Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2174

 

 

 “С.А.Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/02406 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “С.А.Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Э.Д.С-д холбогдох

 

2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 133 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний Агротрак-150 тракторт холбогдох хэсгээс татгалзаж, улмаар татгалзсан хэсэгт холбогдох 98 940 000 төгрөгийн өр төлбөрийн бүртгэлийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй,

Агротрак-150 тракторын үнэ болох 98 940 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Орхон туул суманд байрлах С.А.Д ХХК нь Т.Э.Д.С-тай 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 133 тоот гэрээ байгуулж, 98 940 000 төгрөгийн үнэ бүхий Агро-150 маркийн трактор, 61 689 390 төгрөгийн үнэ бүхий үр тарианы үрлүүр 2 ком, 15 500 430 төгрөгийн үнэ бүхий хор цацагч ОП-2000, бүгд 176 129 820 төгрөгийн эд хөрөнгийг сахүүгийн түрээсээр авч төлбөр тооцоог гэрээнд заасан хуваарийн дагуу төлж, гэрээний үүргээ биелүүлж ирсэн. Дээрх гэрээний зүйл болох Агро-150 маркийн тракторын хувьд хүлээн авч, хаврын тариалалтанд анх ашиглахад үйлдвэрийн гэмтэл, чанарын доголдлын улмаас эвдэрч, үйл ажиллагаандаа огт ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Компанийн зүгээс энэ талаар түрээслүүлэгч Т.Э.Д.С болон уг техникийг нийлүүлэгч М.Т.Э ХХК-д нэн даруй мэдэгдэж, дээрх талуудын төлөөлөл газар дээр нь ирж үзэж, уг трокторыг нийлүүлэгч тал болох М.Т.Э ХХК-д буцаан өгсөн. Манай компани тухайн Агро-150 маркийн трактор болон түүнийг орлох өөр ямар нэгэн техникийг хүлээн аваагүй, өөрөөр хэлбэл Тариалан эрхлэлтийг дэмжих сантай байгуулсан 133 тоот санхүүгийн түрээсийн гэрээнээс 98 940 000 төгрөгийн Агро-150 маркийн трактортой холбоотой зүйл заалтууд огт хэрэгжээгүй. Харин уг гэрээний бусад тоног төхөөрөмжтэй холбоотой зүйл заалт бүрэн хэрэгжиж, манай зүгээс гэрээний үүргээ биелүүлж, төлбөрийг зохих журмын дагуу хугацаанд нь бүрэн барагдуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл Т.Э.Д.С нь манай компанид гэрээний дагуу нийлүүлээгүй Агро-150 маркийн тракторыг барьцааны зүйл мэтээр бүртгэж, үнийг хасч тооцохгүйгээр, үндэслэлгүй 98 940 000 төгрөгийн авлага үүсгэж, тус санд дээрх хэмжээний өртэй үндэслэлээр жил бүрийн тариалалтын үеэр олгогддог хөнгөлөлттэй зээл, тусламжаас хасч компанийн эрх ашиг давхар хохирч байна. Иймд Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу С.А.Д ХХК нь 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 133 тоот санхүүгийн түрээс, барьцааны гэрээний Агро-150 маркийн трактортай холбогдох хэсгээс татгалзаж, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор Агро-150 маркийн тракторын төлбөр 98 940 000 төгрөгийн өр авлага бүхий бүртгэлийг хүчингүй болгуулахыг Т.Э.Д.С-д даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Т.Э.Д.С нь газар тариалангийн салбарын үйл ажиллагааг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотоодын зах зээлд гурил улаан буудайн хэрэгцээ, үнийг тэнцвэржүүлэх бодлого хэрэгжүүлэгч чиглэл бүхий Засгийн газрын тусгай сан, улсын төсөвт үйлдвэрийн газар юм. Сан нь үйл ажиллагааныхаа хүрээнд тариалан эрхлэгч иргэн аж ахуйн нэгжид газар тариалангийн зориулалттай техник тоног төхөөрөмж, хор бордоо, ургамал хамгааллын бодис, үрийн буудай, түлш зэргийг хөнгөлөлттэй нөхцлөөр зээлээр болон бусад хэлбэрээр олгох үйл ажиллагааг явуулдаг. Тус сан нь С.А.Д ХХК-тай 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 133 дугаар Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ байгуулж Агротрак-150 дугуйт трактор 1 ширхэгийг 98 940 000 төгрөгөөр, үр тарианы үрлүүр 2 ком 61 689 390 төгрөгөөр, хор цацагч ОП-2000 1 ширхэгийг 15 500 430 төгрөгөөр нийт 176 129 820 төгрөгийн техник тоног төхөөрөмжийг зээлээр олгосон. Гэтэл гэрээгээр шилжүүлэн авсан Агротрак-150 тракторыг үйлдвэрлэлийн гэмтэл, чанарын доголдлын улмаас эвдэрч үйл ажиллагаандаа огт ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн, М.Т.Э ХХК-д буцаан өгсөн тул санхүүгийн түрээсийн гэрээний агро-150 маркийн трактортой холбогдох хэсгээс татгалзаж 98 940 000 төгрөгийн өр авлага бүхий бүртгэлийг хүчингүй болгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Бид гэрээний дагуу техник тоног төхөөрөмжүүдийг хугацаанд нь бүрэн шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Дээрх гэрээний дагуу трактор, техник тоног төхөөрөмжүүдийн баталгаат хугацаа нь нэг жил байх ба баталгаат хугацааны дотор гарсан үйлдвэрийн гэмтлийг М.Т.Э ХХК-иар засварлуулахаар гэрээний 9 дүгээр зүйлийн 9.6-д заасан байдаг. Гэтэл Сэлэнгэ-Ахан дүүс ХХК нь тракторыг баталгаат хугацаа өнгөрсний дараа, мөн өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж зориулалтын жингээс хэтэрсэн зүйл чирч, буруу ажиллуулснаас эвдэлсэн байдаг. Дээрх эвдрэлийг үүссэн нөхцөл, үйлдвэрийн эсвэл механик гэмтэл эсэхийг тогтоолгоогүй нь өөрсдийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч байсныг нотлож байна. Нэхэмжлэлд бичсэн үйлдвэрийн гэмтэл гэж ямар гэмтэл эвдрэл илэрсэн үүнийг хэн тогтоосон, яаж мэдэж байгаа нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгч өөрийн тайлбар шаардлагыг нотлох үүрэг хүлээсэн бөгөөд энэ талаар баримт нотолгоо байхгүй байгаа нь тэдний нэхэмжлэл үндэслэлгүй болохыг нотлож байна. Мөн чанарын доголдол гэж ямар доголдол үзүүлэлтээр тооцож байгаа нь тодорхойгүй байна. Мөн улмаар С.А.Д ХХК нь гэрээгээр хүлээн авсан Агротрак-150 тракторыг талуудын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээний оролцогч тал биш гуравдагч этгээдэд шилжүүлсэн байна. Засварын үүрэг гүйцэтгэх М.Т.Э ХХК нь гэрээний оролцогч тал биш бөгөөд уг тракторыг өмчлөх, эзэмшил ашиглалтдаа авах эрхгүй этгээд, Т.Э.Д.С-тай төлбөр тооцоогүй, гэрээгээр үүрэг хүлээгээгүй тул бид тракторын үнийг тухайн засварын компаниас нэхэмжпэх хууль зүйн үндэслэлгүй. Гэтэл ийнхүү бусдад шилжүүлсэн, эсвэл орхиж явсан тракторын төлбөрийг хариуцахгүй гэж Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүссэн төлбөр, бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.Э.Д.С нь С.А.Д-с ХХК-тай 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 133 дугаар Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ байгуулж Агротрак-150 дугуйт трактор 1 ширхэгийг 98 940 000 төгрөгөөр, Үр тарианы үрлүүр 2 ком 61 689 390 төгрөгөөр, Хор цацагч ОП-2000 1 ширхэгийг 15 500 430 төгрөгөөр нийт 176 129 820 төгрөгийн техник тоног төхөөрөмжүүдийг олгосон. Мөн сангийн үйл ажиллагааны хүрээнд олгогддог бусад төрлийн дэмжпэг болох ургамал хамгааллын бодис, хор бордоо, түлш зэргийг хөнгөлөлттэй нөхцлөөр гэрээ байгуулан авч байсан. С.А.Д ХХК нь дээрх гэрээнүүдээр хүлээсэн төлбөрийн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд төлбөр тооцоог хэсэгчилэн барагдуулж 108 сая төгрөгийн өр төлбөртэй байна. Хоорондын үүссэн өр төлбөрийг харилцан тооцоо нийлж төлбөрийг хэсэгчилэн барагдуулснаар үүргийн гүйцэтгэлийг хойшлуулж ирсэн. Харин 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 133 дугаар Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний зүйл болох Агротрак-150 трактортой холбоотой асуудлаар үндэслэлгүй тайлбар, шаардлагыг тавьж манай санд үүссэн төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. Дээрх тракторыг гэрээний дагуу С.А.Д ХХК нь өөрсдийн мэдэлд шилжүүлэн авсан бөгөөд нэг жилийн баталгаат хугацааг гэрээгээр олгосон, баталгаат хугацаанд гарсан үйлдвэрлэлийн гэмтлийг гэрээний 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар М.Т.Э ХХК засварлахаар заасан байдаг. Гэтэл баталгаат хугацаа өнгөрсний дараа өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас уг тракторыг эвдэлсэн. Мөн гэрээний оролцогч тал нь Т.Э.Д.С байтал гэрээтэй холбоотой шаардлагаа бидэнд тавилгүй дур мэдэн гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь тэдний тайлбараар нотлогдож байна. Засварын үүрэг гүйцэтгэх “М.Т.Э" ХХК нь гэрээний оролцогч тал биш бөгөөд уг тракторыг өмчлөх, эзэмшил ашиглалтдаа авах эрхгүй этгээд юм. Гэтэл ийнхүү бусдад шилжүүлсэн, эсвэл орхиж явсан тракторын төлбөрийг хариуцахгүй гэж манай санд үүссэн төлбөр, бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. “С.А.Д” ХХК-иас гаргасан нэхэмжлэлд трактор нь үйлдвэрийн гэмтэлтэй гэсэн ба үйлдвэрийн гэмтэл гэж ямар эвдрэл гэмтэл болох үүнийг тогтоосон шалгасан баримт нотолгоо байхгүй. Мөн чанарын доголдол гэж ямар доголдол илэрсэн үүнийг ямар үзүүлэлтээр тооцож байгаа нь тодорхойгүй тул гэрээний үүргээ зөрчиж төлбөрийг төлөхөөс үндэслэлгүйгээр зайлсхийж байна. Иймд 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 133 дугаар Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний зүйл Агротрак-150 дугуйт тракторын төлбөр 98 940 000 төгрөгийг гаргаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М.Т.Э” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас 155-180 морины хүчтэй дугуйт трактор нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ТШ/09/03/07/-МУХС тендерийн дагуу шалгарч Т.Э.Д.С-д Агротрак-150 дугуйт тракторийг нийлүүлсэн байдаг. Ингээд Т.Э.Д.С нь “С.А.Д” ХХК-тай 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Санхүүгийн лизингийн түрээсийн гэрээ байгуулж уг Агротрак-150 дугуйт тракторыг С.А.Д ХХК-д хүлээлгэн өгсөн. 2011 оны 12 дугаар сарын эхээр уг тракторыг эвдэрсэн гэж засвар үйлчилгээ хийлгүүлэхээр манайд хүлээлгэн өгсөн ба тракторыг шинжиж оношлоход хүчин чадлын үзүүлэлтэд нь таараагүй буюу хүчин чадлыг хэтрүүлсэн агрегат чирэн хэрэглэснээс хурдны хайрцаг эвдэрсэн гэсэн оноштойгоор явах эд ангийг бүхлээр нь тос, масло, шүүлтүүрүүдийн хамтаар бүгдийг нь шинээр сольж засвар үйлчилгээг хийж нийт зардал 10 000 евро болсон байдаг. Бид нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн эвдрэлийн засвар үйлчилгээг хийж бэлэн болоход “С.А.Д” ХХК буцаан хүлээн авахаас татгалзсан бөгөөд засвар үйлчилгээний зардлыг төлөх санхүүгийн чадваргүй байсан. Иймээс Т.Э.Д.С-ийн удирдлагад уг тракторын нийт үнийн дүнгээс засварын зардлыг хасуулж үлдэгдэл төлбөрийг манай зүгээс төлж өөрийн эзэмшилдээ авах хүсэлт удаа дараа тавьж байсан боловч энэ асуудлыг шийдэж өгөөгүй болно. Уг трактор нь хүлээн авсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл манай эзэмшилд байгаа болно. Нэгэнт энэхүү трактор олон жил манай компанийн эзэмшилд байгаа тул “С.А.Д ХХК засвар үйлчилгээнд оруулсан төлбөр болох 10 000 еврог өнөөдрийн ханшаар тооцон төлсөн тохиолдолд бид тракторын үнэ болох 98 940 000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 312 дугаар зүйлийн 312.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч Т.Э.Д.С-д холбогдох 2010 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 133 дугаар санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний Агротрак-150 трактортой холбогдох хэсгээс татгалзаж, 98 940 000 төгрөгний өр төлбөрийн бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах тухай нэхэмжлэгч “С.А.Д” ХХК-ний үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч “С.А.Д” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 98 940 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т.Э.Д.С-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 722 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сангийн үйл ажиллагааны гол хэсэг нь улсын төсөв болон олон улсын төсөл хөтөлбөрөөр санхүүжин газар тариалан эрхлэгч иргэд аж ахуй нэгжүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлж олгох, зарим төрлийн техник хэрэгсэл, объектыг гэрээний үндсэн дээр зээлээр олгож, төлбөр авч байгууллагын цаашдын үйл ажиллагаандаа санхүү бүрдүүлэн ажилладаг. Трактор хүлээн авсан, зээлээр авсан бусад техникүүдийг төлбөрийн хугацаа хэтрүүлэн буцаасан бөгөөд Агротрак 150 тракторыг баталгаат хугацаа дууссаны дараа 2011 оны 12 дугаар сард Гэрээний оролцогч биш "М.Т.Э" ХХК-д хүлээлгэн өгсөн, манай санд өнөөдрийг хүртэл буцааж өгсөн трактор байхгүй байтал сантай байгуулсан гэрээнээс татгалзаж төлбөрийг төлөхөөс үндэслэлгүйгээр зайлсхийж байгаа болох нь нотлох баримтууд, нэхэмжлэгч талын өөрийнх нь тайлбар, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Агротрак 150 тракторыг лизинг авагчид санал болгосон нь хэлбэрийн хувьд борлуулалт дэмжсэн санхүүгийн түрээсийн шинжийг агуулсан байна" гэжээ. Гэтэл тус сан нь Засгийн газрын тусгай сан бөгөөд улсын төсөв, гадаадын зээл тусламжийн дагуу хөрөнгийн эх үүсвэрээ олж, тариалан эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдэд зээлээр олгон улсын хэмжээнд дотоодын улаанбуудай, гурилын үнийг тогтвортой байлгах үндсэн зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг. Ийм ч урчаас нэхэмжлэгч "С.А.Д" ХХК-ийн техникийн дэмжлэг туслалцаа авах хүсэлтийг судлан үзэж 3-н төрлийн техникийг урьдчилгаа төлбөргүйгээр 100% зээлээр олгосон болно. Гэрээгээр олгосон бусад техникүүдийг төлбөр, элэгдэл хорогдол тооцоогүй буцаан авсан. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Т.Э.Д.С нь 133 дугаар гэрээний үүрэг болох маргаж буй тракторын төлбөрийг шаардаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь ..."тайлбараар тогтоогдож байна гэжээ. Гэтэл талуудын тайлбар, нотлох баримт, нэхэмжлэгчээс ирүүлсэн болон хариуцагч талаас явуулсан албан бичгүүдээс харахад тухайн тракторыг “С.А.Д” ХХК нь хүлээн авсан тракторын ашиглах боломжгүй болгосон бөгөөд түүнийг “М.Т.Э” компанид хүлээлгэн өгсөн. Мөн манай сангаас тус маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх тухай албан бичгүүд явуулж байсан. Албан бичгүүдээс үзэхэд тус тракторын төлбөр, гэмтэлийн асуудал нь маргаантай бөгөөд манай байгууллага нь төлбөрийг удаа дараа нэхэмжилж байсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “С.А.Д” ХХК нь хариуцагч Т.Э.Д.С-д холбогдуулан 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний Агротрак-150 тракторт холбогдох хэсгээс татгалзаж, улмаар татгалзсан хэсэгт холбогдох 98 940 000 төгрөгийн өр төлбөрийн бүртгэлийг хүчингүй болгохыг хариуцагчид даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Агротрак-150 тракторын үнэ болох 98 940 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Агротрак-150 маркийн тракторыг хүлээн авч хаврын тариалалтад анх ашиглахад үйлдвэрийн гэмтэл, чанарын доголдлын улмаас эвдэрч, үйл ажиллагаандаа ашиглах боломжгүй болсон тул түрээслүүлэгч Т.Э.Д.С болон уг техникийг нийлүүлэгч “М.Т.Э” ХХК-д мэдэгдэж, уг тракторыг “М.Т.Э” ХХК-д буцаан өгсөн гэж тодорхойлсон байна.

 

            Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ С.А.Д ХХК нь тракторын баталгаат хугацаа өнгөрсний дараа өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж зориулалтын жингээс хэтэрсэн зүйл чирч, буруу ажиллуулснаас эвдсэн гэж тайлбарлажээ.

           

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “М.Т.Э” ХХК-ийг татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М.Т.Э” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ баталгаат хугацаа өнгөрсний дараа 2011 оны 12 дугаар сард уг тракторыг эвдэрсэн гэж завсар үйлчилгээ хийлгүүлэхээр хүлээлгэн өгсөн ба тракторыг оношлоход хүчин чадлын үзүүлэлтэд нь таараагүй буюу хүчин чадлыг хэтрүүлсэн агрегат чирэн хэрэглэснээс хурдны хайрцаг эвдэрсэн тул эд ангийг бүхлээр нь тос, масло, шүүлтүүрүүдийг сольж засвар үйлчилгээг хийж 10 000 еврогийн зардал гаргасан гэж тайлбарласан байна.

 

            Түүнчлэн, хариуцагч нь 2010 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын банкинд тодорхойлолт гаргахдаа Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг “С.А.Д” ХХК нь тус санд 2011 онд төлөх хугацаандаа байгаа өрийн үлдэгдэл 15 877 ам.доллар, 138 056 516 төгрөг болохыг тодорхойлж, 98 940 000 төгрөгийн өртөг бүхий Агротрак-150 маркийн тракторыг гэмтэлтэй байсан учраас нийлүүлэгч талд буцаан өгөхөөр тохиролцсон /хх41 дэх тал/ гэж доголдлын талаар маргасан байхад анхан шатны шүүх доголдлыг үйлдвэрлэлийн доголдол уу, эсхүл тракторыг хүлээж авсаны дараа ашиглалтын явцад даац хэтрүүлсэнээс үүссэн доголдол уу гэх байдал тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх, нөхөн бүрдүүлэх ажиллагаа хийх боломжгүй юм.

 

Хэргийн оролцогчоос гуравдагч этгээдийн ашиглалтын журам зөрчсөнөөс эвдрэл үүссэн гэх тайлбартай холбогдуулан нэмэлт нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хаанаас ямар баримт нэмж гаргах нь тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу бөгөөд хэрэгт ач холбогдолтой хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/02406 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

 

                             ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

 

                                                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ