| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2018/0256/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/270 |
| Огноо | 2018-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0256/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д.О-,
Шүүгдэгч Б.Б.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Д-т холбогдох эрүүгийн 1818002260275 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Д-, 1989 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Б.Д- нь согтуурсан үедээ 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 20/4 дүгээр байрны орчим иргэн Д.Д.Ш-ийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б.Д- нь согтуурсан үедээ 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 20/4 дүгээр байрны орчим иргэн Д.Д.Ш-ийн эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь “хэвлийн өмнө хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Б.Д-ийн өгсөн: Тухайн үед 20/7 дугаар байрны урд ууж байсан. Би юу болсноо сайн санахгүй байгаа. Хамгийн сүүлд цагдаад гавлуулсан байснаа санаж байна. Биеэ зүй зохистой авч явж чадаагүйд үнэхээр гэмшиж байна гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д.О-ийн өгсөн: Миний дүү Д.Д.Ш- ээжтэй хамт амьдардаг байсан. Талийгаач дүү маань энэ хэргийн талаар ээжид хэлсэн байсан. Талийгаач маань урьд өдрийн орой Улаанбаатар хотоос гэртээ ирж, цай хоол идчхээд “дайвар аваад ирье” гэж ээжид хэлээд гараад явсан. Тэгээд гэртээ ирэхдээ 4 залуу зодсон талаараа болон нэгийг нь эрүүлжүүлэхэд өгөөд нөгөө 3 залууг нь Цагдаад барьж өгсөн талаар ээжид хэлсэн. Талийгаач миний баруун хөл эвгүй болчихлоо гэж ярьж байсан. Сүүлд харахад хөл хэсгийн хөхөрсөн нь арилаагүй байсан. Тэгээд дүүгээсээ “яагаад чамайг тэдгээр залуучууд зодсон юм бэ” гэж асуухад талийгаач “үгийн зөрүүгүй намайг цохисон” гэж хэлсэн. Тэрнээс хойш талийгаач дүү маань ээжид бүх үнэнээ хэлсэн байсан. Талийгаач маань Б.Б.Д-тэй өөрөө уулзсан юм шиг байсан. Би сайн мэдэхгүй байна. Тэгсэн талийгаач дүүгийн маань бие 2018.5.05-ны өдөр гэнэт муудаад 2018.5.08-ны өдөр нас барсан. Бид нар дүүгээ өвчнийхөө шалтгаанаар нас барчихлаа гэж бодсон. Тэгээд талийгаачийн алтан хайрцгийг нээлгэхэд “гэнэтийн гай дайрсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр миний дүүгийн нас барсан асуудалд тэдгээр хүмүүсийн зодсон үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байгаа. Гэхдээ миний дүүг Б.Б.Д- алсан гэж хэлээгүй. Хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Манай дүү банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй. Тэгээд зээлийн 1 сарын төлбөрийг төлөх талаар Б.Б.Д- манай дүү болон ээжтэй ярилцсан байсан. Б.Б.Д- ажил хийж байгаад төлнө гэж хэлсэн гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Шүүгдэгч Б.Б.Д-ийн гэрч болон яллагдагчаар өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Киви зочид буудлын орчим би гэрээсээ гарч яваад Ж- гээд багын найзтайгаа таарсан. Тэгээд бид 2 уулзаагүй 3-4 жил болсон тул сэтгэл хөөрөөд нэг шил архи уухаар болоод микрийн ёотонгийн байрнуудын ард байдаг уулан дээр гарч нэг шил 0.5 гр-ын архи уусан. Ингээд бид хоёр биржээс доошоо уруудаад арбатын гудамжинд байрлах нэрийг нь сайн мэдэхгүй байна нэг караоке руу орсон. Тэгээд тэр караоке руу орж хүний 100 гр архи авч уучихаад гарсан бөгөөд дэлгүүрээс дахиад нэг шил 0.75 гр-ын архи авчихаад О- гээд Ж-ы таньдаг залуутай тааралдсан бөгөөд бид хэд 20/4 дүгээр байрны урд байдаг сааданд авсан архиа уусан. Тэгээд би тэрнээс хойш яг юу болсон талаар огт мэдэхгүй байгаа. Нэг сэргэхэд л цагдаагийн машинд гавлуулчихсан сууж байсан бөгөөд миний хажууд хохирогч /талийгаач/ Д.Д.Ш- суучихсан явсан. Цагдаа нар тэр залууг явуулаад намайг эрүүлжүүлсэн. Тухайн үед Д.Д.Ш-тэй маргалдсан талаар санахгүй байгаа. Одоо ч гэсэн санахгүй л байна. Харин эрүүлжүүлэхээс гараад хэсгийн байцаагч руу явах гэхэд Д.Д.Ш- гээд хүн ирчихсэн байсан бөгөөд тэр залуутай уулзаад уучлалт гуйсан боловч за яахав чи найз нарыгаа дагуулаад ир гэхээр нь хамт явсан найз нарыгаа олж чадаагүй. Тэгээд тэр ахтай найз нарыгаа уулзуулж чадахгүй байсан чинь цагдаад өргөдөл өгсөн байсан гэх мэдүүлэг /хх 25, 86/,
Хохирогч Д.Д.Ш-ийн өгсөн: ...Цуурай цоо гээд дэлгүүрийн урдуур алхаад доошоо урууддаг шатаар явж байхад шатны доороос 25 орчим насны 4 залуу өөдөөс ирж явсан. Би тухайн үед утсаар ярьж явсан бөгөөд тэдгээр залуусын нэг нь миний хажуугаар өнгөрөхдөө ямар ч үгийн зөрүүгүй миний зүүн шанаа руу цохиод авахад миний гар утас газар уначихсан. Ингээд утсаа уначхаар нь тонгойгоод авах гэхэд тэдгээр залуучууд миний элэг рүү өшиглөсөн. Би тухайн үед доошоо элэгээ дараад суучихсан чинь тэдгээр залуучууд тал талаас нуруу, гар, элэг рүү өшиглөөд байсан. Харин миний нүүр лүү цохиогүй. Хамгийн эхэнд нь зөрөхдөө нэг нь зүүн шанаанд гараагаа цохисон. Харин тэдгээр 4 залуугийн хамгийн намхан нь буюу улаан куртиктэй нь нөгөө гурван залуугаа боль боль гээд салгаад байсан. Ингэж тэр улаан куртиктэй залуу нэг нэгээр нь салгаад найзуудыгаа аваад Буян захын чиглэлтэй буюу миний ирсэн замаар явсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөөд араас нь алхаад очиход Э- харагдаж байсан учир наад хүмүүсээ бариад ав намайг зодчихлоо гээд орилоод хэлэхэд Э- нөгөө намайг зодуулж байхад салгаад байсан улаан куртиктэй намхан залууг бариад авсан. Харин нөгөө 3 залуу нь таксинд суух гэж байснаа болиод найзыгаа авахаар ирсэн. Буян захын зогсоол дээр ирээд дахин намайг зодох гэж дайрсан. Тэгсэн энэ үед цагдаагийн алаг машин ирээд надаас чамайг эхлээд хэн нь цохисон бэ гэж асуухаар нь би хар савхин куртиктэй, цагаан юүдэнтэй цамцтай, байнга хусдаг бололтой хууз сахалтай залуу анх намайг шатаар уруудаж байхад цохисон гэдгийг нь хэлэхэд цагдаа нар түүнийг эрүүлжүүлсэн. Харин намайг цагдаа нар машиндаа суулгаад гэрийн ойролцоо буулгасан. Эрүүлжүүлэгдсэн залуугийн нөгөө гурван залуу нь Буян захын зогсоол дээр үлдсэн. Миний элэг 2015 оноос хойш өвддөг болсон бөгөөд элгээ байнга сард нэг удаа хэвтэж эмчлүүлдэг. Ингээд 2017 оны 10 сард БГД-ийн Эрүүл мэндийн 7 дугаар төвд үзүүлж группд орж байсан. Миний бие овоо дээрдэж байсан бөгөөд 2018.3.14-ний өдөр хяналтын эмч Э- үзүүлэхэд бие чинь маш сайжирсан байна 2018 оны 4 дүгээр сарын 03-наас групп чинь дуусах юм байна цаашид сунгах шаардлагагүй юм байна гэж байсан. Ингээд би 2018.3.16-ны өдөр тэдгээр залууст зодуулснаар группээс гарах хугацаа маань хойшилж байна. Би тухайн өдөр тэдгээр залууст хавирга, элэг, бөөр орчим руугаа 7-8 удаа өшиглүүлж зодуулсан гэх мэдүүлэг /хх 15/,
Гэрч Ё.Э-ы өгсөн: 2018.3.16-ны орой 21 цагийн орчим би Буян захын Толгойт руу явдаг зогсоол дээр хүн тээвэрлэх гээд машинтайгаа зогсож байхад Д.Д.Ш- нь Улаанбаатар хотоос ирээд явж байна гээд таарсан. Тэгээд бид 2 хэсэг юм ярьж тамхи татаж байгаад Д.Д.Ш- нь гэртээ харилаа гээд зам хөндлөн гарч Дархан сумын 5 дугаар баг 20 дугаар хорооллын 4-р байрны зүг рүү алхаад явсан. Ингээд 5 орчим минутын дараа замын цаанаас Э- гээд миний нэрийг Д.Д.Ш- нь дуудаад гараад ирсэн. Тэгэхээр нь би яасан юм бол гээд түүний өөдөөс яваад очиход 4 хүнд зодуулчихлаа гэж байсан бөгөөд тухайн зодсон гэх залуучууд нь Д.Д.Ш-ийн араас нэг нэгийгээ сугадчихсан согтуу гарч ирээд нэг нь Буян захын зогсоол руу Д.Д.Ш- бид хоёрыг чиглээд алхаад ирсэн. Харин нөгөө гурван залуу нь замын хажуугаас таксинд суух гээд үлдсэн. Тэгэхээр нь Буян захын зогсоол дээр ирсэн намхан туранхай улаан куртиктэй залууг нь Д.Ш- бид 2 явуулахгүй гээд бариад авсан чинь нөгөө такси барих гээд зогсож байсан 3 найз нь ирээд бид 2-той маргалдсан. Ингээд маргалдаж байхад цагдаагийн машин явж таараад юу болоод байгаа талаар тодруулж асуухад нь Д.Д.Ш- эдгээр залуус намайг зодчихлоо гэсэн. Яг хэн нь цохисон гэхэд Д.Д.Ш- нь нэг залууг заасан бөгөөд өгөхөд цагдаа нар түүнийг эрүүлжүүлсэн. Надад ярихдаа би гэртээ харих гээд зам гараад 20/4 дүгээр байр руу урууддаг шатаар утсаар яриад явж байхад урдаас ирж байсан 4 залуугийн нэг нь миний шанаа руу гараараа цохиход би утсаа унагаасан. Тэгээд гар утсаа авах гээд тонгойсон чинь энэ эрүүлжигддэг залуу миний цээж хавьцаа өшиглөсөн гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх 23/,
Гэрч Б.Ж-ы өгсөн: 2018.03.08-ны өдөр би Улаанбаатар хотоос Дарханд ирсэн бөгөөд 2018.03.16-ны өдөр хээтэй хорооллын Киви зочид буудлын тэнд явж байгаад багын найз Б.Д- гэх залуутай 16 цагийн үед тааралдсан. Би яг цагийг нь тодорхой сайн санахгүй байна. Би тухайн үед Ууганбаяртай хамт явж байсан. Ингээд бид гурав хуучин Дарханы “Касс” нэртэй караокед орсон. Ингэж “Касс” караоке руу орох гэж явж байхдаа арбатын гудамжинд О- гээд найзтайгаа бас тааралдсан. Ингээд бид дөрөв “Касс” нэртэй караокед 1 цаг гаруй суусан бөгөөд тухайн караокед 1 шил 0,5 гр-ын “Хараа” архи хувааж ууцгаасан. Тэгээд 20/4 дүгээр байрны сааданд бид дөрөв үргэлжлүүлэн 1 шил 0.75 гр-ын “Хараа” нэртэй архи хувааж уусан. Тухайн үед манай найзууд болох О-, Б.Д- нар архи ууж байхдаа Б.Д-ийг чи дөрвөн бакалтай юм байна гээд хүүхдүүдийг хэлэхэд хоорондоо жаахан маргалдаад эхэлсэн. Ингээд Ууганбаяр бид хоёр тэр хоёрыг эвлэрүүлээд тухайн байрны тэндээс 21 цаг өнгөрч байхад хөдлөөд хуучин биржийн зүг рүү явсан. Ингэж явж байхдаа Б.Д- О-той маргалдсан уурандаа урдаас ирж явсан залууг цохих гээд гараараа далайсан. Би тухайн үед Б.Д-ийг тэр хүнийг гараараа цохисон эсэхийг бол мэдээгүй ээ. Ингээд зодоон болох гээд байхаар нь би дундуур нь орж тэр хоёрыг салгасан. Тэгсэн тэр ах та нар намайг мэдэхгүй байна. Би цагдаа дуудна гээд байсан. Тэгсэн У- тэр ахыг таньд гар хүрээгүй байхад сонин охин шиг юм гэхэд ингэх тусам чинь би цагдаа дуудна гээд байсан. Би тэгэхээр нь тэр ахаас уучлалт гуйгаад найз нарыгаа аваад 20/4 дүгээр байрны ард байдаг шатаар дээшээ өгсөөд Буян захын зогсоол руу явсан. Тэгсэн яг тэр үед цагдаагийн машин ирсэн бөгөөд араас нөгөө Б.Д-тэй маргалдсан ах ирээд энн залуу намайг цохиж зодсон гээд цагдаа нарт хэлсэн чинь цагдаа нар Б.Д-ийг аваад эрүүлжүүлсэн. Ингээд ******* О- бид хэд салцгаасан. Ингээд би Б.Д-тэй огт уулзаагүй байсан бөгөөд Улаанбаатар хот руу явж ажил хийж байгаад цагдаагийн байгууллагын дуудсанаар ирсэн гэх мэдүүлэг /хх 26/,
Гэрч Б.Б- өгсөн: 2018.03.16-ны орой 19-20 цагийн орчим байхаа Арбатын гудамжинд ганцаараа явж байхад Ж- гээд танилтайгаа тааралдсан. Тухайн үед Ж- нь найз Б.Д-, У- нартай явж байсан. Би тухайн үед тэр хоёр найзыг нь таньдаггүй байсан. Тэр гурав анх таарахдаа бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн таарсан. Ингээд би Ж-тай нэг шил архины мөнгө нийлүүлж 20/7-р байрны сааданд 1 шил 0.75 гр-ын архи уусан. Ингээд архи ууж байхдаа Б.Д- гэх залууд би 4 бакал буюу 4 банди байна гэж хэлэхэд Б.Д- чи ямар олон бакалтай юм бэ би 1 бакалтай тэгээд яах уу гээд надтай маргалдаж эхэлсэн. Ингээд маргаан болоод эхэлсэн тул явцгаах болоод 20/7-р байрны сааднаас хөдлөөд явцгааж байхад Б.Д- нэг залуу хажуугаар өнгөрхөд пизда гээд цохих гээд дайрахаар нь би түүнийг тэврээд газар унасан. Тэгсэн чинь тэр залуу та нарыг би цагдаад бариулна гээд байсан. Тэгсэн тэр ахаас Ж- уучлалт гуйгаад байсан. Тэгсэн цагдаа нар ирээд Б.Д- гэх залууг эрүүлжүүлэхээр аваад явсан гэх мэдүүлэг /хх 28/,
Гэрч У.У- өгсөн: 2013.03.16-ны өдөр би Дархан сумын 5-р баг Арбатын гудамжны “Баяр” гээд дэлгүүрийн гадаа ганцаараа явж байгаад Ж-, Б.Д-, Б-нартай тааралдсан. Тухайн үед би Ж-тай мэндлээд бид нар Арбатын гудамжинд байдаг “Касс” караоке руу орж дуулахаар болоод тухайн караокед 17 цагийн үед орсон. Ингээд тухайн караокед хүний нэг шил пиво уугаад 19 цагийн үед гарсан санагдаж байна. Ингээд 20/4-р байрны урд сааданд очиж 1 шил 0,75 гр-ын архи, 2,5 литрийн том савтай пиво бид дөрөв хувааж уусан. Тухайн архи пивыг хаанаас яаж авсан талаар сайн санахгүй байна. Тэгж архи пиво ууж байхдаа Б-, Б.Д- нар нэгнээсээ илүү хүүтэй, хүүгүй гэж маргалдаад байхаар нь харьцгаах болоод 20/4-р байрны хойгуур гараад явсан бөгөөд би нөгөө гурваасаа 4-5 алхмын урд явж байхад миний хажуугаар нэг согтуу залуу өнгөрөөд явсан. Тэгсэн ард маргаан болоод явчихаар нь эргээд харсан чинь Б.Д- миний хажуугаар өнгөрсөн залууг цохиод унагасан бололтой нөгөө залуу нь газар уначихсан байснаа босч ирээд Б.Д-ийн араас нь буюу куртикнээс нь татаад байсан. Тэгсэн Б- болиоч гээд зогсож байсан. Тухайн үед Б- нь юун хүн салгах нь битгий хэл өөрийгөө авч явж чадахгүй маш согтсон байдалтай байсан. Харин Д.Д.Ш- гэх хохирогч залуу Б.Д-ийн араас нь буюу куртикнээс татсан байхад Д.Д.Ш-ийн гарнаас нь Ж- барьчихсан салгах гээд зогсож байсан. Харин Б.Д- нь урагшаа явах гээд тэмүүлээд зутгээд байхаар нь би очоод явъя явъя гээд Б.Д-ийг татахад Ж- ч Д.Д.Ш-ийн гарыг тавиулсан. Ингээд би Б.Д-ийг дагуулаад төв зам руу гарахад араас Д.Д.Ш- би өөрөө цагдаа хүн, та нарыг шоронд хатаалгана гээд орилоод байсан. Тэгсэн Ж- түүнийг аргадаад уучлалт гуйгаад яваад байсан. Харин Б-ыг хаана байсныг ёстой анзаарч хараагүй. Б.Д- буян захын харалдаа төв зам дээрээс нэг такси зогсоогоод дөнгөж сууснаа буцаад Д.Д.Ш- нь араас нь орилоод байсан тул хэрүүл хийгээд буугаад ирсэн. Тэгээд Д.Д.Ш- гэх залуу Буян захын зогсоол дээр очиход цагдаагийн алаг Сонота-5 маркийн машин ирсэн. Би тухайн үед нь хэруүл маргаан нь надад хамаагүй байсан учир Б.Д-ийг дагуулж төв зам руу гаргаж өгөхөд Б.Д- нь цагаан машин зогсоогоод суухаар нь 4-5 метрийн цаана явж очоод зогсчихсон. Учир нь би хоёр удаа цагдаагийн байгууллагад хүн зодсон хэргээр шалгагдаж, ял эдэлж байсан тул одоо элдэв янз бүрийн хэрүул маргаанаас хол явдаг. Ингээд цагдаа нар ирээд юу болсон талаар асуугаад машинаасаа буугаад ирэхэд нь би яваад очиход Д.Д.Ш- гэх залуу энэ залуу намайг зодсон гээд Б.Д-ийг заагаад байсан. Тэгсэн цагдаа нар Б.Д-ийг авч явж эрүүлжүүлнэ гээд машиндаа суулгасан. Тэгэхээр нь би наад Д.Д.Ш- гээд залуу чинь бас согтуу байгаа юм биш үү гэж хэлээд машинд суулгаад явуулсан гэх мэдүүлэг /хх 29/,
Гэрч Б.А- өгсөн: 2018.03.16-ны өдөр ахлагч Х.Б- хамт Дархан сумын 6-8 дугаар багийн нутаг дэвсгэрт 113 дуудлагын машинтай хөдөлгөөнт эргүүлийн үүргийг 18-22 цагийн хооронд гүйцэтгэж ажилласан. Буян захын зогсоол дээр хүмүүс маргалдаад байна гэсэн дуудлагын дагуу 21 цагийн үед очиход 4-5 хүмүүс маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь юу болсон талаар тодоруулж асуухад одоо энэ хохирогч Д.Д.Ш- гэх залуу намайг энэ залуу зодсон гэхээр нь Д.Д.Ш-ийн зааж өгсөн залууг нь машинд суулгах гэхэд Батзориг бид хоёрын шаардлагыг эсэргүүцээд байсан тул бид хоёр биеийн хүч хэрэглэж машинд суулгасан. Харин тухайн машинд суулгасан энэ Б.Д- гэх залуугийн найзууд нь манай найзыг яах гээд эрүүлжүүлэх гээд байгаа юм бэ гээд хажуунаас хэрүүл маргаан хийгээд байхаар нь зодуулсан гээд дуудлага өгсөн Д.Д.Ш- гэх зулуутай үлдээчихвэл дахин янз бүрийн юм болчихвий гэж сэргийлээд Д.Д.Ш- гэх залууг зодсон гээд байсан Б.Д-ийн хамтаар хөдөлгөөнт эргүүлийнхээ машинд суулгаад Д.Д.Ш-ийг гэрийх нь ойролцоо буулгаж, түүнийг зодсон гэх залууг эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Тухайн үед Д.Д.Ш-т гомдол санал байвал төв цагдаагийн газар руу явж очоод уулзаарай гэхэд за за ойлголоо энэ хүнийг та нар явуулчихгүй биз дээ гэхээр нь явуулахгүй ээ эрүүлжүүлэхэд хүргэнэ гэдгийг нь хэлэхэд машинаас буугаад явсан гэх мэдүүлэг /хх 31/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 380 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Д.Д.Ш-ийн биед хэвлийн өмнө хэсгийн зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
4.Д.Д.Ш- нь элэгний хатуурал өвчний ээнэгшилгүй үе шатанд буй өвчтэй бөгөөд дээрхи гэмтэл нь өвчин даамжирахад нөлөөлж болно гэжээ /хх 34/,
Шинжээч эмч Д******* мэдүүлэг /хх 37/, эмчлүүлэгчийн эмнэлгийн картын хуулбар болон өвчний түүхийн хуулбар /хх 40-55, 57-82/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б.Д-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Б.Б.Д- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Б.Б.Д- нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Монгол улсын өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 92/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 126-133/ зэргээр тогтоогдож байна. Энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгч Б.Б.Д-т ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б.Д-ийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Б.Д-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоосугай.ы
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б.Д- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ