| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0086/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/107 |
| Огноо | 2018-01-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч С.А /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ат холбогдох эрүүгийн 1711015440028 дугаартай хэргийг 2018 оны 1 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, С.А 1985 оны 5 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 хамт, ах, охины хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын 1 дүгээр гудамж, 62 тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 184 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч С.А нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёолж” худалдааны төвд хууль бусаар, нууцаар нэвтрэн орж галын хор, усны крант, хаалганы бариул, холигч зэрэг эд зүйлсийг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-6, 16-18/, С.Аын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-9-10, 27-28/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 5 сарын 6-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-39/, гэрч Т.Баярсайханы /хх-23-24/, эд зүйлийн үнэлгээ /хх-12-13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-11/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч С.А нь 2017 оны 12 сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёолж” худалдааны төвд хууль бусаар, нууцаар нэвтрэн орж галын хор, усны крант, хаалганы бариул, холигч зэрэг эд зүйлсийг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Бийн /хх-16-18/: “..Тухайн салбараас 7 ширхэг галын хор алдагдсан байсан 1 ширхэг нь 32,000 төгрөг, усны крант 3 ширхэг, нэг ширхэг нь 20,000 төгрөг, хаалганы бариул 5 ширхэг 1 ширхэг нь 50,000 төгрөг, холигч 1 ширхэгийн үнэ 10,000 төгрөгийн үнэлгээтэй эд зүйл алдагдсан байсан. Дээрх эд зүйлүүд бүгд шинэвтэр эд зүйл байсан. Би алдагдсан зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан. Тухайн хагарсан цонхыг үнэлүүлэхгүй. Хагарсан цонхны хохирлыг нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй..” гэсэн мэдүүлгээр
С.Аын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-9-10, 27-28/ “..Тэгээд гэртээ харих гэж “Зунжин” дэлгүүрийн хажууд явж байсан чинь уг дэлгүүрийн урд жигүүр болох “Соёолж” гэсэн бичигтэй дэлгүүрийн зүүн хойд талын цонх нь хагарсан харагдахаар нь уг цонхны хагарсан хэсэгээр нь дотогш ороод 7 ширхэг галын хор, ууттай холигч авч цонхны хагарсан хэсгээр гадагш гаргаж тавиад авч явах гэж байгаад үйлдэл дээрээ цагдаад баригдсан..” гэх мэдүүлгээр болон эд зүйлийн үнэлгээ /хх-12-13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-11/, зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.А нь хохирогчийн эд зүйлийг авч байгаад үйлдэл дээрээ баригдсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаараа хэргээ хүлээн мэдүүлдэг, хохирогчийн алдагдсан эд зүйлсийн үнэлгээ зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч С.А нь 2017 оны 12 сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Соёолж” худалдааны төвд хууль бусаар, нууцаар нэвтрэн орж галын хор, усны крант, хаалганы бариул, холигч зэрэг эд зүйлсийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ. Учир нь Соёолж гэсэн бичигтэй дэлгүүрийн зүүн хойд талын цонх нь хагарсан хэсгээр нь дотогш орж эд эд зүйлийг гадагш гаргаж тавиад авч явах замдаа үйлдэл дээрээ баригдсан нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас тухайн гэмт хэрэг төгсөөгүй байна.
Иймд хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон гэж үзээд шүүгдэгч С.Аыг бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр нууцаар авахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.А нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролыг төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзавч Эрүүгийн хуульд заасан “хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.
Шүүгдэгч С.А нь хулгайлсан эд зүйлсийг хохирогч Д.Бид буцаан өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Ат хорих ял оногдуулахдаа дээрхи байдлуудыг харгалзан үзэж ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.А нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар С.Аыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ат оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч С.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шүүгдэгч С.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР