Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/718

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч Х.О-,

шүүгдэгч Х.Ж-,

шүүгдэгч Б.М-тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт Х-ын О-, И овогт Х-ын Ж-, Х овогт Б-ын М- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  1805013240670 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сансарын тунел Уянгалаг караокед зөөгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ... аймшийн ... сум ... дугаар баг ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,  Х овогт Х-ын О-,

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сансарын тунел Андууд караокед зөөгч ажилтай, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт ... аймаг ... сум дунд сайхан ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, И овогт Х-ын Ж-

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Таван толгой ХХК-ний салбар ........ ХХК-д түрээсийн жолооч ажилтай, ам бүл 1, ... аймаг .... сум ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б-ын М-

 

Шүүгдэгч Х.О-, Х.Ж-, Б.М-нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 25-наас 2018 оны 02 дугаар сарын 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баялаг хотхоны 64 дүгээр байрны баруун талд иргэн М.Нармандахыг явж байхад гар утсыг нь илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 324.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.О- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ж- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Х.О-, Х.Ж-, Б.М-нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч М.Нармандахын “2018 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо Баялаг хотхоны гадаа ганцаараа эхнэр Эрдэнэчимэгтэй утсаар яриад явж байхад араас 20-25 орчим насны 165 см өндөртэй эрэгтэй, улаан өнгийн куртик, саарал өнгийн жинсэн өмдтэй хүн миний утсыг булааж зугтаад Баялаг хотхоны хойд талын зам дээр Соната 5 маркийн саарал өнгийн машинд суугаад цаашаа зугтаад явсан. Тэгээд цагдаа дуудсан. ..Би гар утсаа 350.000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-11 дүгээр хуудас/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 12-14 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Эрдэнэчимэгийн “Би 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байтал 00 цаг 20 минутын үед миний нөхөр М.Нармандах нь өөрийнхөө 99800501 дугаараас миний утас буюу 99205740 дугаар руу залгаад доод талын дэлгүүрээс юу авах вэ гэж асуухаар нь нөхрөө доор ирчихлээ гэж бодоод орноосоо босоод цонх руугаа очоод нөхрөө хартал манай нөхөр Соёолж дэлгүүрийн урд талд өөрийнхөө утсаар надтай ярьчихсан зогсож байсан. Тэгтэл урд талаас нь хоёр залуу гарч ирээд манай нөхөр рүү дөхөж очоод улаан куртиктэй залуу манай нөхрийн утсыг ярьж байхад нь булаагаад зугтсан. Тэр хоёр залуу манай байрны  баруун талаар хойшоо зугтаасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20 дугаар хуудас/

 

Дамно ХХК-ний Хөрөнгө үнэлгээний тайлан “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 324.000 /гурван зуун хорин дөрвөн мянган төгрөг/-р үнэлэгдэв” гэсэн  үнэлгээ. /хэргийн 27-28 дугаар хуудас/

 

Б.Мөнхтулгын яллагдагчаар өгсөн “... Одоо нэрийг нь мэддэг болсон Баялаг хотхоны орчимд явж байтал хохирогч нь ганцаараа нилээн согтолттой байдалтай утсаар яриад явж байхыг нь Отгонбаяр нь хараад энэ хүний гар утсыг авъя гэж Жавзмаад хэлсэн юм. Би тухайн үед хуурай ах Ууганбаярын нэр дээр байдаг Соната 5 маркийн автомашиныг жолоодчихсон явж байсан. Тэгээд Отгонбаяр хүний гар утас булаах санааг гаргаад Жавзмаа тэр хоёр буугаад гар утсыг нь араас нь очоод утсаар ярьж байсан учраас булааж аваад зугтаачихсан юм. ... Миний бие гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэн нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 92-93 дугаар хуудас/

 

Х.Ж-гийн яллагдагчаар өгсөн “...Хохирогч нь нэлээн согтолттой байдалтай утсаар яриад явж байхыг Отгонбаяр хараад энэ хүний гар утсыг авъя гэж надад хэлсэн. Тэгээд Отгонбаяр бид хоёр машинаас буугаад Отгонбаяр нь намайг авчих гээд байхаар нь би эхэндээ үгүй гэж байгаад хохирогчийн араас нь очиж байгаад гар утсыг нь булааж машинд суугаад зугтаачихсан юм. Гэмт хэрэг үйлдэх санааг Отгонбаяр гаргасан юм. ... Саарал өнгийн Самсунг эс 6 эджи загварын гар утсыг Сансарын Андууд нэртэй ломбарданд 14 хоногийн хугацаатай Мөнхтулгын нэрээр 180.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 94-95 дугаар хуудас/

 

Х.О-ын яллагдагчаар өгсөн “... Энэ хүний гар утсыг авъя гэж нөгөө хоёртоо хэлтэл за тэгье, нилээн согтуу хүн байна, юмаа мэдэхгүй байх гэж ярилцаад Жавзмаа бид хоёр машинаас буугаад Жавзмаа нь гар утсыг нь булааж аваад явсан юм. Гэмт хэрэг үйлдэх санааг би гаргасан юм. Би санааг гаргаж Мөнхтулга, Жавзмаа хоёр дэмжээд тэгээд бид гурав гэмт хэрэг үйлдэх болсон юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 96-97 дугаар хуудас/

 

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай  “...20.000 төгрөгний мөнгөн дэвсгэрт 16 ширхэг, 10.000 төгрөгний мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, ...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 45 минутанд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв. ...Хохирлын мөнгө хүлээн авсан: М.Нармандах” тэмдэглэл /хэргийн 99 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Х.О-, Х.Ж-, Б.М-нар нь бүлэглэн иргэн М.Нармандахыг явж байхад гар утсыг нь илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 324.000 төгрөгний хохирол учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгө үнэлгээний тайлан, яллагдагч нарын өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл  шүүгдэгч нарын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан  эд хөрөнгө, өмчлөх эрхэд халдсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч Х.О-, Х.Ж-, Б.М-нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Мөн Прокуророос шүүгдэгч нарт “Дээрэмдэх” гэмт хэргийг “бүлэглэн гүйцэтгэсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь тохирсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч нар нь  гэмт хэрэг үйлдэх тухайгаа хоорондоо урьдаас ярьж тохиролцсон боловч өнгөц, тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл хэн ямар үүрэгтэй оролцох нь тодорхойгүй юм. Иймд тэдэнд хариуцлага хүлээлгэхэд тухайн гэмт хэргийн объектив тал буюу бусдын эд хөрөнгийг  дээрэмдэж авсан үйлдлийг хамтран хэрэгжүүлсэн явдал нь хангалттай юм.

 

Хохирогч М.Нармандахаас мөрдөн байцаалтад “... Миний бие өөрт учирсан хохирол болох эд зүйлийн үнэлгээгээр гарсан мөнгө болон хэргийн холбогдогч хүмүүс надад хохирлын мөнгө гэж 330.000 төгрөгийг өгч барагдуулсан байгаа. Одоо цаашид гаргах ямар нэгэн санал, гомдол байхгүй” гэжээ. /хэргийн 72 дугаар хуудас/

“...20.000 төгрөгний мөнгөн дэвсгэрт 16 ширхэг, 10.000 төгрөгний мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, ...2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09 цаг 45 минутанд хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв. ...Хохирлын мөнгө хүлээн авсан: М.Нармандах” тэмдэглэл /хэргийн 99 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар шүүгдэгч нар учруулсан хохирлоо төлж барагдуулсан байна гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Х.О-, Х.Ж-, Б.М-нар баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Х.О-, Х.Ж-, Б.М-нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан, хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Х-ын О-ыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 И овогт Х-ын Ж-г бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Хэрсүүчимэд овогт Бадмаарагийн Мөнхтулгыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.О-ыг 1 жилийн хугацаагаар, Х.Ж-г 1 жилийн хугацаагаар, Б.Мөнхтулгыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад зааснаар Х.О-, Х.Ж-, Б.М-нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х.О-, Х.Ж-, Б.М-нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Х.О-, Х.Ж-, Б.М-нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   А.АЛТАНХУЯГ