Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2014/0326

 

 

 

Л.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Л.Б, түүний өмгөөлөгч Л.Б, гуравдагч этгээд В.Г-н өмгөөлөгч Д.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 221 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Л.Б, гуравдагч этгээд В.Г, түүний өмгөөлөгч Д.М нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу, Л.Б-н нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1-1 в тоотод байрлах 604 м.кв талбай бүхий газрыг тус дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 203 тоот захирамжаар албан ёсоор эзэмшиж, 2006 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байна. Иргэн В.Г, Б.Д нар маргаан гаргасны үндсэн дээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 146 дугаар шийдвэрээр ... дээрх захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, дахин газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгасан. Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/113 тоот захирамжаар миний эзэмшиж байсан 604 м.кв талбай бүхий газрыг 2 хувааж, тал буюу 402 м.кв талбайг надад эзэмшүүлэхээр, үлдсэн хэсгийг нь иргэн В.Г-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн... Иймд уг шийдвэрийн иргэн В.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч

 

 

 

М.А шүүхэд гаргасан тайлбартаа: ...Иргэн Л.Б, В.Г нар дүүргийн Засаг даргын 2012 оны А/113 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрч газар эзэмших эрхийн гэрчилгээгээ гарын үсгээ зурж авсан. Улмаар Л.Б Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/414 дугаар захирамжаар газраа өмчилж авсан... Тухайн маргалдаж буй газрын хэмжээ нь 604 м.кв-аас илүү 804 м.кв байсан тул Л.Б, В.Г нарт тэнцүү хувааж, 402 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэжээ.

Гуравдагч этгээд В.Г шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Л.Б-с өмнө энэхүү маргаантай газрыг эзэмшилдээ авч, хог хаягдал болсон газрыг цэвэрлэн, шороо асгаж, жалгыг тэгшилж хашаа барьсан, уг маргаантай газрыг хууль ёсоор эзэмших хүсэлтээ Чингэлтэй дүүргийн Газрын албанд 2003 оны 04 дүгээр сараас эхлэн гаргасан боловч өргөдлийг хүлээж аваагүй. Л.Б-д уг газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 203 дугаар захирамж нь миний эрхийг зөрчсөн... шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр эрх зөрчигдсөн талаар тогтоосон байхад Чингэлтэй дүүргийн Засаг дарга... газрын эзэмших эрхийг 2 хувааж, талыг нь Л.Б-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь дахин миний эрхийг зөрчөөд зогсохгүй, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн

  1. 7.4-т заасныг зөрчиж байна.. Л.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Х шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие В.Г-тэй хуульд заагдсан нөхцөлийн дагуу Чингэлтэй дүүргийн 9 хороо, Дэнжийн 1-000ё тоот газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийсэн. Чингэлтэй дүүргийн Газрын албанд газар эзэмшүүлэх, нэр шилжүүлэх хүсэлт гаргаснаар 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус албанаас надад гэр бүлийн хамтын хэрэгцээний газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон... Би энэ газрыг шударгаар эзэмшиж байгаа учраас Л.Б-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд В.Г шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: ...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/113 дугаар захирамжийн иргэн Л.Б-д холбогдох хэсэг, мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/414 дугаар захирамжийн иргэн Л.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т шүүхэд гаргасан тайлбартаа: ...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/113 тоот шийдвэрийг үндэслэн иргэн Л.Б-д Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1-000е тоот хашааны 402 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/414 тоот захирамжаар өмчлүүлсэн... Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу иргэний газар өмчлөх эрхийг шийдвэр гаргасан этгээд өөрөө хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул ' В.Г-н бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 221 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “...“Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/113 дугаар захирамжийн В.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг, гуравдагч этгээд В.Г-н “...Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/113 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамжийн Л.Б-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд В.Г, түүний өмгөөлөгч Д.М нар давж заалдах гомдолдоо: ...Миний бие 2003 оны 04 дүгээр сараас Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн гудамж, хөшөөтэй тойргийн баруун талд хог новш, жалга бүхий газрын хогийг цэвэрлэж, жалгыг нь тэгшилж, хашаа байшин барьж, эзэмшиж байхдаа уг газартаа газар эзэмших эрхийн гэрчилгээ авах гэж тус дүүргийн Газрын албаар хөөцөлдөхөд наад газар чинь үерийн ам, цахилгаан шугамтай газар, танд эзэмшүүлэхгүй гэж шалтаг тоочоод өгөхгүй, өргөдлийг авахгүй байсан мөртөө Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 203 тоот захирамжаар Л.Б-д миний барьж босгосон 3 тал хашааны хамт 500 м.кв газрыг эзэмшүүлсэн талаарх хэргийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч В.Ганбатын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 203 тоот захирамжийн Л.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Д-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, В.Г, Л.Б нарын газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.

 

 

 

 

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 273 тоот магадлалаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 146 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай гэж шийдвэрлэсэн. Мөн хяналтын шатны 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 254 тоот тогтоолоор Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 146 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 273 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисугай гэж шийдвэрлэсэн.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр В.Г, Л.Б нарын газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгасан байхад Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга н.Очир 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/113 тоот захирамжаар маргалдаж буй газрыг 2 тэнцүү хувааж, дээрх 2 иргэнд эзэмшүүлэхээр шийдвэрлэн хууль журам зөрчиж, Л.Б-д 0396609 тоот, иргэн В.Г-д 0396608 тоот гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг би ойлгохдоо 2003 оны 04 дүгээр сараас Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн гудамж, хөшөөтэй тойргийн баруун талд хог новш, жалга бүхий газрын хогийг цэвэрлэж, жалгыг нь тэгшилж, хашаа байшин барьж эзэмшиж байсан мөн уг газартаа газар эзэмших эрхийн гэрчилгээ авахаар Л.Б-с түрүүлж газар эзэмших тухай хүсэлтээ тус дүүргийн Газрын албанд гаргаж байсан учраас надад хуулийн дагуу өгөх ёстой гэж үзэж байна. Үүнийг хууль журмын дагуу өгөх ёстойг нотолсон дараах баримтууд хэрэгт байдаг.

Үүнд: иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 36 тоот албан бичгээр таны өргөдөл шийдэгдэх шатандаа явж байна гэсэн хариуг өгч байсан. Газрын харилцаа, геодези зураг зүйн газар 2011 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/1347 тоот албан бичгээр тус дүүргийн Газрын албанд шүүхийн шийдвэр эцсийнх тул В.Г-н газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхийг шаардсан албан бичиг хүртэл явуулж байсан. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газрын 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 3/4279 тоот зөрчил арилгуулах тухай албан бичигт хууль тогтоомжид зааснаар шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн дагуу Л.Б-д газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/113 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь заалтын дагуу иргэн В.Г-н зөрчигдсөн эрхийг сэргээн, газрыг эзэмшүүлэх арга хэмжээ авч хариуг мэдэгдэнэ үү гэсэн байдаг.

Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг

 

хэмжээгээр давхцаагүй байна, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргана”, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын баталсан “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2 дугаар зүйлд заасан эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дарааллыг зөрчсөн захирамжийг хүчингүй болгоогүй хууль зөрчсөн.

Дээрх журмын 2.1.1-д “иргэн, хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авч бүртгэх” гэж заасны дагуу гэрчилгээ олгохдоо газар эзэмшихийг хүссэн өргөдөл хамгийн чухал. Гэтэл Л.Б нь газар эзэмших эрхийн гэрчилгээ авах өргөдлөө гаргаагүй байхад түүнд гэрчилгээ олгосон байдаг. Анх Чингэлтэй дүүргийн Газрын алба 2006 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 203 тоот захирамжаар Л.Б-д газар олгосон. Гэтэл газар хүссэн өргөдлийг нь 2006 оны 09 дүгээр сарын 18-ны хүлээн авсан байдаг. Ингэж Л.Б-д газрыг зохих журмын дагуу олгоогүй. Гэтэл Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр Газрын тухай хуульд заасан журмын дагуу олго гэснийг уг хуулийн 21.2.2-т зааснаар шийдвэрлэсэн байна гэж буруу ойлгож, шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б давж заалдах гомдолдоо: ...Шийдвэрийн үндэслэх хэсэгт Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 146 дугаар шийдвэр ... Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 254 дүгээр тогтоол гарснаар хуулийн хүчин төгөлдөр болсон... нэхэмжлэлийн үндэслэл, маргах үйл баримтаас үзвэл нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар тухайн үйл баримтыг дахин нотлох боломжгүйгээс гадна хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргаас дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн үндсэн дээр шүүхийн шийдвэрийг биелүүлж, шийдвэрийг зөвтгөж, маргалдагч талуудын хэн алины эрхийг нь хангаж, тэгш эрхийн зарчмыг баримтлан маргаан бүхий газрыг адил тэнцүү хуваан эзэмшүүлжээ” гэснийг зөвшөөрөхгүй байна. Тухайлбал:

1.1 Шийдвэрт дурдаад байгаа шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсонтой маргахгүй. Харин одоо маргаж байгаа үйл баримтыг нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж дээрх шийдвэрүүдийг үндэслэл болгосныг зөвшөөрөхгүй. Энэхүү шийдвэрүүдэд В.Г-д газар олго гэсэн заалт байхгүй. Харин В.Г, Б.Д нарын нэхэмжлэлтэй, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 146 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д зааснаас харахад В.Г-н нэхэмжлэлийн “...уг газрыг эзэмших, ашиглах бололцоо олгуулах”-ыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь магадлал, тогтоолоор хэвээр батлагдсан. Ийм байхад В.Г-д газар олгоод байгааг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх

боломжгүй.

    1. Нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзээд байгаа нь үндэслэлгүй байна. Дээр дурдсан нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдтэй холбоотой асуудал бол Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 16-ны 203 дугаар захирамжаар Л.Б-д газар олгосонтой холбоотой асуудлыг авч хэлэлцсэн. Харин энэхүү нэхэмжлэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 04- ний өдрийн А/113 дугаар захирамжийн В.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах асуудал хэлэлцэгдэж байгаа. Ийнхүү шийдвэрлэх хэргийн онцлогоос шалтгаалан үйл баримтыг авч үзэх ёстой. Энэ хэргүүдийг шийдвэрлэхэд үндэслэл болгох үйл баримтууд өөр гэдэг нь доор дурдсан бусад үндэслэл, тайлбаруудаас харагдана.
    2. Дээр дурдсан 146 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3-д “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг баримтлан В.Г, Л.Б нарын газар эзэмших хүсэлтийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгасугай” гэж заасны дагуу шийдвэрлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу материал бүрдүүлэлт хийх ёстой. В.Г-н хувьд уг шаардлагыг хангахгүй байсан. Тухайлбал, В.Г уг газар оршин суудаггүй учраас дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-д заасан оршин суугаа газрын тодорхойлолтыг авах боломжгүй. Тэгээд ч хуурамчаар тодорхойлолт авч, хэргийн материалд хавсаргасан байгаа нь энэ хэрэг дээр үнэлэгдэх нотлох баримт юм. Үүнийг өмнө шийдвэрлэсэн хэргийн баримтаар В.Г-н оршин суугаа газар нь тогтоогдсон байсан гэж үзэх боломжгүй буюу тусад нь үнэлэх нотлох баримт байсан. В.Г-н зүгээс хэргийн материалд хавсаргаж өгсөн газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг нь шаардлага хангахгүй буюу гарын үсэг, тамга тэмдэг байхгүй зураг байсан нь мөн хуулийн 32.2.2-д заасныг зөрчсөн. Газрын алба болон Чингэлтэй дүүргийн Засаг даргын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэсэн нь үндэслэлгүй.
    3. Энэхүү гомдлын 1.4-т дурдсанаар шүүхийн шийдвэрийн дагуу нягталж үзсэн тохиолдолд хэн нь уг газрыг эзэмшиж байгаа вэ гэдэг нь маш тодорхой байсан. В.Г Газрын албанд хүсэлт гаргаж байсан эсэхийг ч лавлагаагаар тодруулах боломжтой байсан.

2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...уг шийдвэрийг нэхэмжлэгч Л.Б хүлээн зөвшөөрсөн нь тухайн хэмжээгээр газраа өмчилж авахаар Нийслэлийн Засаг даргад хандан хүсэлт, холбогдох баримтуудыг хавсарган баримт, түүнд өмчлүүлэхээр Нийслэлийн засаг даргын шийдвэр зэргээс тогтоогдож байх бөгөөд маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын иргэн В.Г-д 402 м.кв газрыг өөртэй нь адил хэмжээгээр эзэмшүүлсэн актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэсэн нь үндэслэлгүй байна.

2.1. Өөрийн эзэмшиж байгаа газраа өмчилж авахаар хүсэлт гаргасан нь В.Г-д газар олгосныг зөвшөөрсөн хэрэг огт биш.

 

2.2. Эзэмшиж байсан газрыг хуваан өөр этгээдэд эзэмшүүлсэн нь миний эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. В.Г нь уг газрыг эзэмшиж байсан юм бол намайг 2006 оноос эзэмшихэд мөн түүний өмнө н.Б, н.Ө, н.Ч нар эзэмшихэд хаана байсан юм бэ. В.Г нь тухайн газар дээр нэгэн солонгос иргэн байж байгаад явсныг далимдуулж, худал, хуурамч нотлох баримт цуглуулж, төрийн байгууллагын хүмүүсийг төөрөгдүүлж байна. Иймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/113 дугаар захирамжийн В.Г-д холбогдох % хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэжээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/113 дугаар захирамжаар маргаан бүхий 804 м.кв газрыг 2 тэнцүү хэсэгт хувааж, нэхэмжлэгч Л.Б-д Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1-0003е тоотын 402 м.кв газрыг, гуравдагч этгээд В.Г-д мөн хорооны Дэнжийн 1-0003ё тоотын 402 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн нь тэдний газар эзэмших, өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

%

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/113 дугаар захирамжид холбогдуулан “Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, тухайн газарт гуравдагч этгээд болох В.Г нь оршин сууж байсан эсэх, маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй эсэх” үндэслэлээр маргажээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 146 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 273 дугаар магадлал, мөн оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 254 дүгээр тогтоолоор “...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 203 дугаар захирамжаар маргаж буй газрыг иргэн Л.Б-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасныг зөрчсөн гэж дүгнэснээс гадна В.Г-н газар эзэмших тухай хүсэлтийг шийдвэрлээгүй, шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчиж тухайн газарт газар эзэмших эрхийг нь зөрчсөн болохыг дүгнэсэн байна. Түүнчлэн шүүх хуралдааны үед Л.Б дээрх үндэслэлүүдээ гаргаж байсан бөгөөд шат шатны шүүх хэргийн үйл баримтыг дүгнэж, шийдвэрээ гаргасан тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргаас дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн үндсэн дээр шүүхийн шийдвэрийг биелүүлж, маргалдагч талуудын хэн алины эрхийг нь хангаж, тэгш эрхийн зарчмыг баримтлан маргаан бүхий газрыг адил тэнцүү хэмжээгээр эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Л.Б Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/113 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрч тухайн газрыг эзэмшсэнээс гадна өмчилж авахаар Нийслэлийн Засаг даргад хандан хүсэлт гаргаж, холбогдох баримтуудыг хавсарган ирүүлсэн ба улмаар түүнд тухайн газрыг өмчлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 тоот захирамжаар шийдвэрлэсэн байх ба тэрээр тухайн газрыг өмчилж авсны дараа “миний газар эзэмших эрх зөрчигдсөн" гэж нэхэмжлэл гаргаж байгааг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2. Гуравдагч этгээд В.Г нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/113 дугаар захирамжаар 402 кв.м газрыг эзэмших эрхтэй болсон, энэ үед мөн захирамжаар Л.Б-д өөртэй нь адил хэмжээгээр газар эзэмшүүлсэн гэдгийг мэдсэн, дээрх захирамжийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр газар эзэмших гэрчилгээгээ дүүргийн Газрын албанаас авсан төдийгүй өөрийн газар эзэмших эрхээ 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн Б.Х-д шилжүүлэхээр гэрээ хийж шилжүүлсэн /Б.Х-д мөн оны 10 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон/ байна. Ийнхүү В.Г нь өөрт нь газар эзэмшүүлж, эрхийн гэрчилгээ олгосноос хойш 1 жил 2 сар 13 хоног, өөрийнхөө газар эзэмших эрхийг Б.Х-д шилжүүлэхээр гэрээ байгуулснаас хойш 1 жил 18 хоногийн дараа бие даасан шаардлага гаргаж байна.

Өөрөөр хэлбэл, В.Г нь тухайн газарт газар эзэмших эрхээ бусдад шилжүүлсний дараа “миний газар эзэмших эрх зөрчигдсөн” гэж бие даасан шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд түүний газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан, одоо маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа иргэн Б.Х шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй байна.

Нэгэнт В.Г газар эзэмших эрхээ өөрийн сайн дураар бусдад шилжүүлсэн тул түүний газар эзэмших, өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

Гуравдагч этгээд В.Г-н өмгөөлөгч Д.М-с шүүх хуралдаанд “...Л.Б-д газар эзэмшүүлэх тухай А/113 дугаар захирамж гарсны дараа газар эзэмшихийг хүссэн өргөдлийг хүлээн авсан, үүнийг бид гуравдагч этгээдээр татагдсан үеэс мэдэж, бие даасан шаардлага гаргасан, мөн 3 шатны шүүхийн шийдвэрт маргадаг, В.Г-н өргөдлийг хүлээн аваад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулахгүй шийдвэрлэсэн, Чингэлтэй дүүргийн Засаг дарга газрыг 2 тэнцүү хувааж олгох эрх хэмжээ байхгүй” гэсэн 5 үндэслэлээр маргаж байгаа боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул дээрх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй болно.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 221 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Б, гуравдагч этгээд В.Г, түүний өмгөөлөгч Д.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: