| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0397/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/06 |
| Огноо | 2018-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0397/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,
Улсын яллагч Б.Сүрмандах,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О,
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж,
Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт Л.М-д холбогдох эрүүгийн 1818005470417 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт Л.М /РД: /, Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй, хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувьтай, хэрэг хариуцах чадвартай.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь шүүгдэгч Л.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Л.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 03-ны шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 16 дугаар байрны зүүн талд хамт согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн Ж.Э-ыг “миний өөдөөс орилж хашхирлаа” хэмээн заамдаж унаган нүүрэн тус газарт нь олон тооны удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацар, дээд уруулын зулгаралт, зүүн нүдний зовхи, хацар, доод эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Л.М-ын өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн үед хөл бөмбөг үзэх гээд гэрээсээ гарсан. Хөл бөмбөг үзэж дуусаад үйлчилгээний төвөөс архи аваад 16 давхрын урд ууж байгаад хохирогчтой тааралдаад тэндээс явъя гэж хохирогчид хэлсэн. Тэгтэл орилоод ерөөсөө босохгүй байсан. Орилоод байсан болохоор нь 2 удаа нүүрэн тус газар нь цохисон. Тухайн үед цагдаа намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Тухайн үед зөрчлөөр ороод торгуулсан гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-ийн өгсөн: ...Цагдаагийн байгууллагад очиход 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 04-ний шилжих шөнө танай аав хүнд зодуулж байхад дуудлагын дагуу очсон гэж хэлсэн. Танай аав өөрийгөө зодуулсан талаар мэдүүлэг өгч чадах уу? гэж надаас асуухад би чадахгүй гэж хэлсэн. Ааваас очоод юу болсон талаар асуухад санахгүй байна гэж хэлсэн. Шүүгдэгчид маш их гомдолтой байна. Эмчилгээний төлбөр болох 232.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Мөн манай аав тархиндаа гэмтэл авсан байж магадгүй учир цаашид үзүүлэх шаардлагатай байгаа гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч У.Э-ын өгсөн: Тухайн шөнө 02 цагийн үед Цагдаагийн газрын жижүүрээс Дархан сумын 12 дугаар багийн 16 дугаар байрны гадна согтуу хүн хэрүүл маргаан үүсгээд байна гэж хэлсэн. Яваад очих үед 16 дугаар байрны зүүн талд явган хүний замын хажуу талын сандал дээр хөгшин, залуу 2 хүн байсан. Залуу нь хөгшин эрэгтэй хүнийг цамцаар нь заамдаж аваад сандал дээр нуруугаар нь дарсан байхаар нь салгасан. Залууг нь М гэдэг хүн байсан. Нэлээд согтуу байсан. Хөгшин эрэгтэйг нь Э гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Гэрч Э.Д-ийн өгсөн: ...Манай аав Э 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэрээс гараад явсан бөгөөд 03-ны өглөө аавыг эмнэлэг дээр байна гэхээр нь би очиж авсан. Аавын баруун хацар нь хавдсан, зүүн хацар нь язарсан шархтай байсан бөгөөд 2 оёдол хийлгэсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Гэрч Б.Б-ийн өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө би Дарханд ирээд 16 давхрын 11 давхарт найзынхаа гэрт унтаж байхад 02:50 цагийн орчим гадаа хүмүүс зодолдоод нэг нь нэгийгээ зодоод байх шиг чимээ гарсан. Би тагтан дээр гараад харахад 16 давхрын урд саравчны хажуугийн сандал дээр хоёр хүн хоорондоо зодолдоод нэг нь дээр нь гарсан, нөгөө нь сандал дээр арагшаа шахагдсан байсан. Дээр нь гараад зодож байгаа нь “чи муу хүүхэд хулгайлах гэж ирсэн үү, одоо хэдэн хүүхэд хулгайлах гэж байна” гээд зодоод байсан. Доор нь ороод зодуулаад байсан нь “чи одоо болиоч дээ, би үхэх гээд байна шүү дээ” гээд орилоод байсан. Тэгсэн зодож байсан нь “чи яасан бааштай юм бэ” гээд зодоод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 723 дугаартай “Ж.Э-ын биед тархи доргилт, баруун хацар, дээд уруулын зулгаралт, зүүн нүдний зовхи, хацар, доод эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу өндрөөс унах үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18/,
Дархан-уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 20183716 дугаартай хуудсын хуулбар /хх-ийн 49-50/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Л.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 03-ны шөнийн 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 16 дугаар байрны зүүн талд хамт согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн Ж.Э-ыг “миний өөдөөс орилж хашхирлаа” хэмээн заамдаж унагаан нүүрэн тус газарт нь олон тооны удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацар, дээд уруулын зулгаралт, зүүн нүдний зовхи, хацар, доод эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Э-ын биед тархи доргилт, баруун хацар, дээд уруулын зулгаралт, зүүн нүдний зовхи, хацар, доод эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ж.Э нь архины шалтгаант ойгүйдлийн хам шинж өвчинтэй болох нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 66/18 дугаартай “Ж.Э нь сэтгэцийн архины шалтгаант ойгүйдлийн хам шинж өвчинтэй учир хэрэг хариуцах чадваргүй болно. Ж.Э нь сэтгэцийн архины шалтгаант ойгүйдлийн хам шинж өвчинтэй учир хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч чадахгүй” гэх магадлагаа /хх-ийн 22/, Сэтгэцийн эмч М.Гансүхийн тодорхойлолт /хх-ийн 33/ зэргээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О нь хохирогчийн эмчилгээний зардал болох 232.650 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч Л.М-оос 232.650 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлөх зорилгоор завсарлага авч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.О-д 236.650 төгрөг төлсөн болох нь Э.О-ийн дансанд 236.650 төгрөгийг шилжүүлсэн тухай ХААН банкны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн орлогын мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Л.М нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Л.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нь анх удаа гэм хэрэг үйлдсэн, хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувьтай, нийгмийн халамжийн тэтгэмжид хамрагддаг болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Нийгмийн халамжийн тэтгэмжийн дэвтэр, эмчийн тодорхойлолт зэргээр тус тус нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн биеийн байдлыг харгалзан торгох ялаар шийтгэж өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгч Л.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л.М нь нийт 34 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 510.000 төгрөгийг торгох ялаас хасаж, эдлэх ялыг 190.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан нь торгох ялыг даруй, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлөх боломжгүй ялтны эдийн засгийн байдлыг харгалзан гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр боломж олгож буй зохицуулалт юм.
Шүүгдэгч Л.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Л.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-ын цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялаас 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгийг хасаж, нийт эдлэх ялыг 190.000 /нэг зуун ерэн мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР