Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 522

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Д.Тунгалагийн нэхэмжлэлтэй А.Чадраад холбогдох “20 тооны бод гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Тунгалаг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            ... Манай гэр бүл өмч хувьчлалаар Баянхараатын сангийн аж ахуй татан буугдаж 80-аад тооны бог малыг авч өөрийн хамаатан Ачмаагийн Чадраагаар маллуулахаар болсон. Мал маллуулсан хөлс, малын тэжээл өгөх, мал авч идшинд хэрэглэж байсан. Сүүлд Чадраа ах бог малаа бод малд шилжүүлэн улмаар дандаа үхэр болгон малладаг болсон байсан.

Сүүлд 2013-2014 онуудад би ер нь малаа авъя, мөнгө төгрөгний хэрэг байна. Оюутан сургалтын төлбөр шаардлагатай гэх зэргээр нэхэж шаардсан боловч өгөхгүй элдэв арга саам хэлж худал шалтаг тоочсоор одоог хүрлээ.

Иймд би өөрийн анх өгч байсан бог малаа бодын толгойд шилжүүлэн нийт 20 бод А.Чадраагаас нэхэмжилж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч Д.Тунгалаг нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: 

       ... Миний бие Дондог овогтой Тунгалаг нь А.Чадраад холбогдуулан гаргасан 20 тооны бод гаргуулах тухай нэхэмжлэлээсээ доорх шалтгааны улмаас татгалзаж байна.

         Учир нь өмгөөллийн хөлс өндөр, нотлох баримт хангалтгүй, тухайн үеийн малын А данс архивт байхгүй алга болсон учраас дахин шүүхэд уг шалтгааны улмаас нэхэмжлэл гаргахгүй. Иймд миний бие нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа учир энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү! гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

              Нэхэмжлэгч Д.Тунгалаг нь А.Чадраад холбогдуулан “20 тооны бод гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

             Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Д.Тунгалаг нь хариуцагч А.Чадраад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан болох нь нэхэмжлэгч Д.Тунгалагийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

              Нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй. Хуулинд харшлаагүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Д.Тунгалагийн нэхэмжлэлтэй А.Чадраад холбогдох “20 тооны бод гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд  нэхэмжлэл  гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.

 

                                        ШҮҮГЧ                        Б.МӨНХЗУЛ