Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 92

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзоригийг суулган,

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авгачууд овогт Ганхуягийн Болд-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201611000267 дугаартай хэргийг 2016 оны 08 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Авгачууд овогт Ганхуягийн Болд-Эрдэнэ, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1994 оны 11 сарын 18-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖЯ94111814/, бүрэн дунд боловсролтой, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн 4 дүгээр ангид оюутан, ам бүл 3, эцэг, ахын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 13 дугаар гудамжны 02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ нь 2016 оны 05 сарын 31-ний өдөр 06 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумаас баруун тийш 25 км зайтай газар 34-32 УНМ дугаартай "Тоёото Филдэр" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан "…замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүй зорчино…" гэсэн заалт, мөн дүрмийн 9.2-д заасан "…хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна…" гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Ж.Жаламын биед хүнд, зорчигч Д.Долгионы биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй учир мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: "...Би 2016 оны 05 сарын 30-ны өдрийн 17 цагийн орчимд найз Өгөөмөрийн эгч Долгион, Долгионы хоёр хүүхэд /1-2 настай/, Өгөөмөрийн ээж Жалам, манай хамаатан болох Чулуунхишиг нарын хамт Долгионы нөхөр болох Ганчулууны эзэмшлийн 34-32 УНМ улсын дугаартай Тоёота Филдер маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу гарсан юм. Би машин барьсан,  жолоочийн хажуу талын суудал дээр Чулуунхишиг, жолоочийн арын суудал дээр Жалам, түүний хажууд Долгион хоёр хүүхэдтэйгээ сууж байсан. Бид шөнөжин яваад 05-06 цагийн орчим Дорнод аймгийн Булган сумын төвөөс баруун тийш 20 орчим км-т шороон замаар явж байгаад шинэ засмал замд дөнгөж ороод явж байсан юм. Миний араас манай найз Өгөөмөр машинтайгаа явж байсан юм. Өгөөмөрийг хүлээгээд зөөлхөн явж байхад Өгөөмөр засмал зам дээр ороод ирсэн. Тэгэхээр нь би цааш хурдаа нэмэхэд  миний зүрхээр хатгуулж гэнэт өвдөхөд нь өөрийн эрхгүй доош тонгойхдоо рулиэ дараад замын хажуу талын шороон дээр гараад буцаж зам руу оруулаад рулиэ хариулсан боловч буцаад замын хажуу тал руу руль булаагаад унасан, баруун тийш хараад зогссон байсан. Би машинаас бууж  хүмүүсийг буулгаад урд талын айл рүү гүйж очин мэдэгдэж түргэн тусламж дуудсан юм. Ингээд 30, 40 минутын дараа эмч, цагдаа нар ирсэн бөгөөд ирэхээс нь өмнө машинд зорчиж байсан хүмүүсийг гаргасан байсан. Харин Долгион эгчийг гаргаж чадаагүй, Жалам эгчийн толгой арын суудлын дээд хэсэг, рамны засвар хавчуулагдсан байсныг эвтэйхэн өргөөд машинаас гаргасан байсан юм..." гэжээ. /хх..../  Хохирогч Ж.Жалам мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: "...Би 2016 оны 05 сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос өөрийн охины машин болох 34-32 УНМ дугаартай тээврийн хэрэгсэлд сууж Дорнод аймаг руу гарсан юм. Уг машиныг Болд-Эрдэнэ жолоодож явсан. Манай охин Долгион нь 2 хүүхдээ авч явсан болохоор жолоо барих боломжгүй, Болд-Эрдэнээр бариулсан юм. Машиныг Болд-Эрдэнэ жолоодож, хажуу талд нь Болд-Эрдэнийн дүү суусан, арын суудал дээр би, Долгион, Долгионы 2 хүүхэд сууж явсан. Бид шөнөөр явсан болохоор би машинд унтаж явсан. Ингээд нэг сэрэхэд машин онхолдож би газарт буусан байсан. Яг ямар байдлаар осол гарсан талаар би юу ч санахгүй байна. Учир нь намайг унтаж байхад осол болсон байсан. Тэгээд би тэр өдөртөө Улаанбаатар хотод очиж ГССҮТ-д хэвтэж эмчлүүлсэн. Болд-Эрдэнэ нь архи уугаагүй. Манай хүү Өгөөмөрийн багийн найз их төлөв томоотой хүүхэд байгаа юм...Би бие махбодиороо хохирч гэмтэл авч улмаар эмчлүүлсэн эмчилгээний зардал болох 7.000.000 төгрөг нэхэмжилж байна. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй..." гэжээ. /хх 26-28/

Хохирогч Д.Долгион мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: "...Би 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 16 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн 34-32 УНМ дугаартай "Тоёото Филдэр" машиныг дүү Өгөөмөрийн найз Болд-Эрдэнээр жолоодуулан Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу гарсан. Би 8 сартай, 1 нас 10 сартай 2 хүүхэдтэйгээ хамт явсан.  Жолооч Болд-Эрдэнийн хажууд дүү Чулуунхишиг, арын суудалд манай ээж Жалам, хажуу талд нь би 2 хүүхдээ аваад суусан. 2016 оны 05 сарын 31-ний өдрийн 05-06 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумаас баруун талд зүүн тийш явж байхад бидний сууж явсан машин гэнэт замын баруун талын шороон зам руу орон, буцаж засмал зам руу орж шарваад замын хажуу тал руу буюу баруун тал руу онхолдож унасан. Машин онхолдсоны дараа урд талд сууж байсан Чулуунхишиг, Болд-Эрдэнэ хоёр машинаас гарч ээж болон манай хоёр хүүхдийг гаргаж байсан. Булган сумаас эмнэлгийн машин ирээд намайг машинаас гаргасан. Миний нуруу хэсэг маш их өвдөж байсан болохоор гарч чадахгүй байсан...Эмчилгээний төлбөр болон бусад зардлын мөнгө болох 3.000.000 төгрөг, автомашины эвдрэл гэмтлийг засуулах 4.000.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөг нэхэмжилж байна...Өөр гомдол санал байхгүй..." гэжээ. /хх-22-24/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 сарын 20-ны өдрийн 8339 тоот дүгнэлтэд: "1.Жаламын биед тархи доргилт, сээрний 5,6-р нугаламын их бие, сэртэнгийн далд хугарал, мултрал, доод мөчдийн саажилт, баруун уушгины бяцрал, бүрэн бус уналт, цээжний баруун хөндийн цус хуралдалт, духны зөөлөн эдийн бяцрал, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэжээ. /хх 60/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 сарын 21-ний өдрийн 8338 тоот дүгнэлтэд: "1.Д.Долгионы биед сээрний 7,9-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, 6,7,8,9-р нугаламын арын сэртэнгийн хугарал, нурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэжээ. /хх 55/ 

Техникийн шинжээчийн 2015 оны 07 сарын 07-ны өдрийн 16 тоот дүгнэлтэд: Хариулт 1:...2016 оны 05 сарын 31-ний өдрийн жолоочийн согтуурлыг...багажаар шалгасан тэмдэглэлд иргэн Г.Болд-Эрдэнэ нь 0.00 хувьтай гарсан нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна. Хариулт 2:...Жолооч Г.Болд-Эрдэнийн жолоодон явсан Тоёото Филдэр маркийн 34-32 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн байдлыг шалган үзэхэд тоормосны системийн үйл ажиллагаа хэвийн бүрэн гэж үзлээ. Хариулт 3,4:...Г.Болд-Эрдэнийн жолоодон явсан Тоёото Филдэр маркийн 34-32 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр ослын газарт тогтоогдоогүй байх тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Хариулт 5:...Жолооч Г.Болд-Эрдэнэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүй зорчино... гэсэн заалт, мөн дүрмийн 9.2-д заасан "...Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болгохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна гэж үзэж дүгнэлт тогтоов гэжээ. /хх 39-40/

Гэрч Д.Өгөөмөр /хх 29-30/, насанд хүрээгүй гэрч Ч.Чулуунхишиг /хх 31-32/, Ч.Идэрчулуун /хх 33-34/, Б.Ганхуяг /хх 35-36/, Р.Наранцэцэг /хх 37/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/, Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх 11/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 сарын 10-ны өдрийн 55 тоот, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 440 тоот дүгнэлтүүд /хх 45, 50/, Зам тээврийн ослын акт, схем зураг /хх 9-10/, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх 12-13/, Өвчний түүх /хх 91-141/, Машины эвдэрсэн эд ангийн үнэлгээ /хх 88-89/, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн талаарх Дорнод аймгийн Автотээврийн төвийн тодорхойлолт /хх 76/, Хохирол хүлээн авсан тухай баримт /82-86/, Хохирлын баримтууд /хх 82-86/, Хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /хх 143-144/, Хохирол төлсөн талаарх баримтууд /хх задгай 3ш/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 17-18/, Эд зүйлийн үнэлгээ /хх 19/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 142/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 80/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа

Шүүгдэгч Г.Болд-Эрдэнэ нь 2016 оны 05 сарын 31-ний өдөр 06 цагийн орчимд Дорнод аймгийн Булган сумаас баруун тийш 25 км зайтай газар 34-32 УНМ дугаартай "Тoyota Corolla Fielder"  маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5 "...замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүй зорчино..." гэсэн заалт, мөн дүрмийн 9.2  "...хөдөлгөөнд аюул саад бий болгохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ж.Жаламын биед хүнд, хохирогч Д.Долгионы биед хүндэвтэр гэмтэл учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хохирогч Ж.Жалам, Д.Долгион, гэрч Д.Өгөөмөр, насанд хүрээгүй гэрч Ч.Чулуунхишиг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн ослын акт, схем зураг, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Машины эвдэрсэн эд ангийн үнэлгээ, Хохирлын баримтууд, Тээврийн хэрэгслийн бүртгэлийн талаарх Дорнод аймгийн Автотээврийн төвийн тодорхойлолт, Хохирол хүлээн авсан тухай баримт зэрэг хангалттай нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Г.Болд-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Иймд шүүгдэгч Г.Болд-Эрдэнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  тээврийн  хэрэгсэл  жолоодох  эрхийг  хасч,  хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаар хавтаст хэргийн хүрээнд судалж үзэхэд, хохирогч Д.Долгион, Ж.Жалам нар нь мөрдөн байцаалтын шатанд гэм хорын хохиролд тус бүр 7000000 төгрөг нэхэмжилсэн байх ба уг хохирлыг шүүхийн шатанд шүүгдэгч бүрэн төлсөн болох нь хохирогч нарын шүүхэд ирүүлсэн "...Жалам миний хувьд эмчилгээгээ хийлгэж байна. Болд-Эрдэнэ байнга тусалж, дэмжиж эмнэлгээр авч явж байгаа. Дөлгөөн миний биеийн эрүүл мэнд сайн байгаа. Болд-Эрдэнэд гомдол санал байхгүй, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд хөнгөн ял оногдуулж өгнө үү. Болгоомжгүй үйлдсэн хэрэг учраас бид уучилж ойлгож байна..." /хх-т задгай 1 хуудас/ гэх хүсэлт болон шүүхэд дуудсн тухай баримтад өгсөн "...Би хохирол төлбөрөө бүрэн авсан, надад нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн хариу зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул энэ хуралдаанаар шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна.

Хэрэгт шүүгдэгчид оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн болон бусад тусламж үзүүлсэн болох нь Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 142 /, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, Хохирол төлсөн баримт /хх-т задгай 3 хуудас/-аар тус тус тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9, 55.1.10-д заасан тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.Түүнчлэн дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудаас гадна шүүгдэгч нь анх удаа

гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал болон хохирогчийн саналыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, гэм хорын хохиролд хохирогч нарт нийт 14000000 төгрөг төлсөн, одоогоор хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, баримт бичгээр хурааж ирүүлсэн ЖЯ94111814 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгож, ?882450   дугаартай  жолоочийн  үнэмлэхийг  Дорнод  аймаг  дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй.

Харин шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй тул шүүгдэгч Г.Болд-Эрдэнийн эзэмшлээс "Monel" маркийн 42 инчийн зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ

1. Шүүгдэгч Авгачууд овогт Ганхуягийн Болд-Эрдэнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын  Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  215 дугаар  зүйлийн  215.2-т зааснаар шүүгдэгч Г.Болд-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Г.Болд-Эрдэнэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, ялтан Г.Болд-Эрдэнэ нь цагдан хоригдоогүй, гэм хорын хохиролд шүүхийн шатанд хохирогч Ж.Жалам, Д.Дөлгөөн нарт тус бүр 7000000 /долоон сая/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан  Г.Болд-Эрдэнийн эзэмшлээс "Моnеl" маркийн 42 инчийн зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар ялтан Г.Болд-Эрдэнэд оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод  аймгийн  Цагдаагийн  газарт  даалгаж,  хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл  цагдаагийн  байгууллагын  саналыг  үндэслэн  хорих  ялыг  биечлэн эдлүүлэхийг ялтан Г.Болд-Эрдэнэд мэдэгдсүгэй.

7. Баримт бичгээр шүүхэд хураагдан ирсэн ЖЯ94111814 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Г.Болд-Эрдэнэд олгож, ?882450 дугаартай жолоочийн үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Г.Болд-Эрдэнэд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзах хугацааг 2016 оны 08 сарын 22-ны өдрөөс, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                    Ү.ОДГЭРЭЛ