Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/711

 

   

 

 2019           09          18                                   2019/ШЦТ/711

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхгэрэл,

Улсын яллагч: Ц.Хулан,

            Хохирогч: Б.Б,

Шүүгдэгч: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын газрын прокуорор Ц.Хулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э-д холбогдох эрүүгийн 1811 0212 30790 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Уул уурхайн баяжуулалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт

Холбогдсон хэргийн талаар:

М.Э нь согтуугаар 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын …... тоотоос Б.Бгийн эзэмшлийн 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс-3 загварын, Б.Гын эзэмшлийн 20.000 /хорин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Нокиа загварын, Л.Эгийн эзэмшлийн 400.000 /дөрьөн зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхиы Самсунг Жэй-7 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 540.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ../яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай ах Г нь тухайн хэрэг гардаг орой үл таних 2 залуутай хамт орж ирээд бид нар гэрт ууж, идсэн. Тэгээх манай ах Г нь эхнэр Нтай муудалцаж тэр маргааныг таслах зорилгоор гэрээс бүгд гарсан байх хооронд үл таних 2 залуу гар утсыг хулгайлсан байсан. Тэгээд тэр 2 залуу учир шалтгаангүйгээр гараад явсан. Тэгээд гарч явсны дараа гэртээ орж ирээд эд зүйлсээ шалгахад гар утас байгаагүй. Самсунг эс 3 маркийн гар утас нөхрийн хувцасны халаасанд гэрийн үүдэнд байсан дараах нь гэрт орж ирэхэд хувцас нь анх байсан газраас өөр газар олдсон. Нийт 3 ширхэг гар утасны мөнгө болох 540.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 07 дугаа сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 16 гудамжны …. тоотод оршин суух манай хашаанд манай төрсөн дүү Г  гэр бариад хэсэг хугацаанд амьдарсан юм. Харин тухайн өдөр манай ахтай хамт барилга дээр ажилладаг үл таних 2 залуу хүрч ирээд, манай ахын гэрт бид нартай хамт архи согтууруулах ундааны зүйл уусан юм. Энэ үед гэрт гэр бүлийн бага зэрэг маргаан гарах үед ахын гэрт манай нөхөр Дийн   эс 3 гар утас, манай найз Манлайгийн маань самсунг жи 7 загварын гар утас, мөн миний төрсөн ах Б.Гын нокиа загварын гар утсыг хамт архи уусан манай ахтай хамт ажилладаг залуу нь бид нарыг гарийн гадна байхад гар утаснууд хулгайлж аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 21-22-р хуудас/,

Хохирогч Л.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын  16-220 тоотод байх найз Бгийн гэрт түүний бэр эгч, Б нарын хамт пиво уугаад сууж байсан. Тэр үед Бэр эгчийнх нь нөхөр нь ажлаасаа ирж байна гэж хэлсэн бөгөөд бэр эгч нь нөхөртөө пиво захиад, тухайн үед уг залууг ажлынхаа хоёр залуутай ирж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй Бгийн төрсөн ах хоёр залуутай ирээд бид нар хамтдаа пиво ууж байгаад хоорондоо танилцсан, хэсэг хугацааны дараа гэрийн эзэн болон эхнэр нь үл ялих зүйлээс болж маргалдсан, тэгээд гэрээсээ хамт гарцгаасан юм. Энэ үед Бгийн болон би Бгийн төрсөн ах, бэр эгч нарыг хооронд нь эвлэрүүлэхээр гэрээс нь гарсан. Харин гэрээс нь гарахдаа би өөрийн гар утсаа, мөн Б гар утсаа түүний ах нь гар утсаа үлдээсэн байсан. Энэ хооронд Бгийн ахынх нь ажлын  хоёр залуу бид нар ирээд, явлаа гэж хэлээд яваад өгсөн. Харин бид нар хэсэг хугацааны гар бүлийн хоёр хүнийг хоорондон эвлэрүүлээд буцаад гэрт ороод байж байгаад утсаа үзэхэд миний самсунг жи 7 загварын гар утас, мөн найз Бгийн эс 3 загварын гар утас, Бгийн төрсөн ахынх нь нокиа загварын гар утаснуудыг тухайн хоёр залуу хулгайлж явсан байсан. Тэгээд бид нар ойрхон байдаг найзыгаа дуудаад машин бариулаад тухайн хоёр залуугийн араас нь явсан боловч олдоогүй, улмаар би өөрөө ажилтай байсан учраас найз Бг хамтатгаад өргөдлөө өгчих гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 09 дүгээр сард гадаад улс руу яваад 6 сар болоод ирсэн юм. Тэгээд би найз Бгаас асуухад цагдаагаас дуудаагүй байна гэж хэлсэн. Харин манай найз Б миний өмнөөс хохирогчийн мэдүүлэг өгөөд явсан” гэх мэдүүлэг /хх-н 26-27- р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх-н 28-р хуудас/,

Гэрч Э.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байхад манай хашаанд гэр барьж байсан түр байж байсан манай эхнэрийн төрсөн ах Гын ажлынх нь газрын хоёр залуу ирээд, бөөнөөрөө тэдний гэрт архи ууцгаасан юм. Энэ үед намайг болон манай эхнэр нарыг дуудаж, хамт нэг архи хувааж ууж байхад манай хадам ах, бэр эгч бага зэрэг архи уулаа маргалдах үед манай эхнэр Б бэр эгч Нг аваад гэрээс гараад явсан юм. Харин би хадам ахыг аваад гэрийн гадаа сууж байхад манай ахын хамт барилга ажиллаж байсан хоёр залуу  гэрт байсан бөгөөд гэрт байж байхдаа манай ахын гэрээс манай эхнэрийн самсунг эс 3, найзынх нь жи 7 гар утас, нокиа гар утас зэргийг хулгайлж авч явсныг тэр хүмүүс явсны дараа бид нар мэдээд араас нь хөөсөн боловч  тэр залууг олоогүй..” гэх мэдүүлэг /хх-н 37-38-р хуудас/,

Шүүгдэгч М.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр барилга дээр хамт ажиллаж байсан хэсэг хүсүүстэй хамт пабад сууж байгаад, түүний дараа манай найз Энхбааьар бид 2-г дагуулаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хайлаастад байх гэрлүүгээ дагуулаад явсан юм. Тэгээд уг хашаанд нэг байшин, монгол гэр байсан бөгөөд тэдний гэрт нь 4 хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Бид нар гаднаас нэмэгдэж тэр хүмүүстэй хамт архи уусан. Тухайн айлд 2 цаг орчим болсны дараа тэнд байсан хүмүүс хоорондоо муудалцаад, зодолдоод байхаар нь гарч салгасан. Харин энэ үед би гэрлүү орж гарч явахдаа уг айлын гэрээс самсунг жи 7, эс 3, нокиа, гар утаснуудыг хулгайлж аваад гэрээс нь гараад явсан юм. Тухайн үед манай найз ЭнхБ надтай хамт байсан бөгөөд намайг хулгай хийснийг мэдээгүй.Би энэ талаар хэлээгүй. Самсунг жи 7, эс 3 загварын 2 ширхэг гар утсыг ломбарданд 250.000 төгрөгөөр тавиад буцаагаад нэг удаа авсан, харин хэсэг хугацааны дараа буцаад анх тавьсан ломбардондоо эргүүлэн тавиад дахин авч чадахгүй байсаар байгаад ломбардны орлого болсон байх ...харин нокиа загварын гар утсыг  тэр үедээ барьж байгаад хаясан юм” гэх мэдүүлэг /хх-н 44-45-р хуудас/,

Б.Гын гаргасан “Миний бие Б овогтой Г 2018 оны 07 дугаар сарны 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын ...... 220 тоотод оршин сууж байхдаа Nokia загварын гар утсаа хулгайд алдсан тул цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөр Б.Бг оролцуулж өгнө үү гэж хүсэж байна” гэх хүсэлт /хх-н 23-р хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 47-р хуудас/,

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 51-р хуудас/,

Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 52-р хуудас/,

Гэрлэлтийн гэрчилгээ /хх-н 54-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч М.Э нь 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын ….... тоотоос Б.Бгийн эзэмшлийн 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс-3 загварын, Б.Гын эзэмшлийн 20.000 төгрөгийн үнэлгээ бүхий Нокиа загварын, Л.Э-н эзэмшлийн 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Жи-7 загварын гар утаснуудыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Б.Б, Л.Э нарын мэдүүлэг, гэрч Э.Дийн мэдүүлэг, шүүгдэгч М.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Э-н үйлдэл нь Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна. М.Э нь бусдын эд хөрөнгө болох Самсунг эс-3, Жи-7, Нокиа загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь үйлдлийн аргын хувьд хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх ба гэм буруугийн хувьд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн буюу шүүгдэгчийн хувьд тухайн гэмт хэргийг шунахайн сэдлээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор өөрийн үйлдлийн улмаас учирах хор уршгийг мэдсээр байж зориуд хүсэж үйлдсэн байна.

Прокуророос М.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Э-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Э-н үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад нийт 540.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч М.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар  гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч М.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг үндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч М.Э нь хөнгөн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй байна.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч М.Э-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг шүүгдэгч М.Эд сануулсугай.

4.Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдусугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Э-д урьд нь авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ өөчилсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР