Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1303

 

 

 

 

 

 

 

 

   2021       11         25                                         2021/ШЦТ/1303

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч Л.Галав,

шүүгдэгч М.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.А д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2106 00000 2249 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А  нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Офицер” авто угаалгын хашаан дотор иргэн Б.Т ийн Самсунг Эс-8 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Насанд хүрээгүй хохирогч Б.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би 2021 оны 10 дугаар сарын 08-ны орой 19 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, офицеруудын ордны ертөнцийн зүгээр зүүн талд байрлах Офицер авто угаалгын орчим явж байгаад 20 гаруй насны хар өмд дөрвөлжин шоо хэлбэрийн судалтай саарал өнгийн цамц, хар өнгийн пүүз өмссөн туранхайдуу биетэй, 175 орчим см өндөртэй эрэгтэй хүн хажуугаар зөрөхдөө яаж хараад байгаа юм гээд намайг офицер авто угаалгын хашаа руу авч ороод миний самсунг галакси эс-8 маркийн гар утсыг булааж аваад зугтаачихсан юм. Ингээд би гэртээ ирж аавдаа хэлээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм... Би одоо тухайн гар утсыг 350.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-26/,

- Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 31-33/,

- Яллагдагч М.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 08-ны оройн 20 цагийн орчимд офицеруудын тойргийн хажууд автобусны буудал руу алхаж явж байтал миний урд 15 орчим насны хүүхэд утсаа оролдоод зогсож байсан. Тэгэхээр нь би тухайн хүүхдийн гар утсыг булаагаад Офицеруудын урд талын автобусны буудал руу аваад гүйсэн. Миний дээрэмдсэн гар утас нь самсунг эс-8 гар утас байсан. Тухайн утас нь хар хөх өнгийн тагтай, барууд доод талдаа хар өнгийн 2 ширхэг толботой утас байсан. Би тухайн гар утсыг дээрэмдсэн өдрөөсөө хойш 2 хоногийн дараа өөрийн 94189846 дугаарыг хийж 2 хоног ашигласан... Би тухайн хүүхдийн хохирол болох гар утсыг бүрэн хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

- Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

М.А  нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Офицер” авто угаалгын хашаан дотор иргэн Б.Т ийн Самсунг Эс-8 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Насанд хүрээгүй хохирогч Б.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2021 оны 10 дугаар сарын 08-ны орой 19 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, офицеруудын ордны ертөнцийн зүгээр зүүн талд байрлах Офицер авто угаалгын орчим явж байгаад 20 гаруй насны хар өмд дөрвөлжин шоо хэлбэрийн судалтай саарал өнгийн цамц, хар өнгийн пүүз өмссөн туранхайдуу биетэй, 175 орчим см өндөртэй эрэгтэй хүн хажуугаар зөрөхдөө яаж хараад байгаа юм гээд намайг офицер авто угаалгын хашаа руу авч ороод миний самсунг галакси эс-8 маркийн гар утсыг булааж аваад зугтаачихсан юм. Ингээд би гэртээ ирж аавдаа хэлээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм... Би одоо тухайн гар утсыг 350.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-26/,

- Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 31-33/,

- Яллагдагч М.А  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2021 оны 10 дугаар сарын 08-ны оройн 20 цагийн орчимд офицеруудын тойргийн хажууд автобусны буудал руу алхаж явж байтал миний урд 15 орчим насны хүүхэд утсаа оролдоод зогсож байсан. Тэгэхээр нь би тухайн хүүхдийн гар утсыг булаагаад Офицеруудын урд талын автобусны буудал руу аваад гүйсэн. Миний дээрэмдсэн гар утас нь самсунг эс-8 гар утас байсан. Тухайн утас нь хар хөх өнгийн тагтай, барууд доод талдаа хар өнгийн 2 ширхэг толботой утас байсан. Би тухайн гар утсыг дээрэмдсэн өдрөөсөө хойш 2 хоногийн дараа өөрийн 94189846 дугаарыг хийж 2 хоног ашигласан... Би тухайн хүүхдийн хохирол болох гар утсыг бүрэн хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч М.А ийн зүгээс насанд хүрээгүй хохирогчийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан нь хавтаст хэргийн 10-11, 13-15 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа тул М.А ийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

             Шүүгдэгч М.А д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

            Насанд хүрээгүй хохирогчоос булаан авсан эд зүйл болох самсунг галакси эс-8 загварын гар утсыг буцаан өгсөн болох нь хавтаст хэрэгт эд зүйл хүлээлгэн өгсөн  баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч М.А д ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.А ийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.  

3. М.А д хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол М.А ийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА