Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/92

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хантөгс,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Г-н Б-т холбогдох эрүүгийн 2117000000111 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Г-н Б /РД:ЗЖ89091512/, Дундговь аймгийн Дэрэн суманд 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Гашууны 2-302 тоотод оршин суух, хувиараа хот хооронд тээвэрлэлт эрхэлдэг, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Г.Б нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 14 цаг 30 минутын үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Мөнхийн гудамжинд Т.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний хоолойг боох, нүүрэн тус газар нь баруун гараараа 1-2 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд цус хуралт, зүүн дээд 5 дугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 14 цаг 30 минутын үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Мөнхийн гудамжинд Т.Г-тай автомашины пүрш солиогүй учир 20 000 төгрөг буцааж авна гэдэг шалтгаанаар маргалдаж улмаар түүний хоолойг боох, нүүрэн тус газар нь баруун гараараа хэд хэдэн удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Г-д учирсан гэмтэлүүдийг би учруулсан. Надад гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Г-ын хацар руу эхлээд алгадсан, дараа нь заамдаж байгаад эрхий хурууныхаа ар хэсгээр нүд рүү нь цохисон. Тухайн өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Г миний машины урд талын 2 пүршийг солиогүй байснаас болоод бид хоёр маргасан. Би өөрийнхөө үйлдсэн хэрэгт маш их гэмшиж байна. Би прокуророос сонсгосон ялын саналыг хүлээн зөвшөөрч байгаа. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэв.

 

1.2. Хохирогч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр айлд байж байтал Б гээд өмнө нь машиныг нь янзалж өгч байсан залуу 14 цагийн үед залгаад чи миний машины пүршийг солиогүй байна. Надад 20 000 төгрөг өг гэхээр нь би эгчийндээ байна, би сольсон юу яриад байгаа юм бэ гэтэл би яваад очъё хаана байгаа юм гэж надаас асуусан. Би эгчийндээ байна гэхэд Мөнхийн эгнээний дэлгүүрийн гадаа байна гээд удалгүй над руу утсаар ярихаар нь хүрээд очсон чинь чи надад 20 000 төгрөг өг гэхээр нь надад одоо мөнгө байхгүй гэсэн чинь машинаасаа бууж ирээд сольсон пүрш ийм байдаг юм уу гээд миний сольж байсан машиныхаа урд талын пүршийг харуулахаар нь та одоо өмнө нь сольсныг нь гаргаж ирээд харьцуулаад хараарай, би бол яг сольсон шүү, таны машин чинь доогуураа нилээд дуу орсон байна лээ, пүрш солиод дуу нь дарагдахгүй гэтэл чи надаар тоглоод янз үзээд байна уу гээд баруун гараараа зүүн хацар хэсэгт нэг удаа цохисон. Би юм хэлэлгүй арагшаагаа алхаад яаж байгаа юм бэ гэсэн чинь оролдоод байна уу гээд намайг боогоод хашаанд шахаад байхаар нь тонгойгоод зүүн гараараа нүүрээ хамгаалтал баруун гараараа зүүн хацар нүд хэсэг рүү хоёр удаа цохиход би газар унаад өгсөн. Б машиндаа суугаад явахдаа мөнгөнд чинь тааруулж цохилоо шүү гэж хэлсэн. Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, боолгосноос болж хүзүү улайсан, зүүн дээд шүд юм зажилхаар нүд рүү хатгаж өвдөөд байгаа. Зодуулснаас хойш толгой байнга өвдөөд байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 9-10 хуудас/

 

1.3. Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай хадам ээжийн төрсөн өдөр болно гээд Г-ын эгч Ггийнд 14 цагийн үед ирсэн. Г дэлгүүрээс юм авах гээд яваад 14 цаг 50 минутын үед буцаад дэлгүүрээс авсан юм байхгүй Бт зодуулчихлаа гээд орж ирсэн. Дэлгүүр гарах гэж байхад нь Б Г руу яриад Мөнхийн эгнээний дэлгүүрийн гадаа уулзсан гэсэн. Б нь манай нөхөр Гаар машиныхаа дөрвөн пүршийг 40 000 төгрөгөөр солиулсан байсан юм. Тэгсэн чинь Б урд хоёрыг нь солиогүй байна, 20 000 төгрөг буцааж өг гэж хэлсэн гэсэн. Тэгээд мөнгө байхгүй дараа өгнө гэтэл хоолойг нь боогоод хашаанд шахаж байгаад нүүрэн тус газар нь 2 удаа цохисон гэж хэлсэн. Зүүн нүд нь хавдаад хөхөрсөн, хүзүү нь улайсан байсан. Мөн зүүн талын дээд араа өвдөөд байна гэж байсан. Манай нөхөр гэрээс гарахдаа зүгээр гараад явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13-14 хуудас/

 

1.4. Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай ээжийн төрсөн өдөр болно гээд манайд дүү Г, эхнэр хүүхдүүдтэйгээ 14 цагийн үед ирсэн. Би Г-ыг дэлгүүрээс юм аваад ир гээд явуулсан чинь 14 цаг 50 минутын үед буцаад дэлгүүрээс авсан юм байхгүй Бт зодуулчихлаа гээд орж ирсэн. Б нь Г-аар машиныхаа пүршүүдийг 40 000 төгрөгөөр солиулсан байсан юм. Тэгсэн чинь Б урд хоёрыг нь солиогүй байна, 20 000 төгрөг буцааж өг гэхээр нь мөнгө байхгүй гэтэл зодсон гэж хэлсэн. Манай дүү Г-ын хоолойг нь боосон бололтой хүзүү нь улайсан, зүүн нүд рүү нь цохисон бололтой хөхрөөд хавдсан байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15-16 хуудас/

 

1.5. Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай ээжийн төрсөн өдөр болно гээд 15 цаг болж байхад Ггийн гэрт ирэхэд Гын эхнэр Т хүүхэдтэйгээ байж байсан. Г-ыг яасан талаар асуусан чинь дэлгүүрээс ногоо авах гээд гарсан гэсэн. Нээх удаагүй дүү Г нь Б гэж хүнд зодуулчихлаа гээд орж ирсэн. Толгой руу цохисон бололтой зүүн нүд нь хөхөрсөн, зүүн шанаагаар хөндүүрлээд байна гэхээр нь би эмнэлэгт үзүүлээд цагдаад хэлээрэй гэсэн. Зүүн нүд нь хавдаад хөхөрсөн, хүзүү нь улайсан байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-18 хуудас/

 

1.6. Гэрч Э.З мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр манай нөхөр хөдөөнөөс ирээд машинаа унаж үзээд урд хоёр пүршийг солиогүй юм шиг байна гээд Г-тай уулзана гээд явсан. Удалгүй буцаж ирээд цаг үрлээ, хэгжүүрхээд байхаар нь нэг нясалчихлаа л гэж надад хэлсэн. Яг юу болсон эсэхийг нь би сайн мэдэхгүй. Г-ын эхнэр гээд нэг эмэгтэй над руу залгаад манай нөхрийг яахаараа зоддог юм бэ, цагдаад өгнө гээд орилоод байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19-20 хуудас/

 

1.7. Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 320 дугаар дүгнэлтэд: Т.Г-ын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд цус хуралт, зүүн дээд 5-р шүдний сулрал гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн нүдний цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний цус хуралт, зүүн дээд 5-р шүдний сулрал гэмтлүүд нь тус бүрдээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тонтонгид нөлөөлөхгүй болно.

 

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 25-26 хуудас/

 

1.8. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 6-7 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г.Б-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба прокурорын яллах дүгнэлтэд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

            Шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Надад гомдол байхгүй. Эмчилгээний зардал гараагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-12 хуудас/

 

2.2. Гэрч Э.З мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Б-тай 2015 оноос эхэлж хамт амьдарч байгаа гурван хүүхэдтэй. Б нь архи дарс нээх хэрэглэдэггүй, найз нөхөд гэр бүлийнхээ дунд нэр хүнд сайтай, гэр бүлдээ халамжтай хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/

 

2.3. Хохирогч Т.Г-ын Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн тэмдэглэл /х.х-ийн 41-43 хуудас/

 

2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 44-49 хуудас/

 

2.5. Иргэний үнэмлэхийн лавлагаа, Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /х.х-ийн 52, 62 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

 

Прокуророос шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Г.Б нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гарганагэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТТУЛГА