Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Н., Шүүгдэгчийн өмгөөлөгч Б. Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 2124000330122 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Завхан аймгийн Т ажиллаж байсан, одоо тэтгэвэрт гарсан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт *******гийн *******, Регистрийн дугаар:*******,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: /яллах дүгнэлтэд бичсэнээр/ Шүүгдэгч Завхан аймгийн Т ажиллаж байсан, цагдаагийн ахмад Б.******* нь 2017 оны 11 дүгээр сард Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчилд холбогдсон Б.*******гийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа Б.*******гаас торгуулийн 400,000 төгрөгийг бэлнээр авсан, мөн 2018 оны 04 дүгээр сард Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчилд холбогдсон Ц.*******ийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа Ц.эс торгуулийн 400,000 төгрөгийг бэлнээр авсан, мөн Тосонцэнгэл сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч С.*******ын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д заасан зөрчилд холбогдсон Р.*******д оногдуулсан байсан 100 /нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг бэлнээр авсан буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.******* нь Завхан аймгийн Т ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сард Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчилд холбогдсон Б.*******гийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа Б.*******гаас торгуулийн 400,000 төгрөгийг бэлнээр авсан, мөн 2018 оны 04 дүгээр сард Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчилд холбогдсон Ц.*******ийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа Ц.*******ээс торгуулийн 400,000 төгрөгийг бэлнээр авсан, мөн Тосонцэнгэл сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч С.*******ын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д заасан зөрчилд холбогдсон Р.*******д оногдуулсан байсан 100 /нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг бэлнээр авч нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн болох нь: 1. Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын эхээр байсан. Би Тэлмэн сумаас өвлийн идэш бэлдээд Тосонцэнгэл сумд орж ирээд ачиж ирсэн юмаа нэг айлд буулгаж өгчхөөд тэр айлдаа архи уугаад машинаа бариад төв гудамжинд цагдаа дохисон юм. Тэгээд зогсоод драйгераар үлээсэн чинь согтуурлын зэрэг өндөр гарч ирээд цагдаа машины бичиг баримт хураагаад унаж явсан машиныг журмын хашаанд хийгээд маргааш өглөө хүрч ирээд учраа олоорой гээд явуулсан. Тэгээд би маргааш өглөө нь цагдаагийн хэлтэс дээр очоод ******* байцаагчтай уулзсан чинь надаас мэдүүлэг тайлбар аваад зөрчлийн хэрэг нээж байгаа, таны жолоо барих эрхийг 1 жилээр хасаад, 400,000 төгрөгөөр торгоно гэж хэлсэн. Ингээд би тайлбар мэдүүлгээ өгсний дараа ******* надад торгууль тушаах нэг данс өгсөн ба торгуулийн мөнгөө тушаах гээд гарсан. Тэр өдрөө мөнгө олдоогүй, маргааш нь билүү, нөгөөдөр нь 400,000 төгрөг олоод банкин дээр очоод мөнгөө тушаах гэсэн чинь гүйлгээ хаачихсан гээд мөнгөө тушааж чадаагүй юм. Тэгээд би Цагдаагийн хэлтэс дээр очиж ******* дээр очоод үнэн учраа хэлээд “Та миний өмнөөс тушаачиж болох уу, би машинаа аваад явмаар байна, хүний машин байгаа юм” гэсэн чинь “За за надад торгуулийн мөнгөө өгчих, би таны өмнөөс торгуулийн мөнгийг чинь тушаая” гэхээр нь өгсөн. Тэгээд би *******д бэлнээр 400,000 төгрөгийг өгөөд хамаатныхаа нэг залууг дуудаж машинаа аваад явсан. Миний хувьд тухайн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь үнэн. Уг зөрчилдөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулж, 400,000 төгрөгөөр торгуулах ёстой болохоор тэр асуудал ямар нэгэн гомдол, санал байхгүй ба эрхээ 1 жилээр хасуулж, торгуулийн 400.000 төгрөгийг ******* байцаагчид өгчихсөн болохоор мөнгө нь тушаагдчих байх гэж ойлгосон. Миний жолоо барих эрх 2018 оны 11 дүгээр сард сэргээгдэх ёстой байсан бөгөөд тухайн үед жолоо барих эрхээ яаралгүйгээр 2019 оны 01 дүгээр сарын үед сэргээлгээд харин жолооны үнэмлэхээ захиалах гэхэд үнэмлэх хэвлэгдэхгүй байгаа гэл үү бас миний хувьд тухайн үед унаа, тэрэггүй байсан, машин барих шаардлага байхгүй байсан учраас жолооны үнэмлэхээ тэгж байгаад захиалъя гэж бодоод яваад байсан. Ингэж явж байгаад 2019 оны 02 дугаар сард согтуугаар машин барьж явж байгаад цагдаад баригдаад ******* гээд байцаагч дээр жолоо барих эрхээ 1 жилээр хасуулсан юм. ******* дээр би 1 жилээр эрхээ хасуулсан үед бол ******* ахмадад өгсөн 400,000 төгрөг тушаагдчихсан байх гэж бодож байсан ба ******* байцаагч дээр 1 жилээр жолоо барих эрхээ хасуулчихаар үндсэндээ 2020 оны 02 дугаар сард жолоо барих эрх сэргээгдэх ёстой байсан юм. Эрхээ хасуулсны дараа нэг мөсөн 2020 оны 02 дугаар сард үнэмлэхээ захиалъя гэж бодож байсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сард эрхээ сэргээлгэх зорилгоор түц машинаас лавлагаа, энэ тэр аваад ЦЕГ-ын Лицензийн төв рүү хүргүүлэх гээд явуулсан боловч Ковид-19 цар тахалтай холбоотой албан газрууд ажиллахгүй бараг 2020 оны 04 дүгээр сар болсон байх. Тэгээд 04 дүгээр сард эрх сэргээлгээд үнэмлэхээ захиалах гэхэд 2017 оны 11 дүгээр сард торгуулсан 400,000 төгрөг төлөгдөөгүй, торгуулиа төлсний дараа үнэмлэхээ захиал гэж хэлсэн. Тэгээд яав, ийв гээд ******* байцаагч руу утсаар залгаад миний 400,000 төгрөгийн торгууль төлөгдөөгүй байна гэнээ, мөнгө нь тушаагдаагүй юм уу гэсэн чинь би таны өгсөн 400,000 төгрөгийг тушаасан шүү дээ, мөнгө тушаасан баримт нь материал дунд нь хийгээд прокурорт өгсөн, би учрыг нь олоод эргээд холбогдъё гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь тушаачихсан байх гэж бодоод яваад байсан. Тэглээ ч тухайн үед машин барих шаардлага байхгүй байсан болохоор жолооны үнэмлэх захиалахдаа нээх яараагүй. 2020 оны 07 дугаар сарын үед Тосонцэнгэл сумын замын нэг зохицуулагч цагдаагаас “400,000 төгрөгийн торгууль төлөгдсөн эсэхийг шалгаад өгөөч” гээд хэлсэн чинь миний регистрийн дугаарыг хийж үзээд таны торгууль чинь төлөгдөөгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* байцаагч өөрөө учрыг чинь олно гэсэн болохоор нь цаанаа л юм нь болохгүй байгаа юм байлгүй гээд заргалдаагүй орхисон. 2020 оны 02 дугаар сард миний жолоо барих эрх сэргээгдсэн учраас жолоо барих эрхтэй шүү дээ. Жолоо барих эрх нээгдсэний дараа би машин барьсан. Үндсэндээ 2020 оны 02 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл намайг 3 удаа цагдаа зогсоож үнэмлэх бичиг баримт шалгасан байдаг юм. Хамгийн сүүлд 2021 оны зүс танихгүй нэг цагдаа зогсоогоод үнэмлэхээ шалгуулаарай гэхээр нь үнэмлэхээ захиалж аваагүй байгаа талаараа хэлсэн чинь “Та ийм байдлаар машин барьж болохгүй, цаашдаа үнэмлэхгүй явна гэж байхгүй шүү дээ, уг нь таны жолоодох эрх чинь сэргэчихсэн байна, би таныг торгоно” гэхээр нь надаас шалтгаалсан асуудал байхгүй, ийм ийм учиртай байгаа юм гээд үнэн учраа хэлсэн чинь та наадахынхаа учрыг олж шийдүүлсэн дээр байх, жолооны үнэмлэхгүй цаашдаа машин жолоодно гэсэн ойлголт байхгүй” гэхээр нь би тэр цагдаагаас хаана хандаж шийдвэрлүүлэх юм бэ гэсэн чинь “та Тосонцэнгэл сумын Цагдаагийн хэлтэст болсон асуудлынхаа талаар хүсэлт бичээд өгчих” гэхээр нь би нарийн ширийн зүйлийн талаар мэдэхгүй болохоор хүсэлт бичээд өгчихөөр миний жолооны үнэмлэхийн асуудал хурдан хугацаанд шийдэгдчих байх гэж бодоод тус Цагдаагийн хэлтсийн даргын нэр дээр хүсэлт бичиж өгсөн юм. Намайг хүсэлт гаргасны дараа 2 билүү 3 хоногийн дараа байх ******* байцаагч над руу утсаар яриад “Таны нөгөө торгуулийн асуудлыг чинь шийдсэн байгаа, одоо үнэмлэхээ захиалж авахад болно” гэж хэлсэн. Тэгээд би үнэмлэхээ захиалаад 2021 оны 07 сард авч байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 141-144-р хуудас/, 2. Гэрч Ц.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бага хүү маань 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт төрсөн юм. Шинэ хүүхэдтэй болсон учраас тухайн өдөр баярласандаа болоод ганц, хоёр шил пиво уучхаад дэлгүүр орж уут алим авч эхнэр дээрээ очих гээд төв гудамжаар явж байгаад тойргийн тэнд цагдаа зогсоосон. Цагдаа намайг драйгераар үлээлгээд согтолтын хэмжээг надад харуулаад “Чи согтуу явж байна” гээд мотоцикл хураан авч журмын хашаанд хийгээд маргааш өглөө Цагдаагийн хэлтэс дээр ирж уулзаарай гээд явуулсан. Тэгээд би маргааш өглөө нь буюу 04 дүгээр сарын 17-ны өглөө Цагдаагийн хэлтэс дээр очиж Замын цагдаагийн зохицуулагч ******* гэх хүнтэй уулзсан чинь “Жолоо барих эрхийг чинь 1 жилээр хасаад 400,000 төгрөгөөр торгож байгаа, зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа шүү гээд надаас тайлбар, мэдүүлэг авсан. Тэгээд надаас жолооны үнэмлэхийг хураан аваад торгуулийн 400,000 төгрөгөө банканд тушааж ир гэхээр нь гарч яваад хамгийн түрүүнд ах, эгч нараасаа асуусан боловч мөнгө олдоогүй. Тэгээд арга ядаад төрсөн ах тай хамт хөдөө аав, ээж дээрээ очиж 270,000 төгрөг олж ирээд цагдаагийн хэлтэс дээр ******* ахмадтай уулзаад “Надад олдож байгаа нь 270,000 төгрөг байна” гэсэн чинь тэгвэл наад мөнгөө банканд тушаагаад ир гээд Төрийн банкны дансны дугаар өгсөн. Тэгээд сумынхаа Төрийн банкин дээр явж очсон чинь орой болоод хаачихсан байсан. Ингээд буцаж очоод банк хаачихсан байна, манай эхнэр төрсөн учраас би хөдөө явах гээд яараад байна гэсэн чинь “Тэгвэл наад мөнгөө надад өгчих, би банканд тушаачихъя” гэхээр нь өөрт байсан бэлэн 270,000 төгрөгийг түүнд өгөөд төрсөн ах тай явж байсан учраас мотоциклоо ахаараа жолоодуулаад явсан. Үлдэгдэл мөнгөө боломжтой болохоороо өгье гэсэн байдалтай байсан над руу хэн нэгэн цагдаа, тэр тусмаа ******* утсаар ярихгүй байхаар нь ингээд болчихдог юм болов уу гээд яваад байсан. Цагдаа ******* миний жолоодох эрхийг 1 жилээр хасаж байгаа шүү гэж хэлж байсан болохоор эрхээ хасуулаад жил гарангын дараа хотод байдаг гээд ахаасаа “Би жолоо барих эрхээ 2018 онд хасуулж байсан юм, одоо 1 жил болчихлоо, жолоо барих эрх сэргэсэн, сэргээгүй гэдгээ яаж мэдэх үү” гэсэн чинь торгууль. Мөн сайт руу ороод регистрийн дугаараа хийгээд шалгахаар гараад ирнэ гэсэн. Тэгээд би эхнэртэйгээ хамт гар утаснаасаа торгууль. Мөн сайт руу ороод регистрийн дугаараа хийгээд харсан чинь 400,000 төгрөг төлөгдөөгүй байна гэж мэдээлэл дээр нь харагдаад байсан. Тэгээд эхнэр бид хоёр Цагдаагийн хэлтэс дээр очоод байхгүй байхаар нь эхнэрээрээ ******* ахмад руу яриулаад торгууль төлөгдөөгүй байна ш дээ, одоо яах вэ гэсэн чинь “Торгуулиа бүрэн төлөөгүй биз дээ, торгуулиа төл” гэхээр нь урд өмнө нь 270,000 төгрөг өгчихсөн болохоор гүйцээж өгөөд торгуулиа төлөх юм байна гэж ойлгоод тухайн үед бэлэн мөнгө төгрөг байгаагүй учраас эхнэртэйгээ хамт мод уутлах ажил хийж цалин мөнгөтэй болоод 130,000 төгрөгийг хэд хоногийн дараа эхнэр ийн хамт ******* байцаагчийн ажил дээр нь очиж түүнд бэлнээр өгч байсан. Ингээд би торгуулийнхаа 400,000 төгрөгийг гүйцээгээд өгчихсөн болохоор жолоо барих эрх сэргээгдэх байлгүй дээ гэж бодоод яваад байсан. Тэгээд тэрнээс хойш бараг жилийн дараа байх торгууль. Мөн сайт руу ороод регистрийн дугаараа хийгээд үзсэн чинь миний 400,000 төгрөгийн торгууль төлөгдөөгүй байсан. Тэгэхээр нь ******* байцаагч руу яриад “Миний торгууль төлөгдөөгүй байна шүү дээ” гэсэн чинь “Ах нь удахгүй төлчихнө, түр хүлээж бай” гэж хэлсэн. ******* байцаагчид тэгж хэлэхээр нь цагдаа хүн арай худлаа хэлэхгүй байлгүй гэж бодоод тэрнээс хойш 2, 3 сар яриагүй болчих байлгүй дээ гээд яваад байсан. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын үед ******* байцаагчийн утас руу манай эхнэр залгаад “Манай нөхрийн торгуулийг төлсөн юм уу, хэрвээ та тушаагүй бол танд өгсөн 400,000 төгрөгөө буцааж аваад өөрсдөө тушаачихъя” гэсэн чинь “хэд хоногтоо түр хүлээж бай” гээд хэлсэн. Тэгээд бид хоёр хэсэг хүлээсэн. Он гараад дахиж яриад одоо таниас мөнгөө авмаар байна гээд эхнэр маань ярьсан чинь маргааш хүрч ирээд авчих гэж хэлсэн. Би маргааш нь ажилтай байсан болохоор манай эхнэр цагдаагийн хэлтэс дээр очиж ******* ахмадаас 400,000 төгрөгийг бэлнээр аваад банканд торгуулийн мөнгийг тушааж байсан юм.” гэх мэдүүлэг /ххийн 128-130-р хуудас/, 3. Гэрч Р.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Увс аймаг руу өөрийн эзэмшлийн улсын дугаартай Ниссан Кондир маркийн ачааны машинтай явж байгаад Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас гараад Нөмрөг сум явж байхдаа тус сумын төв орохоос 30 км зайд, газрын нэрийг мэдэхгүй байна зам тээврийн осолд орсон. Тухайн үед зам андууран замаас гарч явж байгаад жалгатай газар машинаа унагааж аваарт орсон. Тэр үед би ганцаараа явж байсан. Миний бие нуруу, толгой, хөл зэрэг газарт гэмтэл авч байсан. Зам тээврийн ослын улмаас Завхан аймгийн Цагдаагийн газрын Нөмрөг суманд шалгагдсан. Би одоо тухайн алба хаагчийн нэр, цол, царай зүсийг мартсан байна. Гэхдээ тус сумын цагдаагийн алба хаагчид гэсэн 2 алба хаагч байсан. Би тухайн үед ухаан алдаад эмнэлэгт хүргэгдсэн байсан. Ухаан ороод сэрэхэд хоёр цагдаа байсан ба намайг зохих хэмжээний асуултад хариулах боломжтой байна уу гээд мэдүүлэг авч байсан удаатай. Би тухайн суманд аваарт орсон машинаа хаяад өөрийн биеэр ах дүү нарынхаа машинд суугаад Увс аймагт ирж байсан. Би Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байхад 2019 оны 04, 05 дугаар сард байх /сар, өдрийн мэдэхгүй байна/ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын цагдаагийн албан хаагч ******* гэх хүн надтай утсаар яриад “Өөрийн биеэр зайлшгүй ирэх шаардлагатай, таниас мэдүүлэг авч, торгуулийн арга хэмжээ авна” гэж хэлсэн тул би Увс аймгаас Улаанбаатар хот руу явах автобусанд сууж Завхан аймгийн Тосонцэнгэл суманд очиж хоноод маргааш өглөө нь 09 цагийн үед тус суманд байх Цагдаагийн газар дээр очиж ******* гэх хүний утас руу залгасан тэр хүн би Улаанбаатар хот руу явж байгаа. Миний өрөөнд ******* байх /нэрийн сайн санахгүй байна/ нэг алба хаагч байгаа тэр хүний өрөөнд ороод материал дээр гарын үсгээ зураад торгуулийн мөнгийг банканд тушаагаад банкны баримтыг өг гэж хэлж байсан. Би торгуулийн мөнгийг бэлнээр өгмөөр байна. Миний хөл доголж байгаа дээр нь энд газар мэдэхгүй гэж хэлсэн чинь торгуулийн 100,000 төгрөгийг миний өрөөнд сууж байгаа нэрийн сайн мэдэхгүй хүнд үлдээчих гэж хэлсэн. Тэгэхээр нь ******* байцаагчийн хэлсэн өрөөнд нь орж хажууд нь суудаг гэх надаас өндөр 170 гаруй см өндөр, шар царайтай, халимаг үстэй цагдаагийн дүрэмт хувцастай хүнтэй уулзаад зөрчлийн материал дээр гарын үсэг зурж, өөрийнхөө жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, тээврийн хэрэгсэл, татварын гэрчилгээ зэрэг бичиг баримтуудыг аваад тэр өдрөө Увс аймагт ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134-р хуудас/, 4. Гэрч С.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр бил үү 12 дугаар сарын эхээр ч бил үү сайн санахгүй байгаад байна. Нөмрөг сумын нэгдсэн эмнэлгээс зам тээврийн осолд орсон хүн эмнэлэгт хүргэгдэн ирлээ гэсэн дуудлагын дагуу бүрэлдэхүүний хамтаар Нөмрөг суманд очиж осол аваар гарсан гэх газарт үзлэг хийж материалжуулан шалгасан. Тухайн ******* гэх жолоочийн биеийн байдал хүндэвтэр байсан учраас тэр үедээ түүнээс мэдүүлэг, тайлбар авах ямар ч боломжгүй байсан юм. Ингээд зөрчлийн хэрэг нээж шалгах явцад ******* гэх жолооч нь өөрийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гаргасан гэдэг нь хэрэг ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон бусад баримтуудаар тогтоогдсоны үндсэнд тухайн иргэнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулж хэргийг прокурорт шилжүүлж байсан юм. Торгууль оногдуулахдаа police.reader-ээр торгож, торгосон баримтаа материалдаа хавсаргаж байсан ба ******* гэх жолоочид 100,000 төгрөгөөр торгож байгаа талаараа утсаар хэлж мэдэгдэж байсан. Хэрэв хэн нэгэн жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод явж байсан тохиолдолд илрүүлсэн цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудсаар Цагдаагийн хэлтсийн хоногийн рапортод орж улмаар хоногийн рапортод ороод даргын цохолтоор замын цагдаагийн тасгийн алба хаагчид цохогддог юм. Даргын цохолтын дагуу тухайн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочоос тайлбар мэдүүлэг авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, эрхгүй байсан эсэхийг давхар шалгаад Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэлийг давхар оногдуулдаг юм. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг TPS программ руу орж тухайн жолоочийн овог, нэр, регистрийн дугаарыг нь оруулж шивэлт хийдэг. Харин мөнгөн торгууль оногдуулахдаа 400,000 төгрөгийг шийтгэлийн хуудас дээр торгосон үндэслэлээ бичиж нэг хувийг нь материалдаа хавсаргаж, нэг хувийг нь байгууллагын нярав, 3 дахь хувийг нь зөрчил гаргасан тухайн жолоочид өгдөг. Зөрчил гаргасан тухайн жолооч нь 14 хоногийн дотор сайн дураараа Төрийн сангийн тоот дансанд торгуулийн мөнгөө тушаах ёстой байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 145- 148-р хуудас/, 5. Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нөхөр *******э архи ууж мотоцикл жолоодон явж байгаад цагдаад баригдчихлаа торгуулийн мөнгө гээд 270,000 төгрөгийг бэлнээр өгсөн, жолоо барих эрхийг 1 жилээр хасчихлаа гэж хэлэхээр нь үнэхээр л тэгсэн юм байлгүй гэж бодоод тэр өдрөө эмнэлгээс гараад нөхөр, хүүхэдтэйгээ хамт шууд хөдөө явсан. 2019 оны 08 сард торгууль. Мөн сайт руу ороод *******ийн торгуулийн мөнгө төлөгдсөн юм болов уу орж шалгая гээд үзсэн чинь төлөгдөөгүй байна гэж мэдээлэл гарч ирсэн. Тэгэхээр нь би ******* ахмадын утас руу нь залгаад “манай нөхрийн торгууль нь төлөгдөөгүй байна, та торгуулийн мөнгийг нь тушаасан юм уу” гээд асуусан чинь “*******э надад 270,000 төгрөг өгсөн, 400,000 төгрөг төлөх ёстой шүү дээ, нэмж 130,000 төгрөг өгчих” гэхээр нь *******э бид хоёр Тосонцэнгэл сумын Цагдаагийн хэлтэс дээр ахмад Б.ын албан өрөөнд нь очоод бэлнээр 130,000 төгрөг өгсөн ба мөнгө өгөх үед би нөхөртэйгөө цуг байсан юм. 2020 он гарахаас өмнө байх 12 сарын үед *******э бид хоёр улсын дугаарыг нь хийгээд шалгасан чинь торгууль нь төлөгдөөгүй байна гэж гарч ирсэн. Тэгээд он гараад ******* ахмад руу утсаар яриад “манай нөхрийн торгууль одоо болтол төлөгдөөгүй байна. Торгууль төлөгдчихвөл нөхөр маань машин тэргээ баримаар байна, мөнгөө бэлнээр авъя” гэсэн чинь маргааш хүрч ирээд мөнгөө авчих гэж хэлсэн. Тэгээд маргааш нь тойрог дээр явж очоод түүнээс 400,000 төгрөг бэлнээр авсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Тосонцэнгэл сумын Төрийн банкны салбар дээр очоод торгуулийн 400,000 төгрөг тушаагаад баримтаа авсан. Бэлнээр өгвөл төлөгдчихдөг юм байлгүй гэж бодоод өгсөн шүү дээ. Тэрнээс бол цагдаад нь бэлнээр өгдөггүй, өөрсдөө банканд тушаагаад болчихдог гэдгийг мэдэж байсан бол юу гэж бэлнээр өгөх вэ. ******* цагдаа нь анх манай нөхрийг саатуулаад журамласан бол торгуулийн мөнгийг банканд тушаадаг шүү гээд торгуулийн мөнгө төгрөг тушаадаг данс энэ тэрийг нь өгчихсөн бол юу гэж өдийд ийм асуудал үүсэх вэ дээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 122-124-р хуудас/, 6. Шүүгдэгч Б.ын мөрдөн байцаалтад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 11 сарын үед Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт айлд агсан согтуу тавьсан, мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан жолооч Б.*******д холбогдох материал Цагдаагийн хэлтсийн хоногийн рапортоор орж даргын цохолтоор надад хувиарлагдаж ирсэн юм. Ингээд маргааш нь ******* гэж хүн манай өрөөнд орж ирээд “би өчигдөр орой согтуу машин жолоодсон хүн байна” гэж орж ирэхээр нь гаргасан зөрчилтэй нь холбогдуулан түүнээс тайлбар, мэдүүлэг авсан. Тэгээд мэдүүлэг авсны дараа би түүнд “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгох ёстой байгаа шүү, торгуулийн 400,000 төгрөгийг энэ дансанд тушаагаад ир” гээд төрийн сангийн данс өгөөд явуулсан. Гэтэл энэ хүн маргааш нь ажил тарахын алдад хүрч ирээд “за ёстой баларсан юм болоод байна, би хүний машин унаж явж байсан, машины эзэн нь гэрээ нүүлгэх гээд байна, машиныг нь журмын хашаанаас гаргаж авах хэрэгтэй байна, торгуулийн мөнгө хайж явсаар байгаад банканд тушааж амжсангүй, хаачихлаа, бэлнээр үлдээж болох уу, та өөрөө тушаачих, би таныг мөнгө төгрөг авсан гэж хэлэхгүй ээ” гэхээр нь би түүнд “тэгвэл наад мөнгөө цаасанд боогоод энэ үдээсний машинаар 3 талыг нь үдээд боочих” гээд өөрөөр нь мөнгийг нь цаасанд хийлгэж үдүүлээд хүлээж авсан. Иргэн Ц.*******э нь 2018 оны 04 сард согтуугаар мотоцикл жолоодсон зөрчил гаргасан. Мөн адил Цагдаагийн хэлтсийн рапортоор орж надад хувиарлагдаж ирсэн. Зөрчилтэй нь холбогдуулан түүнээс гэрчийн мэдүүлэг, тайлбар авахад “шинэ хүүхэдтэй болсондоо баярлаад архи ууж мотоцикл жолоодсон” гэдэг тайлбарыг хэлдэг юм. Ингээд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар арга хэмжээ авахаар болж торгуулийн 400 мянган төгрөгийг төрийн банканд тушаагаад ир гээд дансны дугаар бичиж өгөөд явуулсан. Маргааш нь бил үү хэд хоногийн дараа байх энэ *******э нь хүрч ирээд “би явсаар байгаад 270,000 төгрөг л олж ирлээ, хөрөө раманд ажилладаг, ажил орлогогүй болохоор мөнгөө гүйцэд олж ирж чадсангүй” гээд баахан шалтаг тоочоод дараа нь үлдэгдэл 130,000 төгрөгөө тушаая, энэ олж ирсэн 270.000 төгрөгөө танд бэлнээр үлдээгээд явъя гэхээр нь “бэлнээр мөнгө авч болдоггүй юмаа, чи наад мөнгөө өөрөө аваад яв” гэсэн чинь би гараад үрчиж магадгүй, би торгуулийн мөнгөө тушаах ёстой заагдсан 15 хоногийн дотор үлдэгдэл 130,000 төгрөгөө олж ирээд таньд үлдээсэн 270,000 төгрөгөө аваад би өөрөө банканд тушаачихъя гээд гуйгаад байсан. Ингээд гуйгаад байхаар нь би түүнийг “за тэгвэл чи цаасанд хийгээд үдчих” гээд өөрөөр нь үдээсний машинаар үдүүлээд ширээний шургуулгад хийчихсэн. Тэрнээс хойш нэлээн хэдэн сарын дараа байх би захиргаан дээр хуралд суух гээд орж явахад нөгөө *******э чинь эхнэртэйгээ хамт явж байсан. Тэгэхээр нь би түүнд “чи надад өгсөн 270,000 төгрөгөө аваад, үлдэгдэл 130.000 төгрөгөө нэмээд банкандаа тушаагаач” гэж хэлэхэд “дүүд нь мөнгөний боломж байхгүй, тэглээ ч аймаг руу явах зав байдаггүй, мөнгө ч байхгүй, та аргалах боломж байхгүй юм уу” гэхээр нь “надад ямар юмных нь аргалах арга байдаг юм” гэж хэлсэн чинь мөнгө олдохгүй байна л гэдэг тайлбарыг хэлээд зовлон тоочоод байсан юм. Тэрний дараа би Өвөгдий худалдааны төвийн тэнд явж байсан чинь *******э нь тэр төв дээр ажилд орсон бололтой ус, ундаа зөөгөөд байж байхаар нь “чи ажилд орчихсон юм бол үлдэгдэл мөнгөө тушаагаад эрхээ сэргээлгэж аваачээ” гэсэн чинь “за одоо удахгүй, цалин мөнгө буухаар очоод таниас мөнгөө аваад торгуулиа тушаая” гэж хэлээд өнгөрсөн. Гэтэл 2020 оны намар санагдаж байна. Намайг ажил дээрээ байхад *******э, эхнэр ийн хамтаар хүрч ирээд “130,000 төгрөг мөн эрх сэргээлгэх 80,000 төгрөгөө олоод ирлээ” гэхээр нь би тэр хоёрт “надаас 270,000 төгрөгөө ав, одоо миний ширээний шургуулгад байна, эрх сэргээлгэх 80,000 төгрөгөө Батлан хамгаалах нийгэмлэгийн дансанд нь тушаадаг юм ш дээ, надад ч хамааралгүй” гэж хэлээд өрөө лүүгээ явж орсон. Гэтэл удаагүй миний араас манай ЦХ-ийн галч орж ирээд “*******а манай энэ хоёр юугаа ч мэдэхгүй, чи тэр төлбөр мөнгийг нь тушаагаад эрх, юмыг нь сэргээгээд өгчих” гэхээр нь надад эрх сэргээх асуудал хамаагүй, торгуулийн мөнгийг нь тушааж ирээ гэдэг шаардлагыг тавьсан чинь “наад хоёр чинь юугаа ч мэдэхгүй, чи л учрыг нь олоод өг” гээд гуйгаад байх зэрэгцээд , хоёр өрөөнд ирэхээр нь та нар миний өмнөөс амьдарч байгаа биш дээ гээд өгсөн 130,000 төгрөгийг нь бэлнээр аваад ширээний шургуулгад байсан 270,000 төгрөг дээр нэмж хийсэн. Би тэр *******эд хурууныхаа хээний лавлагааг аймаг руу явж гаргаж ирээрэй, мөн иргэний үнэмлэхээ канондаж авчирч өг гэсэн чинь за за тэгье гэж хэлээд гарсан. Тэгээд тэрнээс хойш уулзалдаагүй юм. Тэрнээс хойш хэсэг таг чиг болсон. Гэтэл *******ийн эхнэр над руу утсаар залгаад “бид хоёр аймаг руу явж эрхээ сэргээлгэж амжихгүй юм байна, өгсөн 400,000 төгрөгөө аваад өөрсдөө тушаачихъя гэхээр нь хүрч ирээд мөнгөө ав” гэсэн чинь одоо очлоо гэсэн. Тэгээд ирэхээр нь эхнэрт нь 400,000 төгрөгийг нь өгсөн юм. 2018 оны 12 сард ******* гэх жолооч манай өрөөнд цуг суудаг байсан ******* дэслэгч дээр шалгагдсан байсан. Хуучин хэлтэс шинэ байранд ороогүй байсан санагдаж байна. Нэг орой ажил дээр сууж байхад гаднаас нэг ах орж ирээд “би танай ******* дээр шалгагдаж бичиг баримтаа хураалгасан юмаа” гэхээр нь осол, аваарын чинь хэрэг шалгагдаж дууссан юм уу гэсэн чинь дууссан гэж хариулсан. Юмыг яаж мэдэхэв гээд ******* руу утсаар яриад асуусан чинь “аан тийн, тийн наад хүний чинь асуудал шалгагдаад дууссан, бичиг баримт нь миний сейфэнд байгаа, наад хүнээсээ торгуулийнх нь мөнгийг авч үлдээрэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* гэх жолоочид “та торгуулийн мөнгөө тушааж ирээд бичиг баримтаа ав” гэдэг шаардлагыг тавьсан чинь “би аваарт ороод хөл гар муутай, нааш цааш явахад хэцүү байна, би эндэхийг биш, энд хаана ямар банк байдаг эсэхийг ч мэдэхгүй, би мөнгөө бэлнээр өгөөд бичиг баримтаа авъя” гэсэн. Тэр жолооч холоос явж байгаа болохоор ууртай байх шиг байсан. Тэгээд би торгуулийнх нь 100,000 төгрөгийг улаан хайрцагт өөрөөр нь хийлгүүлээд тэр харцаганд хийсэн мөнгийг нь *******ын сейфэнд хийсэн. Миний шалгасан гомдол, мэдээлэл биш учраас ******* өөрөө хүрч ирээд дансанд тушаана биз гээд ач холбогдол өгөөгүй. Тэрнээс хойш яасан эсэхийг мэдэхгүй. *******ын ээлжийн амралт дуусаж орж ирээд надаас ч асуугаагүй, би ч *******т ******* гэж хүнээс авсан торгуулийн 100,000 төгрөгийг улаан хайрцагт хийсэн гэж ч хэлээгүй юм. Ийм л асуудал болсон юм. Уг нь манай Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам кодод торгууль, шийтгэврийн мөнгийг бэлнээр авч болохгүй. Гэхдээ тухайн жолооч нар өөрсдөө амьдрал, ахуй янз бүрийн зовлон тоочоод байсан болохоор торгуулийн мөнгийг нь бэлнээр авсан юм. Би өөртөө гай удахгүй гэж бодсон бол *******э, ******* гэж хоёр жолоочид 400,000 төгрөгийн торгуулийг оногдуулахдаа эхэлж торгочхоод торгосон торгуулийн хуудсаа өөрсдөд нь өгч 15 хоногийн дотор тушаагаарай гэдэг шаардлагыг энэ хоёр жолоочид тавих ёстой байсан юм. Өөрийн гэм бурууг бүрэн ойлгож ухамсарлаж байгаа. Албан өрөөндөө хүнээс мөнгө авсан үйлдэл маань миний буруу. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 196-200-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ. Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолсон байна гэж дүгнэсэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараах албан тушаал хамаарна” гэж заасны дагуу мөн зүйлийн 13.1.6-д зааснаар “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн” гэж байх тул цагдаа нь төрийн тусгай албан тушаалд хамаарч байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан байна. Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “урвуулан ашиглах гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тодорхойлжээ. Иймд шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах, нийтийн албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх ёс зүй, зан суртахууны дутагдалтай байдал нөлөөлсөн бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж хохирол, хор уршигт хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. - Хохирлын талаар: Шүүгдэгч Б.ын үйлдлийн улмаас Б.*******д 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, Ц.*******эд 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, Р.*******д 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Шүүгдэгч Б.******* нь мөрдөн байцаалтын шатанд Б.*******, Ц. нарт учруулсан тус бүр 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн байх бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Р.*******гийн ХААН банкны ...дугаар дансанд 100,000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ХААН банкны 2021.12.07-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов. Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль нь тогтоогдохгүй байна. Шүүх шүүгдэгч Б.ын хувийн байдлын талаарх урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /2-р хх-ийн 83-р хуудас/, Гэрч Г.Алтаншагайн мөрдөн байцаалтад өгсөн: “...Цагдаагийн ахмад Б.******* нь хувь хүн талаасаа бусдад их тусч хүн, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, аливаа зүйлд шударга ханддаг. Надтай хамт ажиллаж байх хугацаандаа архи дарс уудаггүй бас тамхи татдаггүй, мөрөөрөө л ажлаа хийгээд явдаг залуу байсан. Гэр бүлийн тухайд эхнэр, 4 хүүхдийн хамтаар Тосонцэнгэл сумд амьдардаг.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 213-215-р хуудас/, Гэрч Б.Батбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.******* хувь хүн талаасаа гэвэл дөлгөөн тогтуун тайван, аливаа зүйлд ухаалаг бодолтой шийдвэр гаргадаг, ямар нэгэн зүйлд ханддаг байгаа байдал нь ч мэдрэмжтэй зантай. Б.******* нь сахарын өвчтэй болохоор архи, согтууруулах ундаа амсдаггүй юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 216-217-р хуудас/, Шүүгдэгч Б.ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний хувьд шүүх хуралдаан эхэлсэн цагаас эхлэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Би ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Тээвэрт явах зорилгоор ачааны машин авсан. Одоо цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаагаас сард нэг удаа л тээвэрт явж байна. Эхнэр бид хоёр хоёулаа цалингийн зээлтэй, том хүүхэд 1 дүгээр курсийн оюутан. Энэ байдлыг минь харгалзан үзэж хорих ялыг тэнсэж өгнө үү” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргийг тус тус шинжлэн судаллаа. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлт гаргав. Шүүгдэгч Б.ын өмгөөлөгч Б. эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны дүгнэлтдээ “...шүүгдэгч Б.ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэв. Шүүгдэгч Б.ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна. Мөн шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна. Иймд шүүх шүүгдэгч Б.ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн заалт нь шүүхэд үүрэг болгосон хуулийн заалт биш бөгөөд шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэгдэх хэм хэмжээний зохицуулалт юм. Хувийн байдлын хувьд шүүгдэгч Б.******* нь дээд боловсролтой, мэргэжилтэй, Цагдаагийн байгууллагад 25 жил ажиллаж тэтгэвэртээ гарсан байх тул Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар түүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн төгсөх ангийн сурагчдад “Гэмт хэрэг, зөрчил, түүний хор уршгийн” талаар хичээл сургалт зохион байгуулах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Харин шүүгдэгч Б.******* нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж байна. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч Б.ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний нийтийн албанд томилогдох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 3 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ...эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолно” гэсэн тул шүүгдэгч Б.*******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолно. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар Завхан аймаг дахь Цагдаагийн газрын 2017, 2018 оны архивт байгаа регистертэй Б.*******, регистертэй Ц.*******э, регистертэй Р.******* нарын гаргасан зөрчилд эрх бүхий албан тушаалтнаас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалаас шийтгэлийн хуудас, мөнгө тушаасан баримт болон хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг хуулбарлан хураан авсан баримтыг хэргийн хамт хадгалж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.*******д тэнссэн хугацаанд “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургуулийн 2021- 2022 оны хичээлийн жилийн төгсөх ангийн сурагчдад “Гэмт хэрэг, зөрчил, түүний хор уршгийн” талаар хичээл сургалт зохион байгуулах үүрэг хүлээлгэсүгэй .

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 5 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

7. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар Завхан аймаг дахь Цагдаагийн газрын 2017, 2018 оны архивт байгаа регистертэй Б.*******, регистертэй Ц.*******э, регистертэй Р.******* нарын гаргасан зөрчилд эрх бүхий албан тушаалтнаас Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан материалаас шийтгэлийн хуудас, мөнгө тушаасан баримт болон хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг хуулбарлан хураан авсан баримтыг хэргийн хамт хадгалсугай.

8. Шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ