| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00474/И |
| Дугаар | 509 |
| Огноо | 2017-09-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 509
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б Мөнхзул би Төрийн банк ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ нэхэмжлэлтэй Ч.Цэнд-Аюушд холбогдох “Зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүний төлбөр 8.855.169.42 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь /Сэлэнгэ салбар/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Зээлдэгч Л.Чулуун, Ч.Цэнд-Аюуш нар нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 150000085478-20160210 тоот гэрээ байгуулан 10.743.386 /арван сая долоон зуун дөчин гурван мянга гурван зуун наян зургаан/ төгрөгийн тэтгэврийн зээлийг 24 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан зээлсэн юм.
Гэтэл зээлдэгч Л.Чулуун нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр өвчний улмаас нас барсан тул тэтгэврийн зээлийн гэрээний 2.3.1 дэхь хэсэгт зааснаар “Хамтран зээлдэгч нь энэ гэрээнд заасан зээлдэгчийн эрхийг эдэлж үүргийг бүрэн хүлээнэ” гэсэн заалтын дагуу, Ч.Цэнд-Аюуш нь сар бүр зээлийг төлөх байсан боловч өнөөг хүртэл итгэл эвдэн банктай харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй хүндрэл учруулсаар байгаа тул хариуцагч Ч.Цэнд-Аюушаас үндсэн зээл 7.513.801.47 төгрөг, хүү 1.341.367.95 төгрөг нийт 8.855.169.42 /найман сая найман зуун тавин таван мянга нэг зуун жаран есөн/ төгрөгийг гаргуулж манай банкыг хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.
Хариуцагч Ч.Цэнд-Аюуш нь шүүхэд гаргасан тайлбартаа:
... Зээлдэгч Л.Чулуун зээлдэгч Ч.Цэнд-Аюуш нар нь 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 150000085478-20160210 тоот зээлийн гэрээ байгуулан 10.743.386 төгрөгийн тэтгэврийн зээл 24 сарын хугацаатай авсан. Энэ хугацаанд аав маань өвчний улмаас нас барсан тул тэтгэврийн зээлийг Ч.Цэнд-Аюуш 10 дугаар сарын 10-наас эхлэн сар бүрийн 10-ны дотор 200.000 төгрөгийг төлөх болно. Иймд Төрийн банкнаас нэхэмжилсэн 8.855.169.42 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд Төрийн банкнаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 78.316 төгрөгийг төлөх болно! гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Төрийн банк ХХК нь /Сэлэнгэ салбар/ Ч.Цэнд-Аюушд холбогдуулан “Зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүний төлбөр 8.855.169.42 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Ч.Цэнд-Аюуш нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нарын энэхүү зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч Ч.Цэнд-Аюушийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 156.633 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 78.316 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх 78.316 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Төрийн банк ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ “Зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүний төлбөр 8.855.169.42 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Цэнд-Аюуш нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 156.633 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Цэнд-Аюушаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 78.316 төгрөгийг, үлдэх 78.316 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ