “... Тухайн өдөр манай рестораны 1 дугаартай кабинд архи ууж байсан хүмүүс хоорондоо маргалдсан бөгөөд яг тухайн үед хэн нь хэнийгээ хэрхэн яаж зодсон талаар харсан зүйл байхгүй... Хамгийн анх ирсэн хүн нь болохоор манай ресторанд энэ зодоон болсны дараа гарахдаа тооцоо хийсэн хүн байгаа юм. Эхлээд тэр ах нэг ахтай хамт 11 цагийн үед манай ресторанд орж ирээд 1 дугаартай кабинд орж үйлчлүүлсэн бөгөөд тэр ахын үйлчлүүлж байгаад кабинд хүмүүс нэмэгдэж ирээд мөн яваад байсан бөгөөд тэр ах л эхнээсээ явах хүртлээ байсан. Тэд нарын хувьд нийтдээ 4-5 шил Грийгүүс /1 литр/ архи авсан бөгөөд эхлээд граммаар авч байгаад сүүлдээ шилээр нь захиалж авсан. Мөн тэд нар энэ хугацаанд эхлээд 5 шөл захиалаад түүнээсээ хойш бага сага зүйл л захиалж авсан. *******ундуур нь хүмүүс солигдоод ирж яваад байсан болохоор яг тэдний захиалсан хоолны тооцоог сайн хэлж мэдэхгүй байна... Тэр кабинд байсан нэг ах цусыг нь тогтооно гээд хуурай, нойтон салфетка авч байсан бөгөөд би түүнийг нь аваачиж өгч байсан. Мөн бинт аваачиж өгч байсан... Тэд нар хоорондоо ярихдаа “чи үнсэх гэж байхад нь цохиж болохгүй шүү дээ” гэсэн зүйл хэлээд байсан. Тэгэхээр нь би нэг нь үнсэх гээд нөгөөх нь үнсүүлэхгүй гээд цохисон юм байх гэж ойлгосон... Тэр хүн нь цагаан судалтай сорочкин цамцтай байсан. Зодуулсан хүн нь улаан өнгийн футболк богино ханцуйтай цамцтай байсан...” гэх мэдүүлэг /хх.1.53/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Төгс-Очрын өгсөн: “... Тухайн өдөр би өдөржингөө хуралтай байсан бөгөөд өдөр 17 цагийн үед намайг ажил дээр байж байхад манай багын хамт сурч байсан Чулуунхүү мөн манай ажлын газрын ******* нар намайг хүрээд ир гэж дуудсан. Тухайн үед тэр хоёр *******ын ажил дээр байна гэж байсан бөгөөд би ажлаасаа гараад шууд Чулуунхүүгийн ажил дээр нь очсон. Чулуунхүүгийн өрөөнд 2 шил архи уусан. Эхлээд нэг литрийн Белуга гэдэг архи уусан санаж байна. Түүний дараа нь мөн тийм хэмжээтэй архи уусан. Ингээд тэр архийг ууж дууссаны дараа миний хувьд нэлээд согтсон байсан. Тэндээс өөр тийшээ явах талаар ярьсан зүйл байгаагүй бөгөөд би нэг мэдэхэд гэрийнхээ хажууд байдаг ресторанд сууж байсан. Уг нь манай гэрийнхэн зусланд байсан бөгөөд би тэр үед гэрийн ойролцоо байсан болохоор тэр ресторанд очсон юм шиг байна лээ. Тэнд очоод нэмж архи уусан бөгөөд ухаан орон гаран байгаад байсан. Тэр ресторанд зодоон болсон талаар надад мэдэж байгаа зүйл байхгүй байна. Тухайн үед их согтсон байсан...” гэх мэдүүлэг /хх.1.55-57, 2.215-216/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Анхжаргалын өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манай найз Ганбаатарын төрсөн өдөр болсон бөгөөд бид нар тэр өдөр өглөөний 06 цаг хүртэл архи уусан байсан. Тухайн үед бид нар өөр газарт архи уусан бөгөөд өглөө нь тараад гэр гэр лүүгээ явсан бөгөөд би гэртээ байж байгаад 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн үед Энкантогийн Булл ресторанд шөл уухаар очсон юм. Тэнд манай найзууд ирээд явж байсан бөгөөд орой 17 цагийн үед Ганбаатар ирсэн санагдаж байна. Ганбаатар ирэхдээ ганцаараа ирсэн бөгөөд түүний араас найз нь гээд 3 залуу орж ирсэн. Тэд нарыг орж ирэхээс өмнө Ганбаатар бид хоёр нэг шил Грийгүүс нэртэй нэг литрийн архи авч уусан байсан. Ер нь тэнд байх нийт хугацаандаа нийтдээ 5 орчим шил дээрх төрлийн архи авч уусан байсан. Тооцоог харахад л тийм хэмжээний архи уусан байсан. Ганбаатарын 3 найзыг нь ирэхэд 1 шил архи аваад уугаад дахиж нэгийг авч ууж байгаад дээрх асуудал болсон байсан. Яг тэр зодоон болсон талаар би үнэхээр мэдэхгүй байна. Би өглөөнөөс эхэлж архи уусан байсан бөгөөд согтсон байсан. Тэр бичлэг дээрээс харахад би тэр залуугийн Ганбаатарын эхлээд стаканаар цохиж байсан бөгөөд би тухайн үед тэгж цохиж барьсныг нь ч мэдэхгүй байгаа юм... тухайн бичлэгийг хараад яг ийм үйл явдал болжээ гэдгийг санах зүйл байхгүй байна. Би Ганбаатарыг ширээ мөргөсөн гэж бодоод байсан. Ганбаатар эмчид л тэгж хэлээд байх шиг байсан. Яг тодорхой санах зүйл байхгүй байна... Ёстой юу ч мэдэхгүй байна. Ямар ч байсан цагдаа, түргэн ирсэн байсан. Цагдаа ирэхэд л би жаахан ухаан орсон. Цагдаа орж ирсний дараа 103 орж ирсэн бөгөөд сүүлдээ би ганцаараа үлдсэн байсан. Зөөгч хүрч ирээд намайг тооцоогоо хий гэхээр нь би тооцоогоо хийхэд нэг сая дөрвөн зуун мянган төгрөгийн тооцоо гарсан байсан. Картаа уншуулаад тэндээс гарсан бөгөөд яаж харьснаа ч мэдэхгүй байна. Такси бариад л харьсан байх...” гэх мэдүүлэг /хх.1.58-60, 2.218-219/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Батсүхийн өгсөн: “... Тэр өдөр би ажилтай байсан. Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст албан үүргээ гүйцэтгэж байсан юм. ...******* бид хоёрын хувьд одоогоос 20 жилийн өмнөөс эхлэн танилцаад найзалж нөхөрлөж байгаа ойр дотнын найз нөхдийн холбоотой хүмүүс байгаа юм. Тухайн өдөр ******* нь над руу өөрийнхөө утаснаас залгаад Баянзүрх дүүргийн Цагдаа руу явж байх шиг байна хүрээд ирээч гэсэн. Ингээд би туслах цагдаадаа хоолоо аваад ирье гэж хэлээд гараад Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэс дээр очиход ******* ирээгүй байсан. Ингээд 5-10 минутын дараа *******ыг эргүүлийн офицер нь дагуулаад орж ирсэн. Тухайн үед ******* нь нэлээд согтуу байсан бөгөөд цагаан цайвар өнгийн сорочкин цамцтай явсан, тэр цамц нь ягаан туяатай болсон байхаар нь би цамцыг нь эргүүлж өмсүүлсэн. Тухайн үед *******ыг эрүүлжүүлнэ гээд байсан болохоор нь би торгуулаад явуулчихъя гэж бодоод түүнийг эрүүлжүүлэхэд хонуулаад яах вэ гэж бодоод торгуулах гэсэн боловч *******д бичиг баримт байгаагүй болохоор түүнтэй хамт явсан хүнийх нь бичиг баримтыг асуухад байна гэхээр нь тэр хүний бичиг баримтаар нь торгуулийн хуудас бичүүлсэн. Ингээд *******ыг тэр хамт явсан хүнд нь өгөөд хүргээд өгчих гэж хэлээд явуулсан. Би тэр залууг нь танихгүй, хамт явсан хүн л юм байна лээ... Миний хувьд найздаа туслах гээд түүнийг эрүүлжүүлэхэд хонуулаад яах вэ гэж бодсоноос ийм зүйл хийсэн. Энэ үйлдэлд намайг албанаас халсан гэж ойлгож явж байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.62-63/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолууд, тэмдэглэл, холбогдох албан бичгүүд, /хх.1.64-72/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 587 дугаартай:

“1. Ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд Ч.Ганбаатарын биед тархины доргилт, зулайн хуйх, нүүр, уруулд шарх, зулай, дух, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. *******ээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ.

3. *******ээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.1.73-75/,

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх.1.79/,

“Баянзүрх  эмнэлэг” ХХК-й 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02/134 дугаартай албан бичиг, хавсралт, өвчний түүх /хх.1.81-91/,

Шинжилгээний обьект хүлээлцсэн тэмдэглэл /хх.1.92/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ч.Эрдэмболорын өгсөн: “... эмнэлгийн бичиг баримттай танилцахад тавигдсан оношнууд нь язарсан шарх гэж бичсэн байсан учраас мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ гэж дүгнэсэн. Мохоо зүйл гэдэгт хүний гар, хөл, мод, чулуу, архины шил гэх мэт зүйлүүд орно...” гэх мэдүүлэг /хх.1.93-94/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх.1.98/,

“Лазер мед” эмнэлгийн захиргаанд мөрдөн байцаах албанаас хүргүүлсэн албан бичиг /хх.1.107/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2205 дугаартай дүгнэлт /хх.1.100-103/,

Цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.134-135/,

Цахим сайтын дүрс бичлэгт үзлэг хийсэн: “... Уг бичлэгийн нийт үргэлжлэх хугацаа нь 2 минут 05 секундийн хэмжээг зааж байх бөгөөд бичлэгийн баруун дээд буланд Zarig.mn /Зариг.мн/ видео сайт гэсэн бичиг тавигдсан байна. Бичлэг эхлэхэд өрөөнд өрөөний баруун хойд талд хүрэн өнгийн богино ханцуйтай цамц /футболк/- тай махлаг эрэгтэй хүн /Ч.Ганбаатар/ түүний урд талд цагаан цайвар өнгийн сорочкин цамцтай эрэгтэй хүн, ширээний урд голлосон байдалтай цэнхэр /сааралдуу/ өнгийн цамцтай эрэгтэй хүн, ширээний зүүн хойд талд цайвар ногоон өнгийн цамцтай эрэгтэй хүн түүний урд талд цэнхэр эрээн өнгийн сорочкин цамцтай хүн урагшаа хаалга руу харсан байдалтай сууж байна. Бичлэг эхлэхэд ширээн дээр ширээний голд архины шил, архины хундага бололтой шилэн стаканууд мөн усны сав бололтой зүйлүүд тавиастай байна. Бичлэг эхлээд 07 секундээс эхлэн ширээний баруун талд сууж байгаа хүрэн өнгийн богино ханцуйтай цамц /футболк/-тай махлаг эрэгтэй хүн, түүний урд талд сууж байгаа цагаан цайвар өнгийн сорочкин цамцтай эрэгтэй хүн хоёр хоорондоо гараа түлхэлцэн хүрэн өнгийн богино ханцуйтай цамцтай махлаг эрэгтэй хүн түүний урд талд сууж байсан цагаан цайвар өнгийн сорочкин цамцтай эрэгтэй хүний шилэн хүзүүн дээр гараа тавих бөгөөд нөгөө хүн нь гарыг нь түлхэж байгаа байдалтай, хоорондоо түлхэлцсэн байдалтай суух бөгөөд дээрх хүмүүс хоорондоо ярих боловч ярианы бичлэг нь бичигдээгүй байна. Нүүр, амны хөдөлгөөнөөр хоорондоо ярьж байгаа байдал харагдаж байна. 00.25 секундэд цагаан цайвар өнгийн цамцтай эрэгтэй хүн нь бор өнгийн футболктой эрэгтэй хүний нүүр лүү гараа зангидаж байгаад түлхэж байгаа байдал бичигдсэн байна Мөн 00.30 секундэд цагаан цайвар өнгийн цамцтай эрэгтэй хүн нь /*******/ хүрэн футболктой эрэгтэй хүнийг хүзүүдэн дээрх хоёр хүн хоёулаа инээж байгаа байдлаар бичигдсэн байна. Мөн дээрх 2 хүн нь 00.52 секундэд инээлдэн хоорондоо нэгнийгээ хүзүүдэн юм ярьж байгаа байдалтай харагдаж байна. Бичлэг цааш 1 минут 35 секунд хүртэл үргэлжлэх хугацаанд хүрэн футболктой эрэгтэй нь цагаан цайвар өнгийн цамцтай эрэгтэй хүнийг хүзүүдэн авч нөгөө хүн нь гарыг нь түлхэх байдлаар үргэлжилж байх бөгөөд энэ хугацаанд зүүн гар талд сууж байсан ногоон өнгийн цамцтай эрэгтэй хүн нь босож ирээд дээрх цагаан цайвар өнгийн цамцтай эрэгтэй хүн болон бор өнгийн футболктой эрэгтэй хүмүүст хандаж ямар нэгэн зүйлийг хэлж, гарт барьж байсан цаасаа ширээн дээр шидлээ Бичлэгийн 1 минут 35 секундэд цагаан цайвар өнгийн цамцтай эрэгтэй хүн нь бор өнгийн футболктой эрэгтэй хүний нүүр лүү ширээний урд өнцөгт байсан шилэн стаканыг авч стаканаа нүүр лүү нь цохиж, мөн 1 минут 40 секундэд мөн цагаан цайвар өнгийн цамцтай эрэгтэй хүн нь бор өнгийн футболктой эрэгтэй хүний толгой руу ширээний голд байсан архины шилийг авч цохисноос архины шил хагаран бутарсан. Энэ хугацаанд гаднаас үйлчлэгч орж ирсэн боловч цэнхэр эрээн өнгийн цамцтай залуу нь хаалгыг хааж тухайн үйлчлэгчид ямар нэгэн зүйл хэлж байгаа талаар бичлэгт бичигдсэн байна. Архины шилээр цохисны дараа өрөөнд байсан хүмүүс маргалдсан цагаан цайвар өнгийн цамцтай эрэгтэй хүн нь бор өнгийн футболктой эрэгтэй хүний хооронд орж салгаж байлаа. Хүрэн өнгийн футболктой залуу нь толгойгоо цохиулсны дараа хажуудаа байсан даавуун материалаар хийсэн зүйлийг авч толгой дээрээ тавьж байх бөгөөд тухайн хүний нүүрний зүүн хэсгээр хүрэн өнгийн зүйл гоожсон байдалтай харагдаж Сиди дээр бичигдсэн 3 минутын бичлэг дуусав...” гэх тэмдэглэл /хх.1.136-139/,

“Нью Булл” ХХК-й албан бичгүүд, хавсралт /хх.1.141, 143-145/,

“Хос билгүүн” нүдний эмнэлгийн үзлэгийн хуудас /хх.1.147/,

*******уудлагын лавлагаа /хх.1.150/,

“Улиастай-114” дуудлагын чиглэлийн 2020 оны 03 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд хүлээн авч шийдвэрлэсэн дуудагын жагсаалт /хх.1.152-156/,

“Апекс Софт” ХХК-й албан бичиг /хх.1.196/,

“Айсофт системс” ХХК-й албан бичиг /хх.1.196/,

“*******атакейр” ХХК-й албан бичиг /хх.1.200/,

“Электромон трейдинг” ХХК-й албан бичиг /хх.1.202/,

“Интерактив Би Ай” ХХК-й албан бичиг /хх.1.204/,

“Новасофт” ХХК-й албан бичиг /хх.1.208/,

Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх.1.212-215/,

Камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.233-237/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Азбаярын өсгөн: “... Тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байхад орой яг цагийг нь санахгүй байна. Энканто тауэрын Булл ресторанаас зодоон болоод байна гэсэн дуудлага ирсэн бөгөөд тэр дуудлагын дагуу манай офицер бид хоёр дуудлага өгсөн газар луу нь буюу Булл ресторанд ороод ресейпшнээс нь дуудлага өгсөн хүнтэй нь уулзахад бид нар дуудлага өгсөн гэсэн бөгөөд зодоон хийсэн хүмүүс нь хаана байна гэхэд өрөөг нь зааж өгсөн. Тэгээд өрөөнд нь очиход 1 дугаартай өрөө байсан бөгөөд тухайн өрөөн дотор нэг залуу духан дээрээ язарсан шархтай шархаа дарсан байдалтай сууж байсан. Хажууд нь 2-3 хүн байсан. Тэгээд манай офицер тухайн рестораны ажилтанд утсаа өгөөд “камерын бичлэгээс зодоон болсон хэсгийг бичээд аваад ир” гээд гар утсаа өгч явуулсан. Тэгэхэд тухайн зодоон хийсэн хүн нь байхгүй байсан бөгөөд тэр өрөөнд байсан хүмүүс болохоор зодоон болоогүй гэж байсан боловч ширээн дээр цус мэт зүйлээр бохирлогдсон салфетка их хэмжээтэй байсан. Мөн хагарсан жижиг аяга /архины хундага, стакан гэхээр/ байсан. Ингээд гар утсан дээр бичлэгээс зодоон болсон хэсгийг нь хуулбарлаад авч ирэхэд нь үзэхэд нөгөө залуу буюу зодоон хийж байгаа залуу байхгүй байхаар нь зөөгчөөс “энэ хүн хаана байна” гэж асуухад хажуу талын 00-ийн өрөөнд орсон гэхээр нь араас нь ороход тэр залуугийн баруун гарын чигчий хуруунаас нь цус гарсан, цус нь тогтохгүй түүнийгээ угаагаад зогсож байсан. Тэгээд тэр залууг би дагуулж гараад машиндаа суулгаад түүнээс хувийн байдлыг тогтоох зорилгоор овог нэр регистрийн дугаарыг нь асуухад өөдөөс над руу утсаа өгөөд “утсаар яръя гэж байна” гээд надад утсаа өгөөд байхаар нь би яриагүй. Тэгээд удалгүй 103 ирээд нөгөө зодуулсан залууг аваад явсан бөгөөд манай офицер гарч ирээд бид хоёр нөгөө хүнтэйгээ хамт хэлтэс рүү явсан... Амартүвшин дэслэгчийн гар утсан дээр бичигдсэн бичлэгийг хальт л харсан бөгөөд цагаан цэнхэр өнгийн цамцтай залуу стаканаар цохисон бичлэгийг нь харсан. Тэгээд тэр залууг нь хайгаад 00-ийн өрөөнөөс олж аваад дагуулж гарсан... Харин дараагийн хүн болох Б.******* гэдэг залуу нь болохоор 00-ийн өрөөнд гараа угаагаад зогсож байсан эрхий хуруунаас нь цус гарсан байсан хүн байна...” гэх мэдүүлэг /хх.2.14-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Өнөрцэцэгийн өсгөн: “Тухайн бичлэгийг манай сайт олон нийтэд мэдээлсэн нь үнэн. Олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын нэгдэн орсон хэвлэлийн эрх чөлөөний конвенцуудад тусгаснаар сэтгүүлч нь эх сурвалжаа нууцлах үүрэгтэй, иймээс бичлэгийг хэзээ, хэнээс ямар байдлаар авсныг хэлэх боломжгүй. Бид үнэн бодитой мэдээлэл хүргэх үүднээс бичлэгийг үзэж нягтлаад тухайн үйл явдал нь бодитой байсан учир олон нийтэд хүргэсэн. Үүгээрээ бид хэн нэгний нэр хүндэд зориудаар халдахыг хүсээгүй. Гагцхүү төрийн чухал албан тушаалыг хашиж байгаа хүмүүс ажлын цагаар архидан согтуурч, бусдын эрүүл мэндэд халдаж болохгүй үйлдлийг цаашид таслан зогсоох зорилготой сэрэмжлүүлэг болгож нийтэлсэн юм. Миний бие дээрх хүмүүсийг танихгүй. П.Анхжаргал гэх хүнийг зүс мэднэ. Тааралдсан үедээ мэндийн зөрүүтэй явдаг. Бичлэгийн эх сурвалжийг нууцалж байгаа учир хэлэх боломжгүй. Анх бичлэг манайд ирэхдээ хотын удирдлагууд архи уугаад зодолдсон гэсэн. Тэгээд нягтлаад үзэхэд татварын газрын тасгийн дарга ажилтай Ч.Ганбаатар гэх хүн байсан, түүний биед хэн халдав гэж судалж үзэхэд тагнуулын хурандаа гарч ирсэн. Тухайн зодоон болсон газар Тагнуулын Ерөнхий Газрын 2 хурандаа байсан учир бичлэгийн гарчгийг “Тагнуулын хурандаа нарын зодоон” гэж өгөөд олон нийтэд цахим байдлаар хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх.2.226/,

Хохирогч Ч.Ганбаатарын хүсэлт /хх.1.164/,

Тагнуулын Ерөнхий Газрын албан бичиг /хх.2.26/,

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл /хх.2.132-159/,

Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоол /хх.2.236-237/,

Прокурорт гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлт /хх.2.239-240/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.******* нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто таун хотхоны Bull /Булл/ ресторанд согтуурсан үедээ хамт архи ууж байсан Ч.Ганбаатартай маргалдаж нүүрэн тус газарт архины шилэн аягаар, мөн толгойн тус газарт архины шилээр тус тус цохиж тархины доргилт, зулайн хуйх, нүүр, уруулд шарх, зулай, дух, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх.1.10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Ганбаатарын өгсөн: “... Гэмтэл рүү эмнэлгийн машинаар намайг авч явах үед найз Чулуунхүү хамт явсан. Би гэмтэл дээр очоод духан дээр 1 оёдол, хөмсөг дээр 1 оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хх.1.20-21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батболдын өгсөн: “... түргэний машин ирчихсэн манай найз Ганбаатарыг машиндаа суулгаж байсан. Тэгээд би тэр түргэний машинд Ганбаатартай хамт суугаад бид нар Гэмтлийн эмнэлэг рүү очсон... Тэрний нүүр, хамар хэсэгт оёдол тавьсан байсан... Нүүрэнд бол 2-3 оёдол бол тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.27-30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Одгэрэлийн өгсөн: “... Уг дуудлагын дагуу би 19 цаг 02 минутад тухайн газар очсон. Намайг очиход тухайн рестораны вип өрөөнд 4 эрэгтэй хүн байсан. Ширээн дээр аяга, архины хундага, усны сав зэрэг зүйл байсан. Ганбаатар гэх эрэгтэй хүн сандал дээр хана налаад сууж байсан. Толгой нүүр хэсгээс цус гарсан байдалтай. Уг өрөөний шалаар их хэмжээний цус гоожсон байдалтай байсан. Тухайн гэмтэл авсан хүнд үзлэг хийхэд /нүдэн баримжаагаар харахад/ духны зүүн дээд хэсэгт босоо байрлалтай 3 см орчим урт, 1 см орчим гүн шархтай, баруун нүдний доор хацрын баруун хэсэг ташуу байрлалтай 3 см орчим урт, 1 см орчин гүн зүсэгдэж язарсан шархтай, толгойн орой зулай хэсэгт ойролцоогоор 2-3 см урт; 1,5 см орчим гүн хуйх язарсан шархтай байсан. Шарх тус бүрээс цус шүүрээд урсаад гараад байсан...” гэх мэдүүлэг /хх.1.32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэрэнгийн өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 18-нд 20 цагийн үед бусдад зодуулсан буюу архины шилээр цохиулсан гэж Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг үзлэг №2-т дээр Ч.Ганбаатар гэдэг хүн ирсэн. Өвчтөнийг үзлэгийн өрөөнд оруулж үзэхэд нүүрэндээ олон тооны зүсэгдсэн шархтай буюу толгойд зулай орчим зүсэгдсэн шархтай байсан... Тэр хүний хувьд дээр хэлсэн архины шилээр цохиулсан гэж тухайн үед хамт явж байсан хүн нь хэлж байсан... Нүүрэндээ олон тооны зүсэгдсэн шархтай байсан. Толгойд зулай орчим зүсэгдсэн шархтай байсан. Нүүр толгойд нь олон оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хх.1.34/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Өсөхбаярын өгсөн: “... намайг очиход Чулуунхүү ахын куртик нь цус болчихсон мөн цамц нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би юу болов, яасан бэ гэхэд Гэмтлийн эмнэлэг орчих гэсэн...” гэх мэдүүлэг /хх.1.37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Амартүвшиний өгсөн: “... тэр өрөө лүү ороход нэг бүдүүн эрэгтэй хүн нүүрээ дээшээ харуулсан байдалтай сандал дээр суугаад харин хажууд нь байсан 4 залуу нүүрэн дээр нь салфетикаар дарчихсан зогсож байсан бөгөөд Азбаяр бид хоёрыг орох гэхэд саарал цамцтай бүдүүн залуу “ах нар нь найзууд байгаа юм, цагдаа дуудаагүй, эмнэлэг дуудсан юм” гэж хэлээд намайг тэр өрөөнөөсөө түлхээд гаргасан бөгөөд тэгэхэд нь би зохион байгуулагч Ундрамаас юу болсон талаар асуухад “манайх VIP өрөө болохоор юу болсон талаар мэдэхгүй байна, харин манайх бүх өрөөндөө камертай” гэхээр нь би өөрийнхөө гар утсыг өгч явуулаад “яг зодоон болсон бичлэгийг нь бичээд ир” гэж хэлээд явуулсан. Тэгээд тэр Ундрам гэдэг эмэгтэй миний утсан дээр камерын бичлэгээс бичлэг хийгээд ирэхэд нь би утсаараа тоглуулаад бичлэгийг үзэхэд цайвар цэнхэр өнгийн сорочкин цамцтай нүдний шилтэй эрэгтэй хүн хүрэн өнгийн футболктой хүнийг архины шилээр цохиж байгаа бичлэг байсан. Тэгээд би тэр хүмүүсээс дээрх хүний толгой руу архины шилээр цохисон хүнийг ахлагч Азбаярын хамт машиндаа суулгаад хэлтэс рүү авч явсан... Тухайн бичлэг нь 28 секундийн бичлэг байсан бөгөөд энэ гомдол мэдээлэлтэй холбоотой асуудлыг Цагдаагийн Ерөнхий Газрын *******отоод аюулгүй байдлын газраас шалгасан бөгөөд тухайн шалгасан байцаагч нь миний гар утсан дээр байсан бичлэгийг хуулбарлаж аваад тухайн миний утсан дээр байсан бичлэгийг надаар устгуулсан. Тухайн бичлэгт тэр өрөөн дотор цайвар цэнхэр цамцтай, нүдний шилтэй хүн нь хүрэн улаан өнгийн футболктой хүнийг эхлээд аягаар нүүр лүү нь цохиж байгаа, түүний дараа архины шилээр толгой руу нь цохиж байгаа бичлэг байсан. Тэр бичлэгийг надад хуулбарлаж өгсөн байсан бөгөөд бичлэг нь дуу байхгүй, гар утсаар бичсэн болохоор хөдөлгөөнтэй бичлэг байсан... Тархи толгой нь хагарсан байсан. Баруун нүднийх нь доор шилээр зүсэгдсэн байдалтай шархтай, тэр шархнаас нь цус гоожиж байсан, 103-ын эмч ирээд тухайн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлээд авч явсан...” гэх мэдүүлэг /хх.1.39-41/,

“... би тэр бичлэгийг үзэхэд Б.******* нь тэр өрөөнд Ганбаатарынхаа толгой руу нь цохисон бичлэг байсан учраас би *******ыг хэлтэс рүү авч явсан юм...” гэх мэдүүлэг /хх.2.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чулуунхүүгийн өгсөн: “... ******* Ганбаатарын нүүр лүү шилэн стаканаар цохиж байгаа, мөн толгой дээр нь архины шилээр цохиж архины шил нь хагарч бутарч байгаа бичлэгийг харсан... Бичлэг дээр цохиж байгаа нь *******, цохиулж байгаа нь Ганбаатар байсан...” гэх мэдүүлэг /хх.1.43-45/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Ундрамын өгсөн: “... Тухайн өдөр би дээрх Энканто тауны Булл ресторанд албан үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд арын өрөөндөө ажилчдынхаа цалинг тарааж байх хугацаанд 18 цаг өнгөрч байхад манай рестораны 01 тоот кабинд үйлчлүүлж байсан хүмүүс хоорондоо зодолдоод байсан. Би заалаа тойроод явж байхад тэр зодоон болсон байсан бөгөөд тухайн кабинд үйлчлүүлж байсан хүний толгойноос нь цус гарсан байдалтай байсан бөгөөд манай менежерийг оруулахгүй байсан. Ингээд тухайн өрөөнд үйлчилж байсан зөөгч Тамирсайханыг салфетка өгөөд оруулсан. Тэгээд манайхаас 103 болон 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Ингээд дуудлагын дагуу эхлээд Цагдаагийн ажилтнууд ирсэн... Цагдаа нар ирээд тэнд байсан хүмүүсийг аваад явсан. Цохисон хүнийг цагдаа нар авч гараад цохиулсан хүнийг нь эмнэлэг аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.47-48/,

“... Ч.Ганбаатар нь гэмтсэн хүн нь байна. Харин Б.******* нь болохоор түүнийг цохисон хүн нь мөн байна...” гэх мэдүүлэг /хх.2.17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Тамирсайханы өгсөн: “... Тухайн өдөр манай рестораны 1 дугаартай кабинд архи ууж байсан хүмүүс хоорондоо маргалдсан... Тэр кабинд байсан нэг ах цусыг нь тогтооно гээд хуурай, нойтон салфетка авч байсан бөгөөд би түүнийг нь аваачиж өгч байсан. Мөн бинт аваачиж өгч байсан... Тэд нар хоорондоо ярихдаа “чи үнсэх гэж байхад нь цохиж болохгүй шүү дээ” гэсэн зүйл хэлээд байсан... Тэр хүн нь цагаан судалтай сорочкин цамцтай байсан. Зодуулсан хүн нь улаан өнгийн футболк богино ханцуйтай цамцтай байсан...” гэх мэдүүлэг /хх.1.53/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 587 дугаартай:

“1. Ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд Ч.Ганбаатарын биед тархины доргилт, зулайн хуйх, нүүр, уруулд шарх, зулай, дух, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо.

2. *******ээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ.

3. *******ээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.1.73-75/,

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх.1.79/,

“Баянзүрх  эмнэлэг” ХХК-й 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02/134 дугаартай албан бичиг, хавсралт /хх.1.81-91/,

Мөрдөн шалгах ажиллагаад шинжээч эмч Ч.Эрдэмболорын өгсөн: “... эмнэлгийн бичиг баримттай танилцахад тавигдсан оношнууд нь язарсан шарх гэж бичсэн байсан учраас мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ гэж дүгнэсэн. Мохоо зүйл гэдэгт хүний гар, хөл, мод, чулуу, архины шил гэх мэт зүйлүүд орно...” гэх мэдүүлэг /хх.1.93-94/,

Цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.134-135/,

Цахим сайтын дүрс бичлэгт үзлэг хийсэн: “... цагаан цайвар өнгийн цамцтай эрэгтэй хүн нь бор өнгийн футболктой эрэгтэй хүний нүүр лүү ширээний урд өнцөгт байсан шилэн стаканыг авч стаканаа нүүр лүү нь цохиж, мөн 1 минут 40 секундэд мөн цагаан цайвар өнгийн цамцтай эрэгтэй хүн нь бор өнгийн футболктой эрэгтэй хүний толгой руу ширээний голд байсан архины шилийг авч цохисноос архины шил хагаран бутарсан...” гэх тэмдэглэл /хх.1.136-139/,

“Нью Булл” ХХК-й 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 036/20 дугаартай албан бичиг, хавсралт /хх.1.144-145/,

“Хос билгүүн” нүдний эмнэлгийн үзлэгийн хуудас /хх.1.147/,

*******уудлагын лавлагаа /хх.1.150/,

“Улиастай-114” дуудлагатай чиглэлийн 2020 оны 03 дугаар сарын 18, 18-ний өдрүүдэд хүлээн авч шийдвэрлэсэн дуудагын жагсаалт /хх.1.152-156/,

Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.233-237/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Азбаярын өсгөн: “... Энканто тауэрын Булл ресторанаас зодоон болоод байна гэсэн дуудлага ирсэн бөгөөд тэр дуудлагын дагуу манай офицер бид хоёр дуудлага өгсөн газар луу нь буюу Булл ресторанд ороод ресейпшнээс нь дуудлага өгсөн хүнтэй нь уулзахад бид нар дуудлага өгсөн гэсэн бөгөөд зодоон хийсэн хүмүүс нь хаана байна гэхэд өрөөг нь зааж өгсөн. Тэгээд өрөөнд нь очиход 1 дугаартай өрөө байсан бөгөөд тухайн өрөөн дотор нэг залуу духан дээрээ язарсан шархтай шархаа дарсан байдалтай сууж байсан. Хажууд нь 2-3 хүн байсан. Тэгээд манай офицер тухайн рестораны ажилтанд утсаа өгөөд “камерын бичлэгээс зодоон болсон хэсгийг бичээд аваад ир” гээд гар утсаа өгч явуулсан. Тэгэхэд тухайн зодоон хийсэн хүн нь байхгүй байсан бөгөөд тэр өрөөнд байсан хүмүүс болохоор зодоон болоогүй гэж байсан боловч ширээн дээр цус мэт зүйлээр бохирлогдсон салфетка их хэмжээтэй байсан. Мөн хагарсан жижиг аяга /архины хундага, стакан гэхээр/ байсан. Ингээд гар утсан дээр бичлэгээс зодоон болсон хэсгийг нь хуулбарлаад авч ирэхэд нь үзэхэд нөгөө залуу буюу зодоон хийж байгаа залуу байхгүй байхаар нь зөөгчөөс “энэ хүн хаана байна” гэж асуухад хажуу талын 00-ийн өрөөнд орсон гэхээр нь араас нь ороход тэр залуугийн баруун гарын чигчий хуруунаас нь цус гарсан, цус нь тогтохгүй түүнийгээ угаагаад зогсож байсан... Амартүвшин дэслэгчийн гар утсан дээр бичигдсэн бичлэгийг хальт л харсан бөгөөд цагаан цэнхэр өнгийн цамцтай залуу стаканаар цохисон бичлэгийг нь харсан. Тэгээд тэр залууг нь хайгаад 00-ийн өрөөнөөс олж аваад дагуулж гарсан... Б.******* гэдэг залуу нь болохоор 00-ийн өрөөнд гараа угаагаад зогсож байсан эрхий хуруунаас нь цус гарсан байсан хүн байна...” гэх мэдүүлэг /хх.2.14-15/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын “хохирогчийг цохиогүй, түүнд гэмтэл учруулаагүй” гэсэн, хохирогч Ч.Ганбаатарын “тэр үед юу болсныг санахгүй байна, ширээ мөргөсний улмаас гэмтсэн байх” гэсэн агуулгатай мэдүүлгүүд нь:

Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх.1.10/,

Хэргийн газраас тухайн үед хохирогч Ч.Ганбаатар гэмтлийн эмнэлэгт очсон, дух, хөмсөг, хамар хэсэгт нь 2-3 оёдол тавьсан тухай мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /хх.1.20-21/, гэрч Б.Батболд /хх.1.27-30/, Э.Өсөхбаяр /хх.1.37/ нарын тус тус өгсөн мэдүүлгүүд,

Хамт явж байсан хүнийх нь хэлснээр архины шилээр цохиулсан гэх хохирогч Ч.Ганбаатар нүүрэндээ олон тооны зүсэгдсэн шархтай буюу толгойд зулай орчим зүсэгдсэн шархтай байсан, нүүр толгойд нь олон оёдол тавьсан гэж гэмтлийн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эмч Б.Цэрэн /хх.1.34/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

Хэрэг үйлдэгдсэн газар буюу рестораны вип өрөөнд 4 эрэгтэй хүн байсан, тус өрөөний шалаар их хэмжээний цус гоожсон байдалтай байсан, хохирогч Ч.Ганбаатарын биед учирсан шарх гэмтлийн байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн яаралтай тусламжийн эмч Э.Одгэрэлийн мэдүүлэг /хх1.32/,

Хэргийн газарт очиход хохирогч Ганбаатарын духан дээрээ язарсан шархтай, баруун нүдний дор шилээр зүсэгдсэн, шархнаас цус гоожиж байсан, хамт байсан 2-3 залуу нүүрэн дээр нь салфетикаар дарж байсан, Б.*******ын хуруунаас цус гараад тогтохгүй угааж байсан, Ш.Амартүвшингийн гар утсан дээр рестораны камерын бичлэгээс зохион байгуулагч Т.Ундрамаар хийлгэсэн дүрс бичлэгийг үзэхэд Б.******* нь хохирогчийн толгой руу архины шилээр цохисон бичлэг байсан талаар мөрдөн шалгах ажиллагаанд цагдаагийн ажилтан Ш.Амартүвшин /хх.1.39-41, 2.19/, М.Азбаяр/хх.2.14-15/ нарын тус тус өгсөн мэдүүлэг,

Хэрэг үйлдэгдэх үед уг рестораны вип өрөөнд маргаан, зодоон болсон, хохирогчийн толгойноос цус гарсан байсан, цусыг нь тогтоохоор салфетка, бинт авсан, камерын бичлэгээс цагдаагийн ажилтан Ш.Амартүвшингийн гар утсан дээр дүрс бичлэг хийсэн талаар рестораны зохион байгуулагч Т.Ундрам /хх.1.47-48, 2.17/, өрөөнд нь үйлчилж байсан зөөгч Тамирсайхан /хх.1.53/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд тус тус өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч Ч.Ганбаатарын биед тархины доргилт, зулайн хуйх, нүүр, уруулд шарх, зулай, дух, нүд орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимын салстад цус харвалт гэмтэл тогтоогдсон, тэдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн талаарх шинжээчийн дүгнэлт /хх.1.73-75/, шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэг /хх.1.93-94/,

Цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.134-139/,

Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.233-237/ зэрэг хэргийн үйл баримт, цаг хугацаа, нөхцөл байдлын талаар нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто таун хотхоны Bull /Булл/ рестораны 1 дугаартай вип өрөөний камерын бичлэгээс рестораны зохион байгуулагч Т.Ундрамаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ш.Амартүвшингийн гар утсан дээр хийлгэсэн дүрс бичлэгийг түүнээс Цагдаагийн Ерөнхий Газрын Аюулгүй хэлтсийн байцаагчийн албаны шалгалтын хүрээнд хураан авсан 27 секундийн дүрс бичлэгийг, мөн хэргийн талаар “Зариг.мн” цахим сайтад тавигдсан 2 минут 5 секундийн дүрс бичлэгийг флаш дискт тус тус хуулбарлан авч, хуульд заасны дагуу холбогдох тэмдэглэлүүдийг үйлджээ.

*******ээрх 2 дүрс бичлэг хэмжээ багтаамжийн хувьд харилцан адилгүй, “Зариг.мн” сайтад тавигдсан бичлэг хөдөлгөөнгүй, цагдаагийн дэслэгч Ш.Амартүвшиний гар утсанд хуулбарлаж авсан бичлэг хөдөлгөөнтэй /дэлгэцийн дээд, доод хэсэгт бичвэр, огноо гарч орж байгаа/ байдлаас харахад тэдгээрийг өөр цаг хугацаанд хуулбарлаж авсан хэдий ч бичлэгт гарч буй хүмүүсийн үйл хөдөлгөөн, байрлалыг харьцуулахад тэдгээр бичлэгийг нэг эх үүсвэртэй, хэргийн бодит байдлыг тогтооход ач  холбогдол бүхий баримт мэдээлэл гэж үзэхээр байна.

Харин цахим сайтаас хуулбарлаж авсан дүрс бичлэгийн эх сурвалжийг олж тогтоох зорилгоор холбогдох гэрч нараас мэдүүлэг авсан боловч уг дүрс бичлэгийг нийтэд түгээж хувийн нууцыг задруулсан эсэх талаар шалгаж тогтоогоогүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохыг шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэж байх боловч шүүгдэгч тус гэмт хэргийг үйлдсэн болох нь өмнө дурдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ хохирогчийн толгойн томографын Сиди-г хаанаас, хэнээс авч хэрэгт хавсаргасан нь тодорхойгүй, хуульд заасан журмын дагуу бэхжүүлж аваагүй байхад уг томографын дүгнэлт/хх.1.72/-ийг үндэслэн хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт учир дутагдалтай гэжээ.

Өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ч.Эрдэмболорын өгсөн: “Гэмтэл Согогийн Үндэсний Төвд үзүүлсэн осол гэмтлийг бүртгэх хуудас, Ч.Ганбаатарын “Баянзүрхийн эмнэлэг” хувьцаат компанид үзүүлсэн өвчний түүхийн хуулбар, “Хос билгүүн” нүдний эмнэлгийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн нүдний эмчийн үзлэгийн хуудас, “Лазер мед” эмнэлгийн компьютер томографын Си-ди нэг ширхэг болон хэргийн материалаас анхны тусламж үзүүлсэн болон гэмтлийн эмнэлэгт хүлээн авч эмчилгээ хийсэн эмчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр дүгнэлт ... гаргасан ... Толгой томографын гавал ясны гэмтлийн зураг үзүүлсэн байдаг. Зургийн хариу байгаагүй бол гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Өвчний түүх бусад баримтад нүүрэнд үүссэн шарх бусад гэмтлийн талаар дурдсан байгаа учраас Сиди зурагтай, зураггүйгээр Ч.Ганбаатарын биед учирсан гэмтэл хөнгөн зэрэгтэй байна. КТГ-ын зургаар дурдсан гэмтлийн дух орчмын зөөлөн эдийн няцрал харагдана. *******ух орчим нүүр хэсгийн хавдаж хөхөрсөн зүйл истори дээр байгаа. Гэмтлийн эмнэлгийн өвчтөн хүлээж авсан тэмдэглэл, Баянзүрхийн эмнэлгийн өвчний актаар гэмтлийн зэрэг гарах боломжтой, өөрчлөгдөхгүй...” гэх мэдүүлэг /хх.2.138-139/-ээс үзэхэд тухайн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг нь түүний толгойн томографын Сиди болон дүгнэлтээс шалтгаалахгүйгээр бусад холбогдох баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан заалтуудыг бүрэн биелүүлээгүй байхад тэдгээрт дурдсанаар хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаах ажиллагааг гүйцэтгээгүй учир мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгэх нь зүйтэй гэж хохирогчийн өмгөөлөгч мэтгэлцэж байх боловч хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгчийн хамт байсан найзууд нь болох хохирогч, гэрч нар тухайн цаг хугацаанд согтуурлын улмаас хэргийн талаар огт санахгүй байгаа талаар нэмэлт мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлсээр байгаа, улмаар хэргийн газар, орон байр, цаг хугацаа, тэр үеийн нөхцөл байдал, тэнд байсан зарим хүний байршил, үг яриа, үйл хөдлөл, үйлдлийн талаар өөрсдийн үзсэн, харсан, мэдсэн хэмжээнд тодорхой дурдаж өгсөн бусад хөндлөнгийн гэрч нарын мэдүүлгүүдийг үгүйсгээгүй байх тул хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Б.*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.*******ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Ч.Ганбаатар нь хохирол нэхэмжлээгүй учир шүүгдэгч Б.*******ыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “... Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж тус тус заажээ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж санаатай учруулах” гэмт хэрэг нь дээрх өршөөлийн хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2 дэх хэсэгт тус тус тусгагдаагүй байна.

          Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 18 цагийн үед буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарна.

          Мөн Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэх үзэх боломжтой учир шүүгдэгчийн үйлдсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй юм.

          Энэ хэрэгт Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 4 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.8, 12.10 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө гэ овогт Батсүхийн *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 4 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

5. Хохирогч Ч.Ганбаатар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.*******аас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

*******АРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР