Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2018/ ШЦТ/728

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн даргаар М.Бүрэнжаргал, улсын яллагч Э.Бадрал, иргэний нэхэмжлэгч Б.Мэндхишиг, гэрч Г.Жавхлан, шүүгдэгч А.Х, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ /¹0642/, шүүгдэгч Я.М, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан /¹0726/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ялалтын М, Боржигон овогт Амгаланбаатарын Х нарт холбогдох 1711012490294 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, математик загварчлал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 18-р хороо, 86-2/16 тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Я.М

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 28настай, эрэгтэй.Дээд боловсролтой, компюьтерийн системийн хамгаалал мэргэжилтэй, Монпасс СА ХХК-д сисмемийн админ ажилтай, Чингэлтэй дүүргийн 2-р хороо, 1/20-18 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт А.Х

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Я.М, А.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу санхүүгийн программийн системд хууль бусаар нэвтэрч, мэдээлэл нэмж оруулсан, бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж цахим мэдээлэлд хууль бусаар халдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Х: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна өөр нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.М: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хохирлыг барагдуулсан. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Мэндхишиг: “...Харилцагч иргэн Уртнасан 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 418 тоот данснаас 3 удаагийн гүйлгээ хийхэд 299.970 төгрөгийн авсан байна гэж гомдол гаргасныг Капитал банк шалгасан. Шалгахад теллер Сэржмядагийн ажилладаг 5 шар тооцооны төвөөс энэ гүйлгээг хийсэн байсан. 2 удаагийн гүйлгээ 9 дүгээр сарын 09-ний өдөр, 1 удаагийн гүйлгээг 9 дүгээр сарын 14-ний өдөр Болормаа, Энхбаяр гэдэг хүний дансанд орсон байсан. Тухайн өдөр бямба гаригт 5 шар тооцооны төв нь амардаг байсан. Сэржмядаг гэдэг теллер нь өөрөө ээлжийн амралттай байсан. тэгээд манай банк гэрээт системээс хэн хандсан бэ гэдэг лог нь гарч ирдэг. Тэр логыг шалгахад 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр, 9 дүгээр сарын 14-ний өдөр М, Х нар нь хандсан байсан. Хандах эрх нь ямар тохиолдолд байдаг вэ гэвэл аудиторт байдаг. Хандах шаардлага байгаагүй байхад хандсан олон үйлдэл гарч ирсэн. Ингээд тухайн ажилтныг журмынхаа дагуу шалгаад цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Шилжүүлэхдээ хохирогч Уртнасанд 3.034.000 төгрөг өгөөд намайг иргэний нэхэмжлэгчээр мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Хохирол учирсан мөнгийг төлсөн байгаа тиймээс хуулийн дагуу шилжүүлж өгнө үү гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Жавхлан: Энэ харагдаж байгаа систем бол үндсэн суурь бүртгэлийн систем. Манайхаас гаргаж өгсөн материал энд дурдсан мэдээлэл дээр харагдаж байгаа. Хохирогчийн дансыг лавласан мэдээлэл харагдаж байгаа. Лавлахдаа энэ компьтерээс энэ хаягаар орсон гэсэн мэдээлэл харагдаж байна. Мөн 2 дахь хуудсанд манай компаны мобайл банкны бүртгэлийн хуудас байгаа. Хайх товчыг дархад саяны үндсэн суурин бүртгэлийн системээс хэрэглэгчээ хайж олоод мобайл банк нь дээрээ бүртгэдэг байгаа. Бүртгэгдсэн мэдээлэл нь болохоор энд гаргаад өгсөн байна. Энэ мэдээлэлээс Х, Мөнбат нарыг энэ гэмт хэргийн үйлдсэн болохын тогтоож цагдаагийн байгууллагад өгсөн байгаа гэв. Шүүгдэгч А.Х, Я.М нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 09-ний, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний тус тус өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Капитал банкны төв байранд Капитал банкны "5 шар" дахь тооцооны төвийн теллер Т.Сэржмядагийн нууц үгийг ашиглан цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, санхүүгийн программийн системд хууль бусаар нэвтэрч, тус банкны харилцагч, хохирогч Н.Уртнасангийн эзэмшлийн 2003004810 дугаар бүхий дансанд мобайл банк үйлчилгээний эрх шинээр үүсгэн мэдээлэл нэмж оруулан Хаан банкны 5026111536 дансанд 2 удаагийн гүйгээгээр 1.999.998 төгрөг, Хаан банкны 5720470028 тоот дансанд 999.999 төгрөг тус тус шилжүүлэн авч нийт 2.999.997 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Я.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн үед А.Х нь надад 94-тэй нэг утасны дугаарыг өгсөн. Надад дугаар өгөхдөө энэ дугаар дээр нэг данс бүртгэчихсэн байгаа би мөнгө авсан зүгээр байна лээ ямар ч асуудал байхгүй чамд мөнгөний хэрэг гарвал аваарай мобайл банкаар мөнгө шилжүүлж болно. Өөрийн утсанд хийж болохгүй. Бусад хүмүүс рүү залгаж болохгүй шүү гэж хэлээд өгсөн. Тэгэхээр нь би дугаарыг нь ашиглаж 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өглөө эрт Хан-Уул дүүргийн замын хойд талд байдаг соёлын төвд байрлах Төрийн банкны АТМ-н ойролцоо байж байгаад гудамжинд явж байсан нэг ахыг гуйж дансаар нь мөнгө дамжуулаад авъя гэж хэлээд тэр хүний Хаан банкны карт руу мөнгө шилжүүлээд авсан. А.Х надад анх хэлэхдээ нэг сая төгрөгөөр шилжихгүй шүү 999.999 төгрөгөөр бол болно гэж хэлж байсан. А.Х надад хэлэхдээ ТЭДИ худалдааны төвөөс бусдын иргэний үнэмлэхийг ашиглаад 94-тэй утасны дугаарыг авсан гэж хэлсэн. Таван шар тооцооны төв дээр би шалгалт хийгээд ажилчдын комьпютерийн нууц үгийн аюулгүй байдлыг шалгах зорилгоор теллерүүдийн комьпютерын нууц үгийг би өөрийн комьпютер дээр аваад тайландаа ашигласан байсан тэр нууц үг дотроос А.Х Т.Сэржмядагийн нууц үгийг авсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65х/, хохирогч Н.Уртнасангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би мөнгөө Капитал банкны 2003004810 тоот дансандаа хадгалж байсан. 2017 оны 11 дугаар сарын 03-ны өдөр би дансаа шалгаж мөнгө авах гээд очиход банкны теллерийн хэлсэн дансны үлдэгдэл бага байсан учраас би гайхаад теллерээр шалгуултал 2017 оны 9 сард 3.000.000 төгрөг гарсан байна гэхээр нь гайхаад шалгуулахаар тус банкинд өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20х/, иргэний нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...харилцагч гомдол гаргасны дагуу шалгалтыг манай банкны эрсдлийн удирдлагын газрын захирал Д.Бадамчулуун, цахим банкны хэлтсийн захирал Д.Даваадалай нар явуулсан. Шалгалтаар 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр "хандив" гэсэн гүйлгээг Хаан банкны 5026111536 тоот Энхбаярын дансанд 999.999 төгрөгийг 2 удаа, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр мөн хандив гэсэн утга бүхий 1 удаагийн гүйлгээгээр 999.999 төгрөгийг Хаан банкны 5720470028 тоот Болормаагийн дансанд шилжүүлсэн байсан. Энэ гүйлгээг тус банкны 5 шар дахь тооцооны төвийн теллер Т.Сэржмядагийн нууц кодоор нэвтрэн орж мобайл банкны эрх нээж шилжүүлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Бямба гараг байсан ба тус өдөр нь "5 шар" дахь тооцооны төв ажиллаагүй бөгөөд, тухайн салбарт хэн нэгэн нэвтрээгүй. Т.Сэржмядагийн комьпютер ассан тохиолдолд төв банкинд мэдэгдэх ёстой. Эхний хоёр шилжүүлэг хийгдсэн буюу мобайл банк нээгдсэн өдөр төв банкны хоёр ажилтан болох А.Х, Я.М нар нь санхүүгийн программын системийн лог буюу холболтонд бүртгэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25х/, гэрч Д.Бадамчулууны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гомдол гарсны дагуу манай банкны зүгээс дансны гүйлгээг нь шалгахад Мобайл банкаар хийгдсан гүйлгээ байсан. Н.Уртнасангийн 2003004810 тоот дансан дээр "Мобайл банк"-ны 94429288 дугаарыг Т.Сэржмядаг гэж теллерийн кодоор нэвтрэн орж холбон уг 3 удаагийн гүйлгээг хийсэн байсан. Н.Уртнасангийн гомдлыг шалгах явцад программийн үйлдлийн түүхийг шалгахад М, Х нар нь 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Н.Уртнасангийн 200304810 дансны мэдээллийг лавлаж хуулгыг татаж харсан байдаг. Банкны ажилчид өөр өөрийн кодыг хүнд өгөхийг хориглож нууцалдаг. Я.М 2017 оны 6 дугаар сард "5 шар" тооцооны төвд иж бүрэн шалгалт хийж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/, гэрч Д.Даваадалайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гомдлын дагуу мэдээллийг программаас шүүж үзэхэд, харилцагч Н.Уртнасангийн 2003004810 тоот дансан дээр манай банкны "5 шар" тооцооны төвийн теллер Т.Сэржмядагийн программийн эрхээр мобайл банк үйлчилгээнд 94429288 дугаарыг бүртгэж холбосон байсан. Энэ бүртгэлтэй дугаарыг ашиглаж Хаан банкны 2 харилцагчийн данс руу 2017 он 9 дүгээр сарын 09-ний өдөр 999.999 төгрөгийг 2 удаа, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 999.999 төгрөгийг шилжүүлсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28х/, ...анх ажилд орсон теллер ажилтанд анх нэвтрэх эрх нууц кодыг нь өгдөг уг өгсөн нууц код эрхээр ажилтан программд ороод шууд өөрчилж өөрийн нууц кодоор солих ёстой. Үүнээс хойш хяналт шалгалтын ажилтан ч тэр хүний нууц эрхийг авах эрхгүй, шалгаж байгаа хүнд ч өгөх ёсгүй. Ажил үүргийн хувьд ч хяналт шалгалтаар явж байгаа ажилтан өөрийнхөө эрхээрл бүх авах шалгах ёстой мэдээллээ шалгачихаж болно. ажил үүргийн дагуу бусдын нууц зодыг авах ёсгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 247х/, гэрч Т.Сэржмядагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын сүүлээр надруу манай банкны мэргэжилтэн гээд залуу залгаад "2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр та мобайл банк нээсэн байна мөн 2017 оны 9 дүгээр сарын 09-ний идэвхжүүлсан байна" гэхээр нь гайхаад комьпютер дээрээ харсан чинь 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нь амралтын өдөр байсан мөн 2017 оны 9 дүгээр сарын 09- ний өдөр нь бас амралтын өдөр байсан учраас би тухайн үед ажиллаагүй, тэгээд ч ээлжийн амралттай байсан гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30х/, гэрч Г.Болормаа мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хаан банкны 5720470028 тоот данс нь би өөрөө ашигладаг миний картын данс байгаа юм. Миний дансанд 999.999 төгрөг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр орсон талаар би огт мэдэхгүй байна. Миний хувьд картаа өөр хүнд ашиглуулсан удаа байхгүй харин манай нөхөр Б.Батсүх нь хааяа миний картыг ашиглаж байсан тэгэхдээ өөр хүнд дамжуулсан эсэхийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34х/, гэрч Б.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би эхнэрийн Хаан банкны 5720470028 тоот данстай картыг ашиглаж байсан. 2017 оны 9 дүгээр сарын 14- ний өглөө эрт би эхнэрийн Хаан банкны картанд байсан 5000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн соёлын төвийн үүдэнд байрлах Төрийн банкны ATM дээрээс аваад эргээд явах үед намхан биетэй хар бараан өнгийн цамцтай малгайгүй, цэвэрхэн цайвар царайтай залу ирээд "та дансны дугаараа мэдэх үү" гэхээр мэднэ гэхэд тэр залуу "дансны дугаараа өгч байгаач интернэт банкаар мөнгө шилжүүлээд авъя" гэхээр нь санаанд оролгүй зөвшөөрөөд эхнэрийн Хаан банкны 5720470028 тоот дансыг өгсөн тэр залуу өөрийн гар утсыг гаргаж ирээд эхнэрийн данс руу гар утсаараа эхлээд нэг удаа шилжүүлээд ATM дээрээс мөнгө орсон эсэхийг шалгахад мөнгө ороогүй байсан тэгээд ахиад тэр залуу гар утаснаасаа мөнгө шижүүлээд өөрөө ATM дээр зогсож байгаад би хажуугаас нь пин кодийг нь хэлж өгөөд мөнгө авсан. Тэр залуу нэг сая төгрөг авна гэж хэлсэн тэр мөнгийг хоёр удаа тасалж ATM дээрээс авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35х/, гэрч Б.Бүрэнжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Цагдаагийн багууллагаас 94429288 дугаарыг миний нэр дээр бүртгэлтэй байна гэхээр нь би ТЕДИ төв дотор байдаг МобиКомын салбар дээр очиж өөрийн нэр дээр байгаа дугааруудыг шүүлгэж үзэхэд миний нэр дээр 99435519, 992190836, 99210837, 94429288 гэж дөрвөн дугаар бүртгэлтэй байна гэсэн. Миний хувьд 99210836 дугаарыг одоо ашиглаж байгаа,9943519, 99210837 гэж дугааруудыг урд нь ашиглаж байсан. Харин 94429288 дугаарыг огт мэдэхгүй дугаар байсан учраас лавлаж асуухад 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр та ТЕДИ худалдааны төвөөс цахим үнэмлэхээ ашиглаж автомат машинаас авсан байна гэсэн. Учир нь би 2017 оны 8 дугаар сарын эхээр өөрийн цахим үнэмлэх болон жолооны үнэмлэх, хэтэвч зэрэг эд зүйлээ гээчихээд иргэний үнэмлэхээ Баянгол дүүргийн Иргэний бүртгэл дээр ахиж захиалаад 2017 оны 8 дугаар сарын 20-ны үед шинээр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38х/, гэрч Г.Жавхлангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2003004810 тоот дансан дээр таван шар тооцооны төвийн теллер Т.Сэржмядагийн "mavanshar.tel2" гэсэн эрхээр 94422988 гэж дугаарт 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 10 цаг 58 минутанд мобайл банкны бүртгэл хйигдсэн байсан. Тэгэхээр нь 2003004810 тоот дансан дээр ямар үйлдлүүд хйисэн талаар шалгахад 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр IAD-05 гэсэн комьпютерын нэртэй, 10.0.0.24 гэсэн IP хаягтай, 40eF0-2F-12-5C-8D гэсэн комьпютерийн физик хаягтай комьпютерээс 2Е319 хэрэглэгчийн дугаараар 1993 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх дипозит дансны хуулгыг авч мөн дансны дэлгэрэнгүй лавлагааг харсан үйлдлүүд хийсэн байсан. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр IAD-04 гэсэн комьпютерийн нэртэй, 10.0.0.183 гэсэн IP хаягтай, 4C-BB-58-4F-31-9C физик хаягтай комьпютерээс 7002 хэрэглэгчийн дугаараар 2003004810 тоот дансны дэлгэрэнгүй лавлагааг харсан байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 40х/, гэрч Д.Энхбаярийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны хаалганы хажууд байдаг Хаан банкны ATM дээрээс хүүхдийн мөнгө орсон эсэхийг шалгаж үзэх зорилгоор 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр очиход нэг залуу хүрч ирээд "хөгшөөн картаа гэртээ мартчихсан байна данс руу чинь мөнгө хийлгээд авъя" гэхээр нь би зөвшөөрөөд тэр залууд картын дансаа өгсөн. Тэгээд би өөрийн дансанд мөнгө орсон эсэхийг шалгахад мөнгө орсон байсан тэгээд гурав, дөрвөн удаа мөнгө авч тэр залууд өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 239-240х/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 71-72х/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 243-246х/, хохирогч Н.Уртнасангийн депозит дансны хуулга /хх-ийн 52х/, Капитал Банкны мобайл банк үйлчилгээнд харилцагч бүртгэх дотоод бүртгэлийн программд хэрэглэгч бүртгэх, засварлах, устгах мэдээллийн үйлдлийн лог, грейпбанк программын харилцагчийн дансыг лавласан лог /хх-ийн 120- 124х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүгдэгч А.Х, Я.М нар нь уг хэргийг үйлдэхдээ бүлэглэж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байх ба тэдгээрт мөрдөн шалгах ажиллагааны үед ял сонсгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журмалаагүй байх бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нөхөн гүйцэтгэх болмжтой байх тул шүүх нэмж оруулан журамлах нь зүйтэй гэж үзэв. Иймд шүүгдэгч А.Х, Я.М нарыг бүлэглэн цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээлэл нэмж оруулан бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Хохирогч Н.Уртнасанд учирсан хохиролыг иргэний нэхэмжлэгч Капитал банк бүрэн төлж барагдуулсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мэндхишиг нь шүүгдэгч нараас нэхэмжлэлээ бүрэн барагдуулж авсан болохоо мэдүүлж байна. Иймээс шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч А.Х, Я.М нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхдээ оролцсон оролцоо ижилхэн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч, Боржигон овогт А.Х, Боржигон овогт Я.М нарыг бүлэглэн цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээлэл нэмж оруулан бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Хд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, мөн Я.Мад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил тус тус тэнсэж,тэдгээрт хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар А.Х, Я.М нарыг оршин суух газар, ажил өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж үүргийг хүлээлгэсүгэй. 4.Шүүгдэгч А.Х, Я.М нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Х, Я.М нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.БАТГЭРЭЛ