Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/296

 

 

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч Ж.Энхжаргал

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт

хохирогч Б.Ц

иргэний нэхэмжлэгч Э.Э

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны * дүгээр сарын **-нд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Сутайн буянт” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6; эхнэр, хүү, ач нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Орчлон” хорооллын 47 дугаар байр, ** тоотод оршин суух, ялгүй, *** дугаарын регистртэй, Б овогт М-ийн Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч М.Б Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Хермес худалдааны төвийн зүүн замд 2018 оны 12 дугаар сарын 5-ны орой 21 цаг 40 минутын үед Сутайнбуянт ХХК-ны эзэмшлийн Daewoo BS-106 загварын ** УНБ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Ц, Э.Э нарыг мөргөж, Б.Ц-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Э.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

            Миний хувьд үйлдсэн хэргийнхээ талаар маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэхгүй.

Би автобусны жолоочоор ажиллаад 7 жил болж байна. Манай компаний автобус бааз Монос-ын тийшээ байдаг юм. Тэр орой ажлаа тараад бааз руу явж байгаад ийм осол гаргалаа. Миний автобусанд зорчигч энэ тэр хүмүүс байгаагүй. Хермес-ийн тэр хавьд явж байтал хажуугаар нэг жижиг тэрэг орж ирээд түүнд анхаарч байх хооронд эдгээр хүмүүсийг анзаараагүй.

Хохирогч нартай даруй уулзаж, хохирлыг нь барагдуулж чадаагүй шалтгаан нь аав маань бурхан болоод, одоо 80 гарсан өндөр настай ээжийн маань бие бас сайнгүй байгаа. Цаашид гарах зардлыг нь чадлаараа төлөх болно гэв.

 

Хохирогч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Ослын дараагаар 2019 оны 2 дугаар сарын 14-нд MRI бичлэгт орж үзүүлэхэд өмнөхөө бодвол арай гайгүй болсон, цус хуралт нь шимэгдэж байна гэж хэлсэн. 3 сарын зайтгаар MRI-д орос ёстой гэж эмч зөвлөсөн. Одоо эмчийн хяналтанд байгаа. Нэг удаагийн төлбөр нь 512.000 төгрөг байдаг юм билээ.

Биеийн зовиурын хувьд ачаалал авахад нилээн хүндрэлтэй байна. Миний ажилгүй байсан хугацааны цалин листээр олгогдсон байгаа. Зөрүү мөнгийг нь нэхэмжилж болно оо. Өнөөдөр 842.000 төгрөг шүүгдэгчээс авлаа. Хавтаст хэрэгт авагдсан бодит хохирол төлөгдсөн гэж хэлж үзэж болно.

Тухайн үед би жаахан согтуу явсан нь үнэн. Гэхдээ гарцаар гарч байснаа мэдэж байна. Гомдолтой байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний хувьд 12, 1 дүгээр саруудад ажлаа хийж чадаагүй. 30 минутаас дээш удаан хугацаагаар илүү зогсож чадахгүй байгаа. Би Зэвсэгт хүчний 142 дугаар ангид хөгжимчин. Манай ажлын онцлог нь парад, марш гээд дандаа гадаа зогсдог.

Маргаашнаас эмнэлэгт хэвтэхээр болсон байгаа. 1, 2 дугаар сарын нийт 13 хоногийн цалингаа нэхэмжилнэ. Харин өмнө гарсан зардлаа авсан. Жаахан халамцуу байсан нь үнэн. Цаашид гарах зардлаа нэхэмжилнэ, гомдолтой байна гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч М.Бийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэнгэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дугаар заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн ** тоот хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Гэмт хэрэг гарсан тухайн үеийн нөхцөл байдал хийгээд гэмт хэргийг хэн үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ийн Ц “… 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 18 цагийн орчим ажлын газрын залуу болох Эрдэнэсүхтэй Материал импексийн ресторанд орж нэг шил архи хувааж уугаад тэндээсээ гараад 21 цаг 40 минутын үед “Хермес” худалдааны төвийн зүүн талын замыг явган хүний гарцаар баруунаас зүүн чиглэлтэй зам хөндлөн гарч яваад урдаасаа хойшоо чиглэлтэй буюу вокзал талаас ирж явсан Daewoo-106 маркийн ** УНБ улсын дугаартай автобусанд мөргүүлсэн. Тэгээд л газар дээрээ ухаан алдаад эмнэлэгт л ухаан орсон. Би энэ ослоос болж ГССҮТ-д 13 хоног хэвтсэн ба эмнэлгээс гарахаас 2 хоногийн өмнөөс л зарим зүйлээ санаж байгаа юм. Тухайн үед архи уусан байсан боловч ухаанаа алдаагүй гайгүй явж байсан. Ослоос болж би толгойдоо хүнд гэмтэл авсан, одоо болтол эмчлүүлж байгаа. Одоогоор зөвхөн эм тарианы зардал баримтаар 692.223 төгрөг гарсан. Үүнээс гадна баримтгүй зардал зөндөө гарч байна. Үлдэгдэл гарсан зардлаа шүүх хурал дээр гаргаж өгнө. Энэ мөргөсөн жолооч надтай уулзаагүй ямар нэгэн эмчилгээний мөнгө төгрөг өгөөгүй/хх19-20/ гэж,

иргэний нэхэмжлэгч Э.Э“... би энэ ослоос болж тархи, хүзүү, нуруундаа гэмтэл авч Цэргийн төв эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлгээс гараад физик эмчилгээ хийлгэж байгаа. Эмнэлэгт хэвтсэний төлбөр 47.000 төгрөг, 11.000 төгрөгний эм авсан, бүсэлхий нурууны MRI зураг 240.000 төгрөгөөр авахуулсан нийлээд 298.000 төгрөгийн зардал гарсан байгаа. Энэ мөнгөө нэхэмжилж байна. Мөн нуруундаа 200.000 төгрөгөөр тариа хийлгэх ёстой, мөнгө байхгүй болохоор хийлгэж чадахгүй өдий хүрч байна.

Жолооч анх мөргөснийхөө дараа толгойны томографикийн зураг л авахуулж өгсөн өөр ямар нэгэн байдлаар туслаж, эмчилгээний мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Би энэ жолоочоос одоогоор 500.000 төгрөг нэхэмжилж байна, цаашид ямар зардал гарах талаар мэдэхгүй. Явган хүний гарцаар гарч яваад мөргүүлсэндээ их гомдолтой байна” /хх24-25/ гэж,

иргэний нэхэмжлэгч Э.Э гэрчээр мэдүүлэхдээ

“… 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 18 цагийн орчим ажлын газрын залуу болох Цтэй Материал импексийн ресторанд орж нэг шил архи хуваан уугаад, тэндээсээ гараад 21 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Хермес худалдааны төвийн зүүн талын замыг явган хүний гарцаар баруунаас зүүн чиглэлтэй зам гарч яваад урдаасаа хойшоо чиглэлтэй буюу Вокзал талаас ирж явсан Daewoo-106 маркийн **УНБ улсын дугаартай автобусанд мөргүүлсэн. Явган хүний гарцаар гарч байхад замын 2 дугаар эгнээнд явсан жижиг автомашин зам тавиад өгөхөөр нь түүний урд талаар гартал нэгдүгээр эгнээнд явж байсан автобус бид хоёрыг мөргөж унагаасан. Тэгээд л сайн санахгүй, нэг сэрэхэд эмнэлэг дээр ухаан орсон. Тухайн үед нэг шил архи хувааж уусан байсан гэхдээ ухаанаа алдсан согтуу байгаагүй. Мөргүүлэхээсээ өмнөх зүйлийг бол санаж байгаа. Энэ ослоос болж Цэргийн төв эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан. Бид хоёр зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарсан. Бараг 2 алхаад л зам гарчих байсан нь камерын бичлэг дээр их тодорхой байна лээ/хх-н 26-27/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Б.Цийн гэмтэлтэй холбоотойгоор Б.Цийн биед дагзны  ясны хугарал, духны зүүн хөндий гадна, дотор хананы хугарал, зүүн нүдний ухархайн дээд хананы хугарал, баруун дух, чамархайн хатуу хальсан доорх хураа, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр талын хажуугийн ховдол, 4-р ховдлын цус харвалт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь иохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 480 тоот дүгнэлт /хх-н 59/,

түүний Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн тухай Өвчний түүх /хх-н 60-72/,

 

иргэний нэхэмжлэгч Э.Э-ийнгэмтэлтэй холбоотойгоор “Э.Э-ийнбиед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 481 тоот дүгнэлт /хх-н 57/,

түүний Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлсэн тухай Өвчний түүх /хх-н 74-79/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 2/, осол, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургууд болон бичгийн бусад баримтууд шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Бийн үйлдсэн Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас хохирогч Б.Цийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь хуулийн тухайн зүйл хэсгийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид нийцэх бөгөөд харин хохирогч Э.Э-ийнбиед хөнгөн гэмтэл учирсан нь түүнийг энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоох хуулийн үндэслэл болж байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч М.Бийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дугаар заалтад зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Бт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал, шүүгдэгчийн хувийн байдал үүнд: үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа байдал, түүний ар гэр, ахуй амьдралын байдал, бусдад учруулсан хохирол, хор уршигийг арилгах тал дээр санаачлага гаргаж байгаа байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь харгалзсан болно.

 

Шүүгдэгч М.Б “Сутайн буянт” ХХКомпаний эзэмшлийн автобусыг жолоодон явахдаа уг ослыг гаргасан байна. Хэдийгээр ямар нэгэн зорчигчгүйгээр явж байсан, ажлын цаг дуусч, тээврийн хэрэгсэлээ бааздаа байрлуулахаар явж байхдаа осол гаргасан байх боловч уг автобусаа бааздаа аваачиж хүлээлгэж өгснөөр түүний ажлын цаг дуусгавар болсон гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэр бүхий хохирогч нарт учирсан хохирлыг тухайн компани хариуцах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан баримаас үзвэл “Сутайн буянт” ХХКомпанийг иргэний хариуцагчаар татсан нь /хх-н 34/ үндэслэлтэй буюу Иргэний хуулийн дээрх заалтад нийцнэ.

 

Хохирол төлбөрийн хувьд;

Өнөөдрийн шүүх хуралдааны явцад шүүгдэгч М.Бийн зүгээс хохирогч Б.Ц, иргэний нэхэмжлэгч Э.Энарт учирсан хохирлыг төлж барагдуулсан тухай тайлбарыг хэргийн оролцогч талууд хийлээ. Харин иргэний нэхэмжлэгч Э.Э-ийнгаргаж өгсөн баримтын дагуу түүний авах ёстой байсан цалинд 535.600 төгрөгийг иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХКомпаниас гаргуулахаар, түүнчлэн хохирогч Б.Ц, иргэний нэхэмжлэгч Э.Энар нь нотлох баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлаа тус компаниас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэрэгт хавсаргах,

харин Тээврийн прокурорын газраас хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч М.Бийн № 350205 Жолоочийн үнэмлэхийг, энэ шийтгэх тогтоолын хамтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1. Б овогт М-ын Б-ийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шүүгдэгч М.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж,

түүнд хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шүүгдэгч М.Б-т хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад үүрэг болгож,

шүүгдэгч М.Б тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч М.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж,

түүний № 350205 дугаартай Жолоочийн үнэмлэхийг, энэ шийтгэх тогтоолын хамтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХКомпаниас 535.600 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Э.Э-д олгож,

хохирогч Б.Ц, иргэний нэхэмжлэгч Э.Э нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримт бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлаа “Сутайн буянт” ХХКомпаниас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Ц, иргэний нэхэмжлэгч Э.Энар гомдолтой гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

9. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Б-т урьд авсан “хувийн баталгаа гаргах тухай” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ