Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/91

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Энхжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Ж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Ж-н Ж-т холбогдох эрүүгийн 2017000000098 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 20.. оны 04 дүгээр сарын 14-нд Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмийн операторчин мэргэжилтэй, .......... оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Г аймгийн Ш сум..... дүгээр баг, ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа агналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Д тайж овогт Ж-н Ж/РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ж нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх 6 дугаар байрны гадаа 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэн П.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, газар унагаж байгаад толгой руу өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Ж нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх 6 дугаар байрны гадаа 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч П.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, газар унагаж байгаад толгой руу өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй гэв.

 

1.2. Шүүгдэгч Ж мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Шивээговь сумын 1 дүгээр  багийн нутаг дэвсгэрт найз Б-гийн хамт явж байгаад 19 цаг өнгөрч байхад зүс таних ахыг гуйгаад Супер маркет гэх дэлгүүрээс 2.5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй пиво авахуулаад эзэнгүй байранд бид хоёр хувааж уусан. Тэгээд 20 цагийн үед ууж дуусаад 15-р байр луу явж байгаад Г-тэй утсаар ярьсан чинь эмийн сангаас гарч байна гэхээр нь бид хоёр 14,15-р байрны хажууд явж байна чи хүрээд ирэх үү гэсэн чинь за гээд Г хүрээд ирсэн. Тэгээд Б Г бид гурав Гийн гэрт очиж хонохоор болоод явж байсан чинь манай найз Б гэр байрнаас ирж байна гэхээр нь хүлээгээд 8-р байрны хамгийн хойд талын орцны үүдэнд суусан. Гадаа сэрүүхэн байсан учир Б-ыг хүлээгээд ирэхгүй болохоор нь орцонд ороод зогсож байсан чинь хажуу талын орцны үүдэнд хүмүүс ирэхээр нь гал асуух санаатай очсон чинь Б, Х, Б, А нар сууж байсан. Тэр хэдийг тамхи татдаггүй байх гээд буцаад явсан. Тэгээд буцаад орцонд ороод тэр хэдийг байна гээд тамхи татдаг хүн байхгүй юм шиг байна гэсэн чинь Б наад хэд чинь тамхи татдаг юм аа гэхээр нь би гал асуух гээд нэг нь хүрээд ирээч гэсэн чинь Б нь чи өөрөө хүрээд ир бид нараар яах гээд байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би маргалдаж муудалцаад яахав гэж бодоод зүгээр хүрээд ирээ юм асуух гэсэн юм гэж хэлсэн чинь ирмээр байвал өөрөө ир гэж байна гээд тэд нар яваад өгсөн. Тэгээд бид нар орцонд зогсоод байсан чинь Б ирэхгүй болохоор бид нар Гийн гэр лүү орохоор алхсан. Тэгээд 6-р байрны хажууд явж байсан чинь нөгөө хэд явж байхаар нь би очоод та нар яагаад байгаа юм бэ зүгээр ирээд уулзчихаж болдоггүй юм уу ирээд уулз гээд байхаар нь хүрээд ирлээ цаашаагаа орцонд орчих гээд Б-г түлхсэн чинь Б орц руу орсон. Тэгээд Б-ыг цааш нь түлхсэн чинь Б би ормооргүй байна дуртай бол чи өөрөө ор гэхээр нь чи юу гээд томроод байгаа юм гэсэн чинь чамаас айна гэж байхгүй шүү гэхээр нь би нүүр лүү нь нэг алгадсан чинь Б нүдний шилээ тайлж нэг найздаа өгснөө намайг цохих гэхээр нь би бултаж гаргаад зөрүүлээд нүүр лүү нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь Б газар уначихсан. Тэгээд би чи томроод байсан босоод ирээч гээд толгой руу нэг удаа өшиглөсөн. Тэгсэн Б Г нар ирээд намайг салгасан чинь Б чи хүний шүд унагаад хаячихлаа ш дээ гэхээр нь харсан чинь Бын үүдэн нэг шүд нь уначихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

1.3. Хохирогч П.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2020 оны 09 дүгээр сарын 19-ний орой 20 цаг өнгөрч байхад Шивээговь сумын 1-р багийн нутаг 3-р байрны хойд талаасаа хоёр дахь орны үүдэнд 10 жилийн ангийн хүүхдүүд болох А, Б, М, Х нарын хамт юм яриад зогсож байсан чинь Ж миний ард ирээд зогсчихсон байсан. Тэгээд бид нар хоорондоо юм ярьж байсан чинь хажуугаар гараад хойд талын орцонд ороод зогссон. Тухайн үед Ж хүүхдүүдтэй хамт явж байх шиг байсан. Тэд нар орцон дотор хоорондоо юм яриад байсан. Тэгж байгаад Ж орцон дотроос нэг нь хүрээд ир дээ гэхээр нь бид нар юм хэлээгүй. Тэгсэн чинь хөөе нэг нь хүрээд ир гээд байгаа юм биш үү гэхээр нь яршиг яршиг өөрөө хүрээд ир гэсэн. Тэгээд би найз нартайгаа юм яриад зогсож байсан чинь хойд талын орцон дотор Б наадах чинь Б мөн үү, яадаг болчихсон юм бэ чи айгаад байгаа юм уу гэх зэргээр яриад байхаар нь бид нар удвал маргаан болох юм шиг байна явъя гээд 6 дугаар байр луу явсан. Тэгээд 6 дугаар байранд байрлах дэлгүүр лүү М ороод А, Б, Х бид хэд гадаа нь зогсож байсан чинь Ж ирээд за дуудсаны чинь зоргоор хүрээд ирлээ наад орц руугаа орчих гээд Б-г түлхээд нэг гараараа намайг түлхэхээр нь би орц руу орохгүй гээд хажуу тал руу нь болсон чинь намайг чи яасан овоо болчихсон юм бэ гээд нүүр лүү алгадаад авсан. Тухайн үед миний нүдний шилний рам далийчихаар нь би шилээ тайлаад хажууд байсан найз А-таа өгсөн чинь Ж чи ямар аймар том болчихсон юм бэ гэхээр нь би нүүр лүү нь цохисон чинь Жбултаад би хальт цохичихсон. Тэгсэн чинь Ж намайг заамдаж барьж аваад нүүр лүү 1 удаа цохиод үргэлжлүүлээд яг ам руу цохисон. Тухайн үед би манараад доошоо суух гэсэн чинь Ж нуруугаар тэвэрчихээд тавихгүй болохоор нь арай хийж тавиулаад газар хэвтсэн. Тэгэхэд Б ирчихсэн та нарын дуудсаны зоргоор ажлаасаа буугаад л хүрээд ирлээ ш дээ хөөе дуудсаны чинь зоргоор хүрээд ирлээ гээд орилоод байхаар нь би толгой руу өшиглөчихөж магадгүй гэж бодоод толгойгоо тэвэрсэн чинь миний толгой руу хэн нэг нь өшиглөсөн үү дэвсчихсэн үү гэнэт учиргүй өвдөөд явчихсан. Тэгээд би хэвтэж байгаад босоод ирсэн чинь Жнамайг цохих гээд дайраад байхаар нь би Ж байж бай чи намайг насаар минь хиймэл шүдтэй явуулахаар боллоо доо гээд шүдээ харуулсан чинь Ж арай дээр болсон. Тэгэхээр нь би хоёулаа цагдаа явъя гэсэн чинь Ж хоёулаа энэдээ учраа олчихоё гэхээр нь шийдүүлдэг газраар нь шийдүүлнээ гээд цагдаа руу дагуулаад явсан.

...Би гомдолтой байна. Эмчилгээнд зарцуулагдах бүх зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

Ж бид хоёр учраа олж эвлэрсэн. Хохирлын тал дээр надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ж миний хохирлыг бүрэн барагдуулж дууссан. Цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн би Этүгэн их сургуулийн уламжлалт анагаах ухааны их эмчийн ангид суралцаж байгаа учир шүүх хурал болох үед ирж амжихгүй, шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул миний энэ хүсэлтийг хангаж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

1.4. Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2020 оны 09 дүгээр сарын 19-ний орой 19 цагийн орчим эмийн сангаас эм авчихаад явж байсан чинь манай багын найз Ж, Б нар залгаад хаана байна гэхээр нь эмийн сангаас гараад явж байна гэсэн чинь бид хоёр 14, 15 дугаар байрны орчимд байна хүрээд ирээч гэхээр нь би яваад очсон. Тэгээд бид 3 уулзаад манай гэрт очиж унтахаар болоод 2 дугаар байранд байх манай гэр лүү явж байсан чинь манай багын найз Б одоо гэрээсээ очих гэж байна, хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд бид нар 8 дугаар байрны хамгийн хойд талын орцонд байж байсан чинь Ж тамхи асаах гэж гараад манай доод үеийнхэн байна, тамхи татдаггүй хүүхдүүд байх шиг байна гээд буцаад ороод ирсэн. Тэгсэн чинь Б наад хэд чинь бүгд тамхи татдаг ш дээ гэсэн чинь Ж тийм үү гээд нэг нь хүрээд ир гээд хажуу талын орцны үүдэд байсан хүүхдүүдийг дуудсан чинь дундаас нь Б гэх залуу ирмээр байвал өөрөө хүрээд ир бид нар очиж чадахгүй гэсэн. Тэгээд хамт явж байсан хүүхдүүдээ дагуулаад яваад өгсөн. Бид гурав Быг хүлээгээд ирэхгүй болохоор нь гар утас руу нь залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгээд манай гэр лүү оръё гээд явж байсан чинь 6 дугаар байрны хойд талын орцны үүдэнд Б найз нарынхаа хамт зогсож байсан. Тэгсэн чинь Ж очоод Б-ыг чи дуудаад байхад ирчихгүй яагаад байгаа юм бэ наад орц руугаа орчих гээд нэг гараараа Б-г түлхээд орц руу оруулаад нөгөө гараараа Б-ыг түлхсэн чинь Б би ормооргүй байна гээд Ж-н гарыг нь цааш түлхсэн. Тэгсэн чинь Ж-Бын нүүр лүү алгадаад авсан чинь Б буцаагаад Ж-г цохисон. Б-ыг цохиход Ж бултаад цохилтонд нь оногдоогүй байх. Тэгээд Ж буцаагаад Быг цохисон чинь Б газар уначихсан. Тэгэхээр нь Б бид хоёр очоод Ж-г салгаад авсан. Тэгтэл Б чи шүд цохичихлоо ш дээ гээд босоод ирсэн. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

1.5. Гэрч Л.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би тухайн өдөр ангийн хүүхдүүд болох Б, Б, А нарын хамт гадуур явж байгаад орой 20 цагийн орчим Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 8 дугаар байрны хойд талаасаа 2 дугаар орцны үүдэнд сууж байсан чинь Ж бид нарын ард ирчихсэн зогсож байсан. Тэгээд бид нарын хооронд юм ярьж байсан чинь Ж хойд талын орц руу ороод зогсчихсон. Тэгээд орцон дотроос Ж нэг нь хүрээд ир гэсэн чинь Б чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь дахиад нэг нь хүрээд ир гээд байгаа юм биш үү гэсэн чинь Б ирмээр байвал өөрсдөө ир гээд бид нар явахаар болоод явсан. Тэгээд 6-р байрны хамгийн хойд талын орцонд байх дэлгүүрийн гадаа зогсож байсан чинь Ж өөрсдөө ир гэхээр чинь хүрээд ирлээ гээд хүрч ирсэн. Тэгээд наад орц руугаа орчих гээд Б-г түлхээд оруулсан. Тэгээд Б-ыг оруулах гэсэн чинь Ж Быг цохиод авсан. Б буцаагаад цохисон чинь Ж бултаад цохиулаагүй. Тэгээд Ж Быг буцаагаад нүүр лүү цохисон чинь Б газар унасан. Тэгсэн чинь Ж чи сая томроод байсан, босоод ирээч гээд толгой руу нь өшиглөсөн. Тэгсэн чинь Б чи шүд цохичихлоо ш дээ гэж хэлсэн. Тэгээд Б босоод ирсэн чинь шүд нь уначихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

1.6. Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2020 оны 09 дүгээр сарын 19-ний орой 19 цаг өнгөрч байхад Ж-н хамт явж байгаад Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Супермаркет нэртэй дэлгүүрээс 2.5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй пивийг зүс таних ахаар гуйж байгаад авахуулсан. Тэгээд бид хоёр уг пивийг эзэнгүй байран дотор хувааж уусан. Тэгээд орой 20 цагийн үед 10 жилийн ангийн хүүхэд болох Г-тэй уулзсан. Тэгээд 2 дугаар байрны Г-ийн гэр лүү очихоор явж байсан чинь манай найз Б гэр байрнаас ирж байна, цуг явъя түр хүлээж бай гэхээр нь 8 дугаар байрны хамгийн хойд талын орцонд хүлээхээр орцгоосон. Тэгээд зогсож байсан чинь хажуу талын орцны үүдэнд хэдэн хүмүүс ирээд зогссон. Тэгсэн чинь Ж гал аваад ирье гээд гарсан. Тэгээд буцаж орж ирээд тамхи татдаг хүн байхгүй юм шиг байна гэхээр нь би юу яриад байгаа юм бэ наад хэд чинь бүгд татдаг ш дээ гэсэн чинь Ж зүгээр хүрээд ир гэж байна ш дээ гэсэн. Тэгсэн чинь Б ирмээр байвал чи өөрөө ир гэж хэлчихээд хамт зогсож байсан хүүхдүүдтэйгээ хамт явчихсан. Тэгээд бид нар Б-ыг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь гар утас руу залгасан чинь утас нь холбогдохоо больчихсон. Тэгэхээр нь бид нар Г-ийн гэр лүү очихоор 2 дугаар байрны орчим явж байсан чинь 6 дугаар байрны хойд талын орцны дэлгүүрийн үүдэнд бид нар маргалдсан хэдэн хүүхдүүд зосгож байсан чинь Ж очоод та нар яагаад байгаа юм бэ хүн зүгээр дуудахаар хүрээд ирж болдоггүй юм уу наад орц руугаа орчих гэсэн чинь Б би ормооргүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Ж нүүр лүү нь нэг удаа алгадсан чинь Б нүдний шилээ тайлж хамт явж байсан залууд бариулаад Жамъянпүрэвийг цохисон чинь Жбултаад оногдоогүй. Тэгээд Ж Б-ыг нүүр лүү нэг удаа цохисон чинь Б газар уначихсан. Тэгсэн Жчи томроод байсан босоод ир гээд толгой руу нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь Б Ж чи хүний шүд унагачихлаа даа гээд босоод ирсэн. Тэгсэн чинь амнаас нь цус гоожоод Б унасан шүдээ барьчихсан байж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

1.7. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2020 оны 09 дүгээр сарын 19-ний орой ангийн хүүхдүүд болох Б, Х, А, М нартай хамт гадуур алхаж байгаад 8 дугаар байрны хойд талаасаа хоёр дахь орцны гадна талд очоод суугаад юм ярьж байсан чинь Ж ард ирчихсэн зогсож байсан. Тэгээд бид нартай юм ярилгүй яваад хойд талын орц руу орчихсон. Тэгээд байж байснаа нэг нь хүрээд ир гээд дуудсан чинь Б яах гэж байгаа юм гэсэн. Тэгсэн чинь зүгээр хүрээд ир гэж байна ш дээ дахиад дуудсан чинь Б хэдүүлээ явцгаая гээд бид нар явсан. Тэгээд 7 дугаар байрны урд талаар алхаад 6 дугаар байрны хамгийн хойд талын орцонд байх дэлгүүр лүү орсон чинь М дэлгүүр орчихоод гараад ирье гээд орсон. Тэгээд бид нар үүдэнд нь хүлээгээд зогсож байсан чинь Ж, Б, Г нар ирсэн. Тэгээд Ж дуудаад байхаар чинь өөрөө хүрээд ирлээ наад орц руугаа орчих гээд намайг гараараа цээжин дээр дараад цааш түлхсэн. Тэгээд би орц руу орсон чинь Б-ыг орц руу оруулах гээд түлхсэн. Тэгсэн чинь Б би орц руу ормооргүй байна гэж хэлээд Жамъянпүрэвийг цохиод авсан. Тэгтэл Б нүдний шилээ тайлж өгөөд барьж бай гээд Ж-г цохисон чинь Ж бултаад цохиулаагүй. Тэгээд Ж буцаагаад Б-ын нүүр лүү цохисон чинь Б газар уначихсан. Тэгээд нүүрээ дараад хэвтээд байсан чинь Ж босоод ирээч чи сая томроод байсан биз дээ гээд толгой орчимд нь өшиглөсөн. Тэгтэл Б Г нар Ж-г салгаад авсан. Тэгээд Б тэнд та нар ах нараа хүндлэхгүй чадахгүй байж гээд орилоод бид нар луу дайраад байсан чинь Б Ж чи миний шүдийг унагачихлаа ш дээ гэж хэлсэн. Тэгээд хартал Б-ын үүдэн шүд нь уначихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

1.8. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 290 дугаартай дүгнэлтэд:

- П.Б-ын биед тархи доргилт, баруун дээд үүдэн 1-р шүдний уналт, зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, доод уруулын дотор салстын язарсан шарх орчмын цус хуралт, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн хөлийн өвдөгт, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд учирчээ.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2020.09.19-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Баруун дээд үүдэн 1-р шүдний уналт гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтонги алдагдуулна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 21 дүгээр хуудас/,

 

1.9. Хохирогч П.Б-ын Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ж.Ж-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Ж нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Ж нь архи согтууруулах ундааны зүйлийг зохистой хэрэглээгүйгээс үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ж.Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Ж.Ж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Жер нь даруухан томоотой залуу байгаа юм, яагаад ийм ааш гаргасан талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Ер нь их даруухан найз нөхөдтэйгээ харилцаа сайтай, бусдад их тусар хуу ажилч хичээнгүй залуу байгаа юм. Би их сайн залуу гэж хүндэлдэг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

2.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

2.3. Хохирогч П.Б-ын Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

2.4. Хохирогч П.Б-ын Говьсүмбэр аймгийн Прокурорын газар гаргасан хүсэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

2.5. Шүүгдэгч Ж.Ж-н Говьсүмбэр аймгийн Прокурорын газар  гаргасан хүсэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.Ж-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Иймд шүүгдэгч Ж.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Ж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

           

            Шүүгдэгч Ж нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д овогт Ж-н Ж-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Ж.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж-т оногдуулсан 500 / таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Ж нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ЭНХМАНДАХ