Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2014/0323

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

                                                    ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

                                             ШҮҮХ ХУРАЛДААНЫ МАГАДЛАЛ

2014 оны 08 сарын 07 өдөр                    Дугаар 323                           Улаанбаатар хот

Х.Г-н нэхэмжлэлтэй

                                                                захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Ч.У нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 176 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Х.Г-н нэхэмжлэлтэй, “Алтанбулаг” Худалдааны чөлөөт бүсийн захирагчийн ажлын албанд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Б-24 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгэхийг даалга” гэжээ.

к                      Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Чөлөөт бүсийн захирагчийн

2011 оны 145 дугаар захирамжаар Х.Г-г Газар төлөвлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулсан. Тэрээр төрийн албанд анх орсон тул туршилтын журмаар ажиллаж байсан. Энэ явцад түүнийг“..газар олголтын явцад бичиг баримтыг хуулийн хугацаанд гаргаж өгөлгүй удааж, авлига нэхсэн” гэж иргэнээс өргөдөл гаргасны дагуу Ёс зүйн хороогоор авч хэлэлцэн Төрийн албаны тухай хуулийн 40.2, “АлтанбулаГ Худалдааны чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.ё, 9.2.в-д заасныг үндэслэн халах шийдвэрийг

 

 

гаргасан. Х.Ганди өөрөө тухайн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Үр дүнгийн гэрээг дүгнэхэд“хангалтгүй’ гэж дүгнүүлсэн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн Х.Г-н гаргасан "Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Б-24 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 сарын 17-ны өдрийн 176 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр эс. зөвшөөрч байна. Үүнд:

Захиргааны акт анх гарахдаа материаллаг болон формаль эрх зүйн шаардлага хангасан байна. Хэрэв уг шаардлагыг хангаагүй бол тухайн захиргааны акт нь хүчин төгөлдөр бус актад хамаарна. Ийнхүү захиргааны акт гаргаж буй эрх бүхий субъект нь захиргааны акт гаргах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтоосны үндсэн дээр гаргах учиртай. Гэтэл "Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Б-24 тоот захирамж нь ёс зүйн зөрчил гарсан эсэхийг шалган тогтоохгүйгээр гарсан. Ийнхүү шалган тогтоохгүйгээр гарсан гэдэг нь үзлэг хийсэн шүүгчийн тэмдэглэлээр нотлогдож байгаа. Ийнхүү төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны акт нь Х.Г-г ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоохгүйгээр гарсан нь "Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолын 1-р хавсралт Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.5.2-т "Ёс зүйн хороо нь...гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах," тус журмын 2.5.4-т "гомдол мэдээллийг шалгасан тухай дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар дүгнэлт гаргах ба ...нотлох баримтад үндэслэгдсэн байх"- гэж заасныг зөрчсөн байна.

Захиргааны акт нь формаль эрх зүйн шаардлагын хүрээнд шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангасан байх ёстой. Гэтэл дээрх журмыг зөрчсөн нь

 

шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлах шаардлагыг хангаагүй байгааг илтгэж байна. Энэхүү журмыг зөрчсөн нь процедурын алдаа буюу формаль эрх зүйн шаардлагыг хангаагүй захиргааны акт болсон байна.

Захиргааны актыг гаргаж буй албан тушаалтан нь тухайн актыг гаргахдаа шалгах шаардлагатай асуудлыг шалгасан эсэх, захиргааны акт нь үндэслэлтэй эсэхийг л шүүх мөрдөн шалгах зарчмын хүрээнд шалгах үүрэгтэй. Гэтэл шүүх захиргааны акт гарахаас өмнөх асуудлыг буюу ёс зүйн зөрчил гарсан эсэхийг тогтоох ажиллагаа хийсэн. Энэ нь захиргааны байгууллага, албан тушаалтны мэдэгдэх, сонсгох зарчмын хүрээнд хийх шаардлагатай байсан ажиллагаа болохоос бус захиргааны хэргийн шүүх, шүүгчийн хийх ажиллагаа биш юм.

Иймээс захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 сарын 17 -ны өдрийн 176 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэж өгнө үү.”гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгч Х.Г нь“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б-24 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан Х.Г-г хөрөнгө оруулагчаас ирсэн гомдлыг харгалзан, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн” гэж, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчийн 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б-24 тоот захирамжаар Төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр” үүрэгт ажлаас нь халсан байх ба хариуцагчаас шүүхэд ОХУ-ын иргэн И-н гаргасан гомдлын дагуу ёс зүйн хороо хуралдан шийдвэр гаргасан гэсэн тайлбар гаргасан байна.

ОХУ-ын иргэн, “А” ХХК-ийн захирал И нь “Х.Г нь хуульд заасан хугацаанд газрын асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаа, мөн мөнгө

 

нэхэж дарамт, сүрдүүлэг үзүүлсэн’ гэх гомдлыг гаргасныг “Алтанбулаг'’ худалдааны чөлөөт бүсийн захирагч О.С 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авчээ.

Хариуцагч нь гомдлын дагуу тус албаны Тамгын газрын дарга Р.Ө, ХБХАХ-ийн дарга Б.Т, дотоод хяналт шалгалтын ажилтан Л.Б нарыг оролцуулан, 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хурал хийж, асуудлыг шийдвэрлэхдээ гомдол гаргагч болон Х.Г нарыг оролцуулаагүй, тэдний санал, тайлбарыг сонсоогүй, холбогдох нотлох баримтыг судлаагүй, мөн хуралдаанаас ямар нэгэн шийдвэр гаргаагүй зэргээр зөрчлийг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, гэрч Б.Т, Л.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэвч шүүх нэхэмжлэгч Х.Г гаргасан зөрчлийг хэрэгт нотлох баримтаар авагдсан ОХУ-ын иргэн И-н 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн захирагчид гаргасан гомдол, мөн түүний шүүхэд 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг, ерөнхий менежер Х.Б-с шүүхэд ирүүлсэн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт, И болон Х.Г нарын 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр цахим харилцаагаар хоорондоо харилцаж байсан талаарх нотлох баримт, мөн хуульд заасан журмын дагуу шүүхэд гэрчээр дуудан ирүүлж, хууль сануулж, гэрчээр асуусан Х.Б, Б.Т, Л.Б нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар шүүх өөрөө нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх үүрэгтэй, тэр утгаараа захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тогтоохын тулд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулж, тэдгээрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэгш эрхийн зарчмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэдэг. Тиймээс шүүх нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлон тогтоож, түүнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг буруутгасан нь хуульд нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Хэдийгээр хариуцагч Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.5.2-д “гомдол, мэдээлэлд холбогдох төрийн захиргааны албан хаагч болон түүний харьяалах төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан, гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо, материал, баримт бичгийг шаардан авах”, 2.5.4-д “гомдол, мэдээллийг шалгасан тухай дүнг

 

хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар дүгнэлт гаргах бөгөөд энэхүү дүгнэлт нь аливаа албан тушаалтан, улс төрийн хүчний нөлөөлөлд автаагүй, нотлох баримтад үндэслэгдсэн байх гэснийг зөрчсөн нь буруу боловч энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй гэж үзлээ.

Учир нь Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг“хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэж заасан нь төрийн албан хаагчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээний зарчмыг тодорхойлсон бөгөөд тэрхүү хэм хэмжээг зөрчсөн Х.Г-н үйлдлийг зөвтгөх боломжгүй юм.

Тиймээс формаль эрх зүйн шаардлага буюу захиргааны актыг батлан гаргах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд баримтлах журмуудыг хангалгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан хариуцагчийн алдаанаас илүүтэйгээр, нэхэмжлэгч Х.Г-н гаргасан ёс зүйн зөрчлийн алдаа илүү ноцтой байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үнэнд нийцэхгүй гэж үзлээ.

Иймд анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны

 

журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ШҮҮГЧИД

 

 

МӨНХТУЯА

.МӨНХЖАРГАЛ

.ХАЛИУНБАЯР