Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 3

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч П.Долгормаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

          Прокурор Л.Солонго

         Шүүгдэгч Г.А

         Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2018/ШЦТ/174 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан  шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Г.А д холбогдох 1828000790072 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймаг, Манлай суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамтаар Өмнөговь аймаг, Цогт-Цэций сум, .............................. оршин суух хаягтай, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, эх Ц.Х ийн хяналтанд өгч хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,  Өмнөговь аймаг дахь Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 cap хорих ял шийтгэсэн, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/ХМШЗ/07 дугаартай Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө суллаж, эдлээгүй 1 жил 10 сар 2 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон, Охин овгийн Г.А , регистрийн дугаар ........................,                                       

            Шүүгдэгч Г.А  нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнийн 04 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төв, Дэнжийн 5-21 тоотоос иргэн А.Г ийн эзэмшлийн улсын дугааргүй, Даюун-150 маркийн мотоциклийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч 1600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

              Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А д холбогдох хэрэгт яллах дүгнэлтийг үйлдэж, хэргийг анхан шатны шилжүүлжээ.                         

              Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.А г авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А д 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сарын хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг 1  хоногийн хорих ялд шилжүүлэн 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож шүүгдэгч Г.А ы 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 41 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцож шүүгдэгч Г.А г энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А ы цагдан хоригдсон 11 хоногийг 1 жил 7 сарын хорих ялаас хасаж хорих ял эдэлсэнд тооцож,

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хагас түрийтэй, арзгар хээтэй хар өнгөтэй, 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.А д буцаан олгож,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Г.А  нь хохирогчид төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад 41 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж  шийдвэрлэсэн байна.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний үйлчлүүлэгч Г.А ыг анхан шатны шүүхээс авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх эдлээгүй үлдсэн 1 жил 7 сарын ял дээр тус 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг тогтоосон бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв” гэсэн хир нь тогтоох хэсэгтээ тус ялыг эдлүүлэх хорих байгууллагынхаа дэглэмийг заагаагүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүйд хүргээд байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

            Прокуророос давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:          Нэгэнт шийтгэх тогтоолд хорих ангийн дэглэмийг заагаагүй учир шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

            Шүүгдэгчээс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хорих ангийн дэглэмийг заагаагүйгээс ачигдаж явж чадахгүй байгаа гэв.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2018/67 дугаартай гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

          Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг анхан шатны шүүх зөрчсөн байна.

         Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2018/ШЦТ/174 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн  4, 5 дахь заалтуудыг бичихдээ 3 дахь заалтанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэсэн атлаа 4 дэх заалтанд нийтэд тустай ажил хийлгэх ялын талаар дахин дурдаж бичсэн нь ойлгомжгүй, 5 дахь заалтанд Г.А ы цагдан хоригдсон “11 хоногийг ялаас хасаж хорих ял эдэлсэнд тооцсугай” гэж бичсэн нь Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно гэсэнтэй нийцээгүй байна.

        Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ...шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ, 1.3 дахь хэсэгт заасан ...хорих ял оногдуулсан хүний ял эдлэх хорих байгууллагын дэглэмийг тус тус тусгах үүрэгтэй байхад энэ үүргээ шүүх хэрэгжүүлээгүй байна.

            Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгагдсан хорих ял оногдуулсан хүний ял эдлэх хорих байгууллагын дэглэмд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар өөрчлөлт оруулах эрхтэй учир шийтгэх тогтоолд тусгагдаагүй асуудалд өөрчлөлт оруулан шийдвэрлэх эрхгүй болно.

          Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож,  Г.А д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

          Анхан шатны шүүх нь Г.А д оногдуулсан хорих ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг шийдвэрлээгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн “хорих ял эдлүүлэх дэглэмийг шийтгэх тогтоолд заагаагүй учир өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2018/ШЦТ/174 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.А д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

           2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Г.А д цагдан хорихоор авсан  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.НАСАНЖАРГАЛ

                           ШҮҮГЧИД                                          Х.ГЭРЭЛМАА

                                                                                         П.ДОЛГОРМАА