Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/168

 

 

 

 

 

 

   2020              02           13                                        2020/ШЦТ/168

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  О.Бямбасүрэн хөтлөн,

Улсын яллагч: А.Баясгалан,

Шүүгдэгч Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Ут холбогдох эрүүгийн 2005000850146 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд хотод төрсөн, 37 настай, эрэгтэй. Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хувиараа чулуугаар гар урлал эрхэлдэг. Ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт тоотод оршин суудаг,

   2001 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 8 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

   2004 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 70 дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 13 жил 6 сар хорих ял,

   2008 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 160а дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 16 жил 1 сар 27 хоног хорих ял,

   2009 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 21/а дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2, 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 15 жил хорих ял,

   2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1167 дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн. Хэрэг хариуцах чадвартай. У  /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.У нь 2019 оны 12 дугаар сарын 27-с 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Бест-9” нэртэй нийтийн караокений зөөгч Г.Быг захиалсан дуу явуулж өгсөнгүй гэх шалтгаанаар үснээс нь зулгааж, нүүр тус газар нь цохиж, цамцны захаар нь заамдаж, хоолойг нь боож, толгой тус газар нь балаар цохиж  дух, зулай, даланд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, бугалга, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодьтой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Уын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гурван эрэгтэйн нэг нь “миний захиалсан дуу явсангүй, төрсөн өдрийн дуу хий” гэхээр нь би нөгөө дууг нь хайж байтал текэн дээр ирээд “миний захиалсан дуу яасан бэ?” гэхээр нь би хайж байна гэтэл “чи муу нохойн гөлөг надтай ингэж ярихгүй” гээд намайг үсдсэн. Тэгэхээр нь би гарыг нь тавиулаад болиоч ахаа гэтэл текний араар орж ирээд миний нүүр рүү гараараа хоёр гурван удаа цохих гэхэд нь би гараараа нүүрээ хаагаад намайг цохиж чадаагүй юм. Гэтэл миний цамцны захнаас заамдахлаар нь би бас хувцаснаас нь зуураад ноцолдож байгаад би нөгөө эрэгтэйг доороо хийгээд газар унагасан. Тухайн үед манай үйлчлүүлж байсан хүмүүс бид хоёрыг салгаад газраас босож ирээд нөгөө эрэгтэй текэн дээр байсан миний данс тооцоо хөтөлдөг балыг аваад миний толгойн зулай болон орой хэсэг рүү 7-8 удаа цохисон...”  гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/

 

Гэрч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 27-с 28-нд шилжих шөнө найз Уын ажил дээр очтол У маргааш миний төрсөн өдөр гэхээр нь би маргааш төрсөн өдөр чинь болох гэж байгаа юм бол найз нь ганц шил архи авч өгье гээд би дэлгүүрээс нэг шил архи бид хоёр хуваагаад ууж байтал Уын таньдаг дүү нь гээд нэг залуу гаднаас нэг шил архитай ирээд бид гурав хоёр шил архи хувааж уугаад сууж байтал Уын дүү гэх залуу нь гурвуулаа гарч караоке орж ганц цаг дуулчхаад харьцгаая гээд бид гурав гараад Гандангийн ард байрлах нийтийн караокед орж нэг шил архи захиалаад авсан архиа хувааж уугаад сууцгааж байгаад би Ут зориулж төрсөн өдрийн дуу захиалтал бармен залуу миний захиалсан дууг тавьж өгөхгүй байсан юм. Тэгтэл У бармен залуу дээр очоод “чи манай ширээний захиалсан дууг яагаад тавихгүй байгаа юм” гээд хэлтэл бармен залуу “за” гээд текэн дээрээ очиход У араас нь очих шиг болсон. Нэг харсан чинь нөгөө залуутай бие биенийхээ хувцаснаас зууралдаад байж байхаар нь би болон хажуу ширээнд сууж байсан нэг хүүхэн, хоёр залуу бид дөрвүүлээ ширээнээсээ босож очоод У, бармен залуу хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

 

Шүүгдэгч Ц.Уын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Г.Бад учирсан гэмтлийг би учруулсан. Би зодож бас үзгэн балаар толгой руу нь цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/           

  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 835 дугаартай дүгнэлтээс  “...Г.Бын дух, зулай, даланд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, бугалга, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-ийн 16 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 72, 73 тал/

 

 Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Ц.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 32 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33 тал/, эрүүгийн хариуцлага хүлэээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 тал/, депозит дансны хуулга /хх-ийн 37-50 тал/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-ийн 54-64 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.У нь 2019 оны 12 дугаар сарын 27-с 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Бест-9” нэртэй нийтийн караокений зөөгч Г.Быг захиалсан дуу явуулж өгсөнгүй гэх шалтгаанаар үснээс нь зулгааж, нүүр тус газар нь цохиж, цамцны захаар нь заамдаж, хоолойг нь боож, толгой тус газар нь балаар цохиж  дух, зулай, даланд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, бугалга, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч  мэдүүлсэн мэдүүлгүүд,

Хохирогч Г.Бын мэдүүлэг /хх-ийн 28 тал/, гэрч Ч.Эын мэдүүлэг /хх-ийн 13 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 835 дугаартай дүгнэлт /хх-ийн 16 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хохирогч Г.Бын биед “дух, зулай, даланд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, бугалга, сарвуунд зулгаралт” гэмтэл учирсан нь хэргийн 16 дахь талд авагдсан шинжээч эмчийн 835 дугаартай дүгнэлтээр нотлогдсон ба энэ шүүгдэгч Ц.У хохирогчийг цохисон үйлдлийн улмаас үүссэн гэмтэл байна.

 

Шүүгдэгч Ц.У гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ц.У нь 2019 оны 12 дугаар сарын 27-с 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “Бест-9” нэртэй нийтийн караокений зөөгч Г.Быг захиалсан дуу явуулж өгсөнгүй гэх шалтгаанаар үснээс нь зулгааж, нүүр тус газар нь цохиж, цамцны захаар нь заамдаж, хоолойг нь боож, толгой тус газар нь балаар цохиж  дух, зулай, даланд шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, зулгаралт, бугалга, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Ц.Уыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.У нь “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэж мэдүүлж оролцсон бөгөөд хохирогч Г.Ба нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.У шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Ц.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Ут ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Ц.У гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогч Г.Ба шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүгдэгч, хохирогч нар гаргасан байна. /хх-н 72, 73/

 

Шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ц.Ут танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Ц.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.У цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ