Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/269

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0255/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Ө.Ө.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.С-ад холбогдох эрүүгийн 1818002380248 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ө.С-, 1983 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Ө.Ө.С- нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр **** тоотын үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Д.Д.О-ийг шатнаас түлхэн унагаж эрүүл мэндэд нь баруун бугалга, шуу, цээж, бүсэлхийн зүүн тал, баруун хонго, баруун, зүүн шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч Ө.Ө.С- нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ***** тоотын үүдэнд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Д.Д.О-ийг шатнаас түлхэн унагаж эрүүл мэндэд нь “баруун бугалга, шуу, цээж, бүсэлхийн зүүн тал, баруун хонго, баруун, зүүн шилбэний цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Ө.Ө.С-ын шүүх хуралдаанд өгсөн: Би 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гадуур явж байгаад найз Т-г гэрийн ажилд туслаад өгөөч гэж гуйсан. Учир нь маргааш цагаан сар болох гэж байсан. Тэгээд би Т-г дүү, охины нь хамт аваад гэртээ авчраад тэр гурвыг өөрийнхөө охинтой үлдээгээд гадуур ажил хөөцөлдөхөөр явсан.  Орой 22 цагийн үед аавындаа оччихоод байтал Т- залгаад эхнэр чинь ирээд дүү бид хоёрыг цагдаа дээр авчирчихлаа гэхээр нь би цагдаа дээр иртэл Т- дүүтэйгээ байсан. Цагдаа надаас та энэ хүмүүсийг гэртээ оруулсан юм уу гэж асуухаар нь тийм гэж хэлсэн. Гэртээ харьтал манай эхнэр Д.О- хадам эцэг, эхийн хамт ирчихсэн байсан. Тэгээд бид нар маргалдаж байгаад хадам аав, ээж хоёр хүүхдийг аваад явсан. Тэгтэл Т- дүүтэйгээ цагдаад мэдүүлэг өгчхөөд ирлээ гээд орж ирсэн. Тэгэхээр нь би тэр гурвыг гэртээ үлдээчхээд гадагш гарчхаад удалгүй буцаад гэртээ иртэл Д.О- охин 2 ороод ирчихсэн хоорондоо маргалдаж байсан. Тэгэхэд Д.О- энэ хүмүүсээ явуул гэхээр нь одоо явуулна гэхэд Д.О- тамхи татаад гуталтайгаа яваад байхаар нь наадахыг чинь цэвэрлэсэн шүү, чиний гэр орон ш дээ гэхэд тамхиныхаа үнсийг над руу үлээхээр нь би гарнаас нь барьж аваад 2 булчингаас нь бариад хаалгаар орцонд гаргасан. Ингээд гадаа гараад машины хажууд хэрэлдэж байтал олон нийтийн цагдаа *******  ирсэн. Тэгээд гэр рүү дахиж ороод орилж хашхираад энэ хүмүүсийг явуул гэсэн. Манай эхнэр гэр орны эд хогшил эвдчихдэг болохоор чамайг ганцааранг чинь гэртээ үлдээхгүй гээд эхлээд чи гар эсвэл хамт гаръя гээд бид хоёр маргалдсан. Д.О- бид хоёр 2005 онд гэр бүл болоод 2010 онд би Солонгос улс руу явчхаад 2017 онд ирсэн. Тэгээд мөнгөний асуудлаас болоод цагаан сар болохоос арваад хоногийн өмнө Д.О- нөгөө байр руугаа явчихсан байсан. Битүүний өдөр ирэх байх гээд харахад ирэхгүй байсан учир би гэрийнхээ юмыг хийлгэе гээд Т-г гуйгаад авчирсан байснаас болоод Д.О- ирээд хэрүүл маргаан үүсгэсэн. Түүнээс тэнд зодоон цохион болоогүй. Д.О- намайг байхгүй хойгуур 2014 онд гэрлэлтээ цуцлуулсан байсан гэх мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

           

            Хохирогч Д.Д.О-ийн өгсөн: Би нөхөр Ө.С-тай хамт амьдраад 13 жил болохдоо 8, 12 настай эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэдтэй болсон. Манай нөхөр сүүлийн 7 жил Солонгос улсад гэрээгээр ажиллаж байгаад 2017 оны 8 сард ирсэн. Түүнээс хойш 2 сарын дараа буюу 2017 оны 10 сард нөхөр бид 2 Цуурай цоогийн гадаах павилионд махны дэлгүүр ажиллуулахаар засвар үйлчилгээ хийгээд ажиллуулж эхэлтэл манай нөхөр намайг дэлгүүр ажиллуулж чадахгүй байна гээд дэлгүүрийг өөр хүнд өгсөн. Түүнээс болж маргалдаж эхэлсэн. Сүүлдээ нөхөр маань жижиг зүйл дээр хүртэл хэрүүл маргаан хийж шалтаг гарган намайг гэрээс хөөгөөд байхаар нь би хүүгээ аваад Өнгөт хорооллын байрандаа ирсэн. 2018 оны 02 дугаар сарын 16-ны орой буюу битүүний орой би охин *******рүү залгатал цаана нь эмэгтэй хүн охинд маань үг зааж өгөөд байгаа сонсогдсон. Тэгээд би охиноосоо аав нь хаана байгаа юм гэсэн чинь охин 3 шар луу эмээ өвөөгийнх рүү битүүрэх гээд явчихсан гэж хэлсэн. Тэгээд би ээжтэйгээ гэртээ яваад очтол манай гэрт 2 эмэгтэй 1 охинтой байж байсан. Би тухайн үед та нар юун хүмүүс вэ манай гэрээс яв гэж хэлсэн. Тэгтэл Ө.С-ын найз  нь Ө.С-ыг ирэхээр нь явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудсан. Цагдаа дээр очтол цагдаагийн газраас наад хүмүүс чинь нөхрийн чинь таньдаг хүмүүс юм байна гээд биднийг буцаасан. Тэгээд Ө.С- гаднаас орж ирэхээр нь би энэ хүмүүсээ гэр рүү нь явуул гэсэн чинь Ө.С- чи өөрөө гар гээд гарнаас зулгааж гэрээс татаж гаргаад шат руу түлхэж унагаасан гэх мэдүүлэг /хх 14/,

      Гэрч Ц.М- өгсөн: О- эгч манай ээжийн дүү. 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би Дарханд өвөө, эмээгийнхээ цагаан сарын бэлтгэлийг хийлцэх гээд ирсэн.  Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр О- эгч Ө.С- завтай бол цагаан сарын бэлтгэл хийлцээд гэр цэвэрлээд өг гэхээр нь О- эгч, Х- бид гурав гэрт нь очоод гэрийг нь цэвэрлээд ширээг нь засч өгөөд байж байсан чинь Ө.С- ахын эхнэр нь гээд эмэгтэй ээжтэйгээ ирсэн. Тэгээд юун хүмүүс вэ гээд орилсон чинь О- эгч найз нь байна гэж хэлсэн чинь хадам ээж нь гээд нэг настай эгч харваас янханууд байна гэж хэл үгээр доромжлоод цагдаа дуудна гээд цагдаа руу явцгаасан.

...миний харсанаар Ө.С- ах нэг ч цохиогүй. Харин эхнэр нь шатны бариулаас барьчихаад аллаа гээд орилоод байсан. Ө.С- ах эхнэр Д.О-ийг хоёулаа гараад ярилцъя гэж хэлээд хоёр гарнаас нь барьж гараад шатны уруу бууж байсанаа шатны дунд хэсэгт явж байгаад эхнэр нь шатны бариулаас зуураад тавихгүй байсан чинь Ө.С- ах нэг хүчтэй татсан чинь хоёулаа шатны уруу унаж байгаа харагдсан гэх мэдүүлэг /хх 14/,

 

      Гэрч Т.О- өгсөн: Би Ө.С-тай энгийн сайхан найзууд. 2018.02.16-ны өдөр буюу битүүний өдөр Ө.С- над руу залгаад манай гэрт хоол унд хийлцээд охиныг маань хараад өг гэхээр нь би гэрт нь дүү М- болон охин Х-гийн хамт микрт гэрт нь очсон. Ө.С- 3 шар явчихаад ирье гэж хэлээд явсан гэтэл удалгүй хаалга тогшоод эхнэр нь гээд нэг эмэгтэй, ээжтэйгээ орж ирээд юун хүмүүс манай гэрт ороод ирчихсэн юм гэж орилж чарлаад, ээж нь харваас янханууд байна гээд байсан. Тэгээд дүү бид 2 юу ч дуугараагүй. Тэгээд 102 дуудсан. Цагдаа хүүхдийн буруу гэж юу байхав хүүхэд нь байж байг гэхээр нь би хүүхдээ үлдээсэн. Тэгээд 102 дээр очоод Ө.С-ын эхнэр гэх эмэгтэй цагдаа нарт би гэмт хэрэг хийсэн хүн аваад ирсэн байхад та нар баривчилсангүй гэж ууралсан чинь цагдаагаас танай гэрт танихгүй хүмүүс ороогүй байна танай нөхрийг танина гэж байна гэж хэлээд хүлээж аваагүй ...Ө.С- та гурав байж бай би Баяраа гээд найзындаа оччихоод ирээд та гурвыг хүргээд өгье гэж хэлээд гарсан. Тэгтэл эхнэр нь дахиж ирээд дүү бид хоёрыг яваагүй юу хийж байгаа юм гээд байж байтал Ө.С- ороод ирсэн. Тэр хоёр маргалдаад Ө.С- эхнэрээ чи гарчих тэгвэл би энэ хүмүүсийг хүргэж өгөх гээд байна гээд Д.О-ийн 2 гарынх  нь булчингаас бариад гэрээсээ гаргасан. Тэгээд хүүхэд нь уйлаад байхаар нь би хүүхдийг нь аргадаад хаалга онгорхой хаалган дээр зогсож байсан чинь Ө.С-, Д.О- 2 шатны уруу бууж байгаад уначих шиг болсон. Тэгсэн Д.О- аллаа гээд орилоод байхаар нь би хаалгаар шагайгаад хартал тэр Ө.С- Д.О- 2 шатны эргэлтийн тавцан дээрээс босож ирж байгаа харагдсан. Би тухайн үед зодоод байгаа юм болов уу гэж бодоод хартал зүгээр зууралдчихсан байсан гэх мэдүүлэг /хх 22/,

Гэрч Ч.Д- өгсөн: ...нөхөр нь намайг харж байхад ерөөсөө цохиж зодоогүй бид 3 гэр лүү нь орох гээд явж байхад нөхөртэйгөө хэрэлдэж явж байгаад хальт гишгээд шат руу уначихсан. Нөхөр нь цохиж болон түлхэж унагаагаагүй. Хамтарсан баг хуралдаж байхад энэ хүүхэн бараг хурал хийлгэхгүй орилж хашхираад нөхөр рүүгээ дайраад хэл үгээр доромжлоод байсан. Тэгэхэд нөхөр нь чи хоёр байраа ав би чамаас юу ч авахгүй надаас зүгээр салаад өг гээд байсан гэх мэдүүлэг /хх 23/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 288 дугаартай шинжээчийн дүгнэлт:

"1.Д.Д.О-ийн биед баруун бугалга, шуу, цээж, бүсэлхийн зүүн тал, баруун хонго, баруун, зүүн шилбэний цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй" гэжээ /хх 26/, 

 

     Аюулын зэргийн болон Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 40-46/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар "гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд", гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэрийг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар "бие махбодын хүчирхийлэл" гэдэгт хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхийг заасан байх тул шүүгдэгч Ө.Ө.С- нь таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Д.Д.О-ийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн" гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ө.Ө.С- нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна

 

            2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Ө.Ө.С- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ө.Ө.С- нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 50-51/ зэргээр тогтоогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

 

Шүүгдэгч Ө.Ө.С-ад ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ө.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ө.Ө.С-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ө.Ө.С-ад оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг нэг сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ө.Ө.С- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ө.С-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ