Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 503

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 1 дугаар баг, ******* 6 дугаар хэсэг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* / ******* /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд /захирал /-д холбогдох гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр, хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд /захирал /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.******* би 1992 онд Улаанбаатар хот дахь Багшийн коллежийн бага ангийн багш мэргэжилээр 1993 онд төгссөн. Улмаар 2006 онд Монгол Улсын багшийн Их сургуулийн БСС-ийн Нийгмийн ажилтаны ангид суралцаж төгссөн.1992 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд тасралтгүй  25 дахь жилдээ  ажиллаж байгаа.  Нийгмийн ажилтаны ахлах зэрэгтэй. Боловсролын  тэргүүний  ажилтан цол тэмдэгтэй.  Ажиллаж байх хугацаандаа  амжилттай ажиллаж  байсан  ба хөдөлмөрийн сахилга шийтгэл гаргаж байгаагүй.   

2017 оны 05 дугаар сарын 31-ний  өдрийн эх үрсийн баярын өдөр  хүүхдийн гимнастик  бэлтгэж байсан ба ажил үүргээ  гүйцэтгэж  явах үед  хамт олны  хурал дээр  захирал  ажлаас халах тушаал  уншиж танилцуулсан байсан.  

Надад захиргааны  хариуцлагынхаа хувьд огт мэдэгдээгүй. Сургуулийн захиралын Б/18 тоот тушаалаар  намайг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт заасны дагуу  ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна.  Учир нь тушаал дуусахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар удаа дарааа сахилгийн зөрчил гаргаж байгаагүй юм.  Тушаалд бичсэнээр шүүхийн шийдвэрээр өөр байгууллагад төлбөр барагдуулж байгаа гэх асуудал нь  сахилгын зөрчил биш, харин Монгол Улсын Иргэний хуульд заасан материаллаг хохирол бусдад учруулсан асуудал бөгөөд иргэний эрх зүйн харилцаатай холбоотой Иргэний хуулийн дагуу шийдвэрлэх асуудал юм.

... Иймд сахилгын арга  хэмжээг хуулийн дагуу  аваагүй үндэслэлгүй хохирсон тул миний  хөндөгдсөн эрхийг сэргээж эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж,  зөрчигдсөн  эрхийг сэргээж өгнө үү! гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Би 1992 онд Улаанбаатар хот дахь Багшийн коллежийн бага ангийн багш мэргэжилээр 1993 онд төгссөн. Улмаар 2006 онд Монгол Улсын багшийн Их сургуулийн БСС-ийн Нийгмийн ажилтаны ангид суралцаж төгссөн. 1992 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд тасралтгүй 25 дахь жилдээ ажиллаж байгаа. Ажиллаж байхдаа мэргэжилдээ эзэн болж алдаа дутагдалгүй, ажлын байрны тодорхойлолтын дагуу чиг үүргээ хэрэгжүүлэн амжилттай ажиллаж ирсэн.

2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 9а ангийн багш Дэлгэрцэцэг багш ангийн 4 охинтойгоо надтай ирж уулзсан. Миний ажлын өрөө шилэн ханатай учраас би хүүхдүүдтэй урлаг зааланд уулзсан. Тухайн анги сахилга бат муутай анги. Мөрөн, Энхцэцэг гэж 2 охин байсан. Мөрөн “Манай ангийн хөвгүүд хэцүү байна. Тараад явахаар цүнх, гар утас булаадаг асуудал байна. Тараад харих гэсээр байтал 2 цаг гаран болж байна. Тэгээд буцаж явах гэсээр байтал давтлаганы цаг болчихдог” гэж хэлсэн. Тухайн үед надад хүүхдүүд гэмт хэргийн шинжтэй мэдээлэл огт яриагүй. Тиймээс ангийн багштай нь арга хэмжээ авья гэж бодсон. Тэгээд би хүүхдүүдэд зөвлөгөө өгсөн. Мөн би “Багш нь хөвгүүдэд нь хэлье, нэг чиглэлд явдаг ангийхантайгаа хамт явж бай” гэдэг байдлаар зөвөлгөө өгсөн.

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн эх үрсийн баярын өдөр хүүхдийн гимнастик бэлтгэж байсан ба ажил үүргээ гүйцэтгэж явах үед хамт олны хурал дээр захирал ажлаас халах тушаал уншиж танилцуулсан байсан. Би багш нарын зөвлөлийн хурлын талаар би мэдээгүй. Миний утас унтарсан байсан. Маргааш нь хамт ажилладаг багшаасаа халагдсан гэдгээ мэдсэн Сургуулийн захирлын Б/18 тоот тушаалаар намайг МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн намайг үндэслэлгүй ажлаас халсанд гомдолтой байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан! ... гэжээ.

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие Балжинням овогтой  Ундармаа нь 1967 онд төрсөн. Сэлэнгэ аймгийн ******* сумын Бэлчирийн 2 дугаар багт оршин суудаг. Ам бүл 3. Нөхөр хүүхдийн хамт амьдардаг. ******* сумын нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар 2005 оны  08 дугаар сараас хойш 12 жилийн хугацаанд ажиллаж байна. Тус сургуулийн нийгмийн ажилтнаар  ажиллаж байгаад халагдсан Б.*******гийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны  нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх тухай гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар  хийж байна.  би 2005 оны  08 дугаар сарын 24-ний  өдрийн 230 тоот Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдон ажилласан. /захирамжийг хавсаргав/. Бага ангийн багш Б.*******г 2005 оны  09 сарын 12-ны өдрийн 50 тоот сургуулийн захирлын  тушаалаар сургуулийн  нийгмийн ажилтнаар  томилсон. Б.*******г ажиллаж байх хугацаанд нь олон удаа шагнал  урамшилд тодорхойлж урамшуулал олгож байсан нь  түүнд итгэж  энэ албыг  хариуцуулж      байсныг гэрчлэх юм. /Тодорхойлолтуудын хуулбар хавсаргав/. Энэ тодорхойлолтоос хойш “Боловсролын тэргүүний  ажилтан” цол тэмдэг хүртсэн. Ийм болохоор надад энэ багшид хандах сөрөг хандлагагүйг илэрхийлнэ. 2009 оны  08 сарын 28-ны өдөр сургуулийн нийгмийн ажилтан Б.*******той  байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтны хүлээх үүрэгт  ажлын байрын тодорхойлолтонд заасан дагуу ажиллана гэж  тусгагдсан. НХХСайд, БСШУСайд нарын 2009 оны 172/592 тоот тушаалаар батлагдсан нийгмийн ажилтны  ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны зорилго нь /нийгмийн ажилтны/ хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж тэдний  сурах хөгжих, хамгаалуулах оролцох эрхийг нь баталгаажуулахад чиглэсэн нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхэд  чиглэнэ гэж заасан. Сургуулийн нийгмийн ажил тан сургуулийн суралцагчдын хүмүүжил, төлөвшлийг хариуцдаг.  Асуудлыг шийдэхэд суралцагчдад  дэмжлэг үзүүлэх  үүрэгтэй.  Гэтэл даваа гарагт сурагч  охид асуудал байгааг хэлсээр байтал цагдаад мэдэгдэлгүй орхиж эцэг эх асран хамгаалагчдад мэдэгдэн арга хэмжээ  аваагүйгээс Баасан гарагт гэмт хэрэг гарч 10 сурагч хэрэгт холбогдсон.  Хохирсон 2 охины ээж бидэнд нийгмийн ажилтан, анги удирдсан багш нар хэлээгүйгээс  охидоо хамгаалж чадсангүй гэж гомдол гаргаж байгаа юм.  Хэрэг гарсны  өмнө ч, дараа нь  ч сургуулийн захиргаанд огт мэдэгдээгүйгээс гадна сурагчид  мөрдөн байцаалт, мэдүүлэг өгөхөд оролцох гэж байгаа  тухайгаа  хэлээгүй. Гадаа гудамжинд хүнээс сонсоод  сумын хэсгийн төлөөлөгч дээр очтол  урьд орой хэрэг гарсан, танай ******* багш мэдэж байгаа гэж хэлсэн. Хэрэг гарснаас хойш ажлын өдөр багш Б.Дэлгэрцэцэг, Б.******* бид 3 захирлын өрөөнд асуудлыг ярилцаж хүүхдүүд гайгүй   байгаасай, оролцоо нь  бага байгаасай  гэж хүсэж байна гэхчилэн яриад 3-уулаа  хариуцлага хүлээх ёстой  гэж тохирсон. Ингээд урьд өмнө шийтгэл хүлээж асуудал гаргаж байгаагүй тул Б.Дэлгэрцэцэг багшийг цалингийн 20 хувиар гурван сар шийтгэе, Б.******* өмнө нь  ноцтой асуудал гаргаж  гаргасан тул халъя гэсэн  саналыг багш, ажилчдад танилцуулахад санал огт гаргаагүй. Тэр хуралд жижүүр багшаар хэлүүлсэн, урьд нь  хурал болох өдрөө цуцалж хойшлуулсан байсан тул жилийн эцсийн  хурал болно гэж мэдэж  байх ёстой юм. Гэвч ******* хуралд ирээгүй нь  үнэн.  /хурлын протокол бий.  7 сарын 05-ны  дотор бичиг хэргийн ажилтнаар хүргүүлье/. Б.******* сурагчдын формыг нийгмийн ажилтнаа дамжуулан зарахад хүлээн авсан формноос дутаасан.  2015 оны  08 сараас 10 сарын хооронд  хүлээн авч  зарахдаа мөнгө нь орж ирэхгүй байна гэж  харилцагч  компани шаардахад эцэг эх, багш нарт зээл өгсөн, өгөхгүй байна гэж  удаа дараа хэлсэн. 2016 оны  9 сард форм нийлүүлсэн компаний  Должинсүрэн гэдэг хүн  ирж танай  нийгмийн ажилтан утсаа огт авахгүй байна, гэрт нь очлоо гэж хэлээд 6 сая орчим төгрөг дутлаа, хэн хэдэн төгрөг төлөх ёстой вэ? би асууя гээд өгсөн нэрээр нь асуухад зарим нь  мэдэхгүй байна, ямар ч байсан танай багш, ажилчин эдгээр хүмүүсийн нэрийг өглөө, цалингаас нь  суутгаад  өгөөч гэж  нэрс өгсөн. Гэтэл цалингаас нь  суутгах гэтэл зарим нь өгөхгүй, бид өргүй  зүгээр л авсан гэчихээрэй  гэж хэлэхээр нь  бид авсан  гээд хэлсэн юм гэсэн. Энэ нь залилан хуурч мөнгө дутаасныг харуулдаг. Ингээд 12 сард   байх шиг санаж байна, шүүх хурал хийж *******г 4.750.475 төгрөг төлөхөөр шийдвэр гарсан. Гэвч  энэ тухай надад огт хэлээгүй. Чамайг шүүхэд өгнө гэсэн шүү, төлөөрэй гэхэд за л гэдэг байсан. Харин 3 дугаар сард   хүн утасдаж ийм шийдвэр гарсан тул цалингаас нь өгнө шүү гэхээр нь за сургалтын менежерээ явуулж цалин хөлс бусад орлогоос  суутгал хийх тухай мэдэгдэл авчруулсан.  Хэдийгээр эцэг, эхээс   авна гэдэг боловч яг хэнээс авах нь одооч тодорхойгүй байна.  Төрсөн дүү нь  банкны ажилтан байх үедээ  их мөнгө дутааж  асуудал байсан болоод ч тэр үү байшингаа  барьцаалж  6.000.000 төгрөг зээлээд өгөхгүй байна гээд Сэлэнгээс нэг хүн над дээр ирж арга хэмжээ аваад өг  гэж хэлж байсан. Формны  мөнгө дутаасан асуудал нь багш, ажилчдын дунд сахилга батгүй байдлын хэмжээ  болж байсан бөгөөд аваагүй формыг авсан гэж худлаа хэллээ, цалингаас нь  суутгахгүй байна уу гэж хүсэлт ирж байсан. Хэдийгээр сахилгын шийтгэл аваагүй гэж байгаа  боловч хурал дээр одоо цалингаас суутгал хийлгэж байгаа чамайг торголтой бишдээ, сануулах арга хэмжээ  авъя, цаашид анхаараарай гэж хэлэхэд  ******* дуугараагүй  бөгөөд бүх багш ажилчид  энэ асуудлаар  арга хэмжээ авсан гэж ойлгосон.  Харамсалтай нь   бичиг хэргийн  ажилтанд   би тушаалын  агуулга боловсруулж    өгөөгүй тул бичгээр гараагүй байна.  Урьд нь мөнгийг дутааж, шүүхээс төлөх шийдвэр гарсан зэрэг нь  урьд өмнө нь  алдаа гаргасан гэж үзэх   үндэслэлтэй бөгөөд хамт олны дунд ажилдаа хэт хариуцлагаггүй хандаж байна гэх яриа  гарч байсан. Гэтэл хүүхдүүдийн яриаг сонсоод арга хэмжээ авалгүй дахиж хэрэг гарахад хамт  олон ...захиралд хэлэх ёстой  байсан, цагдаад  хэлэх нь зөв, эцэг эхэд нь  дуулгах ёстой гэх мэтчилэн хэлж байсан бөгөөд /багш ажилчдаас гомдол гаргасан/  сүүлийн хэрэгт холбогдсон  3 сурагчийн эцэг эх урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ аваагүйгээс  хүүхэд хэрэгт орлоо гэж гомдол эцэги эхийн уулзалтын үеэр гарсан. Мөн захиралд  гаргасан охидын  ээж нарын гомдлыг өргөдөл гомдол хүлээн авах  дэвтэрт бүртгэгдсэнийг  хуулбарлан хавсаргав. Урьд өмнө нь  сурагчдын  формны  мөнгийг дутаан багшийн ёс зүйг зөрчиж сум, сургуулийн сурагчид  эцэг эхийн дунд сургуулийн нэр төрийг хугалсан алдаандаа  дүгнэлт хийлгүй, шинээр  харсан асуудлыг  сургуулийн удирдлага, захирлын дэргэдэх  зөвлөл, эцэг эхийн алинд ч  танилцуулж хандаагүйгээс  гадна цагдаад мэдэгдээгүйгээс  нь гэмт хэргийг нуун дарагдуулах  оролдлоготой  ижил харагдаж байгаа юм.  Даваа гарагт охидуудад дарамт ирээд байгааг мэдсээр байж таслан зогсоох  арга хэмжээ  аваагүйн улмаас дахин тэдгээр охид хүчирхийлэлд өртөх боломжтой  болсон бөгөөд  өнөөдөр 2 охин, 8 хүү, нийт 10 хүүхэд  хүчингийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна.  Хүүхдийн эрх зөрчигдсөн  ноцтой асуудал гарсан тул сургуулийн энэ асуудлыг  хариуцсан ажилтаны хувьд, хамгийн анх мэдээлэл авсан хүний хувьд, ангийн багш нарыг шууд удирддаг хүний хувьд хариуцлага хүлээх ёстой гэж  үзээд хохирсон охид, тэдний эцэг эх, хэрэгт холбогдсон  зарим хөвгүүдийн эцэг эхийн шаардлага гомдлыг барагдуулан ажлаас шууд халсан болно. Хэрэв нийгмийн ажилтан асуудлыг мэдсэн даруйдаа  цагдаад эсвэл сургуулийн захиралд  эсвэл эцэг эхэд мэдэгдсэн  бол дахин   хэрэг гарахаас  сэрэмжилж  болох байлаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй! гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Б.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

         Шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаарх үйл баримт буюу ажилтанг ажлаас халсан үйл явцыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл  ажил олгогч нь Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захиралын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дугаар зүйл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Б.*******г ... “урьд өмнө нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гарган харилцагч компаний их хэмжээний барааг дутаан шүүхийн шийдвэрээр барагдуулж байгаа боловч алдаа дутагдалдаа дүгнэлт хийн ажиллахын оронд хариуцсан ажилдаа хайнга хандан хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай багшийн мэдээлэл болон сурагч эрхээ хамгаалуулах гэж мэдэгдсээр байхад гэмт хэрэг байж болзошгүй талаар холбогдох байгууллага , асран хамгаалагчид мэдээлэлгүй цаг алдсны улмаас таслан зогсоож чадалгүй хүүхэд хохирсон” гэх үндэслэлээр түүнийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн харилцааг зогсоон ажлаас халах тухай тушаал гаргасан болох нь Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 тоот тушаал, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

            Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм.

Тухайлбал: сахилгын зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна.

Хэдийгээр хариуцагч нь Б.*******г ...  урьд нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гарган харилцагч компаний их хэмжээний барааг дутаасан алдаа дутагдалдаа дүгнэлт хийж ажиллахын оронд хариуцсан ажилдаа хайнга хандан хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай багшийн мэдээлэл болон сурагч эрхээ хамгаалуулах гэж мэдэгдсээр байхад гэмт хэрэг байж болзошгүй талаар холбогдох байгууллагад мэдэгдээгүй буруутай үйлдэлд нь сахилгын шийтгэл оногдуулсан гэж маргаж байгаа боловч 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 тоот тушаалын үндэслэлийг нотлож чадаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.

Иймд 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/18 тоот тушаал хөдөлмөрийн хуулинд нийцээгүй байх тул Б.*******г Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтаны албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаанд  нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Б.******* нь сүүлийн 3 сар буюу 2017 оны 03,04,05 дугаар саруудад авсан цалингийн нийлбэр 2.397.978: 3 = 799.326 төгрөгийн дундаж цалингийн тооцоо гарч  байх тул, ажилгүй байсан 2017 оны 5 дугаар сарын 31-нээс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд олговрыг тооцвол:

2017 оны 6 сард: ажлын 21 хоног,7 дугаар сард ажлын 16 хоног, 8 дугаар сард: ажлын 22 хоног, 9 дүгээр сард ажлын 04 хоног байх тул сарын дундаж цалин 799.326 :22хоног=36.336 /1 өдрийн/ төгрөг х16 хоног=726.708 төгрөг

2017 оны  7 сард ажлын 22 хоног, ажилгүй байсан 6 хоног тул 799.326: 22 хоног= 36.333 төгрөг*15 хоног=544.995 төгрөг,

2017 оны 6,8 саруудад нийт 2 сар * 799.326 төгрөг = 1.598.652 төгрөг,

2017 оны 9 сард ажлын 22 хоног, ажилгүй байсан 21 хоног тул 799.326:22 хоног=36.333 төгрөг*4 хоног= 145.332 төгрөг,

бүгд 544.995+1.598.652+145.332=2.288.979 төгрөг байна.

Мөн түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж, түүнд зохих бичилтийг хийлгэхээр шийдвэрлэв.

     Нэхэмжлэгч Б.*******гийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх ажиллагаанд хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасныг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжийг тооцон /70.200+51.574/ нийт 121.774 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******г ******* сумын ******* ******* нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтаны албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ******* сумын ******* ******* нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас 2.288.979 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Б.*******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, даатгалын дэвтрүүдэд зохих бичилт хийхийг ******* сумын ******* ******* нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд үүрэг болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийнхураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* ******* нэрэмжит Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас 121.774 төгрөг гаргуулан Сүхбаатар сумын орон нутгийн орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                    Б.МӨНХЗУЛ