Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 397

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: П.Ц

Хариуцагч: СБД ЗД

Нэхэмжлэлийн шаардлага: “...” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч П.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие аав П ээж А нарын хамт 1986 оноос одоог хүртэл амьдарч байгаа ... газар эзэмших эрхийн гэрчилгээгээр авсан. Тэр үед кадастрын зураг хийдэггүй байсан.

            Манайх жил бүр энэ зусландаа гардаг бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн газрын албанд гэрчилгээгээ солиулахаар хандахад миний өмчлөлийн дээрх газрыг 2018 онд дүүргийн Засаг даргын ... дугаар захирамжаар Х.Б шилжүүлсэн байна гэж газрын албаны байцаагч Т танилцуулсан.

            Үүний дагуу газрын албанд гомдол гаргахад ... албан бичгүүдээр шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар хариу өгсөн. Х.Б нь манай зуслангийн газар амьдарч байгаагүй бөгөөд ямар үндэслэлээр газар олгосон талаар байцаагч М уулзахад архивын газрын албаны мэдээллийн санд мэдээлэл байхгүй, Х.Б энд амьдарч байсан гэсэн нэг бичиг байна гэсэн.

            Иймд СБД ЗД ... дугаар захирамжийн Х.Б холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн П.Ц нь 2002 онд дүүргийн Засаг даргын захирамжаар ....  жилийн хугацаатай эзэмших эрхтэйгээр авсан.

2007 онд П.Ц газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан бөгөөд газрын тухай хуульд заасны дагуу сунгуулах хүсэлтээ өгөх ёстой байсан боловч газрын гэрчилгээгээ сунгуулаагүй, газрын төлбөр төлж байгаагүй байна.

Уг маргаан бүхий газрыг иргэн Х.Б дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаар захирамжаар эзэмшүүлсэн бөгөөд мэдээллийн сангаас шүүж үзэхэд иргэн П.Ц, Х.Б нарын нэр дээр бүртгэл байхгүй харагдаж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж оролцож байна. Х.Б хувьд 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн СБД ЗД ... дугаар захирамжийг үндэслээд Шарга морьтод 189 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших шийдвэр гарсны дагуу Газрын тухай хуульд заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлээд, газар эзмших гэрээ байгуулан газрын төлбөрөө төлөөд хууль ёсны дагуу уг газраа эзэмшиж авсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс хууль бусаар олгосон гээд байдаг.

Гуравдагч этгээдийг газрын албанд өргөдлөө өгөхөд 189 м.кв газар дээр давхацсан гэрчилгээ байгаагүй. Тиймээс Х.Б уг газар дээр хууль ёсоор нь гэрчилгээ авсан гэж үзэж байгаа. Х.Б хувьд маргаан бүхий зуслангийн газар 2001-2006 он хүртэл амьдардаг байсан. 2006 оноос хойш амьдраагүй. 2017-2018 оны үед тухайн үед зусланд гардаг байсан манаач нар нь “энэ газрын гэрчилгээг бүрдүүлж аваад газрынхаа ажиглалт, хамгаалалтад арга хэмжээ авч тордохгүй бол хүүхдүүд тоглоход дээрээс нь нурж унаад хүний амь нас хохироох хэмжээний зүйл болох гээд байна. Та нарыг явснаас хойш энд өөр хүн зусланд гараагүй” гэж байсан. Газрын албаар шүүлгээд үзэхэд уг газарт гэрчилгээ, кадастрын зураг давхцаагүй байсан. Тиймээс Х.Б Газрын тухай хуульд зааснаар холбогдох баримт бичиг бүрдүүлж газраа авсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа гэсэн байдаг. 2001 оноос хойш П.Ц гэдэг хүн амьдраагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна” гэжээ

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч иргэн П.Ц СБД ЗД холбогдуулан “СБД 2018 оны ... дугаар захирамжийн Х.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэн Х.Б Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зусланд газар эзэмших хүсэлт гаргасныг үндэслэн ... дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шаргаморьтод зуслангийн зориулалтаар 189 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.

Нэхэмжлэгч П.Ц “…1986 оноос одоог хүртэл амьдарч байгаа  Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шаргаморьтын зуслангийн эцсийн буудлын зүүн хойд талд байрлалтай зуслангийн 0.4 м.кв талбайтай модон байшинтай газрыг... оны ... тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр авсан. … 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэрчилгээгээ солиулахаар очиход Х.Б кадастрын зураг хийгдсэн байсан. … Газрын алба зүгээр нэг хүний өргөдлөөр байшинтай газрыг хэзээ ч хүнд газар эзэмшүүлдэггүй. …Х.Б минийх шиг бичиг байсан бол гомдол алга…” зэрэг үндэслэлээр ... дугаар захирамжийн Х.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар мэтгэлцэж байна.

СБД ЗД иргэн П.Ц 2002 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ... дүгээр гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгосон бөгөөд уг гэрчилгээнд газрын байршлыг тодорхой заагаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгч П.Ц 2002 онд газар эзэмшүүлсэн захирамж, газрын хувийн хэрэг зэргийг нотлох баримтаар авахаар СБД газар зохион байгуулалтын албаны архивд хадгалагдаж буй газрын хувийн хэрэг, газар эзэмших эрх олгосон захирамж, системийн бүртгэл зэрэгт хийсэн баримт бичгийн үзлэгээр нэхэмжлэгчид 400 м.кв газар эзэмшүүлсэн захирамж, газрын хувийн хэрэг байхгүй болох нь тогтоогдсон бөгөөд харин Шаргаморьтын өөр байршилд зуслангийн зориулалтаар ... оны ... дугаар захирамжаар 700 м.кв газар эзэмшүүлжээ. 

Хэдийгээр СБД ...оны ...дугаар захирамжаар иргэн П.Ц эзэмшүүлсэн газар иргэн Х.Б эзэмшүүлсэн газартай давхцалгүй, өөр байршилтай боловч ... оны ... дүгээр гэрчилгээнд газрын байршил тодорхой заагаагүй, газрын хувийн хэрэг байхгүй, газар эзэмшүүлсэн захирамж байхгүй учир гэрчилгээний үндсэн эзэмшиж байсан гэх газар нь дээрх газруудын аль нь болохыг тогтоох боломжгүй байна. 

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.1 “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй; …” гэж зааснаар иргэн П.Ц ... оны ... дүгээр гэрчилгээгээр эзэмшиж байсан гэх газрын эзэмших эрх ... онд дуусгавар болжээ. 

Нэгэнт иргэн П.Ц олгосон гэрчилгээний хугацаа дууссан тул СБД ЗД захирамжаар иргэн Х.Б эзэмшүүлсэн газар бусдын эзэмшиж байгаа газартай давхцаагүй учир Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл иргэн П.Ц эзэмшиж байсан гэх газрын байршил тодорхой бус, эзэмших эрх дуусгавар болсон, Х.Б маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь бусдын эзэмшиж байгаа газартай давхцаагүй тул СБД ... дүгээр хороо ... зуслангийн зориулалтаар 189 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар иргэн Х.Б эзэмшүүлсэн тус дүүргийн ЗД ... оны .. дүгээр сарын ..-ний өдрийн ... дугаар захирамж хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгч П.Ц нь гуравдагч этгээд Х.Б эзэмшүүлсэн газарт байрлах зуслангийн байшингийн эзэмших эрхийн асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй юм. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Ц СБД ЗД холбогдуулан гаргасан ... дугаар захирамжийн Х.Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

ШҮҮГЧ                                                           Н.ДАМДИНСҮРЭН