Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 223/МА2017/00020

 

 

 

 

 

                                                                                   2017 оны 10 сарын 11 өдөр                     Дугаар 223/

                                          МА2017/00020                                             Зуунмод

 

 

 

“Номин тав трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар  сарын 01-ны өдрийн 151/ШШ2017/00843 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Номин тав трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Тэгш оргилуун хөгжил” ХХК-д холбогдох

“Зээлээр худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5 141 409 төгрөг, алданги 2 570 704 төгрөг нийт 7 712 113 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг  2017 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, хариуцагч “Тэгш оргилуун хөгжил” ХХК-ийн ерөнхий захирал Д.Дуламсүрэн, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Номин тав трейд” ХХК болон “Тэгш оргилуун хөгжил” ХХК нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч нь Номин агуулах худалдаа Хан-Уул салбараас дараа төлөх тооцоогоор бараа бүтээгдэхүүн худалдан авдаг байсан бөгөөд хамгийн сүүлд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 59 төрлийн 2 191 409 төгрөгийн бараа, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 78 төрлийн 5 000 000 төгрөгийн бараа нийт 7 191 409 төгрөгийн барааг хүлээн авч үүнээс 2 050 000 төгрөгийг буцаан төлсөн. Үлдэгдэл мөнгийг төлөхгүй гэрээгээ зөрчиж байгаа тул гэрээний төлбөрт 5 141 409 төгрөг, гэрээнд заасны дагуу 0,3 хувийн алданги 2 570 704 төгрөг, нийт 7 712 113 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гэрээний 6.1-д зааснаар барааг авснаас хойш гэрээнд заасан хугацаанд төлбөрөө шилжүүлээгүй. Барааны үндсэн төлбөрөөс 1 550 000 төгрөг, 500 000 төгрөг л шилжүүлсэн. Одоогоор үндсэн төлбөрийн 5 141 409 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэрээний 7.2-д зааснаар алдангийг 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 325 хоногоор тооцоход 5 012 800 төгрөг болж байгаа, 1 өдрийн алданги нь 15 424 төгрөг, үүнээс гүйцэтгээгүй үүргийн 50 хувь гэж бодоод 2 570 704 төгрөгийг бодож гаргасан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн төлбөрөө, Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар алдангаа нэхэмжилж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Дуламсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2015 онд “Номин тав трейд” ХХК-тай нэхэмжлэлээр бараа худалдан авч борлуулах тухай гэрээ хийсэн. Тухайн гэрээ хийх үед үнийн дүн, буцаан төлөлтийн талаар гэрээнд зааснаар бус тухайн сардаа багтаан төлбөрөө төлж болно гэж борлуулалт хариуцсан менежертэй харилцан тохиролцсон. Түүнээс өөрөөр авсан барааг 10-15 хоногийн дотор эргүүлэн төлнө гэвэл хөдөө орон нутагт боломжгүй гэдгээ хэлсэн, ингээд сар бүрдээ багтаан төлбөрөө шилжүүлж байсан. Зарим сард бид хоног хоцорч төлбөрөө төлөх тохиолдол гардаг байсан ч төлбөрөө алдангийн хамт төлж барагдуулдаг байсан. Жишээ нь: хүүхдийн баярын өдөр хүүхдүүдэд зориулсан бэлгийн барааг авахын тулд зөвшөөрлийн үндсэн дээр 05 дугаар сард авсан барааны мөнгөө 05 дугаар сарын 27-ны өдөр бэлнээр төлж, 05 дугаар сарын 27-ны өдөр 9,346,924 төгрөгийн бараа авсан. Ингээд бид тухайн төлбөрийг 07 дугаар сарын 02-ны өдөр алдангийн хамт төлж барагдуулсан. Гэтэл бидэнд мэдэгдэлгүйгээр 30 гаран хоногийн алданги тооцсон байсан, бид гэрээгээ үргэлжлүүлэх хүсэлт гаргаж Номин тав трейд компанийн захиргаанд хандсаны дагуу биднийг алданги төлбөрөөс чөлөөлнө гэсэн аман хариу өгсөн. Бид 07 дугаар сарын 04-ний өдөр 7,069,264 төгрөгийн бараа худалдан авсан. Энэ үед санхүүгийн байдал доройтож төлбөрөө хугацаанд нь барагдуулах боломжгүй болсон. Удаа дараа тус компанийн захиргаанд график гаргаж төлөлт хийх хүсэлт гаргасан боловч бидний хүсэлтийг хүлээн аваагүй, тус компанийн нэхэмжилсэн дүн 7,712,113 төгрөг байгаа бөгөөд хүү алдангийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй байна.

2015 оны 09 сараас эхлээд Номин тав трейдээс бараа авч эхэлсэн. Бараа аваад төлбөрөө тухайн сардаа багтааж төлж байгаарай гэрээнд заасан алдангийг авахгүй гэж амаар тохиролсон. Би Төв аймагт ажлын 5 өдөрт хүнсний бараа зарагдахгүй гэдгээ хэлж байсан. Гэтэл барааны менежер нь манайх алданги тооцохгүй тухайн сардаа багтаад төлбөрөө төлөхөд болно гэсэн хариу өгдөг байсан. Тиймээс алданги тооцдоггүй байсан. Гэтэл төлбөр нь арай илүү болоод ирсэн. Бид нарт мэдэгдэхгүйгээр алданги тооцох болсон. Амаар тохироод алданги тооцохгүй явж байснаа гэнэт алданги тооцсон байсан. Гэрээний хугацаа дуусаагүй байхад надад мэдэгдэлгүйгээр гэрээг дур мэдэн цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээний 2.2 дахь заалтад аль аль тал нь хүсэлт тавиагүй байхад гэрээг цуцалсан. Тиймээс гэрээний талууд хоёулаа гэрээнийхээ үүргийг зөрчсөн гэж үзэж байгаа учраас алданги төлөхийг зөвшөөрөхгүй байна. Алданги тооцсонтой холбогдуулан манайхаас удаа дараа алдангиа тооцохгүйгээр үндсэн төлбөрөө төлье гэдэг хүсэлт тавихад татгалзсан хариу өгсөн. Хувааж төлье гэдэг саналыг удаа дараа тавьсан боловч татгалзсан хариу өгдөг байсан.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн барааны үндсэн төлбөрөөс алданги тооцсон. Тухайн алдангийг төлөөгүй байхад тус оны 07 дугаар сарын 01, 07 дугаар сарын 04-ний өдөр бараа өгсөн байдаг нь гэрээний заалтаа зөрчсөн байна. Мөн хөдөө орон нутагт 7 сая төгрөгийн барааг аваад 5 хоногийн дотор борлогдох үндэслэл байхгүй. Тиймээс уян хатан байдалтай байна гэж амаар тохиролцсон байна. Нэг талаараа хууран мэхэлсэн. Нэг бол алданги тооцоод нэг бол алданги тооцохгүй байгаад байна. Тиймээс алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэж үзэж байгаа. Хэсэгчлэн төлбөр хийх хугацаа, хүүгийн хэмжээг нарийн зааж өгсөн байх ёстой. Гэрээнд хугацаа заасан байна. Мөн гэрээнд зааснаар гэрээний хугацаа сунгагдсан байна гэж үзэж байгаа. Гэрээний төлбөрийн хувьд миний үйлчлүүлэгчид ашиггүй гэрээ болсон байна гэж харагдаж байна. Тийм учраас гэрээний алдангийг төлөхгүй байх үндэстэй гэж үзэж байгаа гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч “Тэгш оргилуун хөгжил” ХХК-с зээлээр худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5 141 409 төгрөг, алданги 2 570 704 төгрөг нийт 7 712 113 төгрөг гаргуулан “Номин тав трейд” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Номин тав трейд” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Тэгш оргилуун хөгжил” ХХК-с 138 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Нэхэмжлэгчийн “Тэгш оргилуун хөгжил” ХХКомпанийн Хас банкинд байрших 5001113912 дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоож өгнө үү гэх хүсэлтийг хангахаас татгалзаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Тэгш оргилуун хөгжил” ХХК-ийн захирал Д.Дуламсүрэн давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 151/ШШ2017/00843 тоот шийдвэрийн эс зөвшөөрч хариуцагч “Тэгш оргилуун хөгжил” XX компани доорх үндэслэлээр давж заалдаж байна.

Анх 2015 онд “Номин тав трейд” ХХК-тай нэхэмжлэлээр бараа худалдан авч борлуулах тухай гэрээ хийсэн. Ингэж гэрээ хийх үед үнийн дүн, буцаан төлөлтийн талаар гэрээнд зааснаар бус тухайн сардаа багтаан төлбөрөө төлж болно гэж компанийн борлуулалт хариуцсан менежертэй харилцан тохиролцсон. Түүнээс хөдөө орон нутагт 5-аас 7 сая төгрөгний бүх бараа 5 хоногийн дотор зарагдаад эргүүлэн төлнө гэхэд боломжгүй гэдгээ анх хэлсэн. Зарим сард бид хоног хоцорч төлбөрөө төлөх тохиолдол гардаг байсан. Жишээ нь 2015 оны 12 дугаар сарын 1-нд авсан бараанаы мөнгийг алдангигүйгээр 60 гаруй хоног хэтрүүлэн мөнгөө өгч байсан. Энэ үед ямар ч алданги тооцоогүй манай өгсөн мөнгийг маргахгүйгээр тооцдог байсан.

Мөн дахин 2016 оны 05 сарын 02-ний өдөр 6 510 000 төгрөгний бараа авсан. Үүний төлбөрийг 2016 оны 5 дугаар сарын 27-ний өдөр буюу бараа авснаас 25 хоногийн дараа төлсөн. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 01-ний хүүхдийн баярын өдөрт зориулсан авах барааг урьдчилан 2016 оны 05 дугаар сарын 27-ний өдөр авч байсан.

Энэ мэтчилэн гэрээнд заасан хугацаанаас наана цаана өгдөг авдаг асуудал зөндөө байсан. Мөн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр урьд төлбөрөө төлж барагдуулахаар очиход ямар ч сануулга өгч урьдчилан хэлэлгүйгээр 1 037 136 төгрөгний алданги тооцсон байсан. Уг алдангийг бид захиргааны түвшинд хүсэлт тавьж уг алдангийг чөлөөлж өгөхийг хүссэн. Бидний хүсэлтэнд зөвшөөрсөн хариу захирал нь өгсөн. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээгээ үргэлжлүүлэн 2,191,409 төгрөг, Мөн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөгний бараа нийт 7 191 409 төгрөгний бараа нэхэмжлэлээр худалдан авсан. Уг худалдан авалтын төлбөрийг санхүүгийн хямарлын байдлаас болж хугацаандаа төлж чадаагүй, Гэтэл “Номин тав трейд” ХХК -нь урьдны алданги төлбөр 1 041 867 төгрөгний алданги дээр 1 277 602 төгрөгний алданги нэмж тооцож, Нийт 2 319 869 төгрөгний алдангийг үндсэн төлбөр дээр нэмж нэхэмжилсэн. Бид үндсэн төлбөр болох 7.191.409 төгрөгнөөс 2016 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр 1 550 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 500 000 төгрөг, Нийт 2 050 000 төгрөгийг тушаасан. Ингээд бид үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 5 141 409 төгрөгийг 3-аас 6-н сарын дотор хэсэгчлзн төлөх хүсэлтийг удаа дараа тавьсан. Бидний хүсэлтийг хүлээж авахгүй байсан төдийгүй тухайн худалдах авах гэрээний хугацаа дуусаагүй байхад биднийг шүүхийн байгууллагад шилжүүлсэн.

Ер манай компани 2016.05.02-ний өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь үнэн. Энэ гэрээг гэрээний 2.1-д зааснаар 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний 2.2-д гэрээний хугацаа дуусахад талууд гэрээ цуцлах санал гаргаагүй үүргээ гүйцэтгэсээр байгаа бол гэрээг 1 жилийн хугацаагаар сунгасанд тооцно гэж заасан гэтэл гэрээний аль тал сунгах талаар санал тавиагүй учир гэрээ сунгагдаж яваа гэж ойлгож байна.

Гурав. Худалдагчийн эрхэд Гэрээний 3.6-д Худалдан авагч өмнө авсан барааны төлбөрийгн болон хугацаа хэтрүүлсэн алдангийг төлөөгүй тохиолдолд Худалдан авагчаас ирүүлсэн дараагийн захиалгын барааг нийлүүлэхгүй байх эрхтэй гэж заасан атлаа энэ үүргээ биелүүлж яваагүй өөртөө эрсдэл бий болгох боломжийг бий болгосон байна. Шүүх алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, түүнийг няцаах нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хариуцагчмйн төлөөлөгч биелүүлээгүй, болох нь нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан, өөрийн тайлбарыг нотолсон ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй байна гэжээ. Хариуцагч миний шүүхэд удаа дараа хэлээд байгаа нэг хэсэг алданггүйгээр мөнгө шилжүүлж байсан, цаг хугацааны хувьд гэрээнээс өмнө хойно мөнгийг авч өгч байсан зэрэг нь Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний байримаас харагдаж байгаа мөн бидний хооронд байгуулсан гэрээ хавтас хэрэгт байгаа энэ баримтууд нь хариуцагчийн хэлээд няцаагаад байгаа зүйлүүдийг нотлож байгаа болно.

Энэ байдлуудаас гэрээний хоёр тал хоёулаа гэрээгээр хүлээсэн эрх үүргээ биелүүлж яваагүй, үндсэн 7,191,409 төгрөгнөөс 2,050,000 төгрөгийг төлсөн байхад алданги төлбөрөө хэдэн оны хэдэн сараас яаж бодож яаж тооцсон талаар хэрэгт нарийвчилсан тооцоо байхгүй, алдингийг яаж бодож тооцсон нь ойлгомжгүй, мөн алданги төлбөрөө зарим үедээ тооцож авдаггүй заримдаа болохоор тооцдог.

Энэ гэрээ нь хариуцагчид бараа авсан мөнгийг 5 хоногийн дотор төлүүлэхээр /Энэ худалсан авсан бараа нь 5 хоногтоо зарагдсан, зарагдаагүйгээс үл хамааран/ заасан хэт их нэг талд ашигтай, худалдан авагч талд хохиролтойгоор хийгдсэн гэрээ гэж байна.

Иймд дээрх байдлуудыг харгалдаж алданги болох 2 570 704 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас чөлөөлж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хуулийн заалт шаардлагын хүрээнд бодитой дүгнэлт хийж, гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болжээ.

Хариуцагч талын зүгээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Номин тав трейд” ХХК нь урьд нь алданги 1 041 867 төгрөг дээр 1 277 602 төгрөгийн алданги нэмж тооцон нийт 2 319 869 төгрөгийн алданги нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, алданги болох 2 570 304 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас чөлөөлж өгнө үү гэж дурджээ. Хариуцагчийн энэхүү гомдол нь үндэсгүй байна. Нэхэмжлэгч “Номин тав трэйд” ХХК нь 2016 оны 07 сарын 02 болон 07 сарын 04-ны өдрүүдэд “Тэгш оргилуун хөгжил” ХХК-д нийт 7 191 409 төгрөгний бараа нийлүүлснээс худалдан авагч тал нь 2 050 000 төгрөгийг буцаан төлж, үлдэгдэл 5 141 409 төгрөгийг төлөөгүй тул дээрх мөнгийг алданги болох 2 570 000 төгрөгний хамт нийт 7 712 113 төгрөгийг төлүүлэхээр шаарджээ.

Үндсэн төлбөрийн шаардлага 5 141 409 төгрөгийн талаар зохигчид хэн аль нь маргадаггүй, зөвхөн алдангийн талаарх шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргадаг боловч нэхэмжлэгч тал нь үндсэн төлбөр 5 141 409 төгрөгний 50 хувиар алданги тооцсон гэдгээ шүүх хуралдаанд нотолсон байна.

Иймд хариуцагчийн зүгээс тавьсан нэхэмжлэгч урьдны төлбөрийн алдангийг нэмж нэхэмжилсэн гэх гомдол үндэсгүй, нотлогдоогүй байх тул давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс тогтов.

Анхан шатны шүүх талуудын маргаанд үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн боловч хэрэглэгдэх хуулийн заалтыг бүрэн зөв сонгон хэрэглээгүй байх тул хууль хэрэглэсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад оруулж, талуудын хооронд үүссэн харилцааг шүүхээс зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн нь үндэстэй биш бөгөөд худалдах, худалдан авах гэрээний маргаан байна гэж үзэн хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн алданги тооцох үндэслэл болсон Иргэний хуулийн холбогдох зүйл ангийг хэрэглээгүй байх тул хуулийн зүйл анги хэрэглэсэн өөрчлөлтийг орууллаа.

 

 Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 151/ШШ2017/00843 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчилж, “...232 дугаар зүйлийн 232.4” гэж нэмж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 97 212 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.БОЛОРМАА         

    ШҮҮГЧИД                                     Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 Ш.ТӨМӨРБААТАР