Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/84

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0059/Э/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч Н.А- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т- овогт Н-ын А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000025 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, хүүхдийн хамт  Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, ... тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Т- овогт Н-ын А- /РД: /,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Н.А- нь 2020 оны 01 сарын 08-ны өдөр  Дархан сумын 12-р багийн нутаг дэвсгэрт байрлах “У” зочид буудалд байрлаж байхдаа 334 тоот өрөөнд байрлаж байсан Б.Ж-ийн эзэмшлийн гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Ж-ийн “...2020 оны 01 сарын 18-ны 17 цагийн үед байрлаж байсан Ундрал зочид буудлын 334 тоот өрөөнөөс гарч ундаанд явсан. Ундаанд явахдаа өөрийн мөнгөлөг саарал өнгийн I Phone-6 plus загварын 64 GB багтаамжтай гар утсаа буудлын өрөөний ширээн дээр цэнэглэж үлдээгээд гарч явсан. Намайг гарч явахад манай багийн тамирчид болох Б-, Т- нар өрөөнд унтаад үлдсэн. Ундаанд яваад 5-10 орчим минут болоод өрөөнд эргэн орж ирэхэд миний гар утас алга болсон байсан. Б-, Т- хоёрыг сэрээгээд утас авсан уу гэж асуухад мэдэхгүй гэж байсан. Би доошоо ресепшиний ширээний ард байсан эгчид утас алга болсон талаар хэлээд дээшээ гарч манай хажуу талын өрөөний хаалгыг тогшиход нэг тайрмал үстэй эгч байхаар нь утас алга боллоо харсан уу гэхэд тэр эгч уурлаад хаалгаа хаагаад түгжчихсэн. Тэгээд доошоо буугаад камер шүүж үзэхэд уг тайрмал үстэй эгч манай өрөө рүү ороод гарч байгаа бичлэг байсан тул дахин очиж уулзаад өрөөг нь нэгжихийг хүсэхэд тэр тайрмал үстэй эгч уурлаж, буудлын ажилчидтай маргалдаж зодолдсон. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд тухайн тайрмал үстэй эгчийг цүнхээ нэгжүүлэхийг шаардаж, цүнхнээс нь  өөрөөр нь эд зүйлүүдийг нь гаргуулахад цүнхэн дотроос нь гарч ирсэн малгайнаас миний гар утас доошоо газарт унасан. Тэгээд гар утсаа эргүүлж авсан,…гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,

 

Гэрч А.О-гийн “...Эргүүлийн 2 цагдаа  ирээд тухайн эмэгтэйг гар цүнхээ шалгуул гээд үзсэн чинь нөгөө эмэгтэйгийн цүнхнээс алдагдсан гар утас нь гараад ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27/,

 

Гэрч Х.Ба-гийн “...манай буудлаар үйлчлүүлж байсан нэг залуу гүйж ирээд эгчээ миний гар утас алга болчихлоо, камер шүүгээд өгөөч гэж хэлсэн. Буудлын камерыг шүүж үзэхэд манай буудлаар үйлчлүүлж байсан 30 гаран насны эмэгтэй нөгөө залуугийн байрлаж байсан 334 дугаартай өрөөнд ороод эргэж гарч яваад коридорын цонхны тавцан дээр очоод гар утсыг нь унтрааж байгаа бололтой дүрс нь камерт бичигдсэн байсан... тэгээд би цагдаад дуудлага өгсний дагуу цагдаа нар ирээд үзлэг хийж байгаад тэр эгчийн гар цүнхнээс нь нөгөө залуугийн алдсан гэх гар утсыг гаргаж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

 

Гэрч А.Зо-ын “...намайг сэрэхэд гар утас алга болсон бололтой бөөн маргаан болчихсон, буудлын хүмүүс болон цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд цагдаа нар буудлын өрөөг нэгжиж байгаад А-гийн цүнхнээс малгайн дотор ороосон гар утас гаргаж ирсэн, тухайн үед ямар марк, загварын гар утас байсныг би сайн мэдэхгүй байна. …миний гар утас 50 орчим хувийн цэнэгтэй байсан. Цагдаа нар ирэхэд миний утас энгэрийн халаасанд цэнэгтэй байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

 

Гэрч Ө.Т-гийн “...2020 оны 01 сарын 08-ны өдөр найз Б-, Ж- бид гурав буудлынхаа өрөөнд амарч байх зуур Ж- өөрийнхөө гар утсаар тоглоом тоглоод буудлын өрөөний хаалганы хажууд цэнэглэж байсан. Тэр хооронд Б- бид хоёр унтаж амарсан бөгөөд гэнэт хүмүүс шуугилдаад байхаар нь сэртэл Ж- гаднаас буудлын өрөөнд орж ирээд гар утсаа алдчихлаа гэж хэлэхээр нь буудлын ажилтан, захирлыг нь дуудаж камер шалгуулахад камерын бичлэг дээр Б- бид 2 унтаж амарч байхад гаднаас нэг танихгүй эмэгтэй хүн манай өрөөнд шууд орж 1 минут гаран байж байгаад эргээд гарч яваад манай хажуугийн өрөөнд буцаж орж байгаа бичлэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн “...Ай поүн 6 плас маркийн 64 гигабайт багтаамжтай мөнгөлөг саарал өнгөтэй гар утас /хуучин/ 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн үнэ цэнэ 2020 оны 01 сарын 13-ны өдрийн байдлаар 450,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Н.А- хохирогчийн байрлаж байсан өрөөнд ороод гарч байгаа талаарх” тэмдэглэл /хх-ийн 10/,

 

Алдагдсан гэх гар утсыг Н.А-гаас хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13/,

 

Шүүгдэгч Н.А-гийн “...би эгчрүүгээ утсаар ярьж хүүхдээ яаж байгааг асуух гээд залгах гэтэл миний утас болон найз Монхорын гар утас аль аль нь цэнэггүй болсон тул буудалд өөр өрөөнд байрлаж байгаа хүмүүсээс утсыг нь гуйж хүүхдээ яаж байна гэж асуухын тулд утсаар яриулаач гэж өөр өрөө рүү явж орсон, ...тухайн үед согтуу байсан болохоор яагаад авч гарсан гэдгээ мэдэхгүй байна. Би ер нь энгийн үед утсаар ярихдаа ч гэсэн дандаа гарч утсаар ярьдаг юм. Тухайн үед унтаж байсан хүмүүсийг дуудаад сэрэхгүй болохоор нь унтаж байгаа хүмүүсийг сэрээчих байх гэж бодоод гарч утсаар ярихын тулд авч гарсан байх гэж бодож байна, ...угаасаа ярьж болохгүй байсан болохоор буцааж оруулж тавина гэж бодож байсан, тэр үед найз Монхор жаахан сэргээд босоод ирэхээр нь дахиж хамт архи ууж байгаад бүр согтсон байсан, ...цагдаа ирсний дараа гаргаж өгөх гэсэн боловч баахан хүмүүс байсан учир ичээд гаргаж өгч чадаагүй” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Б.Батсүх шүүгдэгч Н.А-г хулгайлах гэмт хэргийг “байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Н.А- “утасных нь цэнэг дууссан байсан тул гэртээ орхисон хүүхдээ яаж байгаа талаар асуух гэж хажуу талынхаа өрөөнд орсон” гэж тайлбарлажээ.

 

Хохирогчийн өрөөний хаалга түгжээгүй байсан нь гэрчүүдийн мэдүүлэг болон камерын бичлэгээр тогтоогдож байна.

 

Н.А- нь 8 сартай хүүхэд болон эцгийн хамт ам бүл 3-уул амьдардаг болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн үед тухайн этгээд бусдын өмчлөл, эзэмшлийн орон байр агуулах саванд нэвтрэхдээ анхнаасаа бусдын эд хөрөнгийг хулгайлах санаа зорилгоор нэвтэрсэн байхыг шаардах ба өөр санаа зорилго, сэдэлтээр нэвтрэн орсны дараа “хулгайн сэдэлт” төрсөн тохиолдолд дээрх хүндрүүлэх шинжээр зүйлчлэх үндэслэлгүй юм.

 

Мөн орон байранд нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлийн  1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг хөдөлбөргүй тогтоосон байх шаардлагатай ба  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар шүүгдэгчийг “орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж зүйлчлэх, Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд Прокуророос шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчтэй хамт нэг өрөөнд байсан гэрч А.Зо- “миний гар утас 50 орчим хувийн цэнэгтэй байсан. Цагдаа нар ирэхэд миний утас энгэрийн халаасанд цэнэгтэй байж байсан” гэж мэдүүлсэн байх боловч энэ нь шүүгдэгчийн мэдүүлгийг үгүйгсгэх баримт болохгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгчээс гар утсыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Н.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Н.А- нь  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нярай хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Н.А-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Т- овогт Н-ын А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Шүүгдэгч Н.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД