| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0392/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/412 |
| Огноо | 2018-09-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/412
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,
шүүгдэгч Л.В , түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-ын В холбогдох эрүүгийн 1810015870483 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....... оны ......... дугаар сарын ..........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........... хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо булгийн ........... тоотод бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо ............ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Л-ын В /РД:.................../
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Л.В нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан толгой дээр 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн В /H/-ийн гар утсыг хулгайлан авч бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.В шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч В /H/ мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Монгол улсад 48 дугаар сургуулийн сайн дурын үйл ажиллагаанд оролцохоор 18 оюунтантай хамт ирсэн. Бид 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хоттой танилцаж Үндэсний түүхий музей үзээд 16.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан толгой дээр автобустайгаа очсон. Зайсаны зогсоол дээр буухад сэжиг бүхий эрэгтэй хүн байхаар нь орчуулагч “болгоомжтой байгаарай” гэхээр нь би өөрийнхөө “Ай фоне-8” маркийн гар утсыг хантаазныхаа зүүн талын халаасанд хийсэн. Удалгүй Зайсан толгой руу гарч байтал хар хувцастай эрэгтэй хүнтэй зөрөхөд хантааз татагдах шиг болсон. Би утсаа хийсэн халаасаа шалгаж үзэхэд утас алга болсон байхаар нь хөтөчид хэлж тэрээр цагдаад мэдэгдсэн. Би уг утсыг 2018 оны 01 дүгээр сард Солонгос улсын Эс Кей Телекомоос 1.941.200 төгрөгөөр худалдаж авч байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 6-9-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Хмөрдөн байцаалтанд өгсөн: …БНСУ-аас жуулчид ирсэн ба тэдний нэг нь гар утсаа алдсан байсан. Хулгайд гар утсаа алдсан иргэн одоо Монгол Улсад байхгүй, Солонгос улс руу буцсан. Цагдаа нар гар утсыг нь олж хохирогчид буцааж өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Эд зүйл түр хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 4-5-р хуудас/,
Итгэмжлэл /хх-ийн 12, 40-р хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 29-р хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Ай фоне-8” маркийн гар утас 1.250.000 төгрөг /хх-ийн 43-45-р хуудас/,
Яллагдагчаар Л.В ийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан толгойн дундах зогсоол дээр зогсож байхад бага оврын автобустай жуулчид ирсэн. Нэг эмэгтэй гадаадын жуулчны цэнхэр өнгийн хантаазны зүүн талын халаасанд утас нь хагас цухуйсан байдалтай байсан. Би тэр жуулчин эмэгтэйн хажуу талд зогсож байгаад биеийг нь налж хантаазны халааснаас нь шаргал өнгийн “Ай фоне-8” маркийн гар утсыг нь хулгайлсан…гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/,
Хохирогчийн өргөдөл /хх-ийн 3-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 22-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23, 38-р хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-р хуудас/ зэрэг болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Л.В ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Л.В нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан толгой дээр 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хохирогч В /H/-ийн “Ай фоне-8” маркийн гар утсыг хулгайлан авч 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч В /H/-ий …Зайсан толгойн руу гарч байтал хар хувцастай эрэгтэй хүнтэй /В / зөрөхөд хантааз татагдах шиг болсон. Би утсаа хийсэн халаасаа шалгаж үзэхэд утас алга болсон байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 6-9-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Х…БНСУ-аас жуулчид ирсэн ба тэдний нэг нь гар утсаа алдсан байсан. …Гар утсыг нь цагдаа нар хохирогчид олоод буцааж өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Ай фоне-8” маркийн гар утас 1.250.000 төгрөг /хх-ийн 43-45-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
“Хулгайлах” гэмт хэрэг нь иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан.
Шүүгдэгч Л.В нь хохирогч В /H/-ийн “Ай фоне-8” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч Л.В , түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Хохирогч В /H/-ийн “Ай фоне-8” маркийн гар утсыг 1.250.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг /хх-ийн 43-44-р хуудас/ үндэслэн гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд 1.250.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.В өөс “Ай фоне-8” маркийн /356761086949143/ имей дугаартай цагаан шаргал өнгөтэй гар утас 1 ширхэг, утасны резинэн гэр 1 ширхэгийг тус тус хураан авч, хохирогч В /H/-д хүлээлгэн өгсөн нь ”Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл”-ээр тогтоогдсон тул шүүгдэгч Л.В ийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Л.В т 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргалаас миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг биет байдлаар буцаан өгсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны 3 хүүхэдтэй, ТҮЦ түрээслэж ажиллуулдаг зэрэг хувийн байдлыг нь харгалзан улсын яллагчийн санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэж эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй.
Шүүхээс шүүгдэгч Л.В т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.В нь “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л.В нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа ТҮЦ ажилладаг гэх хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Шүүгдэгч Л.В нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Л-ын В ийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.В т 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол намайн цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.В т мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Л.В нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.В т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР