Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/194

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2019/0192/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Б.Мд холбогдох эрүүгийн 1918003070240 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х овогт Б.М /РД: /, Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь Р.Мйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.М нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банк дотор иргэн Ю.Оын бэлэн мөнгөний машинаар гүйлгээ хийгээд гарч ирсэн 2.000.000 төгрөгийг авсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах ХААН банкны бэлэн мөнгөний машинаас 2.000.000 төгрөг авахаар баруун гар талаасаа 2 дахь машинд өөрийн картаа уншуулсан. Тэгтэл 2.000.000 төгрөг гарах боломжгүй гэсэн бичиг гарч ирэхээр нь баруун гар талын захын машинд картаа уншуулахад үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэсэн. Тэгэхээр нь 2 давхарт банкны ажилтантай уулзаж “танайх мөнгөгүй байгаа юм уу?” гэж хэлээд дансаа шалгуулахад тухайн ажилтан нь “таны мөнгө гарсан байна. Таны ард зогсож байсан хүн мөнгийг чинь авсан байна” гэж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16:24 цагт миний 2.000.000 төгрөг дансанд орж ирсэн. Надад гомдол санал байхгүй гэх хохирогч Ю.Оын өгсөн мэдүүлэг /хх-ийн 12/,

- 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өглөө 2.000.000 төгрөг алдсан гэх хүн “танай бэлэн мөнгөний машин мөнгө гаргахгүй байна” гэж орж ирсэн. Тэгэхээр нь би шалгаж үзтэл данснаас нь мөнгө гарчихсан байсан. Хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд тус мөнгө авч байгаа хүн нь карт уншуулалгүй мөнгийг авч явсан дүрс бичигдсэн байхаар нь цагдаад ханд гэж хэлсэн. Мөнгө авч явсан хүний мэдээллийг шүүж үзэхэд Б.М гэх  хүн байсан. Би эхлээд Р.Мйн гар утас руу нь ярихад “мөнгө алдсан хүний дансыг нь өгчих” гэж хэлсэн. Дараа нь цагдаагийн алба хаагч Б.Мтэй яриад ирж уулзах талаар ярихад гар утсаа тасалчихсан... гэх гэрч Д.Цэндхорлоогийн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- ...ХААН банкны бэлэн мөнгөний машинаар хүн рүү мөнгө шилжүүлсний дараа уг машинаас бэлэн мөнгө гараад ирсэн. Тэгэхээр нь би сандраад мөнгийг аваад цүнхэндээ хийсэн. ХААН банк руу яриад 2.000.000 төгрөг гараад ирсэн гэж ярихад надад 5216000012 дугаарын данс өгөхөөр нь би мөнгийг өөрийнхөө дансанд хийж байгаад шилжүүлсэн... гэх шүүгдэгч Б.Мйн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22/,

- Хохирогч Ю.Оын ХААН банк дахь 0000000000 дугаарын данснаас 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 10:31 цагт 2.000.000 төгрөгийн зарлага гарч, 16:24 цагт 5216000012 дугаарын данснаас 2.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн гэх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6/,

...хар өнгийн саравчтай малгайтай, малгайн ар тал UFC гэсэн бичигтэй хар өнгийн үүргэвч үүрсэн, гартаа хар цүнх барьсан хүн хохирогчийн 2.000.000 төгрөг гарч ирсэн 463 дугаартай бэлэн мөнгөний машин руу гар утсаар ярьсаар ирж, гартаа барьсан цүнхэндээ мөнгийг хийгээд гарч яваа дүрс бичигдсэн байв... гэх ХААН банкны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Мйн үйлдлийн улмаас хохирогч Ю.Од 2.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ю.Оын “...2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16:24 цагт миний 2.000.000 төгрөг дансанд орж ирсэн. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/, шүүгдэгч Б.Мйн яллагдагчаар өгсөн “...ХААН банк руу яриад 2.000.000 төгрөг гараад ирсэн гэж ярихад надад 0000000000 дугаарын данс өгөхөөр нь би мөнгийг өөрийнхөө дансанд хийж байгаад шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/, хохирогч Ю.Оын ХААН банк дахь 0000000000 дугаарын данснаас 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 10:31 цагт 2.000.000 төгрөгийн зарлага гарч, 16:24 цагт 0000000000 дугаарын данснаас 2.000.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн гэх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6/-аар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Р.Мйн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ХААН банк дотор иргэн Ю.Оын бэлэн мөнгөний машинаар гүйлгээ хийгээд гарч ирсэн 2.000.000 төгрөгийг  авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.  

Шүүгдэгч нь гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Мйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй. 

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний орлого олох боломжийг харгалзан үзээд түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б.Мйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мйг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР