| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0170/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/191 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2019/0170/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Банзрагч,
Улсын яллагч Г.Яндаг,
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Ц.Эт холбогдох эрүүгийн 1918002140186 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт Ц.Э /РД: /, .........аймгийн ............. суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр хийцийн засварчин мэргэжилтэй, “...................” ХК-ийн “...................” уурхайд хүдэр боловсруулах тоног төхөөрөмжийн операторчин ажилтай, ам бүл 6, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 00 дүгээр багийн 00 дугаар байрны 00 тоотод иргэн Т.Атай маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ц.Эын өгсөн: ...С.С ажлын хөлсийг Х.Б инженерээс авах зорилгоор Х.Б инженерийн гэрт очсон. Тэгтэл Х.Б инженер гэртээ байхгүй байсан бөгөөд хохирогч Т.А нь “Х.Б байхгүй, гэрт ороод үз” гэж хэлэхээр нь би гэрт нь орж үзсэн. Тэгээд гарахдаа “хүнээр ажил хийлгэсэн юм бол мөнгийг нь өгчихгүй яасан юм бэ” гэж хэлэхэд хохирогч Т.А нь “Чи хэн бэ? надаас мөнгө нэхээд. Наанаа байж бай. Цагдаа дуудна” гэж хэлээд миний хувцаснаас зуурсан. Тэгэхээр нь би Т.Агийн 2 гараас нь бариад түлхсэн. Тэгтэл хохирогч хана руу унасан. Би эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин гэж нийт 490.000 төгрөг төлсөн. Би буруу үйлдэл хийсэн гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Т.Агийн өгсөн: ...Ц.Э манай гэрт ороод өрөө болгоноор явж үзээд “та нар Содоо, Эрдэнээ хоёроор ажил хийлгэчхээд мөнгийг нь өгөхөд адаг юм бэ?” гээд надаас мөнгө нэхсэн. Тэгэхээр нь би түлхээд гэрээсээ гаргатал Ц.Э нь хаалганы дотор талд зүүсэн байсан түлхүүрээс бариад тавихгүй байхаар нь би зууралдаад түлхүүрээ авсан. Тэгтэл Ц.Э намайг хана мөргүүлсэн, би тэр хүний гаргах гэхэд намайг түлхсэн. Тэгээд С.С гаднаас орж ирээд Ц.Эыг аваад гарсан. Ц.Э нь надаас уучлалт гуйгаад миний хохирлын мөнгө болох 490.000 төгрөгийн надад өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,
Гэрч Х.Бы өгсөн: Өнөөдөр би 17 цаг өнгөрч байхад зээ охиноо авах гээд “Шинэ алхам” сургууль дээр байж байхад манай эхнэр Т.А над руу залгаад “С.С танихгүй хүнтэй ирээд намайг зодчихлоо” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Гэрч С.Сын өгсөн: ...Ц.Э бид хоёр хамт ажиллаж байсан Х.Бы гэрт очсон. Тэгтэл эхнэр Т.А нь хаалгаа онгойлгоод “Х.Б гэртээ байхгүй байна” гэхэд Ц.Э нь “чи битгий худлаа яриад бай” гэж хэлээд гэр лүү нь дайрч орсон. Би санаа зовоод гэр лүү нь ороогүй. Ц.Э, Т.А нар маргалдах чимээ гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
...Т.Агийн толгой өвдөнө, зүүн тохой өнгөц шалбарсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт, хохирогч Т.Агийн “Саран элит” клиникийн эмнэлгийн дүрс оношилгооны тасагт хийлгэсэн компьютер томографын оношилгоо /хх-ийн 20-21/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 268 дугаартай “Т.Агийн биед тархи доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Т.Ад учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 00 дүгээр багийн 00 дугаар байрны 00 тоотод иргэн Т.Атай маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Ц.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Агийн биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөрт 490.000 төгрөг төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Т.Агийн “...Ц.Э нь надаас уучлалт гуйгаад миний хохирлын мөнгө болох 490.000 төгрөгийн надад өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/, хохирогч Т.Агийн ХААН банк дахь 5046083046 тоот дансанд шүүгдэгч Ц.Э нь 490.000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын мэдүүлэг /хх-ийн 47/-ээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Э нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Ц.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “...................” ХК-ийн “...................” уурхайд хүдэр боловсруулах тоног төхөөрөмжийн операторчин ажилтай, сарын үндсэн цалин нь 950.000 төгрөг болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, “...................” ХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 3-1/519 дугаартай албан бичиг /хх-ийн 32/-ээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.Э нь орон сууц болон цалингийн зээлтэй учир торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ц.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Эт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР