Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/185

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2019/0190/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ц.Ад холбогдох эрүүгийн 1918002230208 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Ц.А /РД: ............./, ..... оны 01 дүгээр сарын 20-нд ......аймгийн ...... суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, алтны уурхайд тогооч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ....... аймаг, ..... сум, ..... дугаар баг, ...... дүгээр гудамж, ..... тоотод оршин суух, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээг завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.А нь иргэн Д.Сгийн мобайл банкийг ашиглан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 0000000000 тоот дансанд 1.348.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 0000000007 тоот дансанд 45.000 төгрөг, 0000000002 тоот дансанд 25.000 төгрөг, 0000000008 тоот дансанд 8.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 0000000005 тоот дансанд 100.000 төгрөг, 0000000007 тоот дансанд 70.000 төгрөгийн гүйлгээ тус тус хийж, нийт 1.596.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...Би ...... аймгийн ....... сумын төвд 2019 оны 3 дугаар сарын 10-ны үеэр ХААН банк дахь данснаасаа мөнгө авахаар банканд очиход миний дансанд 5000 төгрөг үлдсэн байсан. Тэгээд банкны ажилтнаас “дансанд байсан мөнгө алга болсон байна. Яасан юм бол?” гээд лавлаж асуухад банкны ажилтан данс шүүж үзээд “таны мөнгийг Дархан-Уул аймгийн ХААН банкнаас хүн авсан байна. Та цагдаад ханд” гэж хэлсэн. Миний данснаас яг хэдэн төгрөг алга болсныг мэдэхгүй байна. Миний 1.601.000 төгрөг байсан. Дархан-Уул аймгийн ХААН банкны салбараас миний хохирлыг бүрэн, шуурхай барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хохирогч Д.Сгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15/,

- ...Ц.А гэх хүн 99594007 утасны дугаарын мобайл банк болохгүй гэж нууц дугаараа сэргээлгэсэн юм шиг байгаа юм. Би тухайн үед өөрийнх нь данс холбоотой гэж бодоод мобайл банкных нь нууц дугаарыг сэргээж өгсөн. Тэгтэл 66594007 дугаар нь Д.С гэх Дундговь аймгийн иргэний данстай холбоотой байсан. Д.Сгийн дансанд байсан 1.601.853 төгрөг байснаас Ц.А нь мобайл банк ашиглаад 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1.300.000 төгрөгөөр, 48.000 төгрөгөөр, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2 удаа 25.000 төгрөгөөр, 20.000 төгрөгөөр, 8.000 төгрөгөөр, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 100.000 төгрөгөөр, 70.000 төгрөгөөр зэрэг нийт 1.596.000 төгрөгийг ашиглаж, эдгээр гүйлгээ хийсэн хураамжид 400 төгрөг Д.Сгийн данснаас хасагдсан. Ц.Агээр 1.596.400 төгрөгийг Д.Сд төлүүлж хохиролгүй болгосон  гэх гэрч Г.Гын мэдүүлэг /хх-ийн 17/,

- ...Миний нагац эгч Ц.А нь миний 0000000000 тоот данс бүхий картыг хэрэглэж байсан бөгөөд “хүний данстай мобайл банк холбогдсон байхаар нь чиний данс руу мөнгө шилжүүлээд авсан” гэж хэлэхээр нь би нарийн тодруулж асуугаагүй...  гэх гэрч А.Сийн мэдүүлэг /хх-ийн 18/,

- ...2019 оны 02 дугаар сарын эхэнд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах ХААН банкны салбарын ажилтнаар өөрийнхөө 99594007 дугаарт собайл банк суулгуулсан. Тэгээд мобайл банкаа шалгаж үзтэл 1.354.903 төгрөг байхаар нь дүүгийнхээ виза карт руу 1.300.000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэгтэл мобайл банканд дахин 247.000 төгрөг орж ирэхээр нь би тэр мөнгийг нь бага багаар шилжүүлж авсан... гэх шүүгдэгч Ц.Агийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40/,

- 5459027559 тоот дансны эзэмшигч Д.С, 0000000000 тоот дансны эзэмшигч нь А.С, 0000000007 тоот дансны эзэмшигч Ц.А, 0000000002 тоот  дансны эзэмшигч нь Н.Н, 0000000008 тоот дансны эзэмшигч нь Ди Би Эс ХХК, 0000000005 тоот дансны эзэмшигч нь Ц.А болно гэх ХААН банкны 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 59 дугаартай албан бичиг /хх-ийн 20/,

- Хохирогч Д.Сгийн 0000000009 тоот дансны, гэрч А.Сайнбуянгийн 0000000000 тоот дансны,  шүүгдэгч Ц.Агийн 0000000007 тоот дансны, иргэн Н.Нандинчимэгийн 0000000002 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 21-32/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Агийн үйлдлийн улмаас хохирогч Д.Сд 1.596.400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Сгийн “...Дархан-Уул аймгийн ХААН банкны салбараас миний хохирлыг бүрэн, шуурхай барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч Г.Гантуулын “...Ц.Агээр 1.596.400 төгрөгийг Д.Сд төлүүлж хохиролгүй болгосон”  гэх мэдүүлэг /хх-ийн 17/, “Ц.А нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1.596.400 төгрөгийг төлсөн болно...” гэх ХААН банкны 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 5108/415 гэх албан бичиг /хх-ийн 33/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Агийн иргэн Д.Сгийн мобайл банкийг ашиглан 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 0000000000 тоот дансанд 1.348.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 0000000007 тоот дансанд 45.000 төгрөг, 0000000002 тоот дансанд 25.000 төгрөг, 0000000008 тоот дансанд 8.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 0000000005 тоот дансанд 100.000 төгрөг, 0000000007 тоот дансанд 70.000 төгрөгийн гүйлгээ тус тус хийж, нийт 1.596.400 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.  

Шүүгдэгч нь алдаатай гүйлгээ завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй. 

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ц.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.А нь алт олборлох уурхайд тогооч ажилтай гэх боловч хэрэгт энэ байдлыг нотолсон баримт авагдаагүй байх тул түүний орлого олох боломжийг харгалзан үзээд түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР