Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

         Шүүгдэгч Б.Г

         Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх

         Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Б.Г д холбогдох 1828001450142 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймаг, Номгон суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Номгон сумын ...................... оршин суух, 1996 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 173 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнссэн, 2000 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 191 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, Шатан хөл овгийн Б.Г , регистрийн дугаар....................,

            Шүүгдэгч Б.Г  нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэр Ар замт гэх газраас иргэн Б.Б ын 5, Б.Т гийн 1 тооны адууг хулгайлж бусдад 4300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г д холбогдох хэрэгт яллах дүгнэлтийг үйлдэж, хэргийг анхан шатны  шүүхэд шилжүүлжээ.                                    

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Г г бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г д оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Б.Г д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүгдэгч Б.Г гийн цагдан хоригдсон 4 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч Б.Г  нь хохирогч нарт төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

          Шүүгдэгч Б.Г  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Эрүүгийн хуулийн 17.12-р зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдож тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2 жилийн хорих ялыг нээлттэй байгууллагад эдлэхээр шийдвэрлэсэн билээ.

          Би өөрийн гэм буруутай байдлаа гүнээ ухамсарлан ойлгож гэмшиж байгаа бөгөөд цаашид ямар нэгэн хэлбэрээр гэмт хэрэг хийхгүй байж үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө эвтэй сайхан амьдарч явахаа батлан илэрхийлж амлаж байна.

         Миний ар гэрийн ахуй байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, 40 гарч яваа насандаа дахин ийм байдалд орохгүй хууль бус үйл ажиллагаа хийхгүй засарч төлөвшиж үр хүүхэддээ сайн эцэг, сайн хань нөхөр болохоо баталж улс орондоо шударга

хөдөлмөрөөрөө алдаагаа засаж буруу үйлдэл хийснээ ойлгож дахин ийм алдаа гаргахгүй гэдгээ илэрхийлж байгааг минь хүлээн авч анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

            Прокуророос давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:          2017 онд энэ хүнд анхан шатны шүүхээс хулгайн гэмт хэрэг үйлдсэнд нь хорих ял оногдуулж тэнсэж түүнд итгэл үзүүлсээр байхад дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүгдэгчээс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 2018 оны 8 дугаар сард би Ханхонгор сумын нутгаас адуугаа тууж явахадаа бусдын 6 тооны адууг өөрийнхөө адуутай хамт тууж авч явсан. 3 адууг өөрийнхөө тамгаар тамгалаад, 2 адууг нь нядалж зарсан. Би дахиж ийм муухай юм хийхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Б.Г  нь буруу зүйл хийснээ хүлээн мэдүүлж хохирлоо нөхөн төлсөн. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн 6 сарын хугацаагаар хорих ял болгож өөрчилж өгнө үү гэв.                                                        

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан үйл баримт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

             Шүүгдэгч Б.Г  нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэр Ар замт гэх газраас иргэн Б.Б , Б.Т  нарын 6 тооны адууг хулгайлж бусдад 4300000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Б.Г гийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

          Шүүгдэгч Б.Г д Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хэмжээнд нийцүүлэн анхан шатны шүүхээс ял шийтгэсэн нь гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдалд нийцжээ.

           Иймд шүүгдэгч Б.Г  нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны үед Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэр Ар замт гэх газраас иргэн Б.Б , Б.Т  нарын 6 тооны адууг хулгайлж бусдад 4300000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хөрөнгийн үнэлгээний дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж хэргийн нөхцөл байдал, тухайн үйл баримтад хийсэн анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж үзэв.

             Хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн тогтоох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн “хорих ялыг хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б.Г гийн “хорих ялыг хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Г гийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш цагдан хоригдсон 43 /дөчин гурван/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                              ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                            П.ДОЛГОРМАА