Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/450

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар хөтөлж,

улсын яллагч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энх-Амгалан /томилолтоор/,

шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Б-ийн У холбогдох эрүүгийн 1802003690197 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........ оны ...... дугаар сарын...........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........... хамт Баянгол дүүрэг 15-р хороо ........... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б  овогт Б-ийн У  /РД: .................../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах  дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.У нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн ТК-342 дугаар аялалын онгоцоор зорчин ирэхдээ Ц гийн М нэрээр Т0026689 дугаартай буцах үнэмлэх гаргуулан авч Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Б.У   шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Гэрч Б.Т  мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2018 оны 08 дугаар сарын 10-ны өглөөний 09 цагаас 2018 оны 08 дугаар сарын 11-ний өглөөний 09 цаг хүртэлх хугацаанд Буянт-Ухаа агаарын замын боомтод орох чиглэлд үүрэг гүйцэтгэсэн. Миний ашигладаг албаны штампын дугаар 089 дугаар юм. Намайг үүрэг гүйцэтгэж байх үед Истамбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн ТК-342 дугаартай аялалын онгоцоор зорчигч нар ирж, тэдний баримт бичгийг зохих хууль, журмын дагуу шалгаж нэвтрүүлсэн. …Иргэн Б.У нь зорчигч нар орж дууссаны дараагаар хамгийн сүүлд баримт бичгээ шалгуулсан. Тухайн үед Б.У нь ямар нэгэн сандралгүй, энгийн Монгол Улсын буцах үнэмлэхээр орж ирж түүнийгээ шалгуулсан. Би баримт бичгийг авч паспорт уншигчид уншуулаад баримт бичгийн зургийг тухайн зорчигч болох Б.Ундрамтай харьцуулан харахад ижилхэн байсан. Хил нэвтрэлтийн мэдээллийг Ц.Майсүрэн нэрээр үзтэл хамгийн сүүлд 2018 оны 04 дүгээр сард Буянт-Ухаа агаарын замын боомтоор нэг хүүхдийн хамт гарсан байсан. Би “та өмнө нь гарахдаа хүүхэдтэй гарсан байна, тухайн хүүхэд одоо хаана байгаа вэ” гэхэд “сайн санахгүй байна. Нэг хүүхэд ямар ч байсан аваад гарч байсан. Одоо мэдэхгүй байна” гэж хэлсэн. Ц.М мэдээллийг хартал зураг нь Б.Ундрамынхаас өөр гарч ирсэн. Би Б.Ундрамаас “та Ц.Майсүрэн биш байна” гэхэд “би Ц.Майсүрэн мөн, би сүүлд давхраа хийлгэсэн учраас өөр харагдаж байгаа юм” гэж хэлсэн. Би түүний төрсөн ордыг асуухад эхлээд “үхрийн орд” гэснээ удалгүй “ихрийн орд” гэж хариулсан. Мөн гэрийн хаягийг тодруулахад “мэдэхгүй байна. Монгол дахь гэрийн хаягаа мартсан байна” гэж хариулсан. Би тухайн ээлжийн ахлах даргад мэдэгдэж нарийвчилсан шалгалтад оруулсан. Б.У нь нарийвчилсан шалгалт хийх хүртэл өөрийгөө Ц.Майсүрэн гэж гүрийж байсан. Шалгалтаар Б.У нь Ц.М нэрээр буцах үнэмлэх гаргуулан авч Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан болохыг бүрэн тогтоож зохих хууль, журмын дагуу зөрчлийн материал бүрдүүлж хуулийн байгууллагад шилжүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 62-63-р хуудас/,

 

Гэрч Б.У-ын   мөрдөн байцаалтанд өгсөн: Би У   2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Буянт-Ухаа агаарын замын боомт дээр тосохоор хүлээж байтал гарч ирэхгүй байсан. Яасан талаар сураглахад “доошоо буугаад хүлээж байгаарай, бичиг баримтын асуудалтай байна, ганц хоёр юм асууна гэж байна” гэж хэлсэн. Би У   гарч ирэхээр нь юу болсон талаар асуухад хүний бичиг баримтаар орж ирсэн гэж хэлэхээр нь анх мэдсэн. Хэрвээ Бельги улсад байхдаа хүний бичиг баримт ашиглаж явах гэж байгаа талаар бид нарт хэлсэн бол хориглоод ирүүлэхгүй байх байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 89-90-р хуудас/,

 

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17, 53-56-р хуудас/,

Хилийн лавлагаа /хх-ийн 33-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 57-р хуудас/,

Тагнуулын Ерөнхий газрын Хилийн 33 дугаар отрядын дэргэдэх Хилийн тагнуулын тасгаас 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн хилийн зөрчлийн материал /хх-ийн 5-11-р хуудас/,

   Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Д.Соёлмаагийн мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/, Баянгол дүүрэг 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 91-р хуудас/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 92-р хуудас/, Удирдлагын академын дипломын хуулбар /хх-ийн 93-95-р хуудас/, Радио, телевизийн дээд сургуулийн Бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 96-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 97-р хуудас/ ял шалгах хуудас /хх-ийн 98-р хуудас/,

 

   Яллагдагч Б.У   мөрдөн байцаалтанд өгсөн: …Нөхөр С.Бэхбат нь Бельги улсад ажиллаж, амьдардаг бөгөөд бид хоёр тус улсад гэрлэлтээ батлуулах гэж байсан. Би Бельги улс руу явах зорилгоор Герман улсын элчин сайдын яамнаас Шенгений виз хүссэн боловч 2 удаа гараагүй. 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын Буянт-Ухаа агаарын замын олон улсын боомтоор Улаанбаатар-Бишкек-Истанбул чиглэлийн онгоцоор БНТУ руу явж, тэндээс Герман улс руу гаргадаг танихгүй хүнтэй холбогдож Герман улсад хамт очиход манай нөхөр намайг ирж авсан. Нөхөр Бэхбат Бельги улсын Гент хотын захиргаанд гэрлэх болон хамт ажиллаж, амьдрах хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн хариу нь 11 сард гарах бөгөөд хариу гартал Бельги улсаас гарахыг хориглодог хуультай юм билээ. Би тус улсад амьдарч байх үедээ буюу 2018 оны 02 дугаар сард бие давхар болсон. Миний хүү Билгүүн нь 11 настай бөгөөд Монгол улсад өвөө, эмээтэйгээ байдаг. Би өөрийн хүү Билгүүнийг мөн Бельги улсад авчирч сургуульд оруулах, бас Монгол улсад амаржиж өөрийн хүүхдэд Монгол Улсын иргэншил авах хүсэлтэй байсан. Хэрвээ Монгол Улс руу явбал Гент хотын захиргаанд гаргасан хүсэлт хүчингүй болох гээд байхаар нь Бүгд Найрамдах Турк улсад ажиллаж, амьдардаг найз Ц.Майсүрэнтэй холбогдож учир шалтгаанаа хэлээд “Хүмүүс өөр хүний бичиг баримтаар буцах үнэмлэх аваад Монгол руу явдаг юм билээ” гэхэд “Би наад талаар чинь ёстой мэдэхгүй юм байна. Үнэхээр тэгж болдог, чи намайг асуудалд оруулахгүй бол би чамд иргэний үнэмлэхнийхээ лавлагааг өгч болж байна. Би чамд итгэж байна. Чи Монголд очоод хүүгийнхээ бичиг баримтыг хөөцөлдөөд бас хүүхдээ төрүүлчихээд буцаад ир” гэж хэлсэн. Найз Майсүрэн Монгол руу өөрийн иргэний үнэмлэхний лавлагааг захиад Гадаад харилцааны яамаар дамжуулан Бельги улсад суугаа элчин сайдын яаманд иргэний үнэмлэхний лавлагааг ирүүлсэн. Би тус элчин сайдын яамны консулын хэлтэст өөрийн бичиг баримтыг хаясан ба бие давхар учраас Монгол улс руу яаралтай явах шаардлагатай байгаа талаар өргөдөл бичиж өгөөд М нэртэй өөрийн зураг бүхий буцах үнэмлэхийг гаргуулж авсан. Тус буцах үнэмлэхээр буюу М нэрээр Монгол руу явах билет аваад 2018 оны 08 дугаар сарын 10-нд Бельги улсаас Монгол Улс руу явсан. Монгол Улсын хилээр нэвтрэх үед хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтанд өөрийгөө Майсүрэн гэж хэлээд асуусан асуултанд нь хариулж чадахгүй нарийвчилсан шалгалтаар орж өөрийгөө илчилсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

   Шүүгдэгч Б.У нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн ТК-342 дугаар онгоцоор зорчин ирэхдээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа Нисэх онгоцны буудлын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Ц гийн М Т0026689 дугаартай буцах үнэмлэхээр Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрэхийг завдсан болох нь:

 

Гэрч Б.Т  Би Б.У   баримт бичгийг авч паспорт уншигчид уншуулаад баримт бичгийн зургийг тухайн зорчигч болох Б.Ундрамтай харьцуулан харахад ижилхэн байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд буцах үнэмлэх дээрх Ц.М мэдээллийг шивээд хартал зураг нь өөр гарч ирсэн. Хил нэвтрэлтийн мэдээллийг Ц.Майсүрэн нэрээр үзтэл хамгийн сүүлд 2018 оны 04 дүгээр сард Буянт-Ухаа агаарын замын боомтоор нэг хүүхдийн хамт гарсан байсан. Би “та өмнө нь гарахдаа хүүхэдтэй гарсан байна, тухайн хүүхэд нь одоо хаана байгаа вэ” гэхэд “сайн санахгүй байна. Нэг хүүхэд ямар ч байсан аваад гарч байсан. Одоо мэдэхгүй байна” гэж хэлсэн. Ц.М мэдээллийг хартал зураг нь Б.Ундрамынхаас өөр гарч ирсэн. Би Б.Ундрамаас “та Ц.Майсүрэн биш байна” гэхэд “би Ц.Майсүрэн мөн, би сүүлд давхраа хийлгэсэн учраас өөр харагдаж байгаа юм” гэж хэлсэн. Би түүний төрсөн ордыг асуухад эхлээд “үхрийн орд” гэж хариулсанаа удалгүй “ихрийн орд” гэж хариулсан. Мөн гэрийн хаягийг тодруулахад “мэдэхгүй байна. Монгол дахь гэрийн хаягаа мартсан байна” гэж хариулсан. Би тухайн ээлжийн ахлах даргад мэдэгдэж нарийвчилсан шалгалтад оруулсан. …Шалгалтаар Б.У нь Ц.М нэрээр буцах үнэмлэх гаргуулан авч Монгол Улсын хилийг нэвтрэхийг завдсан болохыг тогтоогдсон…гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 62-63-р хуудас/,

 

Гэрч Б.У-ын   Би У   яасан талаар сураглаад дээшээ гарч үзэхэд намайг “доошоо буугаад хүлээж байгаарай, бичиг баримтын асуудалтай байна, ганц хоёр юм асууна гэж байна” гэж хэлсэн. Би У   гарч ирэхээр нь юу болсон талаар асуухад хүний бичиг баримтаар орж ирсэн гэхээр нь анх мэдсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 89-90-р хуудас/,

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ц гийн М Т0026689 дугаартай буцах үнэмлэх,

Тагнуулын Ерөнхий газрын Хилийн 33 дугаар отрядын дэргэдэх Хилийн тагнуулын тасгаас 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн хилийн зөрчлийн материал /хх-ийн 5-11-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.У   Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан, ба шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Монгол улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ” гэж заасан ба улсын хил нь халдашгүй дархан байх бөгөөд Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилийг нэвтэрсэн үйлдлийг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилж тогтоосон.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилсан.

 

          Шүүгдэгч Б.У нь Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн ТК-342 дугаар аялалын онгоцоор зорчин ирэхдээ Хилийн 0218 дугаар ангийн шалгалт хамгаалалтын 4 дүгээр заставд Ц гийн М Т0026689 дугаартай буцах үнэмлэхээр Монгол Улс хил нэвтрэх явцдаа баримт бичгийн шалгалтаар илэрсэн нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас тухайн гэмт хэрэг төгсөөгүй тул шүүгдэгч Б.У   гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ.

 

   Шүүгдэгч Б.У нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн ТК-342 дугаар онгоцоор зорчин ирэхдээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа Нисэх онгоцны буудлын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Ц гийн М Т0026689 дугаартай буцах үнэмлэхээр Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрэхийг завдсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгч Б.У   гэм буруутайд тооцов.

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.У   6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, ба шүүгдэгч Б.У нь өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.У нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар /хх-ийн 98-р хуудас/ тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.У эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Б.У   тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.У анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 8 сартай жирэмсэн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч Б.У нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн Ц  овогт М буцах түр үнэмлэхийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Б-ийн У   Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У   1350 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.У мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

5. Энэ хэрэгт хураагдаж ирсэн Ц  овогт М Т0026689 дугаартай буцах үнэмлэхийг зохих журмын дагуу шийдвэрлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.У авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

     

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР