Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2014/0325

 

   Г.Ч-н нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Г.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 171 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Ч-н нэхэмжлэлтэй Гаалийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалаар батлагдсан "Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горим хэрэгжүүлэх журам"-ын дагуу гаалийн байгууллагын түр дансанд байршуулсан 15.876.074.02 төгрөгийг буцаан олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, буцаан олгохыг даалгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Гаалийн тухай хуульд заасан “Барааг ... хилийн чанадад буцаан гаргах ..." гэдэг нь монгол хэлний шууд утгаар ирсэн газар луугаа буцаж явах гэсэн үг юм. Хууль хэрэглээнд үгийн шууд утгыг үндэс

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
   

*

 

 

болгодог учир "буцаах, буцаан гаргах" гэдэг үгийг зөвхөн энэ утгаар л ойлгохоос өөр аргагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 171 дүгээр шийдвэрээр, Гаалийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 -д заасныг баримтлан иргэн Г.Ч-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний гаалийн байгууллагын түр дансанд байршуулсан 15.876.074.02 төгрөгийг буцаан олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, энэхүү төлбөрийг нэхэмжлэгчид буцаан олгохыг Гаалийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 171 дүгээр шийдвэрийг 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гардан авсан бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхийнхээ дагуу хандаж байна. Гаалийн ерөнхий газрын дарга О.Г 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02/1401 тоот албан бичгээр иргэн Г.Ч-н нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох итгэмжлэлийг Хууль, эрх зүйн хэлтсийн гаалийн улсын ахлах байцаагч Ч.Т-д олгосон болно.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч Г.Ч-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний гаалийн байгууллагын түр дансанд байршуулсан 15.876.074.02 төгрөгийг буцаан олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоон, энэхүү төлбөрийг нэхэмжлэгчид буцаан олгохыг Гаалийн ерөнхий газарт даалгасугай гэснийг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.6 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгч Э.Л-н 171 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт: ... хэдийгээр Гаалийн тухай хуулийн 97, 98 дугаар зүйлд "... барааг гаалийн нутаг дэвсгэрээс хилийн чанадад буцаан гаргах ..." гэж томьёолсны "буцаан" гэдгийг хариуцагчийн тайлбарласнаар үгийн шууд утгаар нь ойлгох боломжтой ч аливаа хуулийн зохицуулалтыг үгийн утгаар бус харин ерөнхий болон нарийвчилсан зохицуулалт, агуулга, үзэл баримтлалаар тайлбарладаг нь нэгэнт тогтсон хэвшмэл ойлголт гэжээ.

Шүүгч шийдвэрийнхээ энэ хэсэгт хариуцагчийн тайлбар болох "буцаан гаргах" гэдгийг үгийн шууд утгаар нь ойлгох боломжтой гэж хүлээн зөвшөөрсөн хэрнэ "... аливаа хуулийн зохицуулалтыг үгийн утгаар бус харин ерөнхий болон нарийвчилсан зохицуулалт, агуулга, үзэл баримтлалаар тайлбарладаг ..." гэж хоёрдмол, хоорондоо зөрчилдсөн өөр, өөр утга агуулга бүхий үндэслэл гаргажээ.

Шүүхийн байгууллага шийдвэр гаргахдаа аливаа салаа утга агуулгагүй, маш тодорхой, хоорондоо зөрчилгүй үндэслэлүүд гаргаж, түүнд үндэслэсэн шийдвэр гаргах ёстой байтал дээрх зарчмаа зөрчин хоорондоо зөрчил бүхий үндэслэлийг баримталжээ.

Мөн шүүх шийдвэр гаргахдаа аливаа хуулийн зүйл заалт, түүний шууд утгыг баримтлан, үндэслэх ёстой байтал "... хуулийн зохицуулалтыг үгийн утгаар бус харин ерөнхий болон нарийвчилсан зохицуулалт, агуулга, үзэл баримтлалаар тайлбарладаг нь нэгэнт тогтсон хэвшмэл ойлголт" хэмээн шийдвэр гаргахдаа "... үзэл баримтлал, нэгэнт тогтсон хэвшмэл ойлголт ..." үндэслэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх шийдвэртээ ... үзэл баримтлал болон нэгэнт тогтсон хэвшмэл ойлголт гэгчийг үндэслэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул тогтоох нь хэсгийн, Гаалийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 43 дугаар зүйлийн

  1. д заасныг баримтлан иргэн Г.Ч-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний гаалийн байгууллагын түр дансанд байршуулсан 15.876.074.02 төгрөгийг буцаан олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, энэхүү төлбөрийг нэхэмжлэгчид буцаан олгохыг Гаалийн ерөнхий газарт даалгасугай гэсэн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 171 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Мэдүүлэгч дараах эрх эдэлнэ:”, 57.1.1-д “гаалийн бүрдүүлэлтийн горим сонгох, өөрчлөх”, 73 дугаар зүйлийн

  1. д “Гаалийн бүрдүүлэлтийн горимыг мэдүүлэгч сонгоно” гэж тус тус зааснаас үзэхэд мэдүүлэг гаргагч нь гаалийн бүрдүүлэлтийн горимыг сонгох, өөрчлөх эрхтэй байна.

Нэхэмжлэгч Г.Ч нь дээрх хуулийн дагуу, мөн хуулийн 93 дугаар зүйлийн

  1. д заасан “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах” 500 горимыг сонгон, 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хонг-Конг улсаас 94 ширхэг гар утсыг Монгол улсын хилээр оруулж ирсэн байх ба уг барааг 1 өдрийн дараа буюу 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргах” 300 горимоор Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хилийн чанадад гаргасан зэрэг нь хэрэгт авагдсан гаалийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч нь гаалийн хилээр оруулж ирсэн барааг буцаж гаргасан, өөрөөр хэлбэл, тухайн барааны хувьд Монгол улсад байхгүй байх үр дагаврыг бий болгосон байх тул нэгэнт байхгүй бараанд гаалийн болон бусад татварыг ногдуулах үндэсгүй юм.

Мөн, Гаалийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т “Барааг энэ хуулийн 76.2- т заасны дагуу гаргасан, эсхүл оруулсан тохиолдолд төлсөн гаалийн болон бусад татварыг буцаан олгоно”, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д “Гаалийн байгууллага нь гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг хугацаанд нь буцаан гаргасан тохиолдолд гаалийн болон бусад татварыг буцаан олгоно” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн түр дансанд байршуулсан 158.760.074 төгрөгийг буцаан олгохоос татгалзсан нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Түүнчлэн, Г.Ч нь Хонг-Конг улсаас оруулж ирсэн гар утсыг ОХУ улс руу гаргаснаас үзэхэд тэрээр Гаалийн тухай хуулийн 180 дугаар зүйлд заасан “Барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэх” горимыг сонгох боломжтой байсан байна.

Гаалийн тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д “Улс хооронд дамжуулан өнгөрүүлэх горимд байршуулах бараанд гаалийн байгууллага гаалийн болон бусад татвар ногдуулахгүй” гэж заасан бөгөөд гаалийн мэдүүлгүүдээр Г.Ч-н оруулж ирсэн бараа хилээр буцан гарч дамжин өнгөрөх процесс явагдсан, нэхэмжлэгч дамжин өнгөрүүлэх горимыг сонгох боломжтой байсан байна.

Иймд шүүхийн, нэхэмжлэгчийг өөр горим сонгосон гэж буруутган, эсхүл оруулж ирсэн улс руугаа буюу Хонг-Конг улс руу буцааж гаргаагүй гэсэн шалтгаанаар түр дансанд байршуулсан мөнгийг буцаан олгохгүй байгаа нь хуульд нийцэхгүй гэсэн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн түр байршуулсан төлбөрийг буцаан олгох үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 171 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41,1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг ДУРДсугай.

 

С.МӨНХЖАРГАЛ

Э.ЗОРИГТБААТАР

Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ

ШҮҮГЧ

ШҮҮХ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ

       
     
 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.