Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2138

 

        “БАИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/01923 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “БАИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Н-д холбогдох

Ажил хэргийн болон иргэний нэр төр сэргээлгэх, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдахгүй байхыг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Хариуцагч Г.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “БАИ” ХХК 2006 оноос Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар хорооллын 17 байрны инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа бөгөөд тус хорооллын 8 сууц өмчлөгчдийн холбооноос “Тэнгэрийн гэгээ” СӨХ-оос бусадтай нь ус, дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажиллаж байна. Гэтэл “Тэнгэрийн гэгээ” СӨХ-ны захирал Г.Н иргэдэд “БАИ” ХХК оршин суугчдаас 6 000 төгрөгийг төлбөр дээр нэмж ус, дулаан дамжуулах төвийн зардал гэж иргэдээс хууль бусаар хурааж байна гэх үндэслэлгүй мэдээллийг 2014 оноос хойш тарааж, оршин суугчдын дунд ил болон далдуур хуулийн этгээдийн нэр хүндийг гутаан доромжилж байна. Богд-Ар хорооллын оршин суугчдын 800 гаруй гишүүнтэй фэйсбүүк группээр өдөр болгон “БАИ” ХХК-ийн захирал болон захирлын бэрийг хятадын эрлийз, луйварчид, луйварчдад битгий мөнгө төл гэсэн мэдээлэл цацдаг, мөн орцны үүдээр наадаг. “БАИ” ХХК нь Орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төвийн харьяа үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Улаанбаатар дулааны сүлжээ“ ТӨХК-тай 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.2.11-т заасан худалдан авагч талын дулааны шугам, тоноглол, дулаан дамжуулах төвийн үйлчилгээтэй холбогдон гарах ашиглалтын зардлыг тухайн шугамыг ашиглан дулааны эрчим хүчээр хангагдаж байгаа орон сууцны оршин суугч, аж ахуйн нэгж харилцан тохиролцож гаргана гэж байгаа. Энэ гэрээн дээр ямар нэгэн үнийн тариф тогтоосон зүйлгүй. Энэ заалтын дагуу оршин суугчдаас зардал төлүүлэхээр 2014 оны 01 дүгээр сарын 26-нд захирлын тушаал гарч, 6000 төгрөгийн нарийвчилсан тооцоо гарсан.

Хариуцагч тал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр доромжилсон нь үндэслэлгүй худал мэдээлэл тул “БАИ” ХХК-ийн захирал Х.И, түүний бэр Д.А-ын нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг гүтгэлгийг тараасан хэлбэр хэрэгслээр дамжуулан уучлалт гуйх, дахин ийм асуудлаар ажил хэргийн нэр хүндэд халдахгүй байхыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БАИ” ХХК нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай Богд-Ар хорооллын айлуудыг дулаан, халаалт, хэрэглээний халуун хүйтэн усаар хангах, эрчим хүч хэрэглэсний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлүүлэх эрх, үүрэгтэй гэрээ байгуулсан. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-т заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны баталсан үнэ тарифаар эрчим хүч худалдах ёстой боловч тус компани энэ үүргээ биелүүлэхгүй цахилгааны төлбөр дээр бичвэр хийлгүйгээр 3000-6000 төгрөгийг нэмж авдаг байсан. Үүнийг 2015 оны 01 сарын 05-наас 2 сарын 5 хүртэл бичвэр хийлгүй аваад, шаардлага тавихаар хариу тайлбаргүй дахиад 7 сар орон сууцны төлбөрийн хуудаст юуны мөнгө нь мэдэгдэхгүй “УДДТАЗ” зардал гэж бичиж 80 000 000 төгрөг авсан. “Тэнгэрийн гэгээ” СӨХ нь сууц өмчлөгчдийнхөө эрх ашгийн үүднээс энэ хууль бус үйлдлийн талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг эрх бүхий байгууллагад хандсанаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар шалгаж, 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 07/43 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж тогтоосон. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08/133 дугаар албан бичгээр 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4/958 дугаар албан бичгээр зөрчлийг арилгаж, иргэдэд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хариу өгсөн. 2016 онд “БАИ” ХХК-ийг гаргасан зөрчлөө арилгах албан мэдэгдэл өгсөн. Г.Н иргэний хувьд нэхэмжлэгчтэй харьцаагүй, гутаан доромжилсон зүйлгүй. “БАИ” ХХК-ийн ямар нэр хүндийг ямар хэлбэрээр унагаасан, ямар хохирол учирсныг нотлох баримтгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Н-д холбогдох ажил хэргийн болон иргэний нэр төр сэргээлгэх, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдахгүй байхыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг хүссэн “БАИ” ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...орцны үүдэнд наасан гэх фото зураг, "Оршин суугчдын анхааралд "Богд Ар хорооллын оршин суугчид гэсэн бичгийг Г.Н үйлдсэн нь нотлогдоогүй ... энэ мэдээллээр “БАИ” ХХК-ийн нэр төрийг гутаасан мэдээ, мэдээллийг тараасан гэх үндэслэл тогтоогдоогүй" гэж дүгнэсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий фактуудыг илэрхийлж, агуулсан бичгийг хамруулан тодорхойлдог. Энэ нь ямар материалд бэхжиж үлдсэн гэдгээс үл хамааран нотолгооны агуулгыг илэрхийлдэг. Гэвч шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй, Г.Н үйлдсэн нь нотлохгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Тодруулбал, Богд Ар хорооллын орцнуудын хаалга үүд, мэдээллийн самбар, тоглоомын талбай зэрэг олон нийт харж болохуйц хэсэгт наасан хулгайч, луйварчин гэх доромжилсон агуулгатай бичиг нь Г.Н-ийн өөрийн цахим хуудаснаас Богд Ар хорооллын оршин суугчдын цахим хуудсанд оруулдаг доромжлол гүтгэлэгтэй адил утга агуулгатай. Мөн дээрх цахим хуудсаар "БАИ" компанийг доромжилсон, гүтгэсэн мэдээлэл болон захирал Х.И, гүйцэтгэх захирал Д.А нарыг хятад, луйварчин гэх зэргээр нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэл нь гудамж талбайд наасан дээрх бичигтэй адил утгатай бөгөөд хариуцагч Г.Н бичсэн нь тогтоогддог. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "хэргийн 33-61 талд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, Г.Н үйлдсэн нь нотлоогүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч, хэргийн үйл баримтад хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “БАИ” ХХК хариуцагч Г.Н-д холбогдуулан ажил хэргийн болон иргэний нэр төр сэргээлгэх, нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Г.Н нь нэхэмжлэгч “БАИ” ХХК-ийн ерөнхий захирал Х.И, түүний бэр Д.А нарыг “хужаагийн эрлийз, луйварчин” гэх агуулгаар гутаан доромжилж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох Фэйсбүүк /Facebook/ цахим мэдээллийн хэрэгслээр нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх үйлдэл нь эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгч “БАИ” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдаж, цахим мэдээлэл болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэр хүндийг нь гутаасан мэдээ тараасан үйл баримт тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаадлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, нэхэмжлэгчийн шаардах эрх, түүний үндэслэлийн талаархи хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасаныг зөрчөөгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Иймээс “Хариуцагч Г.Н нь Фэйсбүүк /Facebook/ цахим мэдээллийн хэрэгслээр нэхэмжлэгч байгууллагын нэр хүндийг гутаасан” гэх тайлбараа нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд баримтаа гаргах боломжгүй бол шүүхэд хүсэлт гаргах замаар хэргийн материал бүрдүүлэх журамтай бөгөөд шүүх санаачилгаараа нотлох баримт бүрдүүлэх үүрэггүй юм.

Нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасны дагуу цахим хуудсанд үзлэг хийлгэх, өөр нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх үнэлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дотоод итгэлээрээ үнэлж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/01923 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                         Ш.ОЮУНХАНД

                                                                                                          Д.БАЙГАЛМАА