Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2019/0109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э ХХК

Хариуцагч: НЗД

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт үйлчилгээг Э ХХК-д шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э ХХК-д шилжүүлэх акт гаргахыг НЗД даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагчийн өмгөөлөгч А.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Э ХХК-ийн захирал Д.Дагвадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ...Тус компани нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 1989 оноос эхлэн усан халаалтын зуухаар дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагааг тасралтгүй 28 жил эрхлэн Нийслэлийн 124 дүгээр цэцэрлэг, 39 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 10 хороо, соёлын төв зэрэг төрийн байгууллагуудыг халаалтыг хариуцан ажилласан.

Гэтэл ямарч шийдвэргүйгээр манай компанийн хариуцаж байсан ажил үйлчилгээг зогсоосон.

2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс айл өрх албан байгууллагыг дулаанаар хангах ажил эхлэхтэй холбогдуулан 9 дүгээр хороонд байрлах Төвлөрсөн ус дулаан дамжуулах төвийн ашиглалт үйлчилгээг хариуцан нийслэлийн 124 дүгээр цэцэрлэг, 39 дүгээр сургуулийн дулаан халаалтын асуудлаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт гэрээ хийж, хамтран ажиллах хүсэлтээ дүүргийн засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандахад Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3\216 тоотоор ...тодорхой шалтгаанаар нийслэлийн өмчид бүртгээгүй байгаа тул Х ХК нь ашиглагч байгууллагад одоогоор хүлээлгэн өгөөгүй байна. Иймд ус дулаан дамжуулах төвийн барилгын ашиглалтыг Э ХХК-д хариуцуулах боломжгүй гэсэн хариу өгсөн.

Төрийн нэрээр халхавчлан тухайн Төвлөрсөн ус, дулаан дамжуулах төвийг төсвийн хөрөнгөөр барих ажлыг гүйцэтгэсэн Х" ХХК-ийн мэдэлд өгч, нэг хувийн хэвшлийн ажил үйлчилгээг нөгөө хувийн хэвшилд ямар ч шалгаруулалт, шийдвэргүйгээр шилжүүлж, давуу эрх олгосон хууль бус үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.2.5 дахь заалтуудыг зөрчиж улмаар манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхол илтэд хохирлоо.

Иймд зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн өмч харилцааны газрын дарга Ч.Однасан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хотын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Цэвэр агаар сан-ийн төслөөр Дэнжийн 1000 орчмыг төвлөрсөн дулаан хангамжид холбох 1, 2 дугаар хэлхээний гадна дулааны фЗОО, ф400 шугам, ус дулаан дамжуулах төв, цахилгааны дэд өртөө барих ажлыг Х ХК нь нийслэлийн хөрөнгөөр 2012-2013 онд барьж дууссан, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажиллаж, актыг баталгаажуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар Х ХК нь дээрх тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал болон найдвартай ажиллагааг хариуцан ажиллаж байгаа болно. Тус шугам сүлжээнд холбогдсон 124 дүгээр цэцэрлэг, 39 дүгээр сургуулийг дулаанаар хангах үйлчилгээг цаашид чиг үүргийн дагуу Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хариуцан ажиллуулах болно.

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь Нийслэлийн өмчийн ашиглалт, хамгаалалтыг хариуцаж холбогдох шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж ажиллах үндсэн эрх үүргийнхээ хүрээнд уг хөрөнгийг ОСНААУГазрын дансанд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах болно.

Нийслэлийн Цэвэр агаар сан-ийн санхүүжилтээр баригдсан дулааны шугам, ус дулаан дамжуулах төвийн ашиглалтыг Э ХХК-д хариуцуулах эрх зүйн үндэслэлгүй юм.

Иймд Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн зүйлгүй гэж үзэх тул Э ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Гуравдагч этгээд Х ХК-ийн захирал Б.Эшүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутагт Дулаан дамжуулах төвийн барилгыг манай компани 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр барьж ашиглалтад оруулсан.

Харин тухайн барилга байгууламжийг ашиглалтанд хүлээж авах улсын комисс ажиллаж байх үед уг дулаан дамжуулах төвөөс төвлөрсөн дулаан хангамжинд холбогдох хэрэглэгч байхгүй байсан тул гүйцэтгэгч байгууллага болох Х ХК-ийн эзэмшил, харуул хамгаалалтанд үлдээж, 2017 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд харуул манаач ажиллуулж байсан. 2017 оны 4 дүгээр сараас дулаан дамжуулах төвийн тоног төхөөрөмжид туршилт тохируулга хийн 11 барилгийг дулааны эрчим хүчээр хангахаар шийдвэрлэсэн боловч Э ХХК-ийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас 39 дүгээр сургууль, 124 дүгээр цэцэрлэг гэсэн хоёрхон байгууллагыг төвийн дулаанд холбосон.

Э ХХК нь техникийн боломж байсаар байтал өөрийн эзэмшлийн 4 барилга, 10 дугаар хорооны байр, улаан загалмай нийгэмлэгийн барилга зэргийг төвлөрсөн дулаанд холбуулахгүй агаар бохирдуулсаар байж улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилга байгууламжийг өөрийн эзэмшилд авахаар заргалдаж байгаа нь хууль бус шаардлага гэж үзэж байна.

2013 оноос хойш тус дулаан дамжуулах төвийн харуул хамгаалалт болон 2017 оноос 3 халаалтын улирлын дамжин ажилласан ашиглалт, засвар үйлчилгээг манай компани хариуцан ажиллаж , ажилчдын цалин, цахилгааны төлбөр, татвар хураамж, засвар үйлчилгээ зэрэгт 24 сая төгрөг зарцуулаад байна. Энэ халаалтын улирал дуустал хариуцан ажиллуулах нь тодорхой байна.

Харин Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК өөрийн монополь эрхээр далайлган дулаан дамжуулах төвөөс халаалт авч буй байгууллагуудтай гэрээ хийж халаалтын хөлсийг шууд өөртөө авч байгаагаас болж манай компани дээрх алдагдлыг хүлээж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э ХХК-иас НЗД холбогдуулан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт үйлчилгээг Э ХХК-д шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э ХХК-д шилжүүлэх акт гаргахыг НЗД даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг: Маргааны үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч Э ХХК нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт усан халаалтын зуухаар дулаан үйлдвэрлэх, түгээх хангах үйл ажиллагааг явуулж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэг болон 10-н жилийн 39 дүгээр дунд сургууль зэргийг дулаан халаалтыг хариуцан ажилласаар иржээ[1]. Харин гуравдагч этгээд Х ХК-иас Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 1000 орчмын хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбох дулааны шугам, Ус дулаан дамжуулах төвийг 2012 оны 06 дугаар сараас барьж эхэлсэн бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барьж дуусган, 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2013/537 дугаар актаар захиалагчид хүлээлгэн өгчээ.[2]

Улмаар Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэг болон 10-н жилийн 39 дүгээр дунд сургууль болон Э ХХКийн хооронд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан №01, №02 дугаар дулааны эрчим хүч, хэрэглээний хүйтэн усаар хангах, хэрэглэх гэрээ-ний хугацаа дуусгавар болсноор дээрх сургууль, цэцэрлэгийг ус, дулаанаар хангах үйлчилгээг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 1000 орчмын хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбох дулааны шугам, Ус дулаан дамжуулах төвөөс үзүүлэхээр шийдвэрлэжээ.

Уг үйл ажиллагааг нэхэмжлэгч Э ХХК-иас эс зөвшөөрч ... Х ХК нь гүйцэтгэгч байгууллага болохоос түүнийг ашиглах эрхгүй. Манайх 124 дүгээр цэцэрлэг болон 39 дүгээр сургуулийн дулаан халаалтыг 20 гаруй жилийн хугацаанд хариуцаж байсан тул дулаан дамжуулах төвийн ашиглалтыг манай компанид хариуцуулан шилжүүлэх ёстой... гэж маргаж байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ...Улаанбаатар хотын хэмжээнд 500 гаруй том жижиг уурын зуух байдаг. Үүнийг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр цөөрүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлт хийх гэх мэт олон төлөвлөлтийн дагуу ус, дулаан дамжуулах төвийг байгуулсан. Өөрөөр хэлбэл урьдчилсан байдлаар тухайн шугамыг татаж, яваандаа ашиглагчтай болохоор хийгдсэн. Мөн уурын зуухаар халж байгаа тарифын үнэ м2 нь 990 төгрөг байхад төвлөрсөн дулааны үнэ нь арай бага. Эцэст нь ашиглагч байгууллагад хүлээлгэж өгөөгүй шалтгаан нь Цэвэр агаар сантай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газарт эцэслэн шалгагдаж дуусаагүй ба бидэнд баримт материалууд нь ирээгүй тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлын 2015 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу бидний зүгээс тухайн материалыг бүрдүүлэн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралд өргөн барьж Нийслэлийн өмчид бүртгүүлэх ажил удааширсан ... гэж, гуравдагч этгээд Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Э ХХК-ийг ус, дулаан дамжуулах төвийг эзэмших сонирхолтой гэдгийг ойлголоо. Энэ асуудлыг холбогдох журамд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж асуудлыг шийдвэрлэх нь захиргааны байгууллагад байгаа. Манай компанийн хувьд ус, дулаан дамжуулах төвийг тендер шалгаруулалтаар барьж гүйцэтгэсэн ба тухайн үед хэрэглэгч байгаагүй учраас 5 жилийн хугацаанд манасан. Энэ болгонд бидний зүгээс тоног төхөөрөмж ашиглахтай холбоотой болон хэдэн ажилчдаа цалинжуулах зэрэг олон зардал гарч байсан... гэж нэхэмжлэлийн шаардлагад тайлбар өгсөн болно.

Хоёр: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна..., 74 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Орон нутгийн өмчийн зүйлс нь энэ хуулийн З дугаар зүйлд заасны дагуу нийтийн зориулалттай өмч, орон нутгийн өөрийн өмчөөс бүрдэнэ, 2-т Орон нутгийн нийтийн зориулалттай өмчид тухайн орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө хамаарна, гэж төрийн болон орон нутгийн өмчийн зүйлсийн тухай ойлголтыг тодорхойлсон бол энэ хуулийн 75 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн 6 дахь заалт, 6.2, 6.3 дахь хэсэгт заасан хэлбэрээр бий болсон эд хөрөнгө;  гэж орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах хэлбэрийг тус тус тодорхойлжээ.

НЗД дээр дурьдсан арга хэлбэрээр олж авсан орон нутгийн өмчийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 б-д тухайн орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах эд хөрөнгийн жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийн тухай санал боловсруулж Хурал, түүний Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;-аар зохицуулжээ.

Харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Төрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр концессийн болон түрээсийн гэрээгээр, мөн хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно-р зохицуулсан бөгөөд эдгээр хуулийн зүйл заалтад нийцүүлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тогтоол гарган Нийслэлийн өмчийн талаарх харилцааг зохицуулах журмуудыг баталжээ[3].

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Дэнжийн 1000 орчмын хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбох дулааны шугам, ус дулаан дамжуулах төвийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаар Нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжин ирж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэн авах журам[4]-ын дагуу орон нутгийн өмчид бүртгэж аваагүй, энэ талаарх ажиллагаа хийгдэж байгаа болох нь тогтоогдож байна.

Гэтэл нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон[5] Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам болон маргааны үйл баримттай холбогдуулан шүүхээс цуглуулсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 55 дугаар Журам, гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай тогтоол, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаар Журам гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралт журмуудыг зөвхөн Нийслэлийн буюу орон нутгийн өмчид бүртгэгдсэн эд хөрөнгийг ашиглахтай холбогдуулан хэрэгжүүлэхээр байна.

Энэ тохиолдолд Төрийн буюу Нийслэлийн үндсэн хөрөнгө болж бүртгэгдээгүй эд хөрөнгийг Э ХХК-д эзэмшүүлж, ашиглуулах боломжгүй, өөрөөр хэлбэл орон нутгийн өмч болоогүй эд хөрөнгийг давуу эрхээр иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлэх эрх НЗД олгогдоогүй байх тул Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт үйлчилгээг Э ХХК-д эзэмшилд шилжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан гэж хариуцагчийг буруутгах нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч Э ХХК нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ зохицуулах зөвлөлөөс олгодог Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Цэвэр, бохир ус түгээх шугам сүлжээ ашиглалт түүний засвар, үйлчилгээтэй холбоотой тусгай зөвшөөрөл аваагүй тул түүнд одоогоор уг төвийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бүрдээгүй гэж үзэхээр байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчээс ...Манай зүгээс төвлөрсөн ус, дулаан дамжуулах төвийг түрээслүүлэх боломж байна уу гэдгийг л тодруулах хүсэлттэй... гэж нэхэмжлэл гаргах болсон өөрийн хүсэл зоригийг илэрхийлсэнтэй холбогдуулан шүүхээс хуульд заасан бүхий л боломжийг эрэлхийлсэн боловч түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах хангалттай үндэслэл тогтоогдоогүйгээс гадна ...дулаан дамжуулах төвийн ашиглалтын үйл ажиллагааг гуравдагч этгээд Х ХК-д давуу эрхээр шилжүүлсэн... гэх нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болно.

Нөгөөтээгүүр энэхүү дулаан дамжуулах төвийн ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулах аж ахуйн нэгж байгууллагыг сонгох нь дан ганц хүсэлтээр шийдвэрлэх асуудал биш болох нь маргааны үйл баримтаас харагддаг.

Учир нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Дэнжийн 1000 орчмын хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холбох дулааны шугам, ус дулаан дамжуулах төвийг Нийслэл хотыг гамшигийн байдалд хүргэж буй хорт утаа, агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд барьж байгуулсан бөгөөд энэ нь ганц нэг сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаагаар зогсохгүй Дэнжийн 1000 түүний ойр орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж гүйцэтгэхэд нөлөөлөх нэн чухал алсыг харсан шийдвэр болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 б, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, 27 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-иас НЗД холбогдуулан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрлах ус, дулаан дамжуулах төвийн ашиглалт үйлчилгээг Э ХХК-д шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Э ХХК-д шилжүүлэх акт гаргахыг НЗД даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР