Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/388

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүхийн хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Соронзонболд хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг

шүүгдэгч Д.Б , түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Б-д   холбогдох эрүүгийн 1710007450213 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол Улсын иргэн, ........ оны ..... дугаарын сарын ........-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд ..................малчин ажилтай, ............суманд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Ургийн овог Б овогт Д-ийн Б ,/РД:................../

 

 

Холбогдсон хэргийн талаар

 /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчим Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Таван толгой”-н гүүрний орчим байрлах “Их улаан” хүнсний дэлгүүрийн гадаа иргэн А.О зүүн талын нүд рүү мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газарm үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр малыг малладаг Нандинбиндэръяа гэдэг айл өвсөө буулгаж байхад хохирогч Отгонбаатар бусад хүмүүсийн хамт халамцуу ирж өвс буулгалцсан. Тэнд би өвсөө тоолж хүлээж авч байсан. Нандинбиндэръяа тэдгээр хүмүүст архи гаргаж өгөөд хоол идүүлсэн. Би үхэртээ явах гээд морио унаад дэлгүүрийн гадаа ирэхэд Отгонбаатар мотоциклоо унаад дэлгүүрийн гадаа ирсэн. Бид хоёр хамт дэлгүүрт ороход Отгонбаатар худалдагчаас “архи авъя” гэхэд дэлгүүрийн худалдагч “өмнөх өрөө өг” гэхэд Отгонбаатар надаас архи нэхэхэд би “надад мөнгө байхгүй, чадахгүй” гэсэн чинь “тэгвэл өөрийн нэр дээрээ зээлж авч өг” гэсэн. Би мөн л “үгүй” гэсэн хариу өгсөн. Отгонбаатар дэлгүүрээс гарч явсны дараа би хэсэг байж байгаад гарахад Отгонбаатар дэлгүүрийн гадаа зогсож байсан ба намайг гарч ирэнгүүт “юу авсан, авсан юмаа гаргаад ир” гээд миний биеийг тэмтрээд нэгжээд байсан. Тэр үед миний дургүй хүрсэн. Би Отгонбаатарыг өөрөөсөө холдуулах гээд бид хоёр барьцалдаж авсан. Отгонбаатар надаас салахгүй болохоор нь би мөргөсөн. Би Р.О эмчилгээний зардалд 1.550.000 төгрөг төлсөн гэв.

 

Мөн хавтаст хэргээс

1. Шүүгдэгч Д.Б  2017.11.17-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Манай эзэн Нандин-Биндэръяа нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр малынхаа өвөл хэрэглэх 1000 боодол өвсийг авчирсан бөгөөд буулгахад хүн хүч хэрэгтэй байсан учраас тэр хавийн хөршүүдээ дуудаж туслуулсан. Хүмүүс цуглуулаад өвс буулгаж байх үед манай эзэн Нандин-Биндэръяа 0,75 литрийн “Улаанбаатар” нэртэй архи 2 шилийг задлаад тэнд байсан хүмүүс бүгд ууцгаасан. 15 цагийн үед өвсөө буулгаж дууссан ба би малаа хураахаар гэрээс гарсан. Морио байгаа газраас нь аваад буцах замдаа дэлгүүр орж тамхи авах санаатай “Их Улаан” нэртэй дэлгүүрийн гадаа ирээд морьноосоо буухад Отгонбаатар хүүхэдтэй эмэгтэй сундалчихсан мотоциклтэйгээ ирсэн. Отгонбаатар бид хоёр дэлгүүрийн гадаа хоорондоо ямар нэгэн зүйл огт яриагүй нэг нэгнийхээ араас дэлгүүр орцгоосон. Дэлгүүрт Отгонбаатар “Чи надад архи аваад өг” гэхээр нь “надад мөнгө байхгүй” гэсэн чинь “чи нэр дээрээ зээлээд аваад өг” гэсэн. Би “чадахгүй ээ” гэж хэлсэн. Мөн дэлгүүрт худалдагч нь Отгонбаатараас “чи өмнөх өрөө өгөөчээ” гэж хэлэхэд Отгонбаатар над руу харснаа “ерөөсөө чи надад архи авч өг” гэж хэлсэн. Өвс буулгаж байхад архиа ууж дуусаагүй байж хаячихаад яваад өгсөн. Отгонбаатар надаас түрүүлж дэлгүүрээс гарсан. Харин би тамхи 0,33 литрийн “Цагаан” нэртэй архи аваад гараад иртэл Отгонбаатар үүдэнд зогсож байсан. Би уг нь дэлгүүрт нилээд удсан бөгөөд Отгонбаатар намайг хүлээгээд зогсож байсан. Отгонбаатар надаас “за чи юу авсан юм бэ, авсан юмаа гаргаад ир” гэхээр нь “юу ч аваагүй” гэж хэлтэл миний халаас тэмтрээд байхаар нь “чи одоо яагаад байгаа юм бэ” гээд түлхчихсэн. Намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд барилцаад автал Отгонбаатартай хамт ирсэн эмэгтэй харж байснаа яваад өгсөн. Бид хоёр тэнд нилээн удаан зууралдаад Отгонбаатарт “чи одоо болиочээ” гэсэн чинь заамдаад нааш цааш нь түлхээд явуулахгүй байхаар нь би татаж ирээд зүүн нүдний орчим нэг удаа толгойгоороо мөргөчихсөн чинь газарт уначихсан. Би “чи одоо зүгээр байгаарай” гэж хэлчихээд морио унаад явсан. Намайг Отгонбаатарыг мөргөж унагаасны дараа зүүн нүдний хөмсөг орчмоор цус гарч байсан. Би нэг л удаа мөргөсөн бусдаар цохиж, өшиглөсөн зүйл огт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/,

 

2. Хохирогч Р.О  2017.10.16-ны өдөр мэдүүлэхдээ: ...Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биндэръяа гэх айлын гадаа хүмүүстэй өвс буулгалцаж өгөөд тэдгээр хүмүүстэй хамт архи уусан. Би гэр рүүгээ хариад хоол идчихээд мотоциклоо унаад үхэрдээ явах замдаа 8 нэрийн хүнсний дэлгүүрийн гадаа ирээд байж байтал араас Б  морио хөтлөөд ирсэн. Хамт дэлгүүр рүү ороод тамхи авсан ба би түрүүлээд гараад ирсэн. Араас Б  гарч ирээд намайг “нааш ир” гэж дуудахаар нь очтол Б  миний зүүн нүдний хэсэг рүү ямар нэгэн зүйлээр цохих шиг болоход би ухаан алдаж газар унасан. Дээрээс цээж рүү өшиглөөд байх шиг байсан. Нэг мэдсэн манай эхнэр Дуламсүрэн ирээд намайг гэрт хүргэж өгсөн. Миний зүүн хөмсөгний дээд талд 5 ширхэг оёдол тавьсан ба томографийн шинжилгээгээр гавлын яс цууралттай байна гэж гарсан. Зүүн нүд хөхөрч хавдсан. Миний баруун нүд юм хардаггүй, зүүн нүдээрээ л юм хардаг байсан. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,

2017.10.20-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван толгой”-н гүүрний хойд талд уулын энгэр дээр Цээлээжав /8815-9038/ гэх хүний малыг эхнэрийн хамт малладаг юм. 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ байж байтал манай зүүн талд байдаг Биндэръяа ирээд “би хэдэн тонн өвс авчирсан юм, буулгалцаад өгөөч” гэхээр нь “за” гэж хэлээд машинд нь суугаад хамт явж өвсийг нь буулгалцсан. Намайг очиход 7-8 хүн туслахаар ирсэн байсан. Өвс буулгаж байхад Биндэръяа 0,75 литрийн “Улаанбаатар” нэртэй 1 шил архи задалсан. Тэнд байсан хүмүүс тэр архинаас 1-2 л хундага уусан байх. Би ч мөн адил 1 хундага архи уусан. Орой 15 цагийн үед би хийж байсан ажлаа түр орхиод үхрээ хураахаар гэр рүүгээ  явсан. Үхэрнүүдээ хураая замаараа дэлгүүр орж тамхи авъя гэж бодоод “Их улаан” дэлгүүрийн гадаа мотоциклтойгоо ирээд байж байтал цаанаас Б  морио хөтлөөд ирж байгаа харагдсан. Би дэлгүүр рүү ороод тамхи аваад буцаад гараад иртэл Б  араас дагаад гарангуутаа “архи уух уу” гэхээр нь “үгүй ээ, би үхэр рүүгээ явлаа” гэж хэлээд явж байгаад эргээд хартал миний зүүн талын нүд рүү юмаар цохьчихсон. Яг юугаар цохьсон эсэхийг мэдэхгүй байна. Миний баруун талын нүд 4 настай байх үед юманд цохигдож гэмтээд түүнээс хойш харахгүй болсон. Б  миний зүүн талын нүд рүү юмаар цохьсон. Миний зүүн талын нүдний ухархай яс, чамархай яс хугарсан. Яаралтай нүдний тор тавьж янзлах хагалгаа хийх шаардлагатай  гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

2017.11.21-ний өдөр мэдүүлэхдээ: ...Зүүн чамархайн ясанд хуучин цөмөрсөн хугарал нь 2010 онд хөдөө мал маллаж байхад мотоциклоос унаад толгойдоо нилээд гэмтэл авч толгойны яс цөмөрч байсан. Харин хамрын гэмтэл бол зөндөө л хүнтэй маргалдаж цохиулж байсан. Дээрх 2 гэмтэл Б-д   зодуулсанаас үүсээгүй. Миний биед байсан хуучин гэмтлүүд. Б  миний нүдэнд гэмтэл учруулсан. Дэлгүүр орчихоод гараад иртэл “чи ганц шил архи авчих” гэхээр нь “надад мөнгө байхгүй” гэсэн чинь “чи яасан хоншооргүй юм бэ” гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гээд бид хоёр маргалдаад барилцаад авсан. Тэгснээ би “явлаа шүү, чи зүгээр байгаарай” гэж хэлчихээд Б ийг тавиад явах гэтэл намайг татаж ирээд мөргөөд унагаачихсан. Тухайн үед миний хөмсөгнөөс цус гараад дэлгүүрийн үүдэнд гоожсон...гэх мэдүүлэг./хх-ийн 17-18-р хуудас/

3. Гэрч А.Д 2017.10.15-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг өнгөрч байхад манай нөхөр Отгонбаатар “дэлгүүр орж тамхи авна” гэж хэлээд яваад ирэхгүй байсан учраас 17 цаг өнгөрч байхад араас нь дэлгүүр дээр очиход дэлгүүрийн гадаа манай нөхрийн зүүн хөмсөгнөөс нь цус гарсан хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад “манай хажууд байдаг Төрөө миний нүд рүү юмаар цохиж унагаачихаад явсан” гэхээр нь би түргэн тусламж болон цагдаад дуудлага өгчихөөд нөхөр Отгонбаатарыг аваад гэртээ ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

 

4. Гэрч Г.Д2017.10.15-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед намайг дэлгүүр дээрээ байхад Б , Отгонбаатар хоёр халамцуу орж ирсэн. Отгонбаатар Б-д   “надад нэг шил архи аваад өгчих” гэхэд Б  “надад мөнгө байхгүй” гэж хэлсэн. Отгонбаатар гарсан ба араас нь Б  гарсан. Удалгүй намайг цонхоороо харахад Б  морио хөтлөөд манай хашааны урдуур баруун зүг рүү явж байсан. Хоолоо идээд байж байтал дэлгүүрийн хонх дуугарахаар нь онгойлгосон чинь Отгонбаатар “Биндэръяагийн малчин Б  намайг зодчихоод явлаа” гэж хэлсэн. Отгонбаатарын зүүн нүдний дээд талаас цус гарч хавдсан байхаар нь би гэрээсээ ус авчраад нүүрийг нь угааж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,

 

5. Гэрч Д.О 2017.11.20-ны өдөр мэдүүлэхдээ: ...Д.Б  нь 1978 онд Говь-Алтай аймагт төрсөн. Гэрийнх нь бүгд хөдөө мал маллаж амьдардаг. Бид хоёр 2013 оноос нэг гэрт орж хамт амьдарч байгаа. Одоо 2 настай 1 хүүхэдтэй. Б  нь юманд гарын ур дүй  сайтай, мал маллах сонирхолтой. Б  нь архи дарс уугаагүй үедээ хүнтэй зөв боловсон харилцдаг, даруухан дуу цөөтэй. Харин архи уусан үедээ хүнтэй маргаан хийчих гээд байдаг зантай. Загнах юм бол үгэн ороод тэр дороо больчихдог. Нэг их архи дарс уугаад байдаггүй. Сард нэг удаа л уудаг. Залуудаа хөдөө хээр мал маллаж ноцолдож өссөн болохоор бие бялдарын хөгжил сайтай хүн байгаа юм.  Бид хоёр хамт амьдарсан 4 жилийн хугацаанд нэг ч удаа зодооны асуудалд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг./хх-ийн 26-р хуудас/,

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №13147 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Отгонбаатарын биед зүүн нүдний ухархайн дээд, дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн хөмсөг няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 29-р хуудас/,

 

7. Шинжээч эмч Ц.Бадрал 2017.11.18-ны өдөр мэдүүлэхдээ: ...Дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хуучин гэмтэл болон 2017.10.15-ны өдөр авсан гэмтлүүд нь хоорондоо ямар ч холбоогүй. Нүдний гэмтэл авсан бөгөөд үүнд чамархайн гэмтэл огт холбоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

8. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10-р хуудас/,

9. Өвчний түүх /хх-ийн 45-57-р хуудас/,

10. Хохирол төлсөн баримт /хх-ийн 65-66-р хуудас/,

11. Шүүгдэгч Д.Б ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/  зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б ийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Таван толгой”-н гүүрний орчимд байрлах “Их улаан” хүнсний дэлгүүрийн гадаа хохирогч Р.О-ын зүүн талын нүд рүү мөргөж, түүний биед “...зүүн нүдний ухархайн дээд, дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн хөмсөг няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч Р.О-ын ...Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биндэръяа гэх айлын гадаа хүмүүстэй өвс буулгалцаж өгөөд тэдгээр хүмүүстэй хамт архи уусан. Би гэр рүүгээ хариад хоол идчихээд мотоциклоо унаад үхэрдээ явах замдаа 8 нэрийн хүнсний дэлгүүрийн гадаа ирээд байж байтал араас Б  морио хөтлөөд ирсэн. Хамт дэлгүүр рүү ороод тамхи авсан ба би түрүүлээд гараад ирсэн. Араас Б  гарч ирээд намайг “нааш ир” гэж дуудахаар нь очтол Б  миний зүүн нүдний хэсэг рүү ямар нэгэн зүйлээр цохих шиг болоход би ухаан алдаж газар унасан. Дээрээс цээж рүү өшиглөөд байх шиг байсан. Нэг мэдсэн манай эхнэр Дуламсүрэн ирээд намайг гэрт хүргэж өгсөн. Миний зүүн хөмсөгний дээд талд 5 ширхэг оёдол тавьсан ба томографийн шинжилгээгээр гавлын яс цууралттай байна гэж гарсан. Зүүн нүд хөхөрч хавдсан. Миний баруун нүд юм хардаггүй, зүүн нүдээрээ л юм хардаг байсан. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,

2017.10.20-ны өдөр: ...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ байж байтал манай зүүн талд байдаг Биндэръяа ирээд “би хэдэн тонн өвс авчирсан юм, буулгалцаад өгөөч” гэхээр нь “за” гэж хэлээд машинд нь суугаад хамт явж өвсийг нь буулгалцсан. Намайг очиход 7-8 хүн туслахаар ирсэн байсан. Өвс буулгаж байхад Биндэръяа 0,75 литрийн “Улаанбаатар” нэртэй 1 шил архи задалсан. Тэнд байсан хүмүүс тэр архинаас 1-2 л хундага уусан байх. Би ч мөн адил 1 хундага архи уусан. Орой 15 цагийн үед би хийж байсан ажлаа түр орхиод үхрээ хураахаар гэр рүүгээ  явсан. Үхэрнүүдээ хураая замаараа дэлгүүр орж тамхи авъя гэж бодоод “Их улаан” дэлгүүрийн гадаа мотоциклтойгоо ирээд байж байтал цаанаас Б  морио хөтлөөд ирж байгаа харагдсан. Би дэлгүүр рүү ороод тамхи аваад буцаад гараад иртэл Б  араас дагаад гарангуутаа “архи уух уу” гэхээр нь “үгүй ээ, би үхэр рүүгээ явлаа” гэж хэлээд явж байгаад эргээд хартал миний зүүн талын нүд рүү юмаар цохьчихсон. Б  миний зүүн талын нүд рүү юмаар цохьсон. Миний зүүн талын нүдний ухархай яс, чамархай яс хугарсан. Яаралтай нүдний тор тавьж янзлах хагалгаа хийх шаардлагатай  гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

2017.11.21-ний өдөр: ...Б  миний нүдэнд гэмтэл учруулсан. Дэлгүүр орчихоод гараад иртэл “чи ганц шил архи авчих” гэхээр нь “надад мөнгө байхгүй” гэсэн чинь “чи яасан хоншооргүй юм бэ” гэхээр нь “чи юу яриад байгаа юм бэ” гээд бид хоёр маргалдаад барилцаад авсан. Тэгснээ би “явлаа шүү, чи зүгээр байгаарай” гэж хэлчихээд Б ийг тавиад явах гэтэл намайг татаж ирээд мөргөөд унагаачихсан...гэх мэдүүлэг./хх-ийн 17-18-р хуудас/,

 

2. Гэрч А.Д-ийн ...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг өнгөрч байхад манай нөхөр Отгонбаатар “дэлгүүр орж тамхи авна” гэж хэлээд яваад ирэхгүй байсан учраас 17 цаг өнгөрч байхад араас нь дэлгүүр дээр очиход дэлгүүрийн гадаа манай нөхрийн зүүн хөмсөгнөөс нь цус гарсан хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад “манай хажууд байдаг Төрөө миний нүд рүү юмаар цохиж унагаачихаад явсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

 

3. Гэрч Г.Б-ийн ...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед намайг дэлгүүр дээрээ байхад Б , Отгонбаатар хоёр халамцуу орж ирсэн. Отгонбаатар Б-д   “надад нэг шил архи аваад өгчих” гэхэд Б  “надад мөнгө байхгүй” гэж хэлсэн. Хоолоо идээд байж байтал дэлгүүрийн хонх дуугарахаар нь онгойлгосон чинь Отгонбаатар “Биндэръяагийн малчин Б  намайг зодчихоод явлаа” гэж хэлсэн. Отгонбаатарын зүүн нүдний дээд талаас цус гарч хавдсан байхаар нь би гэрээсээ ус авчраад нүүрийг нь угааж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №13147 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Отгонбаатарын биед зүүн нүдний ухархайн дээд, дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн хөмсөг няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 29-р хуудас/,

 

5. Шинжээч эмч Ц.Бадрал 2017.11.18-ны өдөр мэдүүлэхдээ: ...Дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хуучин гэмтэл болон 2017.10.15-ны өдөр авсан гэмтлүүд нь хоорондоо ямар ч холбоогүй. Нүдний гэмтэл авсан бөгөөд үүнд чамархайн гэмтэл огт холбоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/ зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

        

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Таван толгой”-н гүүрний орчим байрлах “Их улаан” хүнсний дэлгүүрийн гадаа хохирогч Р.О-ын зүүн талын нүд рүү мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: хохирогч Р.О-ын мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/, гэрч А.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/, гэрч Г.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №13147 дүгнэлт, шүүгдэгч Д.Б ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Р.О  нь 1.600.000 төгрөг хүлээж авсан гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 66-р хуудас/ гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн боловч шүүгдэгч Д.Б  нь “...хохирогчид эхлээд 250.000 төгрөг, дараа нь 1.300.000 төгрөг төлсөн, нийтдээ 1.550.000 төгрөгийг төлсөн. Одоо 50.000 төгрөг төлөх дутуу байгаа” гэж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлж байна.

Хохирогч Р.О  нь гэм хорын хохиролд 1.675.035 төгрөг нэхэмжилж нотлох баримт ирүүлсэн боловч тархины томографи зураг авахуулсан 120.000 төгрөг, Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн зардал 47.600 төгрөг, нийтдээ 175.600 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Д.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч “...Д.Б  нь тодорхой эрхэлсэн ажилгүй тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлзэв.

 

Шүүгдэгч Д.Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдлыг нь харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэхь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Д-ийн Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Б  нь хохирогч Р.О 1.550.000 төгрөг төлсөн ба бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Д.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

                   

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР