Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/89

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Ө.Т, Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Өын Т, Б овогт Тийн Б нарт холбогдох эрүүгийн 2117000720097 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, С овогт Өын Т /РД:....................../, Улаанбаатар хотод 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 2-212 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, ахын хамт амьдардаг, урьд 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Тийн Б /РД:............/, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, ........... аймгийн ...... сумын........ дүгээр баг, ........... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг, урьд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Ө.Т, Т.Б нар нь согтуугаар бүлэглэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань Эрдэнэ” дэлгүүрийн арын гудамжинд 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Б.Мтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодож буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Ө.Т, Т.Б нар нь согтуугаар бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань Эрдэнэ” дэлгүүрийн арын гудамжинд Б.Мтай маргалдан зодож зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ө.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өглөө гэрээсээ гараад Ц гэж ахыг хөдөөнөөс ирсэн гэж сонсоод очих гээд дэнжийн Андуудын хажууд явж байгаад хохирогч Мтай таарахад хамт явъя гэхээр тэгье гээд хамт явсан. Баянбулагийн эгнээд Бийн хашааны урд алхаж байтал Б намайг дуудаад хаачих гэж байгаа юм гэхээр нь хойшоо айлд очъё гэсэн чинь хамт явъя гээд бид гурав Ц гэдэг ахынд очсон. Бид нарт эхлээд Стандарт нэртэй 0,33 лиртийн архи гаргаж өгсөн. Дараа нь Ц ах 0,75 лиртийн Хараа нэртэй архи гаргаж ирээд бид нар хувааж уусан. Тэгэхэд М нилээн согтоод Бийг чи хаанахын хэн юм гээд маргалдаад архины шил барьхаар нь тэр хоёрыг салгаад үргэлжлүүлээд архиа ууж дуусаад Б бид хоёр түрүүлээд Чандмань Эрдэнэ дэлгүүрийн хойд талын эгнээд явж байхад М араас дуудаад би Чойрын атмаан намайг таних уу гээд байхаар нь чиний атмаан гэж ямар юм байдаг юм гээд би нэг удаа нүүр лүү нь цохисон. Б нүүр лүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгсэн нэг машинтай хүн ирээд та хоёр болиоч найзыгаа зодож болдог юм уу, цагдаа дуудлаа шүү гэхээр нь булан тойроод зугтаасан. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

1.2. Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр намайг хашаандаа байж байхад Т, хохирогч М нар хашааны гадуур явахаар нь би хаачих гэж байгаа юм гэж асуутал Т Ц ах ирсэн байгаа очих гээд явж байна гэхээр нь хамт явах уу гээд бид гурав цуг явсан. Ц ахын очиход бид нарт 0,33 литрийн Стандарт нэртэй архи гаргаж өгсөн, дараа нь дахиад 0,75 литрийн Хараа нэртэй архи гаргаж өгсөн. Бид нар архи хувааж уугаад нилээн халсан. Тэгсэн М над руу томроод чи хэн юм, чамайг Чойрт харж байгаагүй юм байна гэхээр нь би чамд заавал өөрийгөө таниулах алба байхгүй гэж хэлэхэд ууж байсан архиныхаа шилийг бариад дайрхад нь Т бид хоёрын голоор орж ирээд салгасан. Архиа ууж дуусгаад Т бид хоёр түрүүлээд гараад явсан. Тэгсэн араас М ирээд дахиж өдөхөөр нь Т чи яах гээд байгаа юм бэ гээд цохисон, Би нүүр лүү нь 1 удаа, цээж хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

1.3. Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08 цагийн орчимд Т болон сайн танихгүй залуугийн хамт 1 шил Стандарт нэртэй 0,33 лиртийн архи Дэнжийн хамгийн арын хашаанд очиж хувааж уугаад харих гээд Чандмань-Эрдэнэ дэлгүүрийн арын эгнээнд явж байхдаа би тоглоод хөгшин нь Чойрын атмаан ш дээ гэж хэлэхэд тухайн танихгүй залуу чиний атмаан гэж юу байдаг юм гээд миний араас татаж унасан. Тэгээд Т болон тухайн танихгүй залуу миний толгой, нуруу, гэдэс рүү өшиглөөд дэвсээд байсан. Би хоёр гараараа нүүрээ дараад одоо болъё гэж хэлэхэд тоохгүй байсан. Тэр үед нь хажуунаас нэг хүн та хоёр болиоч гэсэн. Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, толгойн дээд хэсэгт чих орчимд хүндүүртэй, олон газарт хавдаж булдруутсан. Мөн гүнзгий амьсгаа авахаар цээж рүү хатгаж, ахар сүүлээр их өвдөөд байгаа. Миний сайн таньдаггүй гэх залууг цагдаагийн байгуулага дээр ирэхдээ Б гэдэг болохыг мэдсэн. Надтай архи ууж унагаагаад өшиглөсөн залуу мөн байсан. Тухайн үед Т нь миний нүүр лүү гараараа цохисон. Б нь миний нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10-15 хуудас/

 

1.4  Шинжээч эмч Л.Жаргалтогтох мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Б.Мын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Мохоо зүйл гэдэгт өшиглөх, цохих зэрэг үйлдлүүд орно” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28 хуудас/

 

1.5. Шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 265 дугаар дүгнэлтэд: Б.Мын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, духанд, зүүн хацарт, зүүн нүдний зовхинд, хамрын нуруунд зулгаралт, баруун бөөрний байрлалд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны зулгаралт, зүүн хацрын зулгаралт, хамрын нурууны зулгаралт, баруун бөөрний байрлалд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь тус бүрдээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 22-23 хуудас/

 

1.6. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 5, 7 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Ө.Т, Т.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ө.Т, Т.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба прокурорын яллах дүгнэлтэд тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

            Шүүгдэгч Ө.Т, Т.Б нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч Ө.Т, Т.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Миний биеийн байдал одоо зүгээр байгаа. Ямар нэгэн зовиур шаналал байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед Т, Б бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас миний буруутай үйлдэл ч байгаа. Т, Б хоёр над дээр ирж уучлалт гуйсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13 хуудас/

 

2.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай тогтоолын хуулбар /х.х-ийн 60-92 хуудас/

 

2.3. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1, 2 дугаар багуудын Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгч Ө.Т, Т.Б нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, /х.х-ийн 53-54, 56-57 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ө.Т, Т.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

 

Прокуророос шүүгдэгч Ө.Т, Т.Б нарыг тус бүрт 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч нар нь урьд шүүхээс ял шийтгүүлсэн боловч эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон, хорих ялыг эдэлж суллагдсан нь Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 21/07 дугаар тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/1307 дугаар албан бичгээр тус тус  нотлогдож байгааг дурдлаа.

 

Шүүгдэгч нарын цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, тэдгээрт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Р.Э. цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ө.Т, Т.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Өын Т, Б овогт Тийн Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тыг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Т.Бийг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ө.Тын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 16 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, нийт эдлэх нийтэд тусгай ажил хийлгэх ялын хугацааг 484 /дөрвөн зуун наян дөрөв/ цагаар, шүүгдэгч Т.Бийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, нийт эдлэх нийтэд тусгай ажил хийлгэх ялын хугацааг 492 /дөрвөн зуун ерэн хоёр/ цагаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т, Т.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т, Т.Б нарт шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Ө.Т, Т.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Т, Т.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА