| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0147/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/158 |
| Огноо | 2018-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл,
хохирогч Л.Э ,
шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б-ийн Б холбогдох эрүүгийн 1720001990171 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч
ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ....... оны ...... дугаар сарын .........-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, .........., авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........ хамт Дорноговь аймаг, Замын-Үүд сумын .................. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д овогт Б-ийн Б /РД:......................../
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомт дээр иргэн Л.Э ыг “миний тээврийн хэрэгслийг мөргөчихлөө янзалж өг” гэхэд нь нүүрэн тус газар нь мөргөж, цохиж хамар ясны далд хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хорио цээрээс шалган нэвтрүүлэх хэсэгт Б.Б ухарч байгаад миний унаж байсан автомашиныг мөргөсөн. Би машинаасаа буугаад “үүнийг янзлуулахад ойролцоогоор 200-300 юань болно” гэж хэлэхэд өөдөөс салаавч гаргасан. Б.Б эс тухайн үед архи үнэртэж байсан болохоор би маргалдаад яахав гэж бодсон. Тэгээд очерлож байхад Б ирээд намайг мөргөсөн. Бид хоёр зууралдаж байхад ойр хавьд байсан жолооч нар ирээд салгасан. Орой нь Хятадын хилээс Монголын хил рүү гарах гэж байхад Б манай аавтай таарсан ба аав юу болсон талаар асуухад тэд хооондоо маргалдсан байсан. Тэгээд Монголын хил рүү орчихлоо гэж бодоод Замын цагдаа руу залгаж дуудлага өгөхөд Монголын хил рүү ороогүй байсан юм билээ. ... Миний биед хамрын ясны мурийлт гэмтэл тогтоогдсон. Би рентген зураг авахуулж, хамар яс тэгшлүүлэх эмчилгээ хийлгэсэн. Хамар хугарсаны дараа эмнэлгээс асуухад 300.000-350.000 төгрөг болно гэж хэлж байсан. Мөн 150.000 төгрөгөөр машинаа янзлуулах гэж байгаа. Б.Б нэг л удаа хамар хэсэгт мөргөсөн. Өнөөдөр шүүх хурлаас өмнө Б.Б хохиролд “100.000 төгрөг өгье” гэхээр нь би аваагүй. Учир нь 100.000 төгрөг бол наашаа ирэх миний нэг талын унааны зардал юм. Одоогоор эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй учраас эмчилгээ хийлгэсний дараа хохирлын мөнгө нэхэмжилнэ гэв.
Мөн хавтаст хэргээс:
1. Шүүгдэгч Б.Б 2018.03.27-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн үед БНХАУ-ын Эрээн хот орохоор хилийн хяналтын хорио цээр, гаалийн хяналтын хэсэгт гаалийн бичгээ аваад штамп даруулахаар очерлож эгнээ байраа эзлэх зорилгоор ухарч байгаад санамсаргүй Л.Э ын 39-93 ДГА улсын дугаартай автомашиныг мөргөсөн. Би машинаасаа бууж очиж уулзаад “ухарч байхад хойно очоод мөргүүлчих юм, ухрахын гэрэл хардаггүй юм уу” гэхэд “миний машиныг мөргөчихлөө, 300 юань өг” гэхээр нь бага зэрэг маргаан үүсээд би духаараа Л.Э ын хамар тус газар нэг удаа мөргөсөн. Л.Э миний толгой руу 2-3 удаа гараараа цохисон. Тэр үед жолооч нар бид хоёрыг салгасан...гэх мдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,
2. Хохирогч Л.Э 2018.02.08-ны өдөр мэдүүлэхдээ: “... Би 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот руу орох гээд хилийн боомтын Шалган нэвтрүүлэх хэсэгт ээж Тунгалагийн эзэмшлийн 39-93 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслээр очерлож байхад хажуу талын эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл эгнээндээ багтахгүй ухарч миний тээврийн хэрэгслийн баруун урд талын корланы урд хэсэг рүү тухайн тээврийн хэрэгсэл хойд талын запаас дугуйгаараа мөргөсөн. Би машинаасаа буухад тухайн тээврийн хэрэгслийн жолооч бууж ирэхээр нь “чи ухарч байгаад миний машиныг мөргөчихлөө, машин янзалж өг” гэхэд “чи одоо хэдийг авах гээд байгаа юм бэ” гэхээр нь “наад талын корланыг бүтэн будуулж янзлуулахад 200-300 юань болно” гэхэд нь бид хоёр хоорондоо маргалдсан. Тэр үед хятад цэргүүд ирээд бид хоёр өөр өөрийн машиндаа суугаад эгнээ байраа эзлээд байж байхад нөгөө машины жолооч ирээд машины хаалгыг онгойлгоод “хоёулаа гараад уулзана” гээд миний хамар руу толгойгоороо мөргөж, дахин цохих гээд бид хоёр зууралдаж байхад нэг жолооч ирээд салгасан. ... Би одоо хамраа янзлуулахад 500.000 төгрөг, тээврийн хэрэгслээ 100.000 төгрөгөөр янзлуулна. Ингээд нийтдээ 600.000 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-22-р хуудас/,
2018.03.29-ний өдөр мэдүүлэхдээ: ... Би Б.Б эс нийт 500.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
3. Гэрч С.Б 2018.02.10-ны өдөр мэдүүлэхдээ: “... 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн үед БНХАУ-ын хилийн боомт дээр иргэн Л.Э нь үл таних 89-56 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид зодуулсан талаар ямар нэг гомдол мэдээлэл ирээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
4. Гэрч Г.Б 2018.02.15-ны өдөр мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн үед БНХАУ-ын хилийн боомт дээр иргэн Л.Э нь үл таних 89-56 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид зодуулсан талаар ямар нэг гомдол мэдээлэл ирээгүй. Тухайн үед энэ талаар гомдол мэдээлэл ирсэн ч гэмт хэрэг нь БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомт дээр болсон асуудал болохоор Цагдаагийн байгууллага шалгах боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
5. Гэрч Б.Д 2018.02.21-ний өдөр мэдүүлэхдээ: “... Л.Э гэх хүн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн биеэр Нэгдсэн эмнэлэг дээр ирж үзүүлэхэд хамрын яс хугарч баруун тийшээ мурийсан байсан. Тухайн хүнд зохих журмын дагуу эмчилгээ бичиж өгсөн, хамарны хугарлыг янзалж, давтан зураг авахуулахаар явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №06 дугаартай дүгнэлтэнд:
1. Л.Э ын биед хамар ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 34-р хуудас/,
7. Хилээр нэвтэрсэн лавлагаа /хх-ийн 45-47-р хуудас/,
8. Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 50-51, 62-р хуудас/,
9. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 69-р хуудас/,
10. Автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 70-71-р хуудас/,
11. Хохирогч Л.Э ын хувийн байдалтай холбоотой баримтууд:
- Амбулаториорын эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 55-56-р хуудас/,
- иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 57-р хуудас/,
- жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 58-р хуудас/,
12. Шүүгдэгч Б.Б хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Дорноговь аймаг Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59-р хуудас/,
- урьд ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-р хуудас/,
- мэргэжлийн боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 64-65-р хуудас/,
- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 67-р хуудас/,
- жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 68-р хуудас/ зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын /Эрээн хот руу орох/ хилийн боомт дээр 89-56 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа хохирогч Л.Э ын жолоодож явсан 39-93 ДГА улсын дугаартай машиныг мөргөхөд “машин мөргөчихлөө, засуулахад 200-300 юань болно, хохирлоо төл” гэснээр шалтаглан хохирогчийн нүүрэнд толгойгоороо мөргөж “хамар ясны далд хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт ... 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хорио цээрээс шалган нэвтрүүлэх хэсэгт Б.Б ухарч байгаад миний унаж байсан автомашиныг мөргөсөн. Би машинаасаа буугаад “үүнийг янзлуулахад ойролцоогоор 200-300 юань болно” гэж хэлэхэд өөдөөс салаавч гаргасан. Б.Б эс тухайн үед архи үнэртэж байсан болохоор би маргалдаад яахав гэж бодсон. Тэгээд очерлож байхад Б ирээд намайг мөргөсөн. Бид хоёр зууралдаж байхад ойр хавьд байсан жолооч нар ирээд салгасан. Орой нь Хятадын хилээс Монголын хил рүү гарах гэж байхад Б манай аавтай таарсан ба аав юу болсон талаар асуухад тэд хооондоо маргалдсан байсан. Тэгээд Монголын хил рүү орчихлоо гэж бодоод Замын цагдаа руу залгаж дуудлага өгөхөд Монголын хил рүү ороогүй байсан юм билээ. ... Миний биед хамрын ясны мурийлт гэмтэл тогтоогдсон. Би рентген зураг авахуулж, хамар яс тэгшлүүлэх эмчилгээ хийлгэсэн. Хамар хугарсаны дараа эмнэлгээс асуухад 300.000-350.000 төгрөг болно гэж хэлж байсан. Мөн 150.000 төгрөгөөр машинаа янзлуулах гэж байгаа. Б.Б нэг л удаа хамар хэсэгт мөргөсөн. Өнөөдөр шүүх хурлаас өмнө Б.Б хохиролд “100.000 төгрөг өгье” гэхээр нь би аваагүй. Учир нь 100.000 төгрөг бол наашаа ирэх миний нэг талын унааны зардал юм. Одоогоор эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй учраас эмчилгээ хийлгэсний дараа хохирлын мөнгө нэхэмжилнэ гэв.
Гэрч Б.Д “... Л.Э гэх хүн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн биеэр Нэгдсэн эмнэлэг дээр ирж үзүүлэхэд хамрын яс хугарч баруун тийшээ мурийсан байсан. Тухайн хүнд зохих журмын дагуу эмчилгээ бичиж өгсөн, хамарны хугарлыг янзалж, давтан зураг авахуулахаар явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №06 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Л.Э ын биед хамар ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 34-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас хохирогч Л.Э ыг “машин мөргөчихлөө, янзалж өг” гэснээр шалтаглан мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулсан Б.Бат-Эрдэний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын /Эрээн хот руу орох/ хилийн боомт дээр 89-56 ДГО улсын дугаартай автомашин жолоодож явахдаа хохирогч Л.Э ын жолоодож явсан 39-93 ДГА улсын дугаартай машиныг мөргөхөд “машин мөргөчихлөө, засуулахад 200-300 юань болно, хохирлоо төл” гэснээр шалтаглан хохирогчийн нүүрэнд толгойгоороо мөргөж “хамар ясны далд хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хохирогч Л.Э ын мэдүүлэг, гэрч Б.Д мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №6 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, … гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бат-Эрдэний анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Л.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “.... эмчилгээгээ бүрэн хийлгэсний дараа баримтуудаа бүрдүүлж хохирлоо нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн тул хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Д овогт Б-ийн Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 280 /хоёр зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Л.Э нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР