Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Б.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* Хохирогч О.******* Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******т холбогдох 2123001030168 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, ******* боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, 2 эгч, нэг дүүгийн хамтаар Завхан аймгийн Улиастай сумын баг хэсэгт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* овогт *******ы *******, /Регистрийн дугаар: /

Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын баг МУИС-ын урд хэсгийн асфальтан зам дээр улсын дугаартай Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг тус тус зөрчиж улмаар дугуй унаж замын хөдөлгөөнд оролцож явсан 17 настай О.*******г мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох: Шүүгдэгч *******ы ******* нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын баг МУИС-ын урд хэсгийн асфальтан зам дээр улсын дугаартай Приүс-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа дугуй унаж замын хөдөлгөөнд оролцож явсан О.*******г араас мөргөж зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Тухайн зам тээврийн осол гарахад хамт байсан энэ талаар мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Ө.гийн “...тухайн өдөр бид хоёр ногоон хашаанаас дээшээ төв рүү өгсөөд машины хар замаар хоёулаа унадаг дугуйтай хамт явж байсан. Тэгсэн чинь МУИС-ын урд зам дээр явж байх үед *******гийн араас нь машин ирээд мөргөчихсөн. ******* мөргүүлээд унахаар би очоод өндийлгөөд эмч дуудаарай гэж хэлсэн. Тухайн үед намайг яваад очих үед *******гийн баруун чих болон хамраас нь цус гоожоод, баруун талын хөмсөг нь сэтэрчихсэн байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Бид хоёр Ногоон хашаанаас төв рүү өгсөх төв зам дагуу замын урсгалыг дагаад унадаг дугуйтайгаа явж байсан. Бид хоёрын өөдөөс ямар нэгэн тээврийн хэрэгсэл ирээгүй байсан. ******* замын баруун гар талын хашлаганы хажууд явж байсан. Би замын зүүн хэсэгт явж байсан. ...машин *******гийн араас мөргөөд ******* шидэгдээд замын эсрэг урсгал хэсэг рүү шидэгдсэн...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.*******ын “...би гэртээ байж байтал *******гийн ангийнх нь хүүхэд манайд орж ирээд ******* машинд дайруулчихлаа гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр шууд гараад ногоон хашаа орсон. Бид хоёрыг очих үед манай хүү *******г эмнэлэг ирээд аваад явчихсан байсан. Тухайн газар манай хүүхдийн унадаг дугуй эвдэрчихсэн замын хашлаганы хажууд уначихсан, тухайн машины эд зүйл мөн зам дээр хагарч унасан байдалтай олон тооны хүмүүс цугларсан байсан. Тэгээд эхнэр бид хоёр шууд эмнэлэг явсан. Намайг эмнэлэг дээр очих үед уруул нь шалбарчихсан, баруун нүдний зовхи шалбарсан, баруун талын чихнээс цус гарчихсан, ухаангүй байдалтай байсан. ...манай хүү эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна. Би шаардлагатай эмчилгээ, эм тариа , зардлаа гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Б.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2021 оны 08 дугаар сарын 15-ны орой 21 цаг өнгөрч байхад өөрийнхөө улсын дугаартай Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй Завхан аймгийн Улиастай сум багийн нутаг ногоон хашаанаас холбооны 27-н айлд ахындаа очих гээд явж байсан. Тэгтэл Монгол Улсын Их сургуулийн урд зам дээр явж байтал урдаас машины гэрэл гялбаад урд байгаа зүйл огт харагдаагүй. Тэгээд тухайн машин зөрөнгүүт миний урд дугуйтай хүүхэд явж байсан. Би дугуйтай хүүхдийг мөргөчихсөн. Тэгээд би машинаа зогсоогоод тухайн хүүхэд дээр очсон. Намайг очиход тухайн хүүхэд ухаан санаа нь орж гараад дуугарч чадахгүй байсан. Тэгээд би тухайн хүүхэдтэй хамт дугуй унаад явж байсан хүүхэдтэй хэмт өргөөд замаас гаргасан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Б.******* тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс зам тээврийн осол гарсан болох нь Завхан аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөгчийн “...тухайн Приүс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******ы ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг, мөн дүрмийн 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн...” гэсэн магадлагаагаар тогтоогдсон байна. Зам тээврийн ослын улмаас О.*******гийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 000000281 дугаартай “...1.О.*******гийн биед суурь ясны баруун чихний суваг дайрсан зөрөөгүй хугарал, хатуу хальсны доорх цус хуралт, баруун нүдэнд цус хуралт, баруун хөмсөг, баруун хацар, хамрын нуруу, дээд уруул, баруун мөр, баруун өвдөгт зулгаралт гэмтэл учирсан байна. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үүссэн байх боломжтой. 4.Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдангид эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. 5.О.*******гийн биед суурь ясны баруун чихний суваг дайрсан зөрөөгүй хугарал, хатуу хальсны доорх цус хуралт, баруун нүдэнд цус хуралт, баруун хөмсөг, баруун хацар, хамрын нуруу, дээд уруул, баруун мөр, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр болон Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, дугуйн учирсан хохирлыг тогтоосон дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж, өөрийн эзэмшлийн Приүс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо дугуй унаж замын хөдөлгөөнд оролцож явсан О.*******г мөргөн зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан буюу “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй байна. Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2000000 төгрөгийг хохирогч О.*******д төлсөн болох нь шүүх хуралдаанд хохирогчийн энэ талаар мэдүүлсэн мэдүүлэг, банкны хуулгаар тогтоогджээ. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг төлөх үүрэгтэй”, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан. Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч Б.*******аас хохирогчийн цаашид хийлгэх эмчилгээ сувилгаатай холбогдон гарах зардал, гар утасны үнэ 350.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол бусад гэм хорыг арилгахад гарсан зардлын баримтуудыг өгсөн бөгөөд тухайн эмчилгээ хийлгэсэн баримтуудыг тооцоход эмийн болон эмчилгээнд 976.390 төгрөгийн, шатахууны зардалд 476.024 төгрөгийн нийт 1.452.414 төгрөгийн баримтууд байна. Шүүгдэгч Б.******* хохирогчид эмчилгээний зардал 2.000.000 /хоёр сая/ төгрөг нөхөн төлсөн учир түүний нэхэмжилсэн утасны үнийг шүүгдэгчээс гаргуулах шаардлагагүй. Мөн шүүх хуралдаанд хохирогчийн эмийн эмчилгээнд зарцуулсан гэх зардлыг жагсаалтаар гаргаж байгаа боловч ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна. Хохирогчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр худалдан авсан хиймэл нулимс /нүдний дусаалга/-ыг хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбогдон гарсан шууд зардал гэж үзэх боломжгүй байх тул түүний үнэ 11.500 төгрөгийг хасаж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Харин хохирогч О.******* нь эмчилгээ сувилгаатай холбогдон цаашид гарах зардал, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс хохирогчид гаргуулах төлбөргүй гэж үзлээ. 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг заавал ногдуулахаар заажээ. Иймд шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ял ногдуулж, эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний бодит зардлыг төлсөн, өөрийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Мөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.*******ын тээврийн жолоочийн 1049225 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.*******т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг санаатай үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Хэрэгт хураагдсан шүүгдэгч Б.*******ын 1049225 дугаартай жолоочийн үнэмлэхийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол эмчилгээний зардал 2000000 төгрөгийг хохирогч О.*******д төлсөн бөгөөд хохирогчийн эмчилгээ сувилгаатай холбогдон цаашид гарах зардал, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч Б.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус зтус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА