| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00435/И |
| Дугаар | 497 |
| Огноо | 2017-09-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 497
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Төрийн банк ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ нэхэмжлэлтэй М.Батзориг, Ж.Уянга нарт холбогдох “Зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүний төлбөр 3.245.562.37 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь /Сэлэнгэ салбар/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Зээлдэгч М.Батзориг, хамтран үүрэг гүйцэтгэгч Ж.Уянга нар 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 536 тоот зээлийн гэрээг байгуулан Төрийн банкны Сэлэнгэ салбарын харъяа Сүхбаатар вокзал тооцооны төвөөс 4.000.000 /дөрвөн сая төгрөгийн гэрээт цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 255 тоот зээлийн гэрээг байгуулан 439.671 /дөрвөн зуун гучин есөн мянга зургаан зуун далан нэгэн/ төгрөгний үлдэгдэл дээр 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг нэмж нийт 5.839.671 /таван сая найман зуун гучин есөн мянга зургаан зуун далан нэг/ төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 1.8 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгээр гэрээт цалингийн зээл авсан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.2.1, 2.2.2, 3.2.1, 3.3 дахь заалтыг зөрчиж, зээлийн гэрээний 1 дүгээр хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байна. Зээлдэгч нар нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойш уг зээлд төлөлт хийгээгүй бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 2.932.829.14 төгрөг, зээлийн хүү 303.226.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9.506.68 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 66.879 төгрөг, шүүхэд хүргүүлсэн нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн төлбөр 0 төгрөг нийт 3.245.562.37 /гурван сая хоёр зуун дөчин таван мянга таван зуун жаран хоёр төгрөг гучин долоон мөнгө/ төгрөгийг үндсэн үүрэг гүйцэтгэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн цалингийн орлого болон бусад эд хөрөнгөөр зээлийг бүрэн төлүүлж банкыг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.
Хариуцагч М.Батзориг, Ж.Уянга нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
...М.Батзориг, Ж.Уянга нар нь 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Төрийн банкны Сэлэнгэ салбараас зээл авсан. Энэ авсан зээлээ сар бүр хуваарийн дагуу төлөх болно. Төрийн банкнаас нэхэмжилсэн 3.245.562.37 төгрөгнөөс 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 927.000 төгрөгийг төлсөн. Иймд үлдсэн 2.318.562 төгрөгийг сар бүр төлөх болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул татгалзах зүйлгүй. Улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33.440 төгрөгийг төлөх болно! гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Төрийн банк ХХК нь /Сэлэнгэ салбар/ М.Батзориг, Ж.Уянга нарт Р холбогдуулан “Зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүний төлбөр 3.245.562.37 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч М.Батзориг, Ж.Уянга нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нарын энэхүү зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч М.Батзориг, Ж.Уянга нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66.879 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33.440 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх 33.440 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Төрийн банк ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ “Зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүний төлбөр 3.245.562.37 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Батзориг, Ж.Уянга нар нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 66.879 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Батзориг, Ж.Уянга нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 33.440 төгрөгийг, үлдэх 33.440 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ