| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0807/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/796 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/796
ө
2020 09 03 2020/ШЦТ/796
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч С.Оюунжаргал / томилолтоор /
Хохирогч: П.Б
Хохирогчийн өмгөөлөгч Л. Түвшинцэнгэл
Иргэний хариуцагч П.Эрдэнэцэцэг
Шүүгдэгч Э.Э, нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Эрдэнэцэцэгийн Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 2003000000240 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч , энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6: эцэг, эх, 3 дүүгийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, БУК 6 гудамж, 11 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ........./,
Холбогдсон гэмт хэргийн талаар: / яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 18 цаг 05 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Арслантай гүүрний баруун замд “Есөн Шижир Инвэст Банк бус санхүүгийн байгууллага” ХХК-ийн эзэмшлийн “Тоуота” маркийн “Акуа” загварын 77-10 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотзэврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөэний дүрмийн 16.1-д заасан ‘Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 55 настай, эрэгтэй П.Баярсайхныг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2003000000240 тоот эрүүгийн хэргээс:
Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед ээжийг ажпаас нь буюу Баянзүрх захаас авах гээд 77-10 УАК улсын дугаартай автомашин жолоодоод Арслантай гүүрний баруун талын замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй 2-р эгнээгээр явж байгаад 2-р эгнээнээс 1-р эгнээ рүү шилжиж ороод явж байтал Арслантай гүүрний баруун талын явган хүний гарцаар нэг эрэгтэй хүн зам хөндлөн 2,3-р эгнээнд түгжрээд зогсож байсан машинууд дундаас гараад ирсэн тэгээд би тэр хүнийг мөргөөд зогссон. Манай ээж лизингээр авч өгсөн миний машин. Би хохирогчийн эмчилгээнд 713.800 төгрөг зарцуулсан байгаа. /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...“Бүгд миний буруу Хийсэн үйлдэлдээ үнэхээр гэмшиж байна. Тухайн өдөр би гэрээс гараад ээжийг ажлаас авах гээд гүүр даваад 200 метр яваад баруун гар тийшээ эргээд Баянзүрх худалдааны төвөөс ээжийг авах гээд явж байсан. Нэгдүгээр эгнээгээс 2 дугаар эгнээ рүү орсон. Түгжрээтэй байсан тул яарсан даа мөргөөд гараад харахад нэг ах байсан. Тухайн үед мэдэхгүй эмнэлэг хүргэж өгсөн. Хос-Эрдэнэ ах түргэн дууд гээд удахгүй түргэн ирээд аваад явсан”...гэв.
Хохирогч П.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..“Би зав гарахаараа хүүгийнхээ 3 хүүхдийг хардаг юм. Хүүхдүүдээ харах гэж яваад осолд орсон. Энэ хүүг машинтай явж байхыг нь хальт харсан. Тэгээд гэмтэлд сэрсэн. Би юмаа сайн санахгүй байна. Нэг сэрэхэд гэр бүлийнхэн ирсэн байсан. Би тархины гэмтэл авснаас болж их ууртай уцаартай болсон. Тархины эмчилгээ хийлгэх гээд 2 эмнэлэгт үзүүлсэн. Цус хуралт байсан бөгөөд хоосон зай шимэгдсэн ба тэр зай нь цаашдаа хорт хавдын үүсвэр болдог гэсэн. Тэр зайг шингэн хийж дэмждэг. Мөн ясны хугарал байна. Эмч нарт үзүүлсэн ба үзүүлэхэд хагалгаа хийж авч болдог юм байна гэсэн. Цус хуралт байсан шимэгдсэн тэр зай алсдаа хорт хавдар үүсгэдэг гэж сонссон. Боломж байвал эмчилгээ хийлгэж хэдэн жил амьдрах юмсан гэж бодож байна. Хохирол төлбөрт 713.810 төгрөг өгсөн гэв. Цаашид эмчилгээ хийлгэх зардлаа гаргуулж авна”... гэв.
Гэрч Б.Хос-Эрдэний: Би тэр өдөр өглөө ажлаа тараад 2 дугаар эгнээнд явж байхад нэг саарал өнгийн Тоёота Акуа маркийн автомашин миний урд 1 дугээр эгнээнд явж байснаа 1 дүгээр эгнээний зөрчлийн камер тойрч буцаж 2-р эгнээнд ороод камер өнгөрөнгүүтлээ буцаж 1-р эгнээнд ороод хурдтай сүлжээд яваад байсан. Тэгснээ 1-р эгнээгэзр явж байгаад Арслантай гүүрний баруун талаар явган хүний гарцаар нэг явган зорчигч хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч явахад нь тэр машин 1 дүгээр эгнээнд мөргөөд цааш яваад зогссон. /хх-ийн 31-32-р тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №7176 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. П.Баярсайханы биед зулай яснаас лямбда заадас даган зүүн талын хөхлөг сэртэн дайрсан хугарал, зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зүүн нүдний ухархайн дотор хананы этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун өвдөг, шилбэний ясны далд хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, хэлэнд шарх, дээд доод мөчдөд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байна. 5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Мөрдөгчийн магадлагаа:
1. Тоёота Акуа маркийн 77-10 УАК улсын дугаартай автомашины жолооч Эрдэнэцэцэг овогтой Эрдэнэбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Пүрэвжавын Баярсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. /хх-ийн 43 дугаар хуудас/,
Хохирол төлбөртэй холбоотой бусад баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтууд нь уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай үйл баримтыг тогтоосон гэж шүүх үнэлсэн болно. Иймд шүүгдэгч Э.Эын гэм буруу болон түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 18 цаг 05 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Арслантай гүүрний баруун замд “Есөн Шижир Инвэст Банк бус санхүүгийн байгууллага” ХХК-ийн эзэмшлийн “Тоуота” маркийн “Акуа” загварын 77-10 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Автотзэврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөэний дүрмийн 16.1-д заасан ‘Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 55 настай, эрэгтэй П.Баярсайхныг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Баярсайханы мэдүүлэг, гэрч Б.Хос-Эрдэнгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7176 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн магадлагаа, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Эын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3- т заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Э.Эыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Э.Эт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учуулсан хохиролыг нотлох баримтын хүрээнд нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хохирогч П.Баярсайханд нийт 2413810 / хоёр сая дөрвөн зуун арван гурван мянга найман зуун арав / төгрөг төлсөн талаар хохирогч болон шүүгдэгч мэдүүлж байх бусдад төлөх төлбөргүй ба хохирогчийн нэхэмжлэлээс 2.550.440 / хоёр сая таван зуун тавин мянга дөрвөн зуун дөч / төгрөгөнд холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхин хохирогч П. Баярсайхан нь хүнд гэмтэл учирсантай холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар дүгнэлт танилцуулсаныг шүүх шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 -т заасан төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 –т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Э.Э нь замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3–т зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж уг нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Монгол овогт Эрдэнэцэцэгийн Эрдэнэбаярт Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Э.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч,1 /нэг / жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Э.Эт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 -т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3–т тус тус зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 / хоёр / жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Э.Э нь хохирогч Д.Баярсайханд 2413810 / хоёр сая дөрвөн зуун арван гурван мянга найман зуун арав/ төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогчийн нэхэмжлэлээс 2.550.440 / хоёр сая таван зуун тавин мянга дөрвөн зуун дөч / төгрөгөнд холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхин хохирогч Д. Баярсайхан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хохирогч нь өөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсантай холбоотой гарсан эмчилгээний зардлаа цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шүүгдэгч Э.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э. Эрдэнэбаярын В ангилалын 1333149 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан лицензийн төвд хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Очгэрэлд даалгасугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН