Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 433

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Г, Б.Г

Хариуцагч:  ...

Гуравдагч этгээд: “...” ХХК, А.Ү, Ө.Ж 

Нэхэмжлэлийн шаардлага: “Өв залгамжлагчийн лавлагаа гаргуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан буруутайг тогтоолгож, өвд хамаарах эд хөрөнгийн лавлагаа гаргаж өгөхийг даалгуулах” тухай шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г, Б.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Талийгаач эцгийнхээ бичиг баримтыг эмхэлж байх үед бусдаас үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авсан талаарх баримтууд гарч ирсэн тул Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан аавынхаа нас барсан баримт, хүүхэд нь болох баримтууд болонүл хөдлөх хөрөнгө худалдан авсан талаарх баримтуудыг хавсарган өөрт хамаарал бүхий мэдээлэл олж авах эрхийн дагуу лавлагаа хүссэн.

Гэтэл шүүхийн байгууллагаар дамжуулан авах эрхтэй, иргэн хүн өөрөө талийгаач эцгийнхээ худалдан авсан эд хөрөнгийн лавлагаа авах эрхгүй утгатай хариуг ... өдрийн ... дугаар албан бичгээр гаргасн ... өдөр утсаар мэдэгдсэн.

Иймд өв залгамжлагчийн лавлагаа гаргуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан буруутайг тогтоолгож, өвд хамаарах эд хөрөнгийн талаарх лавлагааг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн БЗД ... дүгээр хороо, ... тоот үйлчилгээ нь “Б” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд уг эд хөрөнгө нь иргэн Д.Б өмчлөлд огт бүртгэгдэж байгаагүй байна.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 12.2, 12.3-т зааснаас бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр өгнө” гэж зааснаар лавлагаа, мэдээлэл, мэдүүлэг, нотлох баримтыг иргэн Б.Г, Б.Г нарт гаргаж өгөх хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Ө.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Надад өвд хамаарах эд хөрөнгө, газар эзэмших гэрчилгээ болон “МЖ” ХХК-ийн 30 хувь нийлүүлсэн хөрөнгө байхгүй, энэ компани нь надад ямар ч хамааралгүй тул анхан шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэжээ.

Гуравдагч этгээд “ТФ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч нарын гаргасан “Өв залгамжлагчийн лавлагаа гаргуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан буруутайг тогтоолгож, өвд хамаарах эд хөрөнгийн талаарх лавлагаа гаргаж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага нь “ТФ” ХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг хөндөгдөх талаар шүүхийн зүгээс захирамжид тодорхой тусгаагүй, хариуцагчаас лавлагаа авахыг хүссэн эд хөрөнгө нь нэхэмжлэгч нарын эцгийн нэр дээр огт бүртгэгдэж байгаагүй гэх хариу тайлбарыг гаргасан байна.

    ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй байгааг хүлээн авна уу” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г, Б.Г нараас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Өв залгамжлагчийн лавлагаа гаргуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан буруутайг тогтоолгож, өвд хамаарах эд хөрөнгийн лавлагаа гаргаж өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нарын эцэг Д.Б ... өдөр нас барсны дараа иргэн Б.Г Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж талийгаач Д.Б бусдаас авсан гэх эд хөрөнгийн болон тухайн эд хөрөнгө бүртгэлтэй байгаа хуулийн этгээдийн лавлагаа авахаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад тус байгууллагаас ... өдрийн .. дугаар албан бичгээр хуульд заасан журмын дагуу лавлагаа авах талаар хариу өгснийг иргэн Б.Г, Б.Г нар эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хууийн 12 дугаар зүйлийн 12.6-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 12.2, 12.3-т зааснаас бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр, эсхүл хязгаартайгаар буюу нотариатчаар дамжуулан энэ хуулийн 12.7-д заасан зорилгоор хуульд заасан үндэслэл, журмын дагуу өгөх бөгөөд үйлчилгээний хөлсний хэмжээг энэ хуулийн 21.2-т заасны дагуу тогтооно” гэж заажээ.

Хэрэгт БЗД ... хороонд байрлах ... м.кв газар, мөн хороонд байрлах ... дугаартай эд хөрөнгө хадгалахад зориулагдсан агуулах, “МЖ” ХХК-ийн хувьцааг Д.Б шилжүүлсэн гэх баримтууд авагдсан боловч дээрх үл хөдлөх хөрөнгө болон компани иргэн Д.Б нэр дээр бүртгэлгүй болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна. Учир нь шүүх дээр дурдсан үл хөдлөх хөрөнгө болон хуулийн этгээдийн лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулсан бөгөөд шүүхэд ирсэн баримтуудад иргэн Д.Б бүртгэлтэй талаарх баримт авагдаагүй болно.

Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэвэл ...  байрлах ... м.кв газар, мөн хороонд байрлах ... дугаартай эд хөрөнгө хадгалахад зориулагдсан агуулах, “МЖ” ХХК нь иргэн Д.Б нэр дээр бүртгэлгүй учир хуульд зааснаар тухайн иргэнд хамааралгүй мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр гаргаж өгөх тул нэхэмжлэгч нарын гаргуулахыг хүссэн мэдээллийг гаргаж өгөөгүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдэл хуульд нийцсэн байна. 

Иймд нэхэмжлэгч Б.Г, Б.Г нарын “Өв залгамжлагчийн лавлагаа гаргуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан буруутайг тогтоолгож, өвд хамаарах эд хөрөнгийн лавлагаа гаргаж өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г, Б.Г нараас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Өв залгамжлагчийн лавлагаа гаргуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан буруутайг тогтоолгож, өвд хамаарах эд хөрөнгийн лавлагаа гаргаж өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.ДАМДИНСҮРЭН