Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2019/0097

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.Б,

Хариуцагч: ХУД НДХ,

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн З.Б-ын 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааг иргэний ажилласан жилийн хугацаанд оруулан тооцоогүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хугацааг иргэний ажилласан хугацаанд оруулан тооцуулах, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойших нийгмийн даатгалын шимтгэлийг зөрүүг Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, Ж.Сшүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Түвшинзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ХУД НДХ 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс миний өндөр насны тэтгэврийг тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3.2-т ....даатгалын шимтгэлийг.... төлсөн нийт хугацаан дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно гэсний дагуу Цэргийн албаны тухай хуулийн 9.3-т Сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацааг иргэний ажилласан, ... тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцно, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.5-д цэргийн алба хаасан хугацааг иргэний ажилласан, ... тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцох; Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 8-дахь заалтуудыг хэрэгжүүлэхгүйгээс миний улсад ажилласан хугацаа 6 жил, 6 сараар хасагдаж тэтгэвэр 9,9 хувиар дутуу тогтоогдож хохирсон.

Энэ хууль бус шийдвэрийг хянуулахаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 21.2-т заасны дагуу ХУД НДХт хандахад 2018-05-14-ний 454 тоот, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандахад 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 6/92 тоот хариу надад өгсөн нь хууль бус гэж үзэхээр байдаг.

Уг хариунд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн гэх 2017 оны 6/981 тоот албан бичгээр дээрх хуулийг хэрэгжүүлэхгүй байх чиглэлийг баримталсан гэжээ, гэвч уг бичгийг надад үзүүлж, танилцуулаагүй.

Энэ талаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад захиргааны актын үйлчлэлээр хууль зөрчигдсөн гэх маргаан байх тул холбогдох шүүхэд хандах чиглэл заан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Цэргийн сургуулийн сонсогч нь цэргийн албаны тангараг өргөсөн цэргийн жинхэнэ албан хаагч бөгөөд хугацаат цэргийн болон түрүүч, ахлагчийн, офицерийн зэрэг цэргийн гурван шатлалын албыг бүрэн хаасан, цэргийн хэргийн дээд боловсрол эзэмшиж төгсдөг.

Нийгмийн даатгалын хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3.2, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд тус тус зааснаар миний цэргийн алба хаасан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульчилж өгсөн байдаг.

Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 6/92 тоотод миний ЦЕДС-д сонсогчоор суралцаж цэргийн алба хаасан хугацааг энгийн байгууллагад шимтгэл төлж ажилласнаар тооцох боломжгүй, энэ талаар танд хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт байхгүй гэсэн ойлгомжгүй хариу өгсөн.

Мөн маргаж буй асуудалд шууд хамааралгүй, Засгийн газрын 2011 оны 9 дүгээр тогтоолоор батлагдсан /Цэргийн албан хаагчийн гэр бүлд тэтгэмж олгох журам, Цэргийн албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх журмаас түүвэрлэн цэргийн сургууль төгсөөгүй, үргэлжлүүлэн суралцаагүй иргэнд хамааралтай зүйлийн талаар тайлбарлан надад хариу өгсөн байдаг.

Түүнчлэн 2016 онд батлагдсан Цэргийн албаны тухай хуулийг Засгийн газрын дээрх 2011 оны 9 дүгээр тогтоолоор зохицуулж, хэрэгжүүлэхээр заасан гэх мэт хуулийг илт худал тайлбарлах, хууль, тогтоолын заалтаас түүвэрлэж утга, агуулгыг гуйвуулан хариу өгсөн зэрэг нь хууль тайлбарлах Улсын дээд шүүхийн онцгой эрхэнд бүдүүлгээр халдсан үйлдэл гэж үзэхээр байдаг.

Монгол улсад хууль тайлбарлах онцгой эрх зөвхөн Улсын Дээд Шүүхэд хадгалагддаг, хэн нэгэн албан тушаалтан хуулийг өөрийн ойлголт, үзэмжээр тайлбарлах, хууль хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхгүй байх ёсгүй.

ЭМНДЕГ-ын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 6/981 тоот нь Ё.Г******* гэгч хүний тавьсан хүсэлтэд өгсөн хариу болохоос бус дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст цаашид үйл ажиллагаандаа баримтлах чиглэл өгөөгүй, тэр дунд миний асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар дурдаагүй, надад хамааралгүй албан бичиг байдаг.

Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн удирдлагын дээрх хууль бус, эс үйлдэхүйгээс үүдэн өндөр насны тэтгэвэр нэг сард 149,906 төгрөг дутуу авч байгаа нь 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 10 сараар тооцож үзэхэд 1 сая, 499 мянга, 60 төгрөгөөр хохирч байгаа болно.

Цэргийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Монгол Улсын иргэн цэргийн жинхэнэ албанд орохдоо цэргийн тангараг өргөнө гэсний дагуу би тангараг өргөсөн цэргийн алба хаагч мөн.

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан цэргийн алба хаагчийн давуу эрх гэсний 7.1.5-д цэргийн алба хаасан хугацааг иргэний ажилласан, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцох давүү эрх эдлэхээр заажээ.

Эдгээр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр. тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлд шимтгэл төлсөн хугацаа гэсний 2-т Шимтгэл төлсөн нийт хүгацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно гэсний дагуу бусад хугацааг нэмж тооцох хуулийн үндэслэлтэй.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд Нийгмийн даатгалд даатгуулсанд тооцох гэсэн хэсэгт Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, ...бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд даатгүулсанд тооцож уг хугацааг түхайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно гэжээ.

Энэ нь Цэргийн сургуулийн сонсогч, сурагчийн ахуй хангалт, дүрэмт хувцсыг төр хариуцна гэсэн хуулийн заалтаар сар бүрийн ахуй хангалт болох цалин, тэтгэмжийг төр хариуцаж байсан, одоо ч хариуцаж байгааг хуулинд заажээ.

Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.

Хариуцагч ХУД НДХ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..иргэн З.Бын 1979 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1980 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ЦЕДС-д улс төрийн орлогчоор цэргийн алба хаасан хугацааг оруулж өндөр насны тэтгэврийг тогтоосон байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн 2017 оны 6/981 тоот албан бичигт Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаа (1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл)-нд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн ... байгууллагад ... ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд (ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд) даатгуулсанд тооцож тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно гэж хуульчилсан.

Хуулийн дээрх заалтанд 1995 он хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр-ийн байгууллага, ажиллагчид гэдэгт одоогийн мөрдөж байгаа Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан цэргийн байгууллага болон эдгээрт цалин хөлс авч ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа генерал, комиссар, офицер, ахлагч нар хамаарагдана. Харин иргэний цэрэг, цагдаагийн сургуульд сонсогчоор суралцсан хугацаа нь хуулийн дээрх заалтад хамаарагдахгүй болно гэсэн байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн зүгээс тус шүүхэд ХУД НДХт холбогдуулан иргэн З.Бын 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааг иргэний ажилласан жилийн хугацаанд оруулан тооцоогүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хугацааг иргэний ажилласан хугацаанд оруулан тооцуулах, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойших нийгмийн даатгалын шимтгэлийг зөрүүг Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагагаа эцсийн байдлаар тодорхойлсон болно.

1.Нэхэмжлэгч З.Баас 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад хандан ...цэргийн сургуульд суралцсан хугацааг тэтгэвэр тогтоолгох хугацаанаас хасч тэтгэвэр тогтоосонтой... холбогдуулан хүсэлт гаргасныг[1] хариуцагч хянаад ...цэргийн сургуульд суралцсан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох боломжгүй... гэж,[2] харин хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/3373 дүгээр чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн 10-т[3] заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас Аймаг, /нийслэл/, дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /газар/-ын дарга нарт Цэргийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хүргүүлсэн чиглэлдээ ...иргэдэд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 09 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Цэргийн тэтгэвэр авагчийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нийгмийн даатгалын санд төлөх журам-ын 3.2-т заасны дагуу цэрэг, цагдаагийн сургуульд сонсогчоор суралцсан хугацааны шимтгэл төлөгдсөн тохиолдолд уг хугацааг иргэний ажилласан хугацаанд оруулан тооцох ба өсгөн тооцохгүй байхаар журамласан. Харин цэрэг, цагдаагийн сургуульд 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс өмнө сонсогчоор суралцсан хугацааг тухайн иргэний энгийн байгууллагад ажилласан болон шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй тул 1995 оноос өмнө болон 1995-2010 оны хүртэлх дээрх хугацааг шимтгэл төлж ажилласан нийт хугацаанд оруулан тооцохгүй... гэх хариуг өгч тайлбарлан асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй нь хууль бус байна.

Тодруулбал, Цэргийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д Сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацааг иргэний ажилласан, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцно гэж тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгч З.Б Цэргийн ерөнхий дээд сургуулийн захирлын 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 177 дугаар тушаалаар тус сургуулийн улс төрийн ангид сонсогчоор 1975 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс элсэн суралцаж 1979 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төгссөн[4] тул тэрээр энэ хуульд заасны дагуу нийгмийн баталгаагаар хангагдах эрхтэй байна.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 4 дэх хэсэгт эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх,... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна, Цэргийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан үүргийнхээ дагуу эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмших, цэргийн алба хаахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино, харин энэ хуулийн 7 дугаар зүйлд Хугацаат цэргийн алба-ыг тодотгон тодорхойлсон байх бөгөөд 7.6-д Цэргийн сургуулийн оюутан суралцаж байх хугацаандаа цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж, цэргийн мэргэжил эзэмшсэн бол түүнийг хугацаат цэргийн алба хаасанд тооцож, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ гэжээ.

Нэхэмжлэгч З.Бын хувьд /хуучнаар/ Цэргийн ерөнхий дээд сургуульд 4 жил суралцаж байх хугацаандаа цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж, цэргийн мэргэжил бүрэн эзэмшсэн, Үндсэн хууль болон дээрх хуулийн зүйл заалтад заасан эх орноо батлан хамгаалах, бэлтгэл эзэмших үүргээ ёсчлон биелүүлсэн гэж үзэхээр байна.

Учир нь социалист нийгэм буюу хуучин тогтолцооны үед Цэргийн их сургуулийн сонсогч нь цэргийн жинхэнэ албан хаагчийн нэгэн адил цэргийн мэргэжлийг бүрэн эзэмшиж, эх орноо гадны аюул, заналхийлэлээс хамгаалах байнгын бэлтгэл хүчин болж байсан тул тэднийг цэргийн жинхэнэ албан хаасантай дүйцүүлж болохоор байна.

Хэдийгээр хуульд цэргийн сургуулийн оюутан гэж тодорхойлон нэрлэсэн хэдий ч нэхэмжлэгчийн суралцаж байсан тухайн цаг үеийн цэргийн сонсогч гэдэг нэршилтэй утга агуулгын хувьд ижил юм.

Нөгөөтээгүүр 1995 оноос өмнө цэргийн сургуульд сонсогчоор суралцсан хугацаанд төрөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөх, шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох хуулийн зохицуулалт байгаагүй ч энэ талаар Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд ...Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд/ даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлдээ ажилласан, байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна-хаар зохицуулсан байна.

Өөрөө хэлбэл өмнөх үеийн тогтолцооны шимтгэл төлөгдөөгүй асуудлыг шинээр батлагдсан Нийгмийн даатгалын хуульд нийцүүлэн төрөөс зохицуулахаар болжээ.

Түүнчлэн Цэргийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д Сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацааг иргэний ажилласан, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцно гэж буй нь шууд утгаараа хангалттай ойлгомжтой, хоёрдмол утга санаа агуулагдаагүй, хэл зүйн хувьд тодорхой байхад Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас уг хуулийг зүйл заалтыг буруу тайлбарлан иргэний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул нэхэмжлэгч З.Бын 1975 оны 09 дүгээр сарын 01-нээс 1979 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааг иргэний ажилласан жилийн хугацаанд оруулан тооцоогүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хугацааг иргэний ажилласан хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.

2. Харин Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлээр нийгмийн даатгалын байгууллагын үүргийг тодорхойлсон байх бөгөөд үүнд тэтгэвэр тогтоох өргөдөл бүрийн дагуу ажил олгогчийн архивт биечлэн очиж шалгах үүрэггүй, харин даатгуулагчийн бүрдүүлэн өгсөн баримт, материалыг үндэслэн тэтгэвэр тогтоож олгох чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч З.Б нийгмийн даатгалын шимтгэлийг зөрүүтэй холбоотойгоор маргаж байгаагүй, хариуцагч байгууллагад хандсан зүйлгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ тохиолдолд хариуцагч байгууллагыг нийгмийг даатгалын шимтгэлийг зөрүүг нэхэмжлэгчид бодож олгоогоогүй гэж буруутгах боломжгүй байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох гэж заасан бөгөөд энэ тохиолдолд нийгмийн даатгалын байгууллага чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр иргэн З.Бын 1975 оны 09 дүгээр сарын 01-нээс 1979 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааг иргэний ажилласан жилийн хугацаанд оруулан тооцоогүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хугацааг иргэний ажилласан хугацаанд оруулан тооцон, харин нэхэмжлэгчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойших нийгмийн даатгалын шимтгэлийг зөрүүг Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахыг даалгах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Цэргийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6, 9 дүгээр зүйлийн 9.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч З.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, иргэн З.Бын 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааг иргэний ажилласан жилийн хугацаанд оруулан тооцоогүйг хууль бус болохыг тогтоон, дээрх хугацааг иргэний ажилласан хугацаанд оруулан тооцохыг хариуцагч ХУД НДХт даалгаж, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойших нийгмийн даатгалын шимтгэлийг зөрүүг Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Бт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР