Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2017/00515

 

 2017 оны 03 сарын 09 өдөр

          Дугаар 183/ШШ2017/00515

                    Улаанбаатар хот

Зохигч  талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Худалдааны гудамж, Барилга корпорацийн байр 3 тоотод байрлах “Газар сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 51 дүгээр байр 2 давхарт байрлах “Нутгийн зам групп” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 59 870 634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний  хэргийг хянан хэлэлцэв. 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хадбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов.                                                                                                  

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Газар сервис” ХХК нь 2015, 2016 онуудад “Нутгийн зам групп” ХХК-тай бохир хайрга худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан. Энэхүү хугацаанд гэрээнд заагдсаны дагуу тохирсон хугацаанд худалдагч тал болох “Газар сервис” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бараа бүтээгдэхүүнийг цаг тухайд нь хугацаа алдалгүй чанартай барааг нийлүүлж гэрээнд заагдсан үүргээ бүрэн гүйцэтгэсэн болно. Худалдан авагч тал болох "Нутгийн зам групп" ХХК нь 2015 оны бараа нийлүүлэлтийн үнийн дүнгийн үлдэгдэл болох 33 831 935,18 төгрөгийг мөн 2016 оны бохир хайрга худалдан авсан үнийн дүнгийн 11 490 337 төгрөгийг нийт 45 322 272 төгрөгийг өнөөдрийг болтол төлж барагдуулаагүй манай байгууллагыг алдагдалд оруулж хохироож байгаа болно. Иймд бараа бүтээгдэхүүний үндсэн төлбөр болох 45 322 272 төгрөг болон 2016 оны 8-р сарын 28-аас 2016 оны 12 сарын 15 хүртэлх нийт 107 хоногийн 0,3 хувийн алданги тооцож алданги болох 14 548 362 төгрөгийг нэмж нийт 59 870 634 төгрөгийг хариуцагч “Нутгийн зам групп” ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага болох 0.3%-ийн алдангийн 14 578 362 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дээрх алдангийг эдийн засгийн хямрал, манай байгууллагын улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа ажлын гүйцэтгэлийн мөнгө цаг хугацаандаа орж ирэхгүй байгааг харгалзан үзэж Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж өгнө үү. Бид Бадамтай 2 удаа ярьсан одоо эвлэрэх саналтай байна. Алдангийн хэмжээг бууруулж өгөөч гэж хүсмээр байна. Бид 5 дугаар сард дахин гэрээ хийж хамтарч ажиллах байх гэж бодож байна. Бид 10,000,000 төгрөг өгсөн энэ нөхцөл байдлуудыг ойлгож харгалзан үзэх боломж байна уу. 2017 оны 6 дугаар сарын 1 гэхэд төлнө. Хэрэв төлөхгүй бол алдангийг бүтэн төлнө гэж эвлэрэх саналтай байна гэв.

Талууд эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Газар сервес” ХХК болон хариуцагч “Нутгийн зам” ХХК нь худалдах худалдан авах гэрээний төлбөр тооцооны үлдэгдэл 45 322 272 төгрөг болон алдангийн 50 хувь болох 7 224 180 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрэв. Тохирсон хугацаанд дээрх төлбөрийг дутуу болон төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн болон алданги болох 14 548 362 төгрөгийг бүрэн 59 870 634 төгрөгөөр төлөхөөр тооцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Газар сервес” ХХК нь хариуцагч “Нутгийн зам” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 59 870 634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн аваад, уг нэхэмжлэл нь хуульд заасан хэргийн болон шүүхийн харъяалал зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзэн хэрэг үүсгэсэн.

           Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 45 322 272 төгрөг болон алдангийн 50 хувь болох 7 224 180 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, тохирсон хугацаанд дээрх төлбөрийг дутуу болон төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн болон алданги болох 14 548 362 төгрөгийг бүрэн 59 870 634 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  заасныг удирдлага болгон                                                                                    ЗАХИРАМЖЛАХ нь:                                                                                                                                                                                                                                                  

“Газар сервис” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Нутгийн зам" ХХК-аас 59 870 634 төгрөггаргуулах тухай хэргийн хариуцагч тал  нэхэмжлэлийн шаардлагаас болох 59 870 634 төгрөгөөс 45 322 272 төгрөг болон алдангийн 50 хувь болох 7 224 180 нийт 52 546 452 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ны дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, тохирсон хугацаанд дээрх төлбөрийг дутуу болон төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн болон алданги болох 14 548 362 төгрөгийг бүрэн 59 870 634 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 420 682 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.РЕНЧЕНХОРОЛ