Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/118

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч Д.Оюунгэрэл,

Шүүгдэгч Б.И /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ид холбогдох эрүүгийн 1811000750082 дугаартай хэргийг 2018 оны 1 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Б.И 1979 оны 10 сарын 21-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Уран Ган ХХК-д тогооч ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Өндөрхаан сариг 18 дугаар гудамжны 18 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Уран Ган байрны 16-3 тоотод оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, 

 

Шүүгдэгч Б.И нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Б.И нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ц.Х Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны автомат теллерийн машинаар өөрийн 5017325436 дугаартай данснаас дансны дугаар андуурч 5935066848 данс руу шилжүүлсэн 796.000 төгрөгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.И  мэдүүлэхдээ: 2017 оны 12 сарын 20 орчим би машинаа зарсан юм. Машины тал мөнгө л орж ирчихсэн байсан. Тухайн үед 700.000 төгрөг орж ирэхээр нь би машины тал мөнгө орж ирж байна гэж бодсон юм. Тэгээд хаан банкны ажилтан 12 сарын 28-ны өдөр надруу залгаад “танд мөнгө орж ирэх ёстой юу” гэхээр нь би “тийм” гэхэд “хэдэн төгрөг орж ирэх ёстой вэ” гэхээр нь “1.500.000 төгрөг орж ирнэ” гэхэд “танд мах гэсэн мөнгө орж ирэх үү” гэхээр нь би “үгүй” гэж хэлсэн. Тэгтэл “таны дансруу андуурагдаад мөнгө орсон юм шиг байна” гэхээр нь “өө яадаг билээ эгч нь яаж эргүүлж төлөх вэ” гэхэд “та хэзээ өгөх боломжтой вэ” гэж асуухаар нь “эгч нь 2 хувааж төлье” гэж хэлсэн юм. Тэгээд 1 сарын 10-ны үеэр Хишигжаргал надруу залгахаар нь би 2 хувааж өгье гэхэд тэгээрэй гэсэн юм. Тэгээд би 2 хувааж төлсөн юм гэв.

 

Хохирогч Ц.Х хх-19-22/, Итгэлмаагийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-23, 29-30/, гэрч Г.М мэдүүлэг /хх-24/, гэрч Д.Б  мэдүүлэг /хх-25/, Б.Игийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-31/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, хохиролын мөнгө шилжүүлсэн баримт /хх-46/, хохирогчийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-48/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.И нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ц.Х Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны автомат теллерийн машинаар өөрийн 5017325436 дугаартай данснаас дансны дугаар андуурч 5935066848 данс руу шилжүүлсэн 796.000 төгрөгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.Х /хх-19-20/: “..2017 оны 12 сарын 15-ны өдрийн өглөө 09-10 цагийн хооронд Хаан банкны АТМ-ээс махны мөнгө болох 796.000 төгрөгийг Батболд гэх хүний данс руу хийх гэж байгаад Хаан банкны данс андуурч өөр хүний данс руу 796.000 төгрөг шилжүүлсэн.. Банкны ажилтан өөрөө мөнгө орсон гэх хүний утас руу залгаж үзээд утас нь холбогдохгүй байна гэж хэлсэн. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Хүчит шонхор худалдааны төвд байрлах Хаан банкны АТМ-ээс Би хаан банкны 5935 066 848 гэсэн данс руу 796.000 төгрөгөө шилжүүлсэн. Миний бие хаан банкны 5017 325 436 дугаартай данс эзэмшдэг. Хаан банкны ажилтнаас асуухад Итгэлмаа гэж хүний данс байна гэж хэлж өгсөн. Миний бие тухайн өдөр Батболд гэх хүний 5935 306 848 дугаартай дансанд махны мөнгө болох 796.000 төгрөг шилжүүлэх байсан..” гэсэн мэдүүлэг

 

Б.Игийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-23/ “…Би тухайн өдөр дансанд мөнгө орж ирсэн талаар мэдээгүй байж байхад Хаан банкны теллер гэх хүн над руу 2017 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрийн аль нэг өдөр нь над руу ярихад би мэдсэн. Хаан банкнаас миний дансанд мөнгө андуурагдаж орж ирсэн талаар надтай 2 удаа ярьсан..Би тэр хүнтэй 2018 оны 1 сарын 15-ны өдөр утсаар яриад 2018 оны 1 сарын 16-ны өглөө 350.000 төгрөг тэр хүний данс руу шилжүүлсэн. Би тэр хүнд 2 тасалж өгнө гэж хэлсэн.…” гэх мэдүүлгээр, хохиролын мөнгө шилжүүлсэн баримт /хх-46/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Ц.Х Б гэх хүний Хаан банкны 5935 306 848 дугаартай дансанд махны мөнгө болох 796.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад Хаан банкны данс андуурч өөр хүний данс болох 5935 066 848 дансанд андуурч 796.000 òºãðºã шилжүүлсэн талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн, шүүгдэгч нь өөрийн дансанд нь мөнгө орж ирсэн талаар мэдээгүй байж байгаад Хаан банкны теллер ярихад би мэдсэн талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, хохиролын мөнгө шилжүүлсэн баримт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Игийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ. Учир нь Шүүгдэгч Б.И нь данс андуурагдаж мөнгө орж ирсэн талаар мэдээгүй, 2017 оны 12 сарын 20-ны үед машинаа зарсан бөгөөд түүний үлдэгдэл мөнгө орж ирж байна гэж бодсон гэж мэдүүлэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд шүүгдэгчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар ухаалаг мэдээ үйлчилгээний хураамжийг төлсөн” буюу гүйлгээ хийгдэх бүрт мэдээлэх мессэж илãээсэн болох нь тогтооãдож байна. Энэ нь шүүгдэгчийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Иг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Иг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ц.Хд хохирлын 796.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Энэ нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.И нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Иг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ид оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеээс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.И нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.И нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР