Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 102

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Г.Хатанцэцэг

шүүгдэгч Д.Солонго, түүний өмгөөлөгч С.Цацралтуяа

шүүгдэгч Ө.Сарантуяа, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

1.Монгол улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 28-нд Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ойн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 3 дугаар гудамжны 1 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй РД:НИ-95092801/ Гочоо овогт Дашзэвэгийн Солонго.

            

2.Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 18-нд Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 15 дугаар гудамжны 11 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй /РД:ГД-95121824/ Жаран овогт Өлзийсайханы Сарантуяа нарт  холбогдох 201626020168 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.Солонго, Ө.Сарантуяа нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Like shop” дэлгүүрийн лангуунаас О.Төрсайханы Samsung Galaxy S-1, LG маркийн 2 ширхэг гар утсыг хулгайлж, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Имеж” үсчин, гоо сайхны салонд Д.Амарбаярын мөнгөн аягыг хулгайлж, 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д.Солонго шүүхийн хэлэлцүүлэгт: Би Сарантуяатай бүлэглэж О.Төрсайханы Samsung Galaxy S-1, LG маркийн 2 ширхэг гар утсыг,  2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Имеж” үсчин, гоо сайхны салонд Д.Амарбаярын мөнгөн аягыг хулгайлж авсан нь үнэн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Маш их гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Ө.Сарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.  Хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.

         

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

Д.Солонгын ял шалгах хуудас / хх-ийн 47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 52/,

Ө.Сарантуяагийн ял шалгах хуудас / хх-ийн 49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 51/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 76/,

 

гэрчээр З.Гантуяагийн:...”Сарантуяа миний төрсөн охин юм. 1995 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрж цэцэрлэгт хүмүүжиж аймгийн 10 жилийн сургуульд элсэн орж аймагт 9-р ангиа төгсөөд манай гэр бүл 2012 онд Улаанбаатар хотод орж ирээд Сарантуяа Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуульд үргэлжлүүлэн сурч 11-р ангиа 2014 онд төгссөн. 2013 онд Сарантуяа хүүгээ төрүүлээд сургууль төгсөөд хүүхдээ хараад гэртээ байсаар өнөөдрийг хүрсэн. Хүүхдийнх нь эцэг гэж байдаггүй... Өнгөрсөн жил дэлгүүрт худалдагчаар яг хэдэн сар ажилласныг мэдэхгүй байна ямар ч байсан 4, 5 сар орчим ажилласан. Зан байдлын талаар гэртээ бол их намуун зөөлөн байдаг ер нь бол дөлгөөн хүний хэлсэн үгийг тэр дор нь гүйцэтгэж хийдэг, ажилсаг хүний үгэнд их оромтгой. Хүүхэддээ их халамжтай дүү нартай эелдэг зөөлөн хандаж байдаг. Сарантуяа архи, тамхи хэрэглэдэггүй /хх-ийн 72/ гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Солонго, Ө.Сарантуяа нар бүлэглэн, давтан үйлдлээр  2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “Like shop” дэлгүүрийн лангуунаас О.Төрсайханы Samsung Galakci S-1, LG маркийн 2 ширхэг гар утсыг хулгайлж 300.000 төгрөгийн,

2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Имеж” үсчин гоо сайхны салонд Д.Амарбаярын мөнгөн аягыг хулгайлж 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогчоор О.Төрсайханы:...Миний бие Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах охиныхоо зогсдог “Like shop” дэлгүүрт 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зогсож өгсөн юм. Зогсож байх үедээ 15-18 цагийн үед л байх би 2 ширхэг гар утсаа шилэн лангуун дотор нь хийгээд орхичихсон байсан. Тэгээд хүмүүс үйлчлүүлээд бужигнаж байгаад нэг эмэгтэй хувцас өмсөж үзэж байсан бөгөөд тэр нь таарахгүй байсан бөгөөд болиод буцаагаад өлгөчихөөд эргээд лангуу руугаа харахад миний 2 утас байхгүй болчихсон байсан. Тэгээд тухайн үедээ цагдаад хандаад хүүхдүүддээ хэлээд явчихсан юм...Миний утаснуудын нэг нь “Самсунг Гранд 2” маркийн 2015 оны 8 дугаар сард 180.000 төгрөгөөр худалдаж авсан цагаан өнгийн ар талын таг нь хар өнгийн, нөгөөх нь “LG-3 ” маркын Солонгосоос ирсэн, хүнээс 2015 оны 1 дүгээр сард 120.000 төгрөгөөр авсан Скайтелийн хар өнгийн гар утас байгаа юм. Гомдолтой байна, хуулийн дагуу шалгаж миний хохиролыг барагдуулж өгөхийг хүсэж байна”  / хх-ийн 33/ гэсэн,

                

хохирогчоор Д.Амарбаярын:...”2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл өөрийн ажиллуулдаг “Имеж”гоо сайханы газар “Шинэ жилийн гоёлын палате” түрээслүүлэх ажиллагааг явуулсан. Энэ хугацаанд гэрээсээ шинэ цагийн орчин үеийн хийцтэй том гарын мөнгөн аягаа ажлын байрандаа авчирч хоол иддэг байсан. Мөнгөн аяга байсан өрөө нь паркадны хувцас байдаг газарт ширээний доод нүдэнд ил тавиур дээр байдаг байсан. 12 дугаар сарын 24-ны өдрөө хоол идчихээд 28-ны өдөр мөнгөн аягаа хайгаад олоогүй юм. Мөн миний зүүдэг бугуйн төмөр цаг байсан алга болчихсон байсан. Тэгээд хяналтын камераа шүүж үзэхэд олон хүн 24-нөөс 28-ны өдрүүдэд үйлчлүүлсэн байсан бөгөөд ямар хүн хулгай хийж авсан нь мэдэгдэхгүй байсан. Хувцастай өрөөнд камергүй, үс засдаг заалны өрөөнд камертай болохоор орж гарч байгаа хүмүүсийн бичлэг л байсан. 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр намайг гадуур ажилтай байхад ажил дээр танайх мөнгөн аяга алдсан уу гээд нэг цагдаа орж ирээд манай үсчингээс асуухаар нь алдсан талаар хэлсэн гэсэн. Тэгээд хулгай хийсэн хүн нь УБХЦГ-ын ГХТГ-т шалгагдаж байгаа талаар хэлээд гар утасны дугаар өгөөд гарсан ба миний утас руу уг цагдаа нь залгаад хулгайч нь баригдсан байгаа шүү, БГД-ийн цагдаагийн хэлтэс дээр өргөдөл өгөөрэй гэж хэлсэн. Их гарын шинэ хийцтэй, мөнгөн цулгуй аяга байгаа, ямар нэгэн бичиггүй ба аяганы доод хэсэгт очих хээтэй, уг мөнгөн аягыг эхнэр надад 2015 оны хавар цэргийн баяраар 200 мянган төгрөгөөр худалдаж авч өгч байсан. Бугуйн цаг нь төмөр оосортой шилэн нүүртэй 2014 онд Бээжин улсад явж байхдаа тухайн үеийн ханшаар 1200 юань буюу мөнгөөр 350 мянган төгрөг болж байсан. Би цагдаагийн байгууллагад хандаагүй учир нь хяналтын камерт бичлэг байхгүй олон хүн орж гарч байсан болохоор хяналт тавих боломжгүй байсан /хх-ийн 8/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр нотлогдсон байна.   

 

Түүнчлэн яллагдагч “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэгт холбогдолгүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэггүй” хэдий ч мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн:

Д.Солонгын:... 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн үед байсан шиг санагдаж байна Сарантуяатай Их дэлгүүрт юм үзэж байгаад гараад баруун 4 зам руу чиглээд зам дагуу байдаг дэлгүүрээр орж юм үзэж сонирхож байгаад Лайк Шоп нэртэй хувцасны дэлгүүр рүү Сарантуяа бид 2 ороод юм үзэж байтал худагдагчийн лангууны ард тал дээр давхарлаад тавьсан  2 ширхэг гар утас байсныг би лангууг нь давж   гараа оруулаад авсан, тэр үед Сарантуяа надад худалдагчийг саатуулж өгч байсан. Тэгээд тэндээс гараад Монтел төв орж нэг танихгүй гар утасны ченжид хулгайлсан цагаан өнгийн Самсунг Галакси Эс-1, хар өнгийн Элжи загварын Скайтелийн гар утсыг хамтад нь нийлүүлээд зарсан. Мөнгийг нь хамтдаа үрээд дуусгасан.

... “2015 оны 12 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед Сарантуяа бид хоёр төмөр замд Хишгээ гэдэг найзтайгаа уулзчихаад Сарантуяатай хамт 5 шар орохоор 25-р эмийн сангийн автобусны буудал дээр хэсэг зогсож байгаад автобусны буудлын хойд талын 5 давхар байрны 1 давхарт урагшаа харсан хаалгатай Имеж нэртэй гоо сайхны салон руу орж хулгай хийхээр ярилцаад уг салон руу ороход хүн ихтэй байсан, тэгээд Сарантуяа бид 2 салон руу ороод үсчингийн өрөөний цаад талд нэг өрөө байхаар нь Сарантуяаг салоны эрэгтэй хүнтэй юм яриад анхаарлыг нь сарниулж байх хооронд би арын өрөөнд ороход ямарч хүн байхгүй бор шүүгээн дээр дунд гарын мөнгөн аяга байсан ба дотор нь ус хийсэн байхаар нь би усыг нь асгачихаад куртик дотуураа хийгээд аваад гарсан. Тэгтэл Сарантуяа миний араас гарч ирээд бид 2 хойшоо байрны голоор ороод модны 2-ын зам дагуу байсан нэг ломбарданд ороод мөнгөн аягаа тавихаар үзүүлээд бичиг баримтгүй гээд үйлчлэхгүй гэхээр нь такси зогсоогоод таксины жолоочийн бичиг баримтаар нь 30.000 төгрөгний барьцаанд тавьчихаад гарч ирсэн.Тэгээд таксигаар 5-н шар руу хүргүүлсэн” /хх-ийн 17-18/ гэсэн,

       

Ө.Сарантуяагийн: .... “2015 оны 12 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед байсан шиг санагдаж байна Солонго бид хоёр 25-р эмийн сангийн автобусны буудлын ойролцоо Солонгын найзтай уулзах гэж очоод тэнд уулзчихаад тэр хавьдаа байж байгаад тэр үед шинэ жил болох гэж байсан болохоор Солонго бид хоёр уг Имеж нэртэй үсчний газар орж үсний будаг, тайралт зэрэг юм асуух гэж орсон, Тэгтэл үсчин дотроо цаад талд нь жижиг өрөө харагдаж байсан тэгээд бид хоёр ороод би үсчингээс нь үсний будагны талаар асууж байхад Солонго цаад өрөө рүү нь орж байгаа харагдсан. Би үсчинтэй нь юм яриад зогсож байтал Солонго цаад өрөөнөөс гарч ирээд явъя гэж хэлэхээр нь бид хоёр гараад явж байтал Солонго өврөөсөө мөнгөн аяга гаргаад ирсэн. Тэгэхээр нь бид хоёр модны 2-ын тэнд  байсан ломбарданд уг мөнгөн аягыг нь 30.000 төгрөгний барьцаанд тавьсан. Мөнгийг нь ууж идээд дуусгасан” /хх-ийн 20/ гэсэн мэдүүлгүүд нь мөнгөн аяга 200000 төгрөгөөр, бугуйн цаг 350000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10/, LG-3 маркийн гар утас 120000 төгрөгөөр,  Samsung Grand 2 маркийн гар утас 180000 төгрөгөөр үнэлэгдсэн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34/, хохирол төлсөн баримт /хх-ийн 103-104/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Прокуророос Д.Солонго, Ө.Сарантуяа нарт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нарын гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

               

Иймд шүүгдэгч Гочоо овогт Дашзэвэгийн Солонго, Жаран овогт Өлзийсайханы Сарантуяа нарыг бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Солонго, Ө.Сарантуяа нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг, харгалзан шүүхээс оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

1.Гочоо овогт Дашзэвэгийн Солонго, Жаран овогт Өлзийсайханы Сарантуяа нарыг бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Д.Солонго, Ө.Сарантуяа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3.Д.Солонго, Ө.Сарантуяа нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Д.Солонго, Ө.Сарантуяа нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Д.Солонго, Ө.Сарантуяа нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрт хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдэд даалгасугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Д.Солонго, Ө.Сарантуяа нарт авсан бусдын “батлан даалтад өгөх” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

 

       

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ