Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 449

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ГИ” ХХК

Хариуцагч: ТХААГ

Нэхэмжлэлийн шаардлага: “ТХААГ (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас “ГИ” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан тоот, Эрүүл мэндийн яаманд “Зөвлөмж хүргүүлэх тухай” мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ТХААГ.... дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах;

ТХААГ (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-ын үнэлгээний хорооны ... дугаар дүгнэлтийг баталгаажуулан “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг албажуулж, эрх зүйн харилцаа байгааг тогтоож, “ГИ” ХХК-д хүргүүлэхийг ТХААГ даалгуулах

ТХААГ (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхээр бэлтгэсэн “ГИ” ХХК-тай гэрээ байгуулах агуулга бүхий “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг ТХААГ даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Н.А хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, А.О, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ГИ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “ГИ” ХХК нь ТХААГ зарласан ЭМЯ/... дугаартай “Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ тендерт оролцсон. Уг тендер ....  өдөр нээгдэж, тендер шалгаруулалтын үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар tender.gov.mn цахим сайтад тус тендертэй холбогдуулан ямар нэгэн мэдээлэл мэдэгдэл өөрчлөлт оруулаагүй байсан тул  банкны зүгээс цахим системд тендерийн баталгааг сунгасан мэдээлэл оруулж болохгүй байгаа талаар  манайд мэдэгдсэн. Иймд манай компанийн зүгээс тендерийн баталгааг цаасан хэлбэрээр авч, тендерийн баталгааг сунгасан тухай мэдэгдлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлэх гэсэн боловч тус газар бүтцийн өөрчлөлтөд орж, Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан гэсэн тул ...  өдөр холбогдох албан тоотыг ТХААГ хүргүүлсэн.

ТХААГ манай албан тоотыг хүргэж өгсөн ажилтанд тус газрын албан хаагч тендерийн баталгааны хугацааг сунгах шаардлагагүй тухайн тендерийг хүчингүй болсонд тооцож дахин зарлах болсон. Шинээр байгуулагдаж байгаа Төрийн худалдан авах ажиллагааны газрын удирдлага томилогдсон үед танайд албан ёсны мэдэгдэл өгөх болно гэсэн хариуг амаар өгсөн.

ТХААГ бидэнд дээрх хариуг амаар өгсөн ...  өдөр Сангийн яаманд хандан тус тендер шалгаруулалтын үнэлгээ хууль журмын дагуу хийгдсэн эсэх, гэрээг байгуулах эрх олгосон шийдвэр яагаад өдийг хүртэл гаргахгүй байгаа, дахин зарлах болсон бол хуульд нийцэж байгаа эсэхийг тогтоолгохоор гомдол гаргасан боловч Сангийн яамнаас ... өдөр “гомдолд захиалагчийн мэдэгдлийг хавсаргаагүй байгаа тул хянан үзэх боломжгүй” тухай хариу ирүүлсэн байна.

            Тус хариуг аваад бидний зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахаар бэлтгэж байсан боловч ТХААГ ...  албан бичгээр ТХААГ шинээр байгуулагдсантай холбогдуулан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ... өдөр зарласан XVII.1.41 “Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа ... өдөр дуусаж тухайн тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул тендер шалгаруулалт хүчингүй болж, дахин зарлахыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн мэдэгдэл хүлээн авсан.

            Ингээд манай компанийн зүгээс уг мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд ... дугаартай албан бичгээр дахин гомдол гаргасан... дугаартай албан бичгээр “...Дээрх ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа ... өдөр дуусаж, тендер шалгаруулалт бүхэлдээ хүчингүй болсон байх тул гомдолд дурдсан асуудлаар тендерийн үнэлгээг хянан үзэх боломжгүй байна” гэсэн хариуг ирүүлсэн.

Уг хариуг Сангийн яамнаас бидэнд ирүүлэхдээ тухайн тендер шалгаруулалтын холбогдох баримт бичгүүд болох Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлүүдийг хавсаргасан байсан бөгөөд уг үнэлгээний хорооны 2 дугаар хурлын дүгнэлтээр манай компани  уг тендер шалгаруулалтад шалгарч, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг манай компанид хүргүүлэхээр бэлтгэж байсан нь тодорхойлогдож байна.

Энэ хугацаанд манай компанид тус тендерт шалгарсан талаарх ямар ч мэдээлэл байхгүй байсан бөгөөд ... өдөр шалгаруулалт болсон байхад тус газрын удирдлагууд тендерийг ямар ч шалтгаангүй, ямар ч арга хэмжээ авахгүй хүлээлгэж байсаар байгаад ... өдөр тендерийн хугацааг дуусгаж, тендерийн хугацаа дууссанаас хойш сарын дараа хүчингүй болгосон тухай ТХААГ даргаас мэдэгдэл хүргүүлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж заасан бөгөөд Үнэлгээний хороо ...  тендерийн шалгаруулалтыг хийсэн нь тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах бүрэн боломжтой байсан нь нотлогдож байна.

            Захиалагчийн зүгээс ямар нэгэн шалтгаангүйгээр хойшлуулж тендерийн хүчинтэй хугацааг дуусгасан байгаа нь Монгол Улсад хугацаа алдалгүй зайлшгүй хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа сүрьеэгийн эмнэлгийн барилгын төсөл, арга хэмжээг хойшлуулж, өөрт ашигтай байдлаар буюу өөр бусад этгээдийг шалгаруулах зорилгоор үнэлгээний хорооны дүгнэлтийг хууль бусаар дарж, хүчингүй болгох шийдвэр гаргуулахаар зүтгэсэн байгаа нь илтэд харагдаж байна.

Захиалагч нь тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан шалтгаанаар манай компанийн ирүүлсэн тендерээс татгалзаж байгаа нь илтэд хууль зөрчсөн хэрэг бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт “Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ” гэж, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт “үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно.” гэж тус тус заасан байдаг.

Түүнчлэн дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт бүх тендерээс татгалзах 4 тохиолдлыг хуульчлан зааж өгсөн бөгөөд ТХААГ ирүүлсэн мэдэгдэлд хүчинтэй хугацаа дууссан гэх шалтгаанаар манай ирүүлсэн тендерээс татгалзаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг бүдүүлгээр зөрчсөн, хуулиар зөвшөөрөгдөөгүй үндэслэлээр тендерийг хүчингүй болгосон, хуулийн дагуу хүлээсэн захиалагчийн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр байна.

... Иймд нэгэнт тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаанд багтааж үнэлгээний  хороо хуралдсан “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчийг үнэлгээний хорооны дүгнэлтээр шалгаруулсан, гэрээ байгуулах мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэхэд бэлэн болсон байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байгаа тул төрийн байгууллагын эрх мэдэл бүхий даргын үзэмжээр тендерт оролцогч этгээдэд мэдэгдэл хүргүүлэхгүй байсан эс үйлдэхүйг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч ТХААГ даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын ... дүгээр тушаалаар XVII.1.41 “Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/” төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо байгуулагдаж тендерийг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn/-ээр ... өдөр нээхэд 5 компани тендерт оролцсон бөгөөд “ГИ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж, үнэлгээний тайлан дүгнэлтийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга буюу захиалагчид хүргүүлсэн боловч, Засгийн газрын ... дүгээр тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан учир тендерт оролцогчдод гэрээ байгуулах болон татгалзах мэдэгдлийг манай байгууллагын зүгээс хүргүүлэх боломжгүй нөхцөл үүссэн гэх шалтгаанаар тендерт оролцогчдод мэдэгдэл хүргүүлээгүй болно.

Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын үнэлгээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийж “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчийг шалгаруулсан хэдий ч тендерт оролцогчдод тендер шалгаруулалтын үр дүнг мэдэгдэх боломжгүй нөхцөл үүссэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2-т “худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах” гэж заасны дагуу уг асуудлаар зөвлөмж авах тухай ... дугаар албан бичгийг Сангийн яаманд хүргүүлсэн.

Сангийн яам зөвлөмж хүссэн албан бичгийн хариуг ... дугаар албан бичгээр “... агентлагийн даргыг томилох болон түүний эрх хэмжээг хэрэгжүүлэх асуудлаар харьяа төсвийн ерөнхийлөн захирагчид хандан чиглэл авна уу” гэсэн хариуг өгсөн болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж заасны дагуу тус тендерийн хүчинтэй байх хугацаа ... өдөр дууссан бөгөөд хүчинтэй хугацааг Сангийн яамнаас ... өдрийг хүртэл сунгасан болно.

Ерөнхий сайдын ... өдрийн ... дугаар захирамжаар ТХААГ даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.У томилж, тус газрын албан хаагчдыг ... өдөр албан тушаалд томилсон. Энэ хүртэлх хугацаанд тус газар улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ, тамга тэмдэг аваагүй учир ямар нэгэн шийдвэр гаргах эрх үүсээгүй байсан бөгөөд газрын удирдлага албан хаагчид томилогдон үйл ажиллагаа эхлэхэд тухайн төсөл, арга хэмжээний тендерийн хүчинтэй хугацаа дууссан байсан тул тендер шалгаруулалтыг цааш үргэлжпүүлэн зохион байгуулах боломжгүй нөхцөл үүсэн тендерт оролцогчдод ... өдрийн ... дугаартай албан бичгээр тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг мэдэгдсэн.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Эрүүл мэндийн яаманд “Зөвлөмж хүргүүлэх тухай” мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэсэн нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“ГИ” ХХК-иас Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан “ТХААГ (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас “ГИ” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан тоот, Эрүүл мэндийн яаманд “Зөвлөмж хүргүүлэх тухай” мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ТХААГ даргын ... дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах;

ТХААГ (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-ын үнэлгээний хорооны ... дугаар дүгнэлтийг баталгаажуулан “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг албажуулж, эрх зүйн харилцаа байгааг тогтоож, “ГИ” ХХК-д хүргүүлэхийг ТХААГ даалгуулах;

ТХААГ (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхээр бэлтгэсэн “ГИ” ХХК-тай гэрээ байгуулах агуулга бүхий “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын ... дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулан Монгол Улсын Ерөнхий ... дугаар захирамжаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг баталж...  захирамжаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг Х.У түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын ... дүгээр тушаалаар байгуулагдсан XVII.1.41 “Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар)” Төсөл арга хэмжээний барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо тендерийг ... минутад нээж, тендерт оролцогчдийн саналыг хянаж, “ГИ” ХХК-ийн ирүүлсэн тендерийг үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар шаардлагад нийцсэн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэн, гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөмж болгосон байна.

Улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хандан “...“ГИ” ХХК-тай 9,688,191,340.00  (есөн тэрбум зургаан зуун наян найман сая нэг зуун ерэн нэгэн мянга гурван зуун дөч) төгрөгөөр гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлж байна. …” гэсэн албан бичгийн төсөл, “ГИ” ХХК-д хандан “...тендер хүчинтэй байх хугацаанд багтаан гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлнэ үү. …” гэсэн албан бичгийн төсөл бэлтгэсэн боловч ёсчлон холбогдох байгууллагад хүргүүлээгүй байна. 

Хариуцагч гэрээ байгуулах мэдэгдлээ хүргүүлээгүй шалтгаанаа Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан учир мэдэгдлийг хүргүүлэх боломжгүй нөхцөл үүссэн гэж тайлбарлаж байх боловч энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж зааснаар мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх үндэслэл биш юм.

Өөрөөр хэлбэл тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээр шаардлага хангасан, “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч “ГИ” ХХК-тай гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэх талаарх хуулийг захиалагч биелүүлээгүй бөгөөд хуульд мэдэгдэл хүргүүлэхгүй байх тохиолдлыг зохицуулаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж ТХААГ (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас “ГИ” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан тоот, Эрүүл мэндийн яаманд “Зөвлөмж хүргүүлэх тухай” мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Хэдийгээр хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон ч нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангах боломжгүй байна.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын ... дугаар мэдэгдлээр “ТХААГ байгуулагдсантай холбогдуулан Төрийн бодлого зохицуулалтын газраас ... өдөр зарласан XVII.1.41 “Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар)” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа ... өдөр дуусаж тухайн тендер шалгаруулалт хүчингүй болж, дахин зарлахыг үүгээр мэдэгдэж байна” гэж “ГИ” ХХК-д  мэдэгдсэн байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан бөгөөд шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, биелэгдэх боломжтой байх учиртай.

Тус тендерийг ... өдөр нээснээс хойш  хуульд заасан тендерийн хүчинтэй хугацаа дууссан учир XVII.1.41 “Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар)” Төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер хүчингүй болжээ. 

Нэгэнт тендер хүчинтэй байх хугацаанд багтаж гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэлгүй тендерийн хугацаа дууссан учир хүчингүй болсон тендерт “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг албажуулж, эрх зүйн харилцаа байгааг тогтоож, “ГИ” ХХК-д хүргүүлэхийг болон “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах боломжгүй бөгөөд ТХААГ... дугаар мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ГИ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “ТХААГ (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас “ГИ” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан тоот, Эрүүл мэндийн яаманд “Зөвлөмж хүргүүлэх тухай” мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож;

үлдсэн шаардлага болох Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын ... дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах;

ТХААГ (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-ын үнэлгээний хорооны ... дугаар дүгнэлтийг баталгаажуулан “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг албажуулж, эрх зүйн харилцаа байгааг тогтоож, “ГИ” ХХК-д хүргүүлэхийг ТХААГ даалгуулах;

ТХААГ (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхээр бэлтгэсэн “ГИ” ХХК-тай гэрээ байгуулах агуулга бүхий “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг ТХААГ даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ГИ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Н.ДАМДИНСҮРЭН