Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/440

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2019/0430/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ж овогт Б.Мд холбогдох эрүүгийн 1918006780486 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ж овогт Б.М /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Хөтөл хороолол 6 дугаар гудамжны 13 тоотод эхнэр Э.Аийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацарт зулгаралт, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Мийн өгсөн: ... Би тухайн үед Улаанбаатар руу явах ажилтай байсан ч очих газрынхаа хаягийг мэдэхгүй байсан учраас унтаж сэрээд эхнэртээ “гар утас аваад өгөөч” гэж хэлэхэд цаад өрөө рүү явчихсан. Тэгэхээр нь “сонин шүү дээ” гэж хэлсэн чинь “Чи намайг сониноор нь дууддаг хэн бэ” гэж хэлээд намайг цохисон учраас зөрүүлээд цохисон юм. Би Э.Аийг түлхэх үед оронд цохигдож, гуянд нь зулгаралт үүссэн байх... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Э.Аийн өгсөн: ...цэнэглэж байгаа гар утас авч өгөх асуудлаар маргалдаад намайг “...гөлөг санаатай” гэхээр нь би “чамайг өөрийг чинь гөлөг наахуугаар дуудаад байвал яах уу?” гэж хэлсэн. Тэгтэл М “юу гээд байгаа юм бэ?” гээд намайг гараараа цохиод эхэлсэн. Тэгээд өөрийгөө хамгаалаад эсэргүүцэхэд намайг улам алгадаад байсан. Тэгээд хадам аав, ээж 2 гэрийн цонх нүдэхээр нь би цонхон дээр очоод “цагдаа дууд” гэж хэлэхэд М уурлаад миний араас гараараа боогоод цаад өрөө рүү оруулаад ор луу шидсэн. Өмнө нь М намайг зодож байсан. Би гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 5-8/,

Гэрч И.Дийн өгсөн: ...2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шөнө 22 цагийн үед хүү Мийнд очиход хүү, бэр 2 чанга чанга дуугараад байхаар нь нөхөр бид 2 цонхыг нь нүдсэн. Тэгтэл М хаалга онгойлгож өгсөн. Бид 2-ыг гэрт нь ороход М “цэнэглэж байгаа гар утсыг авч өг” гэж хэлснээс болоод маргалдсан гээд М, А нарын нүүр, ам нь улайсан байсан. Э.Аийн баруун талын шанаа, хацар нь улайсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

Гэрч Т.Оийн өгсөн: ...2019 оны 9 дүгээр сарын 27-нд А охинтойгоо манайд ирсэн. А нь “Мтэй гар утаснаас болж маргалдаад намайг зодсон. Миний гар утсыг нуучихсан” гэж хэлсэн. Аийн гуя нь хөхөрсөн, баруун завжийн дотор тал нь цус хурчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 834 дугаартай “Э.Аийн биед 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үүссэн байх боломжтой тархи доргилт, баруун хацарт зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18/,

Э.Аийн тархины атираа тодрол буурсан хавантай гэх компьютер томографын оношилгоо /хх-ийн 19/,

Үзлэгээр толгойн орой, эрүү, чих, нуруу, хүзүүгээр эмзэглэнэ, зүүн хөлийн гуяар хөхөрч хавдсан гэх лабораториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 20-21/,

Э.Аийн доод уруул дотор талд язарсан шархтай, зүүн гуя хөхөрч няцарсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22-23/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ч.Бямбацогийн “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 10 оноо буюу дунд зэрэг” гэх үнэлгээ /35-36/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.М, хохирогч Э.А нар нь эхнэр, нөхөр, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49/, шүүгдэгч, хохирогч, гэрч И.Дэлгэрмаа, Т.Отгонцэцэг нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Мийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Хөтөл хороолол 6 дугаар гудамжны 13 тоотод эхнэр Э.Аийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацарт зулгаралт, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Б.Мийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Аийн биед тархи доргилт, баруун хацарт зулгаралт, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн “...Би гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн хх-ийн 5-8/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 889 дугаартай албан бичиг /хх-ийн 45/, Б.Мийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49/ зэргээр тогтоогдож байгаа ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.

Шүүгдэгч Б.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзаж түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Б.Мйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мд оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР